УБТЗ-ын хамт олон шинэ оны босгон дээр Замын-Үүд – Эрээн өртөө хооронд нарийн царигийн хоёр дахь замыг амжилттай барьж дуусгалаа. Тус замын хүлээн авах комисст Замын Ерөнхий инженер С.П.Старцев, Их барилга, хөрөнгө оруулалтын албаны дарга Б.Баярмагнай, Тээвэр зохион байгуулалтын албаны ерөнхий инженер Бямбасүрэн, Замын аж ахуйн албаны орлогч дарга Ж.Борхүү нарын удирдлагууд оролцсон юм. Дээрх бүтээн байгуулалттай уялдуулан, БНХАУ-ын тал Эрээн өртөөнд өргөтгөл хийж, өргөн, нарийн царигийн паркийнхаа хүлээн авах, явуулах замын тоог нэмснээс гадна Эрээн-Жининь хооронд таван зөрлөг шинээр нэмжээ. Монгол-Хятадын хилийн төмөр замууд хүчин чадлаа ийнхүү өсгөснөөр Эрээн-Замын-Үүд өртөөдөөр хоногт 20 хос галт тэрэг солилцох техникийн нөхцөл бүрдэж байгаа юм.

Энэ үеэр Замын IV  ангийн дарга А.Оргодол “Замын IV ангийн хамт олон нарийн царигын 4.6 км замын дээд бүтцийг угсрах ажлыг хуанлин 45 хоногийн хугацаанд бүрэн угсарлаа. Энэ бүтээн байгуулалтад манай хамт олноос гадна ЗЗМС, Чулуун завод, БАҮ-ний II анги, Мод боловсруулах үйлдвэр, Жинчин төв, ОУТЗ-ын төв, Зорчигчийн вагон депо зэрэг байгууллагын 230-аад хүн, 30 машин машин механизмтай ажиллалаа. Товчхондоо маш олон хүний хамтын хөдөлмөр, сонгосон мэргэжилдээ үнэнч, тэвчээртэй, сэтгэлийн хаттай ажилласны үр дүнд илд өвлийн жавар тачигнасан энэ үед зөрчил дутагдалгүйгээр зорьсон зорилгодоо хүрч чадлаа” хэмээн ярилаа.

Мөн түүнчлэн Замын-Үүд өртөөний дарга Ч.Сугирбаатар “Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого” түүний “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд төмөр зам, авто замаар холбогдсон хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг хийлээ. Тус замыг ашиглалтад оруулсан нь эдийн засгийн хувьд маш өндөр ач холбогдолтой гэдгийг онцлоод, “Тухайлбал, Замын-Үүд өртөө нарийн царигаар хоногт 7.5 галт тэрэг хүлээн авах хүчин чадалтай. Өнөөдөр бид дээрх хүчин чадлынхаа дээд хязгаарт тулсан байдалтай ажиллаж байна. Заримдаа бид нарийн зохион байгуулалт хийж ажилласны үр дүнд хоногт найман галт тэргийг хүлээн авч байгаа. Харин дээрх замыг ашиглалтад оруулснаар хоногт 10 галт тэргийг тогтмол авах боломж бүрдлээ. Эдийн засгийн хүндрэлтэй цаг үед төмөр замчид хэрхэн ажиллаж, улс орондоо хэрэгтэй импортын бараагаар тэтгэв. Тэгэхээр ийнхүү тээх, нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдснээр улсынхаа эдийн засгийг хөгжүүлэх боломж илүү өргөсч байна гэсэн үг” гэв.