Өнгөрөгч хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн УБТЗ ачаа тээврийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх үүднээс Тээвэр зохион байгуулалтын албаны чиглэл хариуцсан инженерүүдийг нэг цэгээс ажиллуулж эхэлсэн. Түүнээс гадна UBTZ.mn сайтаар дамжуулан тээвэртэй холбоотой бүхий л мэдээллийг авах боломжийг олгож буй. Тэгвэл энэ удаагийн сурвалжилгаараа УБТЗ-ын нэг цэгийн үйлчилгээ хийгээд UBTZ.mn сайт болон АТҮЦ системийн онцлогийг иргэд олон нийтэд хүргэхээр бэлтгэлээ.УБТЗ-ын Удирдах газарт очиход иргэд нэг цэгийн үйлчилгээгээр үйлчлүүлж байв. Нэг цэгийн үйлчилгээнд холбогдох чиглэлийн инженерүүд иргэд болон ААН-үүдэд зөвлөгөө мэдээлэл өгч байлаа.
УБТЗ ачаа, тээврийн нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлснээс хойш хэдийн гурван сарын нүүрийг үзжээ. Өмнө нь иргэд болон төмөр замаар үйлчлүүлэх байгууллагууд холбогдох мэдээллээ түргэн шуурхай, үнэн зөв авч чаддаггүй байсан бол нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлснээр асуудлаа хурдан шуурхай шийдвэрлэх боломжтой болсон байна. Бид энэ талаар УБТЗ-ын ТЗБА-ны ачаа тээвэр хариуцсан орлогч дарга Б.Сарангэрэлээс тодруулахад тэрбээр дараах мэдээллийг өгсөн юм.
Нэг цэгийн үйлчилгээгээр 262 ААН үйлчлүүлж, ачаа тээврийн үйлчилгээг түргэн шуурхай авсан
"Ачаа тээврийн нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлж эхэлснээс хойш 262 ААН мөн 60 гаруй хувь хүн үйлчлүүлсэн байна. Нэг цэгийн үйлчилгээг яагаад нэвтрүүлэх болсон бэ гэвэл иргэд ачаа, тээврийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй авах хэрэгтэй учир нэвтрүүлсэн. Түүнээс гадна иргэд UBTZ.mn сайтаар дамжуулан бүх мэдээллийг авах бүрэн боломжтой.
Нэг цэгийн үйлчилгээ байгуулагдсанаар холбогдох инженер, мэргэжилтнүүд ажиллаж, холбогдох мэдээллийг иргэдэд өгч үйлчилж байна. Түүнээс гадна Ачаа тээврийн үйлчилгээний цахим систем /АТҮЦ/ системээр дамжуулан гэрээ хийсний үндсэн дээр ачааны захиалгыг цахимаар авах, вагонуудынхаа мэдээллийг буюу вагон хаана явж байгаа, хэзээ ачилт хийгдсэн, ачилт хийгдсэнээс хойш ямар өртөөн дээр зогсож байна гэх зэрэг үйлчилгээг авч болно. Тиймээс энэ бүгдийг багцлан нэг цэгийн үйлчилгээнээс авч болно.
2021 оноос эхлэн ачааны вагоныг тээвэрт оролцуулах болсон. Үүнтэй холбогдуулан өртөөн дээр вагоны дараалалтай холбогдуулан олон төрлийн санал хүсэлт ирдэг. Тиймээс хэд хэдэн өртөөнд "Ил тодын дэлгэц"-ийг байрлуулсан. Үүнээс вагоны ил тод байдлыг, дарааллаараа явж байгаа эсэхийг харж болно. Мөн үүн дээрх мэдээллийг өмнө хэлсэн UBTZ.mn сайтаар ч авч болно" гэлээ.
Эх сурвалж: ubn.mn