Дархан өртөөний галт тэрэгний найруулагч Бямбаагийн Одгэрэл 23 дахь жилдээ энэ ажлаа хийж байна. Элдэв чимэггүй эрс, гүдэсхэн зантай ийм л нэгэн хүнтэй энэ удаа ярилцлаа.
Түүнийг ТИС-д гурван жил сурчихаад сургуулиа орхиод төмөр замчин болсон гэхээр өөрхийн эрхгүй “Яагаад?” гэж асуусан юм. Харин асуултад минь “Гэр бүлтэй эр хүн амьдрал ахуйгаа авч явахын тулд ийм шийдвэр гаргахгүй юу. Тэр үед УБТЗ-ын цалин өндөр байлаа шүү. 2000 оны арваннэгдүгээр сард “Сүхбаатар өртөөнд ажилд авна” гэсэн зараар яваад очлоо. Дөч гаруй залуус цуглачихаж. Ердөө дөрвөн хүн сонгон шалгаруулж авах юм гэцгээнэ. Цугласан хүмүүс дунд төмөр замын мэргэжлийн хүн алга. Мужаан, зураач, слесарь, биеийн тамирын багш гээд янз бүрийн хүмүүс. Шат, шатанд шалгарсаар дөрвөн хүн тунаж ажилд орсны нэг нь би.
-Тэр үед мэргэжлийн бус хүмүүсээс ажилд шалгаруулж авахдаа ямар шалгуурыг голчилдог байсан бол... гэхэд тэрбээр, “Бичиг үсэг, бие бялдар гээд юм юм л харсан байх. Намайг ажилд ороход өртөөний дарга Л.Баасандорж гуай байсан. Ажлын талбарт тосож авсан багш маань Ц.Энхтөр найруулагч. Галт тэрэгний найруулагчийн ажил зөвхөн биеийн хүчээр хийдэг ажил биш. Найруулагч хүний толгой сийрэг байх ёстойг тэр хүнээс сурсан даа. Галт тэрэгний найруулагч өртөөний бүх зам сум, замын байршил болгоныг алган дээрээ тавьсан мэт мэддэг. Салбар замуудад хэдэн вагон байгааг, алийг нь түрүүлж хэдий хэр хугацаанд татахыг анддахгүй ажлаа толгойдоо төлөвлөж, хийдэг хүн байв. Холбогч байхдаа багш шигээ найруулагч болохсон гэж мөрөөдөнө. Гэтэл хүмүүс “Сүхбаатар өртөөнд холбогчийг таван жил хийж байж л найруулагч болох дайнд хүрнэ” гэж ярих нь ихээ хол санагддаг сан. Харин багш маань намайг зургаан сар дагалдуулчихаад “Миний шавь одоо найруулагч болоход бэлэн болсон” гэж билээ. Багш маань намайг найруулагч болгочихоод удалгүй өөрийн хувийн бизнесийг хөөгөөд явсан даа” хэмээн төмөр замчин болсон түүхээ хүүрнэлээ.
Түүнийг Сүхбаатарт ажиллаж байхад өртөөний замууд богино ганц сэлгээтэй учир ачаалал их байсан тухай дурслаа. Тэрбээр, Сүхбаатар өртөөнд холбогч найруулагч, агент найруулагч зэрэг ажлыг 11 жил хийгээд Дархан өртөөнд шилжиж иржээ. Тэрбээр, Сэлэнгийн жаврыг сөрөн “хангинуулж” явсан шинэхэн найруулагч байсан үеэ “Сүхбаатарт өвөлдөө -42-43 хэм хүрч хүйтрэх бол энгийн үзэгдэл. Баргийн аавын хүү тэвчихэд хэцүү шүү. Манай хууччуул ихэвчлэн орос цэрэг малгай өмсөнө. Харин шинэковууд бид зузаан ноосон малгайтай гарахад л толгой хага ташина. Ноосон малгайг хоёр давхарлахгүй бол болохгүй. Бидэнд нэхий дотортой өмд, хүрэм өгдөг байлаа. Хүрэмний ханцуй нь хүртэл нэхий. Харин одоогийн ажлын хувцас хиймэл үстэй. Нэхий дотортой хэрнээ ханцуйд нь нэхий байхгүй. Даарч байна шүү дээ.
Холбогч, найруулагч зузаан хувцсанд түүртэнэ. Хөдөлгөөн нь хоригдоно. Тиймээс хөнгөн шингэн, хурдан түргэн хөдөлж цагтай уралдаж ажилладаг найруулагч, холбогч нарын хувцсан дээр анхаармаар байгаа юм” гээд ер нь найруулагч хүний өдөр тутам тулгардаг хүндрэл бэрхшээлүүд гарах болсныг өнөөх шулуун шударга зангаараа ний нуугүй ярилаа.
Б.Одгэрэл “ Хөдөлгөөнчид бид төмөр замын тээврийн халуун цэг дээр цагтай уралдаж ажилладаг хүмүүс. Бидний ажилд нэмэр бус нэрмээс болох зүйл их байгааг би дэс дараатай хэлье, харин та нар бичээд өгөөрэй.
- Сүүлийн үед гарсан дүрэм журмууд нь ажилд нэмэр биш нэрмээс боллоо. Бүрэлдэхүүн 3 км/цагийн хурдтай явж байхад холбогч найруулагч нарыг бууж, суухыг багц дүрмээр зөвшөөрдөг байсан. Гэтэл энэ тушаалыг өөрчлөөд хөдөлгөөн дунд бууж суухыг нь хориглосноор бидний ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлж байна. Бүрэлдэхүүнийг зөөлөн татаж байхад нь холбогч буугаад салгах вагон дээрээ ирээд зогсож байвал ажил арай хурдтай явна. Гэтэл одоо тийм юм байхгүй. Яг таг зогссоны дараа бууна. Дохио нь харагдахгүй байвал хажуу тийшээ гараад дохиогоо өгчихөөд буцаж ирж вагоноос зүүгдэнэ. Галт тэрэг хурдан шуурхай найруул, явуул л гэх. Энэ мэтээр сүүлд гарч буй тушаал, шийдвэрүүд нь хөрсөн дээр буухгүй, ажлын талбар дахь бодит нөхцөлтэй нийцэхгүй юм. Технологит хугацаа нь сунаад байдаг гэтэл технологи нь өөрчлөгдөхгүй зөрчилдсөн зүйлүүд их байна шүү.
- Цалин хөлсний талаар ч яримаар зүйл их байна. Хүйтний нэмэгдэл гээд сард 9000 төгрөг өгдөг. Хэт хүйтэрвэл 13500 төгрөг болдог байх. Өвлийн улиралд гадаа ажилладаг ажилтнууд, холбогч, найруулагч нар хоёр цаг тутамд 10-15 минут дулаан байранд орж дулаацах тушаалтай. Дархан-2 өртөөнд ажиллаж байгаа холбогч найруулагчдын хувьд ажлын ачааллаас болоод хэрэгжих ямар ч боломжгүй. Ээлжийн 12 цагт яаран, сандран ажилласаар байгаад л ажлын цаг дуусдаг.
Жишээ нь, хүнд нөхцөлийн нэмэгдэл нэг цагийнх нь 100 төгрөг, сард 168 цаг ажиллахад 16800 төгрөг гээд бод доо. Хүнд нөхцөлд ордог ажлын байр бүр өөр өөр онцлогтой. Өртөөний жижүүр, пүүлэгч, холбогч найруулагч нарынх гээд хүнд нөхцөлийн нэмэгдлийг шатлалтай ядаж тогтоомоор санагддаг юм.
- Дархан-2 өртөөний жижүүрүүд хэт их ачаалалтай ажиллаж харагддаг. Ядаж энэ өндөр ачаалалтай өртөөнд туслах оператор ажиллуулбал жижүүрийн ачаалал жаахан хөнгөрмөөр... Манай өртөөний үе үеийн дарга нар энэ талаар хөөцөлдөөд л байх юм. Дээшээ очоод асуудал нь гацдаг бололтой.
Дархан-2 өртөөнд хоёрхон сэлгээ ажилладаг. Ачаалал маш их. Сэлгээ нэмээд өгөөч гээд хүсэлт гаргаад байдаг. Шийдэж өгдөггүй. Уг нь, сэлгээ нэмээд өгчихвөл бид яарч сандрахгүй, технологийнхоо дагуу ажлаа хийгээд явмаар. Ажлаа барахгүй яарч сандрахаар л технологи зөрчигддөг. Наад зах нь биднийг гүйж болохгүй гэнэ. Гүйвэл технологи зөрчинө. Камераар хянаж байгаа. Дээр нь, холбогч, найруулагч нар вагон доогуур шургаж болохгүй, ивүүрийг хоёроос илүүг авч явж болохгүй гэх мэт энэ тушаал шийдвэрүүд нь нэг галт тэргийг бэлтгэх хугацааг улам хойшлуулаад байна. Хаа нэгтээ нэг хүн гүйж яваад бүдэрч унасан гэвэл бүгд гүйж болохгүй гээд зааварчилгаа өгчихнө. Вагон доогуур тийм тийм ажилтнуудыг шургаж болохгүй гээд зааварчилгаа өгөхөөр камераар сайн ялгагдаж харагдахгүй байгаа учраас далимдуулаад шургаад байна. Тиймээс бүгдийг нь вагон доогуур шургаж болохгүй гээд зааварчилгаа өгчихье” гэж л асуудалд ханддаг бололтой юм.
-
Ялих, шалихгүй дутагдлыг технологи зөрчлөө гээд л цалингийн арга хэмжээ авна. Шагналт цалингийн 10 функт хасахад 150-160 мянга орчим төгрөг хасагдана. Гэтэл бүтэн сар хүйтэнд вагоноос зүүгдэж жавар сөрж явчихаад сард ердөө 9000 төгрөгийн нэмэгдэл авч байгаатай харьцуулаад бод л доо. Төмөр замчдын цалин хөлсний системийг эргэж харах цаг аль эрт болсон шүү гэдгийг энэ дашрамд хэлмээр байна” хэмээсэн билээ. Амласан ёсоороо түүний яриаг нэмэр, хачиргүй буулгасан маань энэ.
Б.ГҮНЖИНЛХАМ
Сэтгэгдлүүд
Цалингаа цагт нь өгдөг