Дорноговь аймгийн Сайншанд хотын Ар шандад дөрвөн охин, нэг хүүтэй төмөр замчин гэр бүлд отгон хүү нь болон мэндэлжээ. Тэрбээр төмөр замын тосгонд өсөж торинож, төрөлх нутагтаа дунд сургууль дүүргэж, цэргийн албаа Улаанбадрах суманд хааж, хөдөлмөрийн гараагаа Сайншанд татах хэсгээс эхэлж, амьдралын ханьтайгаа ч Сайншандад учирсан нэгэн. Товчхондоо, унасан газар нь Дорноговь, удам залгасан мэргэжил нь төмөр замчин... Хүмүүний амьдралыг хөгжил цэцэглэлттэй нь хамт нуруундаа тээж, хөх манхан тэнгэрийн доогуур, дорнын шаргал говийн дээгүүр хөндлөн гулд алтран гялалзах хос жирээ лугаа салшгүй хос заяагаар  төдийгөөс өдийг хүртэл замнах хувь түүнд заяасан гэлтэй.

Сайншанд хэсгийн машинч Ж.Мөнхцогтын тухай тус татах хэсгийн дарга “Одоогоос бараг 20-иод жилийн өмнө би шинэхэн туслах байхдаа түүнийг дагалдаж аялалд явж байлаа. Энэ үед надад өвлийн нөхцөлд илчит тэрэгний хөргөлтийг хэрхэн удирдах аргачлалыг зааж өгч байсан. Мөн илчит тэрэгний явах ангийн үзлэгийг яаж хийхийг нэг бүрчлэн тайлбарлаж, зөвлөж байлаа. Үүний зэрэгцээ “Машинч хүн зөвхөн нүдээр харж шалгах бус зургаа дахь мэдэрхүйгээ давхар ашигладаг байх нь хамгаас чухал. Ингэж л явах ангийн гэмтлийг өндөр сонор сэрэмжтэйгээр илрүүлэхгүй бол аюул ард чинь гэтэж явдаг юм шүү” гэж хэлсэн нь одоо хэрнээ тодхон санагддаг. Саяхан л гэхэд бид зүтгүүрийн бригадын зөвлөгөөнөө хийсэн. Энэ үеэр машинч Ж.Мөнхцогт “Замын урд хэсэглэлд ачаалал өндөр байгаа учраас Шивээговь зөрлөгт хангалтын вагоныг орхидог. Гэтэл тухайн орон нутгийн газар зүйн байрлалаас хамаарч тэгш чиглэлдээ гарах дохио нь халхлагдаад байна. Үүнээс улбаалж машинч нар 100-200 метрт ойртсны дараа гарах дохиогоо харж байна. Үүнийг шийдвэрлэхэд онцгой анхаарахгүй бол хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөөлөөлөх нь” гэсэн санамжийг хэлсэн. Түүний санамжийн дагуу Зүтгүүрийн аж ахуйн албаны ашиглалт хариуцсан орлогч дарга Д.Хорлоо Захиран хуваарилах хэлтсийнхэнд дээрх асуудлыг уламжилж, тухайн санамжийг нь арилгуулах чиглэлийн ажлыг зохион байгуулж байна гэхчлэнгээр төдийгөөс өдийг хүртэл нэг зан, нэг л зарчмаараа ажиллаж байгаа хүн дээ” хэмээн магтсан юм.

Ж.Мөнхцогт машинчтай өөртэй нь утсаар холбогдоход “Ах нь төрсөн нутаг, төмөр зам хоёроосоо сөөм ч холдохгүй амьдарч яваа хүн. Хугацаат цэргийн албаа ч Дорноговьд хаасан. Би хоёр жилийн хугацаат цэргийн анхны алба хаагчдын нэг. Алба хаах хугацаандаа ахлах байлдагчаас ахлах түрүүч хүртэлх мөрдэсийг зүүж, Батлан хамгаалахын сайдаас орон нутгийн долоо хоногийн чөлөөгөөр шагнуулж, анх удаа “Царцаа ногоон”-оор аав ээждээ ирж байлаа. Ер нь хаа байгаа газраа хариуцсан ажлаа ном журмынх нь дагуу нэр төртэйгээр гүйцэтгэхийг хичээж, өөрийгөө дайчилдаг юм. 1992 онд цэргээс халагдангуутаа Сайншанд татах хэсэгт токарьчнаар ажлын гараагаа эхлүүлсэн үе саяхан л юм шиг санагдана. Энэ үед миний ажил амьдралын гараа ёстой зэрэг эхэлсэн дээ. Тухайн үед  Сайншандад Анагаах ухааны коллеж гэж байлаа. Манай хүн тэнд оюутан болж ирээд байсан билээ. Гэр орноосоо хол яваа оюутан л юм хойно хамаатны ахынхаараа байсхийгээд ирнэ. Тэр ахынх нь манайтай хөрш. Энэ л учрал тохиолоор эхнэртэйгээ анх танилцаж, дотноссоор гэр бүл болсон доо. Зах зээл эхэлчихсэн ховор тарчиг үе... Манай депо ч сайхан байж дээ. Ажилтнууддаа гурил тарааж өгнө. Тусдаа малчинтай болохоор идэшний махаар хүртэл хангана. Ажлаа тарав уу, үгүй юу анагаах руу давхичихдаг байлаа. Бас болоогүй ээ, эхнэрийнхээ найз нөхдөд хоол хүнс аваачиж өгнө. Машинч хүний амжилт бүтээлийн үндэс нь сайн хань гэдэгт би огтхон ч эргэлздэггүй. Миний хань өөрөө эмч болохоор эрүүл мэндэд минь онцгой анхаарна шүү дээ. Хамгийн наад зах нь л аялалд яваад ирэхэд “Аав нь сайн унтаж амрах ёстой. Миний хүүхдүүд чимээгүй байгаарай. Зурагтынхаа дууг багасгаарай” гээд л өрөөөний хаалга хаана.  Дэргэдэх хүн ингэж халамжлаад байхаар хувь хүн өөрөө ч эрүүл мэнддээ анхаарах дадал хэвшил суучихдаг юм билээ. Ах нь ёстой л ховорхон заяах сайн ханьтай хүн дээ. Ар гэрийн ажил ямар их билээ. Дээр нь эр нөхөр нь гэртээ байхаасаа байхгүй нь их үед гэрийн эзэгтэй л гэрт гадаагүй хөдлөнө шүү дээ. Ханийгаа ямар сайхан хүн бэ гэдгийг илэрхийлэхэд үг дутна. Машинч нарын дунд өвчлөл их, тэтгэвэртээ суугаад удалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг  гээд л хүмүүс ярьдаг. Миний хувьд эрүүл мэндтэй холбоотой нэг ч асуудал байхгүй. Өдий зэрэгтэй яваа минь сайн ханийн л ач тус юм даа.Одоо аймгийнхаа Эрүүл мэндийн газарт хүний их эмчээр ажиллаж байгаа. Алтанзул гэж сайхан бүсгүй бий...” хэмээн халуун дотно яриа өрнүүлснээ “Ингэхэд ах нь зөв юм ярьж байна уу? Цэргийн алба хаасан тухайгаа ярьж байснаа эхнэрийнхээ тухай яриад явчихаж. Сонин хэвэлд хэвлэлд ярилцлага өгч үзээгүй болохоор тулгамдаад л байна шүү хэмээн сандрав.

Ж.Мөнхцогт УБТЗ-д 33 жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулж, үүнээс 23 жилд нь зүтгүүрийн жолоо атгажээ. Токарьчинаар ажиллаж байхдаа зүтгүүрийн эрэг боолтыг зорохдоо ч нарийн ажиглаж өөрийнхөө хэмжээнд багагүй судалгаа хийдэг байсан гэдэг. Дараа нь Завсарын цехЭд илчит тэрэгний засварчин болж цахилгаанчин, аккумляторын засварчин гээд л бага багаар дэвшиж явсаар 1995 онд туслах машинчийн курст суралцан амжилттай төгсжээ. Хүчирхэг хүлгийн цулбуураас нэгэнт атгасных өөртөө томоохон зорилт тавьж, бие даан суралцсаар дараагийн ээлжинд ган дөрөөнд хөл тавих алхамаа хийв. Тухайн үед Зүтгүүрийн албанаас тусгай комисс томилогдон татах хэсгүүдээр явж мэргэжил, зэргээ ахиулах хүсэлтэй машинч нараас шалгалт авдаг байж л дээ. Энэ л шалгалтад Ж.Мөнхцогт 2000 онд өөрийгөө сорьж шалгалт өгсөнд амжилттай тэнцэж бие даан илчит тэрэг жолоодох эрхийн үнэмлэхээ гардах нь тэр. Ингэж л “Эр хүн зорьсондоо. Эмээлт морь харайсандаа” хүрсэн аж. Түүнээс залуу үедээ ямар арга барилаар зааж сургадаг талаар нь асуухад, “Хэт хатуурхахаар өнөө цагийн хүмүүс их эмзэг хүлээж авна. Бас зөөлөн хандахаар ажил албаа хийдүүлнэ гээд ойлголцоход амаргүй байдаг. Огт алдаа гаргахгүй хүн гэж юу байх вэ. Миний хувьд “Хүний итгэлийг алдчихгүй юмсан. Өөрийн буруугаас болж хэн нэгнийг хөлдөө чирэхгүй юмсан” гэдгийг үргэлж дотроо бодож явдаг. Үүний зэрэгцээ машинч бидний ажлын үзүүлэлт үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжаар хэмжигддэг. Тийм учраас төмөр замаар үйлчлүүлэгчдийн ачаа барааг цагт нь, найдвартай хүргэх ёстой. Зорчигчдын тав тухыг алдагдуулахгүй аялуулах ёстой гэсэн зарчмыг баримталж ирсэн. Залуу цагийнхаа дурсамжийг эргэн санахад их сайхан байдаг юм. Манай цайны газрын буузны амт гэж хэлэх ч юм биш. 12 цагт цайндаа орчихоод л өөрсдийнхөө байгуулсан хөл бөмбөгийн талбайд хөлөртлөө тоглоцгооно. Тэр цагт хүмүүсийн зан харилцаа, бие биенээ гэсэн сэтгэл ямар байсан гэж санана. Хүндлэх хүндлэгдэх ёс тэр үед л утгаараа байж дээ гэж боддог. Одоогийн үеийг тэр цагтай харьцуулаад бодоход жаахан сэтгэл дундхан л байдаг юм. Залуучууд хоорондоо ярилцах, найзлах нөхөрлөх орон зай нэг л хөндий. Бүгд л гар утсаа ухаад сууцгаачихна. Ах нь энэ байдлыг нэг л ойлгодоггүй. “Цаг цагаараа байдаггүй” гэж л энэ байх. Би яах вэ, хийдгээ хийчихсэн хүн жам ёсоороо тэтгэвэрт сууна. Ядаж л залуус маань ажил мэргэжлийнхээ талаар халуун яриа өрнүүлдэг байгаасай. Чөлөөт цагаараа спортоор хичээллэж, амьд харилцаагаа илүү нэмэгдүүлээсэй гэж  боддог л юм. Нэг талаараа тэднийг буруутгах ч аргагүй. Тээврийн хэмжээ эрс нэмэгдэж, тэр хэрээр машинч нарын ажлын ачаалал өндөрссөн учраас спортын тэмцээн уралдаан бүх нийтийн хамарч чадахгүй байх шиг. Ялангуяа ашиглалтын цехийн хувьд тэмцээнд оролцуулна гээд 5,6 ажлаас чөлөөлчихвөл үндсэн ажил маань хэцүүднэ. Тэмцээнтэй гээд галт тэрэгний хөдөлгөөнөө зогсоолтой биш. Боломжтойсон бол 2-3 баг гаргаад тэмцээнд уралдаанд оруулмаар санагддаг. Гэтэл ажлын ачааллаасаа шалтгаалаад цөөн хүн хамрагдаад байхаар бусдынх нь идэвх оролцоо аажим аажмаар багасаад байгаа ажиглагддаг. Ер нь аль ч татах хэсгийн хэмжээнд илүү цаг асар их гарч байгаа.  Машинч нарын маань цалин хангамж харьцангуй боломжийн хэмжээнд байдаг учраас энэ ажил яваад л байна” хэмээн ярилаа.

Тэрбээр, чаддагаараа бардамнах дургүй. Оногдсон ажлаа л яв цав хийхийг зорьдог. Тиймдээ ч тэр өөрийнхөө тухай яриахаас илүү өөрийнх нь хөдөлмөр түүнийг илэрхийлж. Хамт олон нь түүгээр үлгэрлэдэг гэлтэй.  Түүний “Аливаа хүн эдэлж хэрэглэж байгаа зүйлдээ “Энэ миний унаа, миний хөрөнгө” гэсэн үүднээс хандаж, хайрлаж, арчилж тордож байх хэрэгтэй гэдгийг би залуустаа хэлдэг. Ажил хийе гэсэн сэтгэлтэй хүмүүсийг харахад андашгүй дээ. Зүтгүүрийнхээ хаалга, цонхыг нээж хааж байгаагаас л машинчийн хандлага анзаарагдана. Зарим залуус бүхээгнийхээ хаалгыг тасхийтэл хаачихаж байгаа харагддаг. Тэгэж л хүнийрхүү хандаад байвал хэдийгээр төмөр ч гэлээ эд хэрэгсэл л юм чинь эвдэрч хэмхэрнэ шүү дээ” гэсэн ярианаас ажил мэргэжлээ, залгамж халаа болсон залуусаа бодсон сэтгэл ханхийтэл үнэртэх шиг.. “05.00 цагийн үед Замын-Үүд рүү аялаж явахад өглөөний наран илч гэрлээ цацруулан зүүн зүгээс мандахыг зүтгүүрийн цонхоор харах хамгийн сайхан мэдрэмж шүү дээ...” хэмээн ярихад нь “Үнэхээр гайхамшигтай харагддаг юм билээ. Би нэг өвөл танай Б.Сономбат машинчийн бүхээгнээс нар мандахыг харсан” гэвэл “Чи өвлийн нарыг харж. Зуны нар мандахыг зүтгүүрийн цонхоор заавал хараарай. Магадгүй, машинч мэргэжлийн жаргалыг бодитоор мэдрэх байх...” хэмээснээр бидний ярилцлага өндөрлөсөн юм.

Б.ДЭЛГЭРХИШИГ