Төмөр замын ажил мэргэжил бүр өөр өөрийн онцлогтой. Тэдний дундаас жижүүр мэргэжилтэй нэгэн эрхэм энэ удаагийн "Эгэл төмөр замчин" буланд уригдлаа. Түүний алдар Б.Надмидбаатар.
УБТЗ-ын Толгойт өртөөний жижүүрийн албыг хашдаг. "Миний аав Ч.Баяр Төв, ээж Ч.Бямбасүрэн Булган аймгийн хүмүүс. Харин би бол хотын унаган хүүхэд. Гарын таван хуруу шиг таван хүүхэдтэй айлын дундах нь. Төмөр замын талаар мэдлэггүй хүн 19-тэйдээ буюу 1995 онд төмөр замд хөл тавьж, халуун ам бүлд нь багтаж байлаа.
Анх цахилгаанчнаар орж нэг жил ажиллаад холбогч найруулагч, дараа нь жижүүр болсон. Аав маань цахилгаанчин хүн байсан болохоор надад мэргэжлээ өвлүүлсэн хэрэг. Цаашлаад, аав минь танил талдаа захиж хэлж байгаад л төмөр замд буюу Толгойт өртөөнд цахилгаанчнаар оруулсан байх. Одоо эргээд бодоход цаг хугацаа харвасан сум шиг өнгөрчээ" хэмээн төмөр замтай амьдралаа холбосон үеэ дурссан юм. Өртөө, зөрлөг гэдэг мэдэхгүй нэгэнд бол олон зорчигч нааш цааш аялахдаа дайран өнгөрөх газар гэж санагдах боловч амьдралынхаа гуч шахам жилийг энэ л орчинд өнгөрөөсөн хүнд бол төрсөн гэрээс нь ялгаагүй дасаж ээнэгшсэн газар билээ.Толгойт өртөөнд 28 жил "шогшсон" түүний омголон залуу үе, өөрийн мэдэлгүй нэг л өдөр ирсэн хайр дурлал, хат туршлага суусан идэр настай нь дагалдах олон олон дурсамж энэ газартай холбоотой болохоор хоёр дахь гэр нь гэхээс ч аргагүй юм. Нэг газартаа төдий жил тогтвор суурьшилтай ажиллана гэдэг хувь хүний зан чанартай холбоотой төдийгүй хамт олны уур амьсгал чухал нөлөөтэй гэдгийг бид мэднэ.
Төмөр замчин хүн болж төлөвшсөн тухай дурсамжаа хуваалцахдаа "н.Дооров гэж ах маань анх холбогч найруулагчийн ажилд багшлан дагуулж сургасан. Анх дотоод, гадаад вагон байтугай замаа ч ялгахгүй ёстой л "ногооноороо" байсан даа. Би тухайн үед мэргэжлийн сургууль төгсөөгүй зөвхөн 14 хоногийн курсэд л суугаад ажилд орсон учраас мэдэхгүй чадахгүй зүйл их байсан. Сайн багш, ах нартаа нэг загнуулж, нэг аргадуулж явсаар өдий хүрчээ. Тэр үед тоншуулах үе ч байсан. Ингэдэг л юм байх гэхээс өөр ч юм боддоггүй байж дээ. Ажилд ороод удаагүй үед хөгтэй явдал олон л тохиолдож байлаа. Тэддүгээр зам руу ор гээд зам нээхэд замаа ялгахгүй аль руу нь орох билээ гээд гайхаад зогсож байсантайгаа харьцуулахад одоо өөрөө багш болсон" гэж хуучилсан юм. Б.Надмидбаатар найруулагч, жижүүрээр олон шавь дагалдуулж сургаснаас удирдах алба хашиж байгаа нь ч бий аж. Шавийн эрдэм багшаас гэдэг дээ. Чойр өртөөний дарга Б.Удамбуян, Сухбаатар өртөөний шуурхай ажил хариуцсан орлогч дарга Б.Ням-Очир, Толгойт өртөөний хөдөлмөр хамгааллын инженер Э.Нямбадрах нарын шавь нараараа бахархаж явдаг аж. Тэрбээр, ТЗДС-д эчнээ анги 2010 онд нээгдэхэд элсэн суралцаад ашиглалтын техникч мэргэжил эзэмшжээ. Номын дуу сонсож эхлээд эртхэн сурах байж дээ гэж харамссан гэдэг. Оюутан болсон тухайгаа "Өдрийн ангийн оюутнууд манай ангийнхныг ээж аавын ангийн хүүхдүүд явж байна гэдэг сэн. Хэдий бид ажиллаж байгаад ирсэн тодорхой хэмжээний туршлагатай боловч онол, дадлага хоёрыг хослуулж сурах нь чухал болохыг оюутан болоод илүү ойлгосон доо" гэсэн юм.
Манай зочин ах дүү нараасаа ганцаараа төмөр замчны мэргэжил эзэмшсэн боловч насны ханиа ган замаасаа олжээ. Гэргий Энхцолмон нь Толгойт өртөөнд техконторчиноор ажилладаг аж. Хамт ажилладаг болохоор ажлыг нь илүү сайн ойлгодог тухай "Бидэнд өдөр шөнийн аль ч цагт дуудагдах үе бий. Тэр тоолонд ажлыг маань мэддэг учраас үл ойлголцол гардаггүй" гэсэн юм. Эднийх ганц охинтой бөгөөд одоо бол залуухан өвөө эмээ. Охин нь Солонгост оюутан болохоор зээгээ харах үүргээ хариуцлагатай биелүүлж байгаа аж.
"Өглөө шөнийн найруулсан бүх галт тэргээ хөдөлгөөнд оруулаад араас нь харж зогсох л миний мэргэжлийн аз жаргал, хөдөлмөрийн амт шим юм даа. Үүнийг л сэтгэл зүрхээрээ мэдрэхээр ажилдаа яардаг шүү. Төмөр замчин болсноор цаг баримталж сурсан. Төдөн цаг гээд нэг сонссон л бол яг тэр цагаа барихыг хичээдэг" хэмээн өгүүлэх түүний ярианааас ажил мэргэжилдээ хайртай хүний өнгө тодорно. Ажлаа ярихдаа нүд нь баяр баясгалантайгаар гэрэлтэх аж. Холбогчоор гурав, найруулагчаар арав гаруй жил ажиллах хугацаанд тэдэнтээ өвөл, зуныг үзсэн нь лав. Цаг агаарын ямар ч нөхцөлд, өдөр шөнийн аль ч үед дуудсан цагт бэлэн байх нь төмөр замчин хүний өргөөгүй тангараг, амлаагүй амлалт гэлтэй. Тэрбээр, сүүлд төмөр замд орж ирж байгаа залуусын тухай “Бид орчин цагийн залуустай өөрсдийн үеийнх шигээ харьцаж, хандаж болохгүй. Хуучин цагт ах нараас хатуу үг сонсоод, бүр ганц нэг амбаардуулсан ч “ингэдэг л юм байх” гэж боддог байсан бол энэ үеийнхэн өөр. Цаг үеийн хандлага өөрчлөгдсөн болохоор шавь нартайгаа зэрэгцээд хөгжөөд явахгүй бол хоцрогдоно. Жижүүр болохын тулд анхан шатнаас нь холбогч, найруулагч хийдэг учраас шинэ хүмүүс манай дээр харьцангуй төлөвшөөд ирдэг. Гэвч үг хэлэхэд гомдох тохиолдол гардаг шүү” гээд инээсэн юм. Цааш нь "Би өөрөө гадаа олон жил ажилласан болохоор тэднийгээ өрөвдөөд, халуун цай уугаад хошуугаа дулаацуулаг дээ гэх бодол өөрийн эрхгүй төрдөг" гэх яриаг нь сонсоход төмөр замчин болохоор сургууль төгсөөд ирсэн хүүхдүүдэд түших аав нь, ах нь байж чаддаг хүн юм байна даа гэсэн бодол төрж, бахархаж байлаа. Тэрбээр цааш нь “Надад н.Дооров ах маань олон зүйлийг заахдаа юуны өмнө, аюулгүй байдлаа хангаж, хөл гараа аюул ослоос хамгаалж сэрэмжтэй яваарай гэхчлэн ой тоонд суулгасныг одоо ч санаж, дүү нартаа захиж л явна. Ер нь холбогч найруулагч гэдэг биеэрээ ажиллахаас гадна оюунаараа ажилладаг. Яагаад гэвэл вагонуудаа холбож найруулахад ур чадвар орно шүү. Би олон даргатай ажиллаж байсан. Ч.Ядамсүрэн, Н.Амаржав, Ц.Зул, Т.Үржин, Ч.Ядамсүрэн гээд олон сайхан хүмүүсийн хүчинд л би өдий зэрэгтэй сурсан даа. Бүгд хамт олныг манлайлах өөр өөрийн онцлогтой хүмүүс. Тэр дундаас Ч.Ядамсүрэн дарга бол уран илтгэгч. Нэг удаа би арга хэмжээ авахуулж шагналт цалингаа хасууллаа. Сарын шагналт цалингийн тэдэн хувь гэхээр би айхтар тоосонгүй. Тэгтэл дарга өрөөндөө оруулж байгаад талхны мөнгөөр жишээ аваад ярихад нь мөнгөний үнэ цэнийг илүү ойлгосон доо. Шуудай шахуу талхны мөнгө гээд жишихээр толгойд илүү орж, түүнээс хойш алдаа дутагдалгүй ажиллахаар илүү хичээсэн дээ. Надтай хамт хойно урдаа гишгэлцэн төмөр замчин болсон хүн гэвэл "МТЗ" ТӨХК-д инженерээр ажиллаж байгаа н.Батзориг, манай паркийн туслах жижүүр Ц.Батсайхан, өртөөний жижүүр Ё.Пүрэвбат нар байна. Одоо ч хамт олон дундаа бид хэд ахмад нь болж дээ. Залуустаа үлгэр дуурайлалтай байхыг хичээдэг. Толгойт өртөөгөөр овоглогдсон манай хамт олон халуун дулаан сэтгэлтэй, эвсэг найрсаг сайхан хүмүүс. Амьдралынхаа жаргал зовлонг хуваалцаж, гуч шахам жил энэ л хамт олонтойгоо ажиллаж, амьдарч явна. Харин ажлаасаа буугаад өвөөгийн үүргээ гүйцэтгэнэ дээ. Зээ маань хоёр ойтой шулганасан амьтан хүлээж байдаг болохоор гэр рүүгээ өөрийн эрхгүй яардаг болдог юм байна. Ач зээгээ үзэхээр хүний амьдралын шинэ үе эхэлж, өөрөөр хэлбэл өвөө болоод илүү нялхардаг бололтой юм байна шүү" гэх залуухан өвөөгийн сэтгэл тэнэгэр. Аливаад тууштай байж сүүлийг нь харахыг хүсдэг зан чанар нь түүнийг нэг л байгууллагадаа гучаад жил тогтвор суурьшилтай ажиллахад нөлөөлсөн нь гарцаагүй. Ажиллахдаа ажилласан шиг ажиллаж, өөрийгөө хөгжүүлснээс гадна шилдэг тэргүүний олон шавь төрүүлснээрээ төмөр замын тээврийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан байна. "Ахмад үеийнхэн маань надад ажлыг эхнээс нь чанартай сайн зааж өгсний буянд би өдий зэрэгтэй явна. Тиймээс залуустаа бид одоо чаддаг бүхнээ зааж сургах ёстой. Залуусыг урмаар тэжээж, цаашлаад зэмлэхдээ ч чи л хийхгүй бол хэн хийж чадах юм гэж үгэн ташуур өгдөг. Алдаа гаргахгүй хүн гэж байхгүй. Харин гаргасан алдаагаа давтаж болохгүй гэдгийг шавь нартаа чухалчлан захидаг” гэсэн үгийг нь дамжуулж буйдаа би ч баяртай байна.
Б.Золжаргал