“Найрамдлын зам” сонины тулгын чулууг тавилцсан эрхэм хүмүүсийн нэг бол Л.Санжмятав гуай. Өдгөө наян таван насны сүүдэр зооглож буй буурал саяхан манай редакциар зочилж, 65 жилийн тэртээх дурсамж сөхөн, хууч дэлгэснийг хүргэе.

 

-Би 1956 онд нийслэлийн 10 жилийн тавдугаар сургууль төгсөөд ЗХУ-ын Москва хотод Калинины нэрэмжит Өнгөт металл алтны дээд сургуульд хуваарилагдаад нэг жил сурсан. Гэвч ар гэрийн гачигдлаар үргэлжлүүлэн сурах боломжгүй болж, амралтаараа ирээд буцаж явсангүй. Ажил хийх бодолтой байлаа. Тэгээд, есдүгээр ангиасаа бие дааж зураг авч сурсан тул найз Б.Батхүүгийнхээ зөвлөснөөр өөрийн авсан зурагнаас хэдийг сонгон төмөр замын Удирдах газар очоод Намын хорооны Г.Дашням гэдэг хүнтэй уулзаж хэдэн зураг үзүүллээ. Тэгсэн “Энэ зургуудыг чи өөрөө авсан уу?” гэж байна. “Тиймээ” л гэлээ. “Зураг аятайхан авах бололтой хүү байна. Чамайг шалганаа. Чи бидний зургийг аваадах” гэв. Би ч Г.Дашням гуай болон өрөөнд байсан хэдэн хүний зургийг авч харьж угаагаад маргааш нь бариад очтол “Ийм хурдан угаагаад аваад ирдэг” гэж их тоож байна. Тэгээд “За чи манайд хэрэгтэй хүн байна. Хэд хоногоос ирээрэй” гэсэн. Хэд хоноод очтол Намын хорооны боловсон хүчин Нэмэх гэж өвгөжөөр хүн бүртгэж, анкет бөглүүлээд “Өнөөдрөөс эхлээд манай ажилтан боллоо шүү” гэж үнэмлэх бичиж өглөө. Тэр нь 1957 оны есдүгээр сарын 10-ны үе шүү дээ. Тухайн үед редакц бүрэн бүрэлдээгүй. Б.Батхүү бид хоёроос өөр хүн ажилд аваагүй байсан. Шинэ жил дөхлөө. Сониныхоо эхний дугаарыг гаргана гээд Г.Дашням гуай Д.Наваансүрэн гэдэг зохиолчийг нарийн бичгийн даргаар авсан. Мөн Д.Цэдэв гэдэг

хүнийг техникчээр, Буянхүү гэж эмэгтэйг бичээчээр ажилд авч редакцийн анхны гишүүд бүрдсэн. Зургуулаа Г.Дашням гуайн өрөөнд цуглаад анхны дугаарт орох материалуудаа бэлтгэж эхэлтэл “Сониндоо ямар нэр өгөх вэ” гэж Г.Дашням гуай биднээс асуусан. Бид ч “Зам”, “Ган зам”, “Замчин” гээд хэд хэдэн нэр дэвшүүлтэл Д.Наваансүрэн гуай нэг орой “Найрамдлын зам” гэж нэр өгье гэсэн санал гаргаж тэр дор нь гоёор бичүүлээд Намын хорооны Лувсаннаваан, Болд гээд дарга нарт үзүүлтэл зөвшөөрч, Д.Цэдэв маань сонины толгойн хэвийг Улсын үйлдвэрт цутгуулаад ирсэн.

Манай сонины анхны дугаарын эхийг Муся гэж орос эмэгтэй боосон. Гомбосүрэн гэж залуу сонины эхийг линотипээр өрж, Нян-Аа, анхны хянагч З.Сагар нар хянаж, хэвлэгч С.Аюуш хэвлэж байлаа. Сониноо бид 1957 оны арванхоёрдугаар сарын 31-нд хэвлэхээр Хэвлэх үйлдвэр дээрээ очиж, шөнөжин нойргүй хонон ажиллаж, 1958 оны нэгдүгээр сарын 01-нд өглөө л анхны дугаараа гаргасан даа.

Зураг дээр:  “Найрамдлын зам” сонины анхны дугаар гаргалцсан Д.Наваансүрэн, Б.Батхүү, Ч.Нян-Аа, Л.Санжмятав  нар /1959.02.07 №11/