Манай энэ удаагийн зочин Улаанбаатар өртөөний ачааны зохицуулагч С.Бүтэнсайн байлаа. “Дуудах нэрийг эцэг эх, дуурсах алдрыг өөрөө олдог” гэдэг үгтэй. Онцгой нэртэй энэ бүсгүйг өртөөнийхөн харин “Бүний” хэмээн дотночлох юм билээ.
“Ингэхэд та Ням гарагт төрсөн юм уу?” гэхэд “Тийм ээ. Миний нэрийг өвөө минь өгсөн гэдэг. Содон нэр болохоор анх танилцсан хүн бүхэн л энэ талаар асуудаг” хэмээгээд даруухнаар инээмсэглэв. Аядуу намуухан аальтай энэ бүсгүй гурав дахь үеийн төмөр замчин аж.
Тэрбээр, хуучнаар Дорноговь аймгийн Сүмбэр сум буюу одоогийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрж өсжээ. Түүний аав Д.Сэнгэбаатар Чойрын Нефть баазад гагнуурчин бол ээж З.Ганчимэг нь төмөр замын БОС-ны III ангид ажилладаг байв. Харин түүний өвөө Ч.Дондов 1950-аад онд Говь-Алтай аймгаас илгээлтээр ирж, вагон үзэгч болсон гэдэг.
С.Бүтэнсайн дунд сургуулийн наймдугаар анги төгсөтлөө Чойрт аав, ээжийн гар дээр, ах дүүсийн дунд бужигнаж өсжээ. Есөн хүүхэдтэй айлын дөрөв дэх охины хувьд хичээлийн хажуугаар ар гэрийн ажил аялуулах, дүү нараа асрах үүргийг түүртэлгүй амжуулж ирж. Ажилсаг, даруухан охины хувьд хожим хойчийн тухай бодсон зүйлгүй, тэр дундаа төмөр замчин болох талаар төсөөлөө ч үгүй явсан гэдэг.
Харин есдүгээр ангид ороход нь хотод байдаг авга эгч Д.Хорлоо түүнийг дэргэдээ авч, 73 дугаар сургуульд оруулсан нь үндсэндээ төмөр замчин болох зам руу чиглүүлсэн хэрэг байв.
С.Бүтэнсайн “Д.Хорлоо эгч минь намайг төмөр замчин болгоё гэж бодсон байх. Ер нь, намайг бага байхаас л өөр дээрээ авна гэдэг байсан. Өөрөө хоёр охинтой. Би хотод ирээд эгчийнхээ гурав дахь охин нь болсон доо. Эгчийн маань нөхөр Наваанжамцын Батмөнх ах Замын орлогч дарга байсан. Тэр үеийн төмөр замчид андахгүй. Ах, эгч хоёр минь намайг охин шигээ л өсгөж, ажил амьдралын захтай золгуулсан. Би ер нь, хоёр аав, хоёр ээжтэй хүн гэж өөрийгөө бодож явдаг. Ах, эгч хоёртоо үнэхээр баярладаг. Дунд сургууль төгсөөд эгчийнхээ зөвлөснөөр Төмөр замын коллежийн ашиглалтын техникчийн ангид элссэн. Оюутан байх үед эгч минь төмөр замын ажлын онцлог, төмөр замчин хүний үүрэг хариуцлага, эмэгтэй хүн олны дунд хэрхэн биеэ авч явах, хүнтэй харилцахаас эхлээд олон зүйлийг зааж зөвлөдөг байлаа. Одоо эгчийнхээ захиж хэлж ярьсан бүгдийг эргэн санахад намайг ажил, амьдралд маш сайн бэлтгэжээ гэж боддог. 2001 онд сургуулиа төгсөөд Улаанбаатар өртөөнд ажилд орж байлаа. Намайг анх ажилд орох үед “УБТЗ” нэр хүндтэй байгууллага байлаа. Нэг өдөр таксинд суугаад өртөө рүү дөхсөн чинь таксины жолооч ах “ Чи энд ажилладаг юм уу?” гэхээр нь “Тийм” гэхэд “Ийм жаахан байж яасан мундаг юм” гэхэд нь байгууллагаараа бахархах, баярлах сэтгэгдэл төрж байсан нь огт санаанаас гардаггүй” хэмээн хуучиллаа.
Оюутны ширээнээс ажлын талбарт ирэхэд ямар санагдаж байв? гэхэд “Би их азтай хүн. Дээр хэлсэндээ, гэртээ бол авга эгч гээд сайн багштай. Мөн анги удирдсан багш маань Ч.Шүрэнчимэг гэдэг гайхалтай хүн байсан. Биднийг мэргэжлийн хувьд маш сайн сургасныг ажлын талбар дээр гараад мэдэрсэн.
Оюутан байхдаа кассир шиг бичиг баримтыг хөтөлж, боловсруулж сурсан. Багш биднийг өртөөн дээр дагуулан ирж дадлага хийлгэхгүй ч ангидаа санамж нээж, хаах, тээврийн хөлсийг бодох, бланкуудыг бөглөх, ерөнхий маягтын акт тавих зэрэг бүгдийг хийлгэж сургасан.
Сургууль төгсөөд ирэхэд намайг П.Оюунчулуун гээд пүүлэгч эгч “Дөнгөж сургууль төгсөөд ирсэн хүүхэд гэхэд санамж нээх, хаахаа ч сурчихсан сайн байна шүү” гэж ихэд тоож билээ. Тэр үед багш минь биднийг сайн сургажээ гэж бодсон.
Намайг анх ажилд ороход Ачаа тээврийн цех 50-60 эмэгтэйтэй байсан.
Залуучууд ховор. Цехийн хамгийн залуу нь гэхэд 30 гаруй насных. Би орж ирснээр хамт олныхоо хамгийн бага нь болж байлаа.
Анх пүүлэгчийн дагалдан болж ачаа вагон хүлээлцэгч А.Болормаа эгчийг дагаад ТЭЦ-3-ын чиглэлд явж байлаа. Тэр үед маш их алхана. Өдөрт хэдэн ч км алхдаг байсан ч юм бүү мэд. Нэг чиглэлийн 6-7 зам аваад л явдаг байсансан.
Пүүлэгчээр нэг сар дагалдаад жинхэлсэн. 2002 оны гуравдугаар сараас Товарын конторт орон тоо гарах болж, шинэ төгсөж ирсэн боловсон хүчин гэж дэмжсэн байх, кассираар дагалдуулсан. Кассираар Д.Цэнгэл, С.Уламбаяр гээд хоёр хүнийг дагалддаг байсан. Хоёулаа л миний багш. Кассираар 2014 он хүртэл ажиллаад тухайн жилийнхээ аравдугаар сараас Дов дээр ачааны зохицуулагчаар ажилладаг болсон. Тэнд очоод бас Н.Нанзадмаа, Д.Гүндэгмаа гэж хоёр багштай болсон.
Түүнээс өдөр тутмынх нь ажлыг талаар тодруулахад “Ачааны зохицуулагчийг ерөнхийдөө ээлжийн ахлагч гэж ойлгоход болно. Тухайн ээлжинд ажиллаж байгаа ачаа тээврийн 10 гаруй хүнийг удирдана. Дээрээс нь Замын хэмжээний тайлан мэдээг өглөө 05.00, орой 17.00 цагийн байдлаар гаргадаг. Улаанбаатар өртөөнд байгаа бүхий л ачаатай вагоны мэдээ, хаана буух, хаашаа хуваарилахыг ачааны зохицуулагч нар бичиг баримтыг үндэслээд гүйцэтгэдэг” гэлээ.
Өнгөрсөн он жилүүдэд сэтгэлд тань тод үлдсэн ямар дурсамж байна вэ гэхэд “Хөгжил дэвшил хүмүүсийн ажлыг их хөнгөвчилж байна. Анх бүхий л ажил гараар хийгддэг байсан. 2014 онд ачааны зохицуулагч болоход 60-70 вагоны бичиг баримтыг гараар бичнэ. Дөрвөн том дэвтэр гаргаж ирээд нэгд нэгэнгүй хуулдаг байлаа. Миний хуулсныг дараагийн хүн хуулна. Товарын конторынхон надаас бичиг баримтаа аваад л хуулна. 2016 оноос бага багаар ахиц гарсаар одоо гараар хуулдаг үе мартагдаж байна шүү дээ. Бичиг баримтын боловсруулалтыг цахимаар гүйцэтгэх болсон нь бидний ажлыг маш амар болгосон.
Урьд нь Товарын конторт ажилладаг байхад хүн цөөтэй тул илүү цагаар их сууна. Өдөржин ажлаа хийчихээд шөнө нь гэртээ тайлангаа гаргана. Тэр үед илүү цагаар ажиллалаа гэж боддоггүй байж. Миний л хийх ёстой ажил гэдэг ойлголттой. Хоёр кассир байлаа гэхэд нэг нь амрахад нөгөө хүн ганцаараа хоёр хүний ажлыг хийх шаардлага үүснэ. Бүх юм гараар байсан учраас өдөрт хүмүүстэй тооцоо хийж л амжина. Сарын тайлангаа гэртээ нойргүй суугаад хийнэ шүү дээ. Одоо залуучууд бидний тэгж ажиллаж байсныг төсөөлөх ч үгүй байх. Арваадхан жилийн өмнө л тийм байсан. Тэгэхээр хөгжил дэвшил бидний ажил, амьдралд асар их нөлөөлж байна даа гэж бодогддог” гэв.
“Залуу үеийнхэнтэй харилцахад хүндрэл гарч байна уу?” гэвэл инээгээд “Гайгүй дээ, биднээс шал өөр орчин нөхцөлд өссөн тэдэнтэй харилцахад ойлголтын зөрүү байлгүй яах вэ. Гэхдээ цаг үеэ мэдрэх, хүн хоорондын харилцаа их чухал. Одоо залууст “Миний үед ийм байсан. Угаасаа л ийм байдаг” гэж хэлээд ойлгох ч үгүй. Би ийм хандлагаас зайлсхийдэг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бидний амьдралын хэмнэл өөрчлөгдөж байхад бид ч тэр өөрчлөлтийг өөрсдөө тусгаж авах нь чухал гэж боддог. Ер нь, залуустай харилцахад нэг их хүндрэл гардаггүй. Харин шинэ залуус ирэхэд нь дагалдуулаад ажлын дөртэй болгож байтал ажлаас гарчих нь их харамсалтай санагддаг. Ажлын байранд хүн дагалдуулж сургана гэдэг бидний ачаалал нэмэгдэж байна гэсэн үг. Гэтэл бэлтгэсэн хүн маань гараад явчихаар тэдэнд зориулсан цаг хугацаа, хичээл зүтгэл талаар болдог л доо” гэж дотроо бодож явдгаа ний нуугүй хуваалцав. “Ингэхэд өөрт чинь гаднаас ажлын санал ирэх юм уу” гэж түншвэл “Тийм санал ирдэг л юм. Ихэнхдээ бодож үзье” гэж хариулдаг. Бодож үзээд ч хорин хэдэн жил ажилласан байгууллага, ижил дасал болсон хамт олноосоо холдоод явна гэхээр нэг л сэтгэл түвдэхгүй юм билээ. Бидний үеийнхэн их үнэнч хүмүүс шиг байгаа юм” гээд инээмсэглэв. Түүний энэ үгэнд ярилцагч би хүртэл баярлах шиг...
Бидний яриа арай л албан болоод байна. Одоо хөгжилтэй зүйл ярьцгаавал ямар вэ гэхэд “Миний хувьд содон нэртэй учраас нэртэй холбоотой хөгжилтэй түүхүүд бий шүү. Намайг амарч байхад нөгөө ээлжийн хүн маань нэг зуучийн компани руу тооцоо хийхээр залгатал өөдөөс нь “Өчигдөр очоод тооцоогоо хийчихсэн” гэж л дээ. Манай кассир “Аан манай Бүтэнсайнтай тооцоо хийсэн юм уу” гэхэд нь “Үгүй ээ, тэр чинь хагас сайн өдөр байсан шүү дээ” гээд байсан гэдэг. Нэг удаа шалгалтаар ирсэн байцаагч миний нэрийг сонирхож асуухаар нь өвөөгийн минь өгсөн нэр гэхэд “Яасан залхуу өвөө вэ. Сайн бодохгүй Бүтэнсайн гээд өгчихсөн юм уу” гэж билээ. Харин ч би өвөөгөө миний нэрийг олон талаас нь бодож хайрласан байх гэж боддог шүү. Манай товарын конторт нэг хэсэг содон нэртэй хүмүүс ажиллаж байсан юм. Өртөөний Ачаа тээвэр хариуцсан орлогч дарга В.Рэгнээханд, Товарын конторын эрхлэгч маань Д.Сонин-Учрал, кассир И.Өлзий-Утас, Бүтэнсайн бид хэд нэг өдөр ээлжинд таарчихсан байж байтал тухайн үеийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Ж.Үхэртар дарга ирээд бидэнтэй бүгдтэй нь гар барьж танилцаад “Яасан сонин нэртэй хүмүүс вэ? Би өөрөө Ж.Үхэртар” гэж билээ. “Хүн нэрээ тогос өдөө” гэж сайхан үг бий. Өвөөгийнхөө өгсөн нэрийг сайн сайхнаар л дуудуулж явахсан гэж боддог” гэлээ.
Түүний үг бүр нэгийг бодож, хоёрыг тунгаадаг нь илт. Түүний хань М.Лхагвадорж Улаанбаатар өртөөнд ивүүрчнээр ажилладаг байна. С.Бүтэнсайн Улаанбаатар өртөөнд ажилд орсноор ханьтайгаа учирч, төмөр замчин хосууд өдгөө дөрвөн хүүхдийн аав, ээж болцгоожээ. “Залуу, хүүхэд бага байхад хоёулаа ээлжийн ажилтай амаргүй үеүд байсан. Тэр бүрд ээж минь ирж тусалдаг тулдаа болж байсан даа. Одоо хүүхдүүд том болоод гараас гарчихаар өөртөө цаг гаргах боломж гарч байна. Дулаан орохоор их алхдаг. Эрүүл мэнд юу юунаас үнэ цэнтэй шүү дээ. Өвдсөнийхөө дараа эмчлүүлэх биш аль болох өвдөхгүй байхыг хичээдэг болсон. Үүний тулд зөв зохистой хоололтын клубэд явж байна. Мөн цаг зав л гарвал ном уншиж, номын дэлгүүрээр орж, шинэ ном худалдаж авах дуртай болоод байгаа” гэлээ.
Б.Гүнжинлхам