Тээвэр зохион байгуулалтын албанаас  “Нэг тариф-Нэгдсэн ойлголт” сэдвээр тооцооны операторуудын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулаа. Зөвлөгөөнд Төлөвлөлт, эдийн засгийн алба, Санхүү, нягтлан болох бүртгэлийн албаны Орлого бүрдүүлэлт, шинжилгээний хэлтэс, Мэдээллийн технологийн алба,  Дотоод аудит, хяналт шалгалтын алба болон Тээвэр зохион байгуулалтын албаны ИТА, ачаа тээвэр хариуцсан хэсгийн байцаагч нар, өртөө, ачиж буулгах ангиудын  ачаа тээвэр хариуцсан орлогч дарга, тооцооны хэсгийн эрхлэгч, тооцооны оператор, ачааны техникч гээд нийт 86 хүн оролцлоо. Зөвлөгөөнөөр төмөр замын ачаа тээврийн холбогдолтой анхан шатны бичиг баримт болох Санамж хөтлөлт болон тээврийн орлого бүрдүүлэлт, тээврийн тарифтай холбоотой тушаалуудын хэрэгжилт, тарифын хэрэгжилтийн явцад гарч буй хүндрэл, зөрүүтэй ойлголтууд, орон нутаг болон олон улсын тээврийн бичиг баримтыг цахимаар үйлдэхэд АТҮЦС-ТКАС, программын хэрэглээ, уялдаа холбоо АТҮЦС-НАТУРКА программ, цахим санамж хөгжүүлэлт,  сайжруулах арга замуудын талаар авч хэлэлцлээ. Төмөр замын ачаа тээврийн холбогдолтой техник технологийн бичиг баримтыг цахимжуулах ажил 2007 оноос эхэлсэн байдаг. Харин цахим программын хөгжүүлэлт, гарч буй хүндрэлийг сайжруулах ажлыг жил бүр хийгээд явж байгаа аж. Тооцооны операторын ашигладаг программ хангамжтай холбоотой учирч буй хүндрэл, цаашид юунд анхаарах, хэрхэн шинэчлэх талаар ийнхүү санал солилцож, тулгамдсан асуудлаа ярилцав. Энэ үеэр Мэдээллийн технологийн албаны систем шинжээч инженер Ч.Нямсүрэн цахим программуудын хөгжүүлэлт, үйл ажиллагаа, шинэчлэлтийн талаар мэдээлэл өгч, гарсан саналуудаас боломжтойг шийдвэрлэхээ дуулгасан юм. Мөн “Тээврийн орлого бүрдүүлэлтийг үнэн зөв тооцох, аль ч өртөөнд нэг ажил үйлчилгээний тарифыг нэг л ойлголтоор тайлбарлаж, тарифыг зөв хэрэглэх нь зүйтэй” гэж байлаа. Ийнхүү зөвлөгөөний эцэст тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Тухайлбал, гарсан саналын дагуу программ хангамжийн хөгжүүлэлт хийхээр болов. Дээрх албадууд тарифыг олон салаа утгаар тайлбарлахгүй нэг ойлголттойгоор хэрэглэж хэвших нь зүйтэй гэсэн ойлголтод хүрлээ. Түүнчлэн, Тээвэр зохион байгуулалтын алба тээврийн орлого бүрдүүлэлт, тариф хариуцсан инженерийн орон тооны асуудлыг судалж үзэхээр болж, энэхүү зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулахаар тогтсон юм.

Зөвлөгөөний төгсгөлд УБТЗ-ын даргын тушаалаар Улаанбаатар өртөөний Ачаа тээвэр хариуцсан орлогч дарга Л.Дээдэнцэцэгийг “Төмөр замчны алдар” тэмдгээр шагнав. Мөн “Тэргүүний төмөр замчин” тэмдгээр Замын-Үүд Шилжүүлэн ачих ангийн тооцооны хэсгийн эрхлэгч Д.Мөнгөнтуяа, Сүхбаатар өртөөний тооцооны оператор О.Оюунжаргал, “Хүндэт үнэмлэх”-ээр Бор-Өндөр өртөөний тооцооны оператор Н.Мягмармаа, АБТЭМА-ийн тооцооны хэсгийн эрхлэгч Г.Болор-Эрдэнэ нарыг шагнасныг гардуулж баяр хүргэлээ.

 

Ачаа тээвэр хариуцсан албаны орлогч дарга Б.Сарангэрэл:

 

-Зөвлөгөөнийг Замын Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан орлогч даргын баталсан “Бүртгэл-Хяналтыг сайжруулъя” сэдвээр Дотоод аудит, хяналт шалгалтын алба, Төлөвлөлт, эдийн засгийн алба, Мэдээллийн технологийн албадын  хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу зохион байгууллаа. ЗТХ-ийн сайдын баталсан А/154 тоот Төмөр замаар ачаа тээвэрлэх журам, Замын даргын баталсан А/277, тарифтай холбоотой А-363 тоот тушаалуудыг мөрдөхтэй холбоотой сургалтуудыг зохион байгуулсан. Мөн орлого бүрдүүлэлтэд тооцооны операторуудын хэрэглэдэг цахим программуудын орчинд анхан шатны бичиг баримтыг үнэн зөв, зөрчилгүй хөтлөх,  орлогыг тарифын дагуу  бүрэн гүйцэт хураах,  цахим программуудын ашиглалт, санамж хөтлөлт зэргээр зааварчилгаа өгөх, сургалт, гарын авлагаар хангах зэрэг ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Бид үйлчилгээний байгууллага учир харилцагчдыг хүндрүүлж болохгүй. Тэдэнтэй харилцах цахим программуудаа сайжруулахад гол анхаарлаа хандуулан ажилладаг. Ажилчдаа илүү чадавхжуулж, зөв мэдээллээр хангах, алдаа дутагдалгүй ажиллах тал дээр анхаарч, шинэчлэн батлагдсан Төмөр замын тээврийн тухай хуулийг хэрэгжүүлж, үүнтэй уялдуулан батлах  төмөр замын тээврийн дүрэм журмыг шинэчлэх ажил хийж байна.  Төлөвлөгөө, эдийн засгийн алба, Орлого бүрдүүлэлт, шинжилгээний хэлтэс, Дотоод аудит, хяналт шалгалтын албаны зүгээс   манай тооцооны операторуудтай уулзсанаар ойлголтын зөрүүтэй болон шийдвэрлэх шаардлагатай цөөнгүй асуудлыг ярилцлаа. УБТЗ маань өнөөгийн байдлаар тээх, нэвтрүүлэх хүчин чадлаасаа давсан ажил хийж байгаа.  2022 онд 27.7 сая тонн ачаа тээвэрлэсэн бол энэ онд 30.2 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөсөн. Ачаа илгээгчээс тээвэрт хүлээлгэн өгсөн ачаа, вагоныг тээвэрлэлтэд оролцуулах  ажлыг маш олон төмөр замчны хамтын хөдөлмөрийн үр дүнд нарийн зохион байгуулдаг. Үүнтэй уялдаад хувийн хэвшлийн вагонуудыг  тээвэрт оролцуулахад төлбөр тооцооны асуудал тулгардаг. Тухайн байгууллагууд нь дансандаа мөнгөтэй, мөнгөгүй байх нь бий. Зогсолт, хөдөлгөөн бүр мөнгөөр тооцогддог учир тулгамддаг асуудлаа дотроо ярилцан нэг ойлголтод хүрч, төлбөр тооцоог хийдэг  ажилтнууд  маань үйлчлүүлэгч нартаа зөв ойлгуулж, тариф тооцоо, ачаа тээвэртэй холбоотой  мэдээлэл өгч чаддаг байх нь чухал. Нийт төмөр замчдын цалин, зардалд зарцуулах Замын хэмжээний орлогыг бүрдүүлж буй тооцооны оператор хэмээх нэр хүндтэй, өндөр хариуцлагатай албыг хашдаг хүмүүсийн бүртгэл хяналт, орлого бүрдүүлэлт, өр авлагагүй ажиллах, тушаал шийдвэрийг үнэн зөв мөрдөх, шинэ залуу ажилтнуудад ойлгомжгүй байгаа тарифын талаар холбогдох мэдээллийг авах зорилгын хүрээнд зохион байгуулсан зөвлөгөөн маань амжилттай болсонд баяртай байна.

 

Зүүнхараа өртөөний ачааны техникч Б.Хулан:

 

 

 

-Энэ чуулга уулзалт маш үр дүнтэй боллоо. Миний хувьд хэсэглэлийнхээ хэмжээнд таван саналтай ирсэн. Бүгдийг нь шийдвэрлүүлэхээр боллоо. Тухайлбал, 2022 оны зургадугаар сарын 22-ны А-488 тоот тушаал байдаг. Засварын вагоны тавилт таталтын хөлсийг хэрхэн тооцох талаар шийдэлд хүрэхгүй байсан. Одоо харин Ачааны вагон засварын депогоор санамжийг нээлгэж тавилт таталтын хөлсийг тооцуулах нь. Мөн бусад өртөө, зөрлөгүүдэд тохиолдож буй үл ойлголцол, үл тохирлууд, тарифын нэг ойлголтын талаар авч хэрэгжүүлж байгаа санал хүсэлтүүдийг нь сонслоо. Сурч авах зүйл их байлаа. Тиймээс эндээс олсон мэдээллээрээ хэсэглэлийнхээ тооцооны операторуудад сургалт орно гэж бодож байна.

 

М.Наранболд