“УБТЗ” ХНН-ийн түүхт 75 жилийн ой, Төмөр замчдын мэргэжлийн баяр тохиож буй энэ цаг доор төмөр замчин программистууд болон санхүүчдийн хамтын зүтгэлээр тодорхой үр дүн, амжилт бүтээлүүд шил даран бичигдэж байна. Үүнтэй холбогдуулан Эдийн засаг, санхүү, аж ахуйн, үйл ажиллагааны удирдлагын шинжилгээний мэдээллийн систем хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Н.Анхбаяраас дараах тодруулгыг авлаа.
-УБТЗ-д санхүүгийн “Нэгдсэн тайлангийн систем” (CoSS)-ыг шинэчлэн нэвтрүүлэх ажил эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэхүү системийн түүхээс манай уншигчидтай хуваалцвал?
-Одоо ашиглаж байгаа санхүү, нягтлан бодох бүртгэлийн программ хангамжийг 2001 оноос өнөөг хүртэл хөгжүүлэн ирсэн байна. Энэ хугацаанд мэдээлэл технологийн дэвшилтэт технологид нийцүүлэн программчлах ажлыг үе шаттайгаар хийж ирсэн. Тухайлбал, 2001-2009 онд Windows үйлдлийн системийн орчинд ажиллах боломжтой desktop application хувилбарыг ашиглаж байсан бол 2010-1017 онд вэб технологид суурилсан сүлжээний орчинд бүрэн ажиллах боломжтой болгох ажлыг эхлүүлэн 2018 оноос эхлэн вэб технологид суурилсан application болгон хөгжүүлж ирсэн. Ингэснээр замын хэмжээнд санхүү эдийн засгийн суурь мэдээллүүдээр нэгдсэн сан бүрдэж, мэдээллийн хоцрогдлыг арилгах, программ хангамжийн хувьд замд нэг л системийг ашиглаж өөрчлөлт, хөгжүүлэлтийг нэг цэгт төвлөрүүлэн удирдах боломжтой болсон.
Бид бүхэн нэгтгэсэн тайлангийн систем “CoSS” программ хангамжид албан ёсны дүгнэлт гаргуулах, зохих зөвшөөрлийг авах чиглэлээр ажилалаа. Сангийн яам, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Нийгмийн даатгал, татварын байгууллагын бүрэлдэхүүнтэй ажлын баг манай программтай газар дээр нь ирж танилцан ажиллаж үнэлэлт дүгнэлт өгсөн. Бид “CoSS” программ хангамжийг “УБТЗ-ын хэмжээнд нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналд ашиглаж болно” гэсэн зөвшөөрлийн гэрчилгээг 2021 оны наймдугаар сарын 03-ны өдөр гардан авч байсан бол өнгөрсөн сарын 22-ны өдөр “CoSS” программ хангамжийг “Жижиг, дунд аж ахуйн нэгжид ашиглах СТОУС-ын шаардлага хангасан” гэсэн гэрчилгээг гардан аваад байна. Ингэснээр бид төмөр замдаа өөрсдийн хүчээр цахим бүтээгдэхүүн үйлчилгээний программ үйлдвэрлэсэн, үйлдвэрлэснийгээ нэвтрүүлж чадсан, нэвтрүүлсэн зүйлээ өндөр хэрэглээтэй байлгаж, орчин үеийн дижитал ертөнцөд мөр зэрэгцэн ажиллах албан ёсны зөвшөөрлийг нь авч, үнэлэгдлээ.
-Албан ёсны баталгаажилт хийгддэг гэхээр зөвхөн нэг байгууллагад зориулсан программ бус олон улсын стандартад нийцсэн цогц систем гэж ойлгож болох нь, тийм үү?
-Тиймээ, цаашид санхүүгийн энэхүү программ хангамжийг Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй жижиг, дундаж ахуйн нэгжүүдэд ашиглах боломжтой гэсэн үг.
-Шинэ төмөр замын бүтээн байгуулалтууд эрчимтэй өрнөж буйтай холбоотойгоор төр болон хувийн хэвшлийн бусад төмөр замын байгууллагад энэ программыг санал болгох боломжтой юу. Патент эзэмшигчийн хувьд өөрсдийн зохион бүтээсэн программаа худалдан борлуулах, лиценз сунгах, сайжруулалт хийх зэрэг эрх нь та бүхэнд нээлттэй байдаг байх?
Бүрэн боломжтой болж байна гэсэн үг. Энэхүү программ хангамжийн маань патент эзэмшигч нь “УБТЗ” ХНН. Бид өмнө нь төмөр замын салбарт хэрэглэгдэж буй программыг гаднын байгууллагад борлуулах эрх байхгүй байсан бол одоо энэ эрх маань бүрэн нээгдэж байна гэж ойлгож болно.
-Ер нь та бүхний зохион бүтээсэн энэхүү программын давуу тал нь юу юм бэ. Цахим хөгжил, IT технологид суурилсан орчин цагийн зах зээлд энэхүү программын өрсөлдөх чадвар нь хэр хэмжээнд байгаа вэ?
Энэхүү программ хангамж маань “УБТЗ” ХНН-ийн нягтлан бодох бүртгэлийн бодлогын хүрээнд цалин хөлсний бодолт, санхүүгийн баланс, бараа материалын хяналт, нөөцийн удирдлага, бараа материалын кодчиллын систем болон үндсэн хөрөнгийн бүртгэлийн мэдээллийг сар бүр хийхээс гадна нягтлан бодох бүртгэлийн дансны бичилтийг өгөгдсөн арга аргачлал, нягтлан бодох бүртгэлийн бодлого, стандартын дагуу бичилтүүдийг хийж гүйцэтгэдэг. Мөн дотоодын ачаа, зорчигч тээврийн системүүд, гадаад орчинд арилжааны банкнууд, эрчим хүчний систем, цахим татварын систем, үүрэн телефон утасны мобиком, юнителийн системүүдтэй холбогдон төлбөр, тооцоог яг цаг хугацаанд нь дотоод болон гадаад системүүдээс хүлээн авч бүртгэлийн автомат бичилтээр нийгэмлэгийн тайлан, тэнцэлд тусган ажиллаж байна.Бид УБТЗ-ын өдөр тутам хийгдэж буй гүйлгээний мэдээлэл, 16 мянга гаруй ажилтны хүний нөөцийн мэдээлэл, ажилласан цагийн бүртгэл, тооцоологдсон цалин, суутгасан татвар, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, бараа материал, сэлбэг хэрэгсэл, түлш шатахуун, хангамжийн зүйлс гэсэн мэдээллийн нэгдсэн санг үүсгэж чадсан. Эдгээртэй холбоотой харилцагч үйлчлүүлэгчийн мэдээлэл ч бас бий.
Мөн бид бүхэн программ хангамжаа хамгийн орчин үеийн кодын хэл ашиглан боловсруулсан тул одоогоор ашиглагдаж буй ямар ч үйлдлийн системийг голохгүй бүрэн ашиглах боломжтой нь хамгийн гол давуу тал юм.
Өнөөдрийн байдлаар монголын зах зээлд санхүү, нягтлан бодох бүртгэлийн олон төрлийн программ хангамжууд худалдан борлуулагдаж байгаа ч яг төмөр замын салбарын санхүү, нягтлан бодох бүртгэлийн цогц программ хангамж зөвхөн манайд л ашиглагдаж байгаа тул төмөр замын салбарт одоогоор өрсөлдөгчгүй байна.
-“УБТЗ” ХХН-ийн харьяа 66 аж ахуйн нэгж энэ системийг хэр сайн ашиглаж дадаж байна вэ. Шат шатандаа сайжруулалт хийгдээд явж байгаа программын хэрэгжилтийн үр дүнд мэдээж хүний хүчин зүйлтэй холбоотой үйл ажиллагаанууд хөнгөвчлөгдөж байгаа байх?
-Мэдээж аливаа программ хангамжийг анх нэвтрүүлж байхад хүндрэлтэй, бэрхшээлтэй олон л зүйл тохиолддог. Санхүүгийн ажилчид маань маш богино хугацаанд ажиллаж дадаж байна. Манай хэлтсийн зүгээс ч долоо хоног бүр хэрэглэгчдийн санал хүсэлтийг хүлээн авах, нэмэлт сайжруулалт, сургалт зэргийг тогтмол хийж хэвшээд байна.
Бид энэхүү программ хангамжийг боловсруулан ашигласнаар санхүүгийн ажилчдын тайлан, мэдээ боловсруулах цаг хугацааг хэмнэх, механик алдааг бууруулах, удирдлагыг үнэ зөв мэдээллээр цаг алдалгүй хангах, цаг хугацаа орон зайнаас үл хамааран өдөр тутмын ажлыг хийх боломж зэргийг бий болгоод байна. Үүний нэг жишээ бол бид ковидын үед ажлын байрнаас биш зайнаас ажиллах боломжийг бүрдүүлж, цалин хөлс, тайланг цаг тухай бүрд нь хугацаа алдалгүй санхүүгийн үйл ажиллагааг тасралтгүй явуулж чадсан байдаг. Мөн өөр нэг жишээ дурдахад өмнө манай нягтлан бодогчид 16 мянга гаруй ажилчдын үүрэн телефон утасны төлбөрийн мэдээллийг нэг бүрчлэн гараар шивж оруулдаг байсан бол өнөөдөр нэг команд ашиглан энэхүү асуудлыг бүрэн шийдэж, гарт олгох тооцооны хуудсыг цахим байдлаар ажилтанд хүргэх ажлыг цаг хугацаанд хийж гүйцэтгэн ажиллаж байна.