2023 онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 68.9 их наяд төгрөг болон тэлж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5.678 ам.долларт хүрсэн. Мөн төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.долларooр ашигтай гарч, төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1.2 их наяд төгрөгөөр даван биелсэн төдийгүй гадаад валютын албан нөөц 4.9 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байна. Энэ бол цар тахлын үеийн хатуу хорио цээр, түүний дараах дэлхийн эдийн засагт үүссэн хямрал, Орос-Украйны дайнтай холбогдон гарсан хүндрэлүүд гээд шил шилээ дарсан олон бэрхшээл, хэцүү цаг үетэй тулгарсан манай улсын хувьд хамгийн гэрэлтэй мэдээ. Урьдчилан тооцоолох боломжгүй гэнэт үүссэн хөндлөнгийн хүчин зүйлсийн нөлөөллийг ийнхүү амжилттай давж, улс орныхоо эдийн засгийг сэргээхэд түлхэц болж байгаа үндсэн шалтгаанууд болон цаашдын зорилго, зорилтыг дэлгэн тавьсан онцлох үйл явдал өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотноо боллоо. Товчхондоо эдийн засгийн энэхүү эерэг үзүүлэлтэд Боомтын сэргэлтийн бодлого чухал нөлөө үзүүлснийг тухайн үйл явдлын хүрээнд дүгнэн хэлэлцсэн юм.
Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлж, энэ хүрээнд үндсэн зургаан сэргэлтийг дэвшүүлэн тавьсан байдаг. Үүний тэргүүлэх зэрэгт нь “Боомтын сэргэлт байна” хэмээн тодорхойлсон нь зүгээр ч нэг хий хоосон уриа лоозон биш болохыг “Боомтын сэргэлт-2024” форумаар тодотгон харууллаа. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргаа, Гадаад харилцааны яам, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв, МҮХАҮТанхим хамтран зохион байгуулсан “Боомтын сэргэлт-2024” анхдугаар форум өнгөрөгч гуравдугаар сарын 25-26-нд болсон юм. Тус форумаар Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын үндсэн зургаан зорилтын нэг болох Боомтын сэргэлтийн хүрээнд хэрэгжиж буй бодлого болон боомтын өнөөгийн байдал, боомтуудад хийгдэж буй улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалт, боомтын дэд бүтэц, бүтээн байгуулалт, хилийн боомт, хуурай боомт, эдийн засгийн чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулах боломж, боомтуудын эдийн засагт үзүүлж буй үр нөлөө, боомтын хөгжилд төр хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааны стратеги, хил орчмын аялал жуулчлал зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Мөн хуурай боомтын хөгжил, худалдаа тээврийг хөнгөвчлөх асуудал, шийдлийг хэлэлцэв.
Энэ бол манай улсын тээвэр логистикийн салбарууд нэгдэж чадсаны, тэдгээрийн уялдаа холбоог төрийн бодлогоор хангаж өгсний бодит үр дүн гэхэд нэг их хилсдэхгүй болов уу. Гэхдээ цаашид энэ бодлогоо тууштай хэрэгжүүлж, улсын хөгжлөө хурдасгахад улс төрийн тогтвортой бодлого, тууштай шийдвэр, залгамж халаа хамгаас чухал гэдэг нь тухайн форумын үеэр тавигдсан илтгэл танилцуулгуудаас харагдаж байлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Боомтын сэргэлт-2024” үндэсний форумыг нээж хэлсэн үгэндээ “Шинэ сэргэлтийн бодлого”-оос амжилттай хэрэгжиж буй ажлуудын тэргүүн эгнээнд боомтын сэргэлттэй холбогдох ажлууд эрэмбэлэгдэж байна. Боомтын сэргэлтийн ажил амжилттай, үр дүнтэй байгаа нь Монгол Улсын эдийн засгийн сэргэлтэд гол хувь нэмрээ оруулж байна гэдгийг онцлоод, “Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, биржийн худалдааг эхлүүлснээр Монгол Улс анх удаа ковидын өмнөх үе буюу 2019 онд 36.6 сая тонн нүүрс экспортолж байсан үзүүлэлтээ ахиулж, 2023 онд 69.6 сая тонн нүүрс экспортоллоо. Цаашид боомтын сэргэлтийн бодлого бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдаатай хэрэгжинэ. Бүс бүр боомтоороо дамжуулан олон улсын худалдааны оролцогч байх шаардлагатай. Боомт дагасан хотуудыг бий болгохоор зорьж байна. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд 2024 оноос аймгуудыг холбох тойрог замын ажлыг эхлүүлнэ. Мөн бүх боомтыг авто замаар холбоно. Боомтын сэргэлтийн дараагийн үе шат нь инноваци хиймэл оюун ухааныг хослуулах ёстой. Хүний оролцоог багасгаж боомтуудад инноваци хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх талаар өнөөдрийн форумаар ярилцах нь чухал” хэмээлээ.
Боомтын сэргэлтийн хүрээнд 2023 онд Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Боршоо зэрэг найман боомтыг хөгжүүлжээ. Ингэхдээ 2019 оноос хойш боомтын барилга байгууламжийг барьж, тоног төхөөрөмжийг худалдан авахад нийт 715.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зарцуулсан байна. Жишээ нь, Замын-Үүд болон Гашуунсухайт боомтод нийтдээ 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний 10 хувийг нь улсын төсвөөс, үлдсэнийг нь БНХАУ-ын буцалтгүй тусламжаас бүрдүүлжээ. Харин бүтээн байгуулалт нь одоо ид өрнөж байгаа Алтанбулаг, Бичигт боомтын бүтээн байгуулалтад шаардлагатай 90 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Азийн хөгжлийн сангаас хийсэн байна. Өнгөрсөн онд нийт найман боомтод бүтээн байгуулалтыг өрнүүлсэн бөгөөд одоогоор гурав нь ашиглалтад ороод байна. Эдгээрээс Увс аймгийн Боршоо боомтод иж бүрэн цогцолбор байгуулахын тулд 26.5 тэрбум төгрөгийг Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар татан зарцуулжээ. Энэ талаар Увс аймаг дахь Боршоо боомтыг хариуцсан төлөөлөгч С.Баясгалан “Манай боомтыг ашиглалтад оруулснаар тээврийн хэрэгсэл долоо дахин, хүн гурав дахин нэмэгдсэн. Үүнийг дагаад бараа эргэлт ч үлэмж хэмжээгээр нэмэгдээд байна” гэв. Хэдийгээр хилийн боомтуудын үйл ажиллагаа сэргэж, хийсэн ажлын үр дүн тодорхой хэмжээнд гарч байгаа нь сайн ч одоогоор тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа 24 боомтын орчимд хүмүүс суурьших, ажиллаж амьдрах таатай орчин, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлд учир дутагдалтай байгааг шүүмжлэх оролцогч ч байв. Тэдний дурдсанаар боомт орчимд энгийн иргэд шилжин суурьших нь бүү хэл боомттой холбоотой төр захиргааны ажилтнууд өөрсдөө суурьших нөхцөл одоогоор хангалттай бүрдээгүй байна гэдгийг учирлана билээ. Түүнчлэн, тус форумын үеэр хил орчмын эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, боомтоор нэвтрэх олон төрөлт тээвэрлэлтийг хөгжүүлэх, эдийн засгийн коридор, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын зээл, тусламж, төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулах, салбар хоорондын харилцан уялдаа, тулгамдаж буй бусад асуудлыг хамтран шийдвэрлэх нь зүйтэй гэдэгт оролцогчид саналаа нэгтгэсэн билээ.
Форумын төгсгөлд Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга "Боомтын сэргэлт үндэсний форум 2024”-ийг дүгнэж үг хэлэхдээ, “Боомтын сэргэлтийн үндэсний форумаас дүгнэлт, зөвлөмж гаргаж байна. “Боомтын сэргэлтийн бодлогыг гурван үе шаттай хэрэгжүүлэхээр тодорхойллоо. Боомтын сэргэлтийн бодлогын эхний үе шат нь 2022-2024 онуудад боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, хоёрдугаар үе шат нь Боомтын менежментийг сайжруулах 5Э стратегийг хэрэгжүүлэх, гуравдугаар үе шат нь 2029 оноос хойш олон улсын боомтын хөгжлийн жишигт нийцүүлэхээр томьёолж байна” хэмээн тодотгов. Боомтын сэргэлт Үндэсний форум-2024"-аар Монгол Улсын Боомтын сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо чухал гэдгийг онцолсон юм. Энэ хүрээнд Боомтын Сэргэлтийн Үндэсний хороо МҮХАҮТ -тай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Уг санамж бичгийн хүрээнд хилийн боомт, эдийн засгийн коридор, олон улсын тээвэр, логистикийн зохион байгуулалт, хилийн боомтын хөгжилд хувийн хэвшлийн оролцоог хангах, коридорын аялал жуулчлал болон холбогдох бусад асуудлаар гаргасан санал санаачилгыг ажил хэрэг болгоход талууд хамтран ажиллахаар боллоо.
Ийнхүү анхдугаар форумаар боомтыг хөгжүүлэхдээ олон улсын худалдааны бодлогыг бүсийн хөгжил, бүс нутгийн эдийн засгийн интеграцитай уялдуулан төлөвлөх нь чухал юм. Түүнчлэн, олон улсын худалдааны нэвтрүүлэлт, түгээлт, тээвэр зохицуулалт, логистик, төлбөр тооцооны талаарх дотоодын дүрэм журам, стандартыг зохицуулах салбар хоорондын уялдааг хангах шаардлагатай хэмээн дүгнэсэн юм. Цаашид боомтын сэргэлттэй холбоотой бүтээн байгуулалтыг өрнүүлэхэд нийт 724.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа аж.
Үүний тулд хамгийн гол нь хүн бүрийн эх оронч сэтгэлгээ, хөрөнгө оруулалтыг үр ашигтай байлгах, боомт дээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага бүр ашиг орлогоо нэмэгдүүлж, тухайн ашгаараа боомтын сэргэлтэд чиглэсэн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулдаг систем чухал болохыг онцолсон. Ингээгүй тохиолдолд их хэмжээний хөрөнгө зарсан бүтээн байгуулалтын үр өгөөж төдийлөн гарахгүй байгааг албаны хүмүүс дурдсан юм.
Боомтын сэргэлтийг эрчимжүүлсний хамгийн энгийн бодит үр дүн нь төр захиргааны байгууллагууд нь нэгдсэн бодлоготойгоор харилцан уялдаатай ажиллах, тээврийн байгууллагууд нь бие биеэ өрсөлдөгч гэж харалгүйгээр хамтарч, дутуугаа нөхөж, бие биеэ дэмжиж, нэг зүгт нэг зорилгын доор хамтран ажиллах эхлэл тавигджээ.
Б.Дэлгэрхишиг