“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Будбаяртай ярилцлаа.
-“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн байгуулагдсан түүхээс яриагаа эхэлье. Танай компанийн бүтэц, зохион байгуулалтын онцлог юу вэ?
-Засгийн газрын 2018 оны 242 дугаар тогтоолоор Таван толгойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулан өгөөжийг сайжруулах, Монгол Улсын уул уурхайн томоохон ордын тээвэр логистикийн асуудлыг цогцоор нь шийдэх зорилготойгоор “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг анх байгуулсан. Улмаар Монгол Улсын нийгэм, эдийн засагт өндөр ач холбогдол бүхий төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаатайгаар олгосон байдаг. Монгол инженерүүдийн баг 2020 оноос эхлэн хоёр жил гаруйн хугацаанд тууштай хөдөлмөрлөсний үр дүнд 2022 оны долоодугаар сард Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг хүлээлгэж өгсөн. Ийнхүү 2022 оны есдүгээр сарын 9-ний өдөр хүнд даацын энэхүү төмөр замыг нээснээр манай компани тээвэрлэлтийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. Мөн төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, суурь бүтцийн хөдлөх бүрэлдэхүүнийг засварлах, төмөр замын тээвэрлэлттэй холбоотой бүхий л үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. Анх төслийн компани байсан бол одоо шилжилтийн үе рүүгээ орж мэргэжлийн тээвэр, логистикийн компани болж, 800 гаруй хүний бүтэцтэйгээр үйл ажиллагааныхаа хүрээг өргөжүүлсээр байна.
-Танай компанийн хувьд өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн амжилт ололт их бий. Энэ талаар та товчхон танилцуулна уу?
-Манайх тээвэрлэгч компани болсон цагаас эхлэн жил ирэх тусам ашиг орлогоо нэмэгдүүлсэн үзүүлэлтэйгээр ажиллаж байна. Тодруулбал, эхний жил буюу 2022 онд 260 гаруй мянган тонн нүүрсийг чингэлгээр тээвэрлэсэн бол 2023 онд хоёр сая тонн болж нэмэгдсэн. Харин энэ жил энэ тоог 2.5 дахин нэмэгдүүлж, гуравдугаар улирлын байдлаар 3.5 сая тонн нүүрсийг экспортлоод байна. Энэ жилийн тээвэрлэлтээ зургаан сая тонн руу дөхүүлэх зорилготойгоор ажиллаж байгаа.
-Энэ оны хавар ашиглалтад хүлээн авсан “ТНАЛТ” (Түүхий нүүрс ачих логистикийн төв) төсөл танай төмөр замтай нягт уялдаатай ажиллах нэгэн чухал бүрэлдэхүүн гэж ойлгож байгаа?
-Тиймээ, Түүхий нүүрсийг ачих логистикийн төв нь Тавантолгой бүлэг ордоос Гашуунсухайт боомтод тээвэрлэж ирсэн ачааг төмөр замын тээвэрт автоматаар ачих байгууламж юм. Уг төслийг “Эрдэнэс тавантолгой”-н санхүүжилтээр хэрэгжүүлж энэ оны тавдугаар сарын 27-ны өдөр барьж дуусаад улсын комисст хүлээлгэж өгсөн. Улмаар Улсын комисс өнгөрсөн сарын 01-нд үйл ажиллагааг эхлүүлэх зөвшөөрлийг олгосон актыг гаргалаа. Энэ төв ашиглалтад орсноор ачилтын ачааллыг хөнгөвчлөх, богино хугацаанд ачааг шилжүүлэн ачих нөхцөлийг бүрдүүлэх юм. Удахгүй туршилтын тээвэрлэлтийг хийхээр төлөвлөж байна.
-УБТЗ ХНН бол Монгол Улсын төмөр замын ууган байгууллага. Энэ байгууллагатай болон “Монголын төмөр зам” ТӨХК-тай ямар уялдаа холбоотой ажиллаж байна вэ?
-Бид УБТЗ ХНН болон “Монголын төмөр зам” ТӨХК-тай маш нарийн уялдаа холбоотой ажилласаар ирсэн. Тухайлбал, УБТЗ ХНН-ээс мэргэжилтэй чадварлаг боловсон хүчнийг урьж ажиллуулан сургалт, мэргэжил аргазүйн зөвлөмжийг авдаг. Шинэ төмөр замын ажлыг жигдрүүлэх, алдаа дутагдлыг багасгах, хөдөлмөрийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг бий болгох чиглэлүүдэд маш их туслалцаа авч байна. Бид хоёр талаасаа хүний нөөцийг дэмжиж ажиллах тухай санамж бичиг байгуулсан. УБТЗ ХНН бол 75 жилийн түүхтэй, салбарын ууган байгууллага. Өнгөрсөн хугацаанд төмөр замын салбарын үндэс суурийг маш сайн тавьсан. Монгол Улсад сүүлийн 3-4 жилд 1000 гаруй км шинэ төмөр замыг бүтээн байгуулснаар 2000 гаруй км төмөр замтай болоод байна. Энэ бүтээн байгуулалтын ажилд УБТЗ ХНН-ийн мэргэшсэн ажилтнууд томоохон үүрэг гүйцэтгэсэн. Мөн бидний шинээр авчирсан хүнд даацын вагон, зүтгүүрүүдийг аль ч төмөр замаар саадгүй явуулахад хоёр байгууллагын инженер техникийн ажилчид хамтран ажиллаж байна. АНУ-аас бид шинэ технологийн хүчтэй 16 зүтгүүр авсны хоёр нь өнөөдрийн байдлаар УБТЗ-ын гол замд явж байгаа. Энэ зүтгүүр нь Монгол Улсын аль ч төмөр замд явах боломжтой. “Тавантолгой төмөр зам”-ын хувьд 25 тоннын голын даацтай, уулзваргүй, нэгдүгээр зэрэглэлийн замтай. Энэ замд явах зүтгүүрүүдийг бид АНУ-аас тусгайлан захиж авчруулсан юм. Ер нь, төмөр замын урт нэмэгдэх тусам түүн дээгүүр явах хөдлөх бүрэлдэхүүн болон зам, инженерийн байгууламжуудад арчилгаа үйлчилгээ хийхэд мэргэжлийн хүмүүс нэн шаардлагатай. Тиймээс аль ч төмөр зам нь УБТЗ ХНН-ээс хүний нөөцийн эхлэлээ тавьж байна. УБТЗ-ын чадварлаг мэргэжилтнүүд шинэ төмөр замын төслүүдэд ажилласнаар Монгол Улс дараа дараагийн томоохон төмөр замыг барих, ашиглах туршлагатай болж байна.
“Монголын төмөр зам” ТӨХК-тай бид мөн өдөр тутамдаа хамтарч ажилладаг. Тавантолгой өртөөнөөс Зүүнбаян чиглэлийн бүхий л ачааг тус компанийн замаар тээвэрлэж байна. Тус компанийн хувьд 2022 онд Тавантолгой-Ханги-Мандал чиглэлийн 416 км замыг барьж байгуулан ачаа тээврийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар байна. Мөн “Тавантолгой түлш” ХК-ийн мидллингийн ачаа тээвэрт туршлага солилцох гэх мэтчилэн төмөр замын салбарын ТӨХК-иуд өдөр тутамдаа хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна.
-Танай төмөр замын хувьд хил холболт л хамгийн чухал байгаа шүү дээ. Хоёр улсын Засгийн газрын хооронд эцэслэн шийдсэн гэж ойлгосон. Танай зүгээс ямар ажил хүлээгдэж байна вэ?
-Хамтарсан Засгийн газраас ойрын үед шинээр хэрэгжүүлэх 14 мега төслийг зарласан. Эдгээрийн хамгийн эхэнд Гашуунсухайт-Ганцмодны хил дамнасан боомтыг холбох төслийг хэрэгжүүлэх ажил эрэмбэлэгдсэн. Энэхүү төслийг Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-ын талтай сүүлийн арав гаруй жилийн турш ярилцаж, хэлэлцээр хийсээр ирсэн. Улмаар 2023 оны наймдугаар сард УИХ-ын 68 дугаар тогтоол, Засгийн газрын 318 дугаар тогтоол гарснаар эрхзүйн боломж нээгдсэн. Мөн энэ оны дөрөвдүгээр сард хил холболтын гүүрэн байгууламжийн хэлэлцээрийг байгуулснаар төслийг хэрэгжүүлэх үүд хаалга нээлттэй болсон. Энэхүү ажлын хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг БНХАУ-ын Баяннуур аймгийн Ганцмодны боомттой холбох нэгдүгээр зэрэглэлийн төмөр зам бүхий гүүрэн байгууламжийг барина. Нийт 10.8 км урт нарийн царигтай, гол замын урт нь 8.7 км өргөн цариг бүхий уулзваргүй зам байна. Гүүрийн Монгол талынх нь урт 5.7 км барихаар тооцоолон ТЭЗҮ-ийг боловсруулж дууслаа. Одоогоор холбогдох байгууллагууд магадалгааг эцэслэж байна. Энэхүү томоохон мега төслийг хэрэгжүүлэхээр Засгийн газраас холбогдох тогтоол шийдвэрүүдийг гарган ажиллаж байна. Түүний дараа гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулснаар “Эрдэнэс тавантолгой” компанийн санхүүжилтээр уг ажлыг эхлүүлнэ. ТЭЗҮ-ийг бид өмнөх хэрэгжүүлсэн төслүүдэд үндэслэн ул суурьтайгаар, нарийвчлан хийсэн.
-Хоёр улсын хилийн боомтыг холбосноор нүүрс тээвэрлэлтэд төдийгүй, Монгол Улсын эдийн засагт ямар ахиц өөрчлөлт гарах вэ?
-Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын гүүрэн байгууламж ашиглалтад орж, хилийн зурвасыг холбосноор жилд өргөн царигаар 30 сая тонн, нарийн царигаар 10 сая тонн ачаа тээвэрлэнэ гэж тооцоолсон. Эдийн засгийн үзүүлэлтийг нь харвал жилд дунджаар 27 сая тонн ачаа тээвэрлэхэд 1.4 тэрбум ам.долларын орлого олохоор байна. Түүнээс гадна татварын орлого нэмэгдэж, жилд 133 орчим сая ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлнэ. Ийнхүү тээврийн орлого нэмэгдсэнээр дараа дараагийн төмөр замын тээврийн дэд бүтцийг барьж байгуулах санхүүгийн эх үүсвэртэй болно хэмээн үзэж байна. Мөн жилд нүүрсний экспорт 33 хувь, улсын нийт экспорт 20 хувиар нэмэгдэх зэрэг олон боломж хүлээж байна.
-Танай компани байгуулагдсан цагаасаа амжилт ололт дүүрэн ажиллажээ. Харин цаашдын хөгжлийн дүр зургийг ойрын 10 жилээр тодорхойлбол?
-Тавантолгойн бүлэг ордын нөөц боломжийг ашиглахад ойрын үед төлөвлөсөн ажил их бий. “Тавантолгой төмөр зам” ХХК нь төмөр замын салбарт томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгч байсаар ирсэн. Цаашид ч хэрэгжүүлэх боломжтой гэж харж байгаа. Учир нь, өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн томоохон төсөл хөтөлбөрүүдэд гаднаас урьж ажиллуулсан мэргэжилтэй боловсон хүчнүүдээс бид бүрэн суралцсан. Цаашид энэхүү бааз сууринд тулгуурлаж төмөр замын салбарын бүх л ажил үйлчилгээг явуулах боломжтой. Мөн бид өнгөрсөн хугацаанд томоохон хэмжээний төслийг хэрхэн удирдах талаар бичиг баримтыг боловсруулах туршлагыг хангалттай хуримтлууллаа. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод манай компанид Тавантолгой-Даланзадгад-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийн урьдчилсан судалгааг хийх үүргийг өгсөн. Өөрөөр хэлбэл, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам цаашид хэрхэн хөгжих, Тавантолгойгоос цааш экспортын чиглэлийн төмөр замуудыг яаж хөгжүүлэх вэ гэсэн үүрэг даалгаврыг өгсөн. Энэ бодлогын хүрээнд Шивээхүрэн чиглэлд бид жилд 20-30 сая тонн экспорт хийх хүчин чадал бүхий нэгдүгээр зэрэглэлийн төмөр замын суурь судалгааг хийж байна. Трассын болон холбогдох судалгаануудыг нь хийсэн. Үүнтэй холбоотой судалгаануудаа нэгтгээд ЗТЯ-ны Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр оруулан танилцуулж, батлуулах ажлыг удахгүй хийнэ. Монгол Улсад ирэх таван жилд барих дараа дараагийн төмөр замуудын судалгаа, бичиг баримтуудыг бэлтгэж, эхлэлийг тавих гол ажлууд хийгдэж байгаа. Энэ нь Монгол Улсад нэгэн том боомт, экспортын гарцыг нэмэгдүүлж байгаа юм. Нөгөө талдаа манай улс хөдлөх бүрэлдэхүүний хувьд өнгөрсөн хугацаанд бусад улсаас хамааралтай явж ирсэн. ОХУ-ын зүтгүүр, вагонуудыг голлон ашигладгийг та бүхэн мэднэ. Тээврийн үйл ажиллагаа, экспортын хэмжээ нэмэгдэх тусам ачаа тээвэрлэх вагоны хэрэгцээ шаардлага асар их өснө. Одоогоор манай компани 811 вагонтой. Энэ нь 10-20 сая тонн ачаа тээвэрлэх хэмжээнд бол боломжтой. Цаашид төмөр замын төслүүд хэрэгжин ашиглалтад орох үед хөдлөх бүрэлдэхүүн нэмэх шаардлагатай болно. Тэр бүхнийг бид гаднаас худалдаж авах шаардлага үүсэж байгаа.
Манай компанийн дараагийн нэг том төсөл бол дотооддоо вагон үйлдвэрлэх, угсрах үйлдвэр байгуулах юм. ЗТЯ-наас өгсөн үүргийн дагуу урьдчилсан судалгааг нь хийж байна. Байршил нь хаана байх, хаанаас сэлбэг, тоног төхөөрөмжүүдээ авах гэхчлэн олон талаас нь судалж байна. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийнхөө хүрээнд Вагон депо бариулж авсан. Энэ деподоо эхний вагонуудаа амжилттай угсарсан. Цаашид жилд 1000-2000 вагон угсрах хүчин чадалтай дээр дурдсан үйлдвэрийг барих ТЭЗҮ-ийг хийж байгаа. Ирэх онд ТЭЗҮ-ийн судалгаагаа дуусгаж, хөрөнгө оруулалтыг шийдвэл 2026 оноос барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. Ингэж чадвал 2027 ноос Монгол Улс дотооддоо вагоноо угсрах боломж бүрдэнэ.
Хил холболт маань хугацаа нь таарч байгаа. 2025 онд барилга угсралтын ажил эхэлж, 2026 онд дуусгаж, 2027 оноос тээврийн хэмжээ нэмэгдэхэд өөрсдийн угсарсан вагоноор тээвэр хийх гэхчлэн уялдаа холбоотой ажил болж байна.
-Монгол Улсын хэмжээнд төмөр замын мэргэжилтэн бэлтгэдэг ганц дээд сургуультайг бүгд мэднэ. Хүний нөөцөө хэдий хугацаанд хэрхэн бүрдүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Цаашид жилд манай компани 30 сая тонн ачаа тээвэрлэхэд 2400-3000 орчим хүний нөөц хэрэгтэй. Төмөр замууд нэмэгдэх тусам хүний нөөц дутагдана. Тиймээс ЗТЯ, УБТЗ-ын ТЗДС, ПТК болон холбогдох сургалтын байгууллагууд бодлогын түвшинд яаралтай бэлтгэх хэрэгтэй. Зөвхөн “Тавантолгой төмөр зам” гэлтгүй төмөр замын салбарт хүний нөөц тулгамдсан асуудал хэвээр байна. Төмөр замын уртын хэмжээ нэмэгдэх тусам хөдлөх бүрэлдэхүүний арчилгаа үйлчилгээ, урсгал засвар хийх мэргэжлийн ажилтнууд нэн шаардлагатай болдог. “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг дэлхийн жишигт нийцсэн, сүүлийн үеийн, шинэ инноваци технологиудыг ашиглаж төмөр замын бүтээн байгуулалтыг босгосон. Ингэхдээ Монгол инженерүүдийн гараар бүтсэн чанартай замуудыг барьж байгуулсан гэдгээр бид бахархдаг. Цаашилбал, Монгол компаниуд төмөр замыг дэлхийн жишигт нийцүүлж барих мэргэжлийн компани үүсэж байгаа нь давуу тал юм. Бид гадаад харилцаагаа харьцангуй нэмэгдүүлж байгаа. Тодруулбал, Солонгосын төмөр замын чиглэлийн сургуулиудтай холбогдож байна. БНХАУ-ын төмөр замын сургуулиудтай бас холбогдсон. Мөн Хятадын төмөр замын чиглэлийн мэргэжлийн компаниудтай холбогдож байгаа. Ажилтнуудаа тэдгээр компанид аваачиж туршлагажуулах чиглэлээр мэргэжилтэн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Дотооддоо гэвэл ТЗДС-аас гадна МСҮТ-үүд бий. Тэр төвүүдэд жилд 500 орчим мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдэн гардаг. Ер нь, шинэ тутам байгуулагдсан төмөр замуудад хүний нөөцийн 1000-аас дээш хэрэгцээ шаардлага бий. Өдөр бүр л мэргэжлийн боловсон хүчнээр эгнээгээ зузаатгаж байна. МСҮТ-үүдийг төгсөөд ирж буй хүмүүсийг бид ажлын байранд нь дадлагажуулан ажиллаж байна. Шинэ залуу ажилтнуудыг дадлагажуулан сургахад цаг хугацаа маш их шаарддаг. Энэ нь бидний үйл ажиллагаа тодорхой хэмжээнд удааширч, эсвэл хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх магадлал байдаг. Тиймээс бид ажиллаж буй хүмүүсээ гадны орон руу богино хугацааны сургалтад явуулж мэргэжил боловсролыг нь дээшлүүлэх шаардлага гарч байгаа. Өнгөрсөн жил Солонгос руу 10-аад хүн явуулж сургалаа. Ер нь, шинээр төгсөж буй залууст сургалтын төлбөрийг нь олгох зарчмаар хүн хүчээ зузаатгахаар тушаал шийдвэр гараад ажиллаж байна. ЗТЯ-наас өнгөрсөн жил 100 оюутны тэтгэлгийн асуудлыг шийдвэрлэсэн. Хятадын төмөр замын дохиолол холбоо, зам зэрэг мэргэшсэн компаниудад шинэ технологи, инновацыг газар дээр нь очиж судалж мэдэх зорилгоор хүмүүсээ явуулж байна.
-Хүний нөөцийг тогтоох нэг хөшүүрэг нь цалин байдаг. Танай компани ажилчдынхаа цалин орлого болон нийгмийн асуудалд хэрхэн анхааран ажиллаж байна вэ?
-Тээвэрлэлтээ дагаад орлого ч нэмэгдэж байгаа шүү дээ. Тиймээс энэ хүрээнд ажилчдын цалин хөлс ч дагаад нэмэгдэх боломжтой. Өнгөрсөн жилийн өдийд манай байгууллагын дундаж цалин 2.6 сая төгрөг байсан. Харин одоо 3.4 сая төгрөгийн дундаж цалинтай болжээ. Үүнийг цаашид үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тооцоолон ажиллаж байна.
-Дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!
М.Наранболд