Манай улсад төмөр замын салбар өргөжин тэлэхийн хэрээр хөдөлмөрийн зах зээл дээр төмөр замын мэргэжилтэй ажилчдын эрэлт өссөөр байна. Тэр ч утгаараа ирээдүйн төмөр замчдыг сургах, бэлтгэх нь хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа юм.

УБТЗ ХНН 2019 онд “Хүний нөөцийн бодлогын баримт бичиг”-ээ баталж, төмөр замын хүний нөөцийг шаталсан системээр бэлтгэх ажлыг эхлүүлээд хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Энэ хүрээнд ЕБС-уудыг түшиглэн төмөр замын мэргэжлийн чиглүүлэх сургалттай гүнзгийрүүлсэн ангиудыг нээсэн билээ. Өөрөөр хэлбэл, ТЗДС, Политехник коллежийн элсэгчдийг бэлтгэхэд нэгэн шат нэмэгдсэн гэсэн үг. Одоогийн байдлаар, Нийслэлийн ерөнхий боловсролын 20, 73 дугаар сургууль, Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын III, Замын-Үүд сумын I, Дархан-Уул аймгийн XVIII, Говьсүмбэр аймгийн II, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын I, Мандал сумын II сургууль зэрэг нийт найман сургуультай  УБТЗ ХНН “Санамж бичиг” байгуулан ажиллаж байгаа юм.

Дээрх ангиудад 2020–2021 оны хичээийн жилд нийт 95 хүүхэд суралцаж төгссөнөөс ОХУ-ын Зам харилцааны улсын их сургуулиудад 22, ТЗДС-д 14, Политехник коллежид 15 сурагч тус тус элсэн суралцсан.

2021–2022 оны хичээлийн жилд нийт 120 хүүхэд суралцаж төгссөнөөс ОХУ-ын Зам харилцааны улсын их сургуулиудад 13, ТЗДС-д 21, Политехник коллежид 10 сурагч тус тус элсэн суралцаж байна. Харин 2022 – 2023 оны хичээлийн жилд нийт 64 хүүхэд суралцаж төгссөнөөс Хятад, ОХУ-ын Зам харилцааны улсын их сургуулиудад 10, ТЗДС-д 22, Политехник коллежид 13 сурагч тус тус элсэн суралцаж байна. Төмөр замын мэргэжлийн чиглүүлэх сургалттай ангиудтай 2020 оноос хойш гурван төгсөлтөөр нийт 279 хүүхэд төгссөнөөс 105 сурагч буюу 40  орчим хувь нь төмөр замын мэргэжлийг сонгон суралцжээ.

2023-2024 оны хичээлийн жилд  дээрх найман сургуулийн 10, 11, 12 дугаар ангид нийт 229 сурагч суралцаж байгаа аж. Тэдгээр хүүхдээс 121 сурагч энэ хавар төгсөх юм. Тэдний 29 нь ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан байна.

УБТЗ-ын захиргаанаас дээрх сургуулиудтай байгуулсан гэрээний дагуу математик, физик, орос хэлний багш нарт 2020–2021 оны хичээлийн жилд 8.2, 2021 – 2022 оны хичээлийн жилд 12.0, 2022 – 2023 оны хичээлийн жилд 13.5 сая гаруй төгрөг буюу нийт 33.7 сая гаруй төгрөгийн урамшуулал олгосон гэх судалгааг УБТЗ-ын Хүний нөөцийн албанаас гаргасан байна.

Мөн үүний зэрэгцээ зарим сургуульд анги танхим тохижуулах ажлыг ч хийсэн байна. Дээрх сургуулиудын сургалтын менежер, анги удирдсан багш нартай холбогдож, төмөр замын мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт хэрхэн явагдаж байгаа талаар тодрууллаа.

 

Нийслэлийн 73 дугаар сургуулийн сургалтын менежер Ө.Бямбацэцэг:

 

-Манайд төмөр замын мэргэжлийн чиглүүлэх гүнзгийрүүлсэн сургалттай ангид аравдугаар ангийн ес, 11-12 дугаар ангийн 18 хүүхэд сурч байна. Энэ хавар 12 дугаар ангийн хоёр хүүхэд л төгсөнө. Бусад нь 10-11 дүгээр ангийнхан.

Энэ хүүхдүүд математик, физик, орос хэлний хичээлийг долоо хоногт хоёр цагаар гүнзгийрүүлэн суралцаж байна.

Лицей анги байгуулах гэрээ байгуулсан эхний жил төмөр замаас нэг анги тохижуулж өгсөн. Бид анги үүсгээд, багш нар маань нэмэлт цагаар хичээлээ заагаад, энэ ажил их аятайхан эхлээд явж байсан. Гэвч багш нарт нэмэлт цагаар хичээл заасны хөлсийг маш удааж байж олгодог. Хоёрдугаарт, нэмэлт цагийн цалин хөлсийг нь багш нарын үндсэн цагийн цалингаас багаар тогтоосон байдаг. Иймэрхүү хүндрэлүүд байна. Гэхдээ төмөр замын мэргэжлийн чиглүүлэх сургалтыг бид боломжоороо үргэлжлүүлээд явахыг хичээж байгаа. Одоогоор төмөр замын мэргэжлийг сонгох сонирхолтой хүүхдүүддээ үдээс хойш нэмэлтээр хичээлээ заагаад явж байгаа. 

 

Нийслэлийн 20 дугаар сургуулийн төмөр замын чиглүүлэх сургалттай 12в анги удирдсан багш Д.Ундрал:

 

Манай сургуулийн лицей ангийг энэ  хавар долоон хүүхэд төгсөнө. Одоогийн байдлаар дөрөв нь төмөр замын мэргэжлээр цаашид сурахаар саналаа өгөөд байгаа. Нэг эмэгтэй сурагч төмөр замын мэргэжлээр ОХУ-ын ЗГ-ын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар материалаа өгсөн. УБТЗ-аас хоёр жилийн өмнө лицей ангийн хүүхдүүдийг төмөр замын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцуулах, мөн Дархан дахь Хүүхдийн төмөр замаар аялуулах зэрэг ажил зохиож байсан. Миний хувьд өнгөрсөн намар лицей ангийн хүүхдүүдээ ТЗДС, Политехникийн коллежтой танилцуулж, захирал, сургалтын менежерүүдтэй нь уулзуулж зөвлөгөө авсан. Хүүхдүүд маань төмөр замын сургуульд элсэхийн тулд математик, физикийн хичээлийг гүнзгийрүүлэн судлаад явж байгаа.

Миний бодлоор төмөр замын мэргэжлээр суралцах хүүхдүүдийг саналыг нь аваад хэдэн хүүхэд цуглуулах нь гол биш, цаашдаа шалгууртай болгож, шалгалт авч, тодорхой зорилготой хүүхдүүдийг нэг анги болгоод явбал илүү үр дүнтэй санагдсан. Дээр нь, жилд ганц нэг удаагийн арга хэмжээ биш олон удаагийн давтамжтай сургалтад хамруулах, дугуйлан секц маягаар хичээллүүлбэл илүү үр дүн гарах болов уу гэж хардаг.

 

-Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын II сургуулийн сургалтын менежер С.Сарантуяа:

 

Манай сургуульд төмөр замын чиглүүлэх сургалттай анги нээгдээд гурав дахь жилдээ явж байна. Өмнөх төгсөгчдөөс маань таван хүүхэд төмөр замын мэргэжлээр сурч байгаа. Энэ хавар 18 хүүхэд сургуулиа төгсөнө. 4-5 эрэгтэй хүүхэд төмөр замын мэргэжлээр цаашид суралцана гэсэн саналтай байгаа. 2021-2022 оны хичээлийн жилд энэ ангийг нээхэд хүүхдүүд математикийн хичээлийг долоо хоногт гурван цагаар илүү судлаад явж байсан. Нэмэлт цагаар заасан хичээлийн цалин хөлсийг одоо болтол шийдэж өгөөгүй. Мөн төмөр замаас нэг ангийг жишиг кабинет болгож тохижуулж өгнө гэсэн нь одоо болтол хэрэгжээгүй байгаа.

 

Дархан-Уул аймгийн 18 дугаар сургуулийн 12б лицей анги удирдсан багш А.Ариунтуяа:

 

Манай сургуульд 10-12 дугаар ангийн 72 сурагч төмөр замын лицей ангид суралцдаг. Энэ хавар 24 хүүхэд төгсөнө. Ангийнхан маань цаашид бүгд төмөр замын мэргэжлээр суралцах хүсэлтэй байгаа. Манай ангийн 12, нөгөө ангийн нэг хүүхэд ОХУ-ын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар материалаа өгчихсөн, эхний хоёр шатандаа тэнцсэн.

Дарханд Хүүхдийн төмөр зам байдаг нь лицей ангийнханд маш давуу тал болж байна. Хүүхдийн төмөр замаас боловсруулсан хөтөлбөрөөр манай хүүхдүүд 14 хоног тутам төмөр замын ерөнхий мэдлэг олгох сургалтад хамрагддаг. Үүний зэрэгцээ Хүүхдийн төмөр зам дээр дадлага хийдэг. Мөн төмөр замын сургуульд элсэн суралцахын тулд хүүхдүүд математик, физик, орос, англи хэлийг гүнзгийрүүлэн судалдаг. ЕБС-уудад есдүгээр ангиас хойш орос хэлний хичээл ордоггүй. Харин манай сургуулийн лицей ангийн сурагчид 10, 11, 12 дугаар ангидаа орос хэлний хичээлээ үздгээрээ давуу талтай. Хүүхдийн төмөр замтай маш сайн хамтарч ажилладаг. Өнгөрсөн намар Дархан өртөө, Хүүхдийн төмөр замаас манай хүүхдүүдийг ТЗДС, Политехник коллежтой танилцах аяллыг зохион байгуулсан. Хүүхдүүд тухайн аяллаар дээрх сургуулиудтай танилцахаас гадна Төмөр замын түүхийн музей үзэж, зарим байгууллагуудаар орж, төмөр замчдын ажиллах орчин нөхцөлтэй танилцсан. Маш үр дүнтэй аялал болсон. Аяллаас ирэхдээ зарим хүүхэд мэргэжлээ сонгосон байсан. Одоо Хүүхдийн төмөр замд дадлагад гарцгаана. Үүнээс гадна төмөр замын ангийн хүүхдүүд төмөр замчдын дүрэмт хувцасны энгэр, зах, ханцуйны тэмдгээр жигдэрсэн. Энэ нь хүүхдүүдэд маш их таалагддаг.

 

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын I сургуулийн сургалтын менежер Н.Дэлгэрцэцэг:

 

Манай сургууль 1450 хүүхэдтэй, 70 багштай сургууль. Төмөр замын лицей анги гурав дахь жилийнхээ төгсөлтийг хийх гэж байна. Эхний жил хоёр хүүхэд ОХУ-ын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, таван хүүхэд ТЗДС-д элсэн суралцсан. Хоёр дахь жилийн төгсөлтөөс ТЗДС-д зургаа, Политехник коллежид нэг хүүхэд элсэн суралцсан. Одоогийн байдлаар, төмөр замын лицей ангид 16 хүүхэд сурч байгаагаас энэ хавар зургаан хүүхэд 12 дугаар ангиа төгсөнө. Энэ хүүхдүүд бүгд төмөр замын сургуульд орох хүсэлтэй байгаа. Манай сургуульд ирэх хичээлийн жилд энэ жилийн есдүгээр анги төгссөн хүүхдүүдээс төмөр замчин болох хүсэлтэй хүүхдүүдийг сонгоод нэг бүлэг нээхээр төлөвлөөд бэлтгэлээ хангаж байна. Энэ ажлын хүрээнд одоогийн байдлаар эцэг эхчүүд болон хүүхдүүдэд төмөр замын мэргэжил сурталчилгааг хийсэн. Манай сургууль дотуур байртай учраас энэ ангидаа Сэлэнгэ аймгийн бусад сумдаас хүүхэд элсүүлэх төлөвлөгөөтэй. Тиймээс сумдад төмөр замын мэргэжлийн сурталчилгааг хийхээр бэлтгэж байна. Одоо төмөр замын мэргэжлийн чиглүүлэх сургалттай ангид Алтанбулаг сумаас (10 дугаар ангид) гурван хүүхэд сурч байгаа.

Манай сургуулийн энэ ажлыг Сүхбаатар зангилааны дарга Л.Довчинбазар дэмжиж байнгын харилцаа холбоотой ажилладаг. Төмөр замын лицей анги нээсэнтэй холбогдуулаад манай сургуулиас ЗТХЯ-нд нэг анги тохижуулж өгөөч гэсэн хүсэлт өгсөн. Одоогоор хариу нь ирээгүй байгаа. УБТЗ-аас өвлийн амралтаар гүнзгийрүүлсэн сургалттай ангид хичээл заадаг гурван багшийг Баянбуурал амралтад хоёр хоног амрааж, нэг удаагийн урамшуулал олгосон.

Бид ТЗДС, Политехник коллежтой байнга харилцаа холбоотой ажиллаж байгаа.  

 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын II сургуулийн сургалтын менежер Т.Болормаа:

 

Манай сургуулийн төмөр замын гүнзгийрүүлсэн сургалттай ангид 11-12 ангийн 31 хүүхэд сурч байна. Үүнээс 17 хүүхэд энэ хавар сургуулиа төгсөнө. Энэ хүүхдүүдээс 14 нь төмөр замын мэргэжлийг сонгох нь баттай болсон. ОХУ-ын тэтгэлэгт хөтөлбөрт 12 хүүхэд хамрагдахаар материалаа өгөөд бүгд тэнцсэн ч нэг хүүхэд гадагшаа явах боломжгүй болсон. Гурван хүүхэд дотооддоо төмөр замын мэргэжил эзэмшихээр шийдсэн байгаа. УБТЗ-аас кабинет тохижуулж өгөхөөр амласан. Одоогоор нэг ангийн хана, шалны засварыг хийж өгөөд байна. Ширээ сандал, тоног төхөөрөмжүүд нь нийлүүлэгдээгүй байгаа. Мөн багш нарын нэмэлтээр хичээл заасны цагийн хөлсийг төмөр замаас шийдвэрлэж өгөөгүй тул бид хүүхдүүдээс хичээл заасны хөлсийг аваад багш нартаа өгөх журмаар ажиллаж байна. Энэ асуудлыг шийдвэрлээд өгвөл маш сайн байна. Ер нь, энэ лицей ангийг хичээллүүлж байгаа нь хүүхдүүдэд маш үр өгөөжтэй ажил болж байна. Цаашдаа УБТЗ хамтын ажиллагаагаа улам бататгаад явах байх аа.

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын I сургуулийн сургалтын менежер О.Дуламсүрэн:

 

Манай сургуульд төмөр замын лицей ангийг 2020 оны намар анх нээсэн. Төмөр замаас нэг анги тохижуулж өгөөд нээлтийг нь УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа агсан ирж хийж байлаа. Түүнээс хойш төмөр замын мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг манайх зохион байгуулаад явж байна. Эхлээд бид зөвхөн төмөр зам гэхгүй бүх чиглэлийн инженерийн мэргэжил сонгох хүүхдүүдийг авч байсан боловч хүүхдүүдийн тоо улам нэмэгдээд байсан тул төмөр замын мэргэжил сонгох хүүхдүүдээ л авч эхэлсэн.

Одоогийн байдлаар, 10-12 дугаар ангийн 27-28 хүүхэд төмөр замын мэргэжлийг сонгоод явж байна. 2021 оны төгсөлтөөс дөрвөн хүүхэд ОХУ-ын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаад маш амжилттай суралцаж байгаа. Энэ жилийн төгсөлтөөс нэг хүүхэд ОХУ-ын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар материалаа өгсөн.

Манай сургуулиас жил бүрийн хавар мэргэжил сонгох өдөрлөгийг есдүгээр анги төгсөгчдийнхөө дунд зохион байгуулдаг. Өнгөрсөн хавар бид төмөр замын мэргэжлийг сурталчилах өдөрлөгийг зангилааны аж ахуйн нэгжүүдтэй хамтарч хийсэн. Вокзал дээр нээлтийг нь хийгээд төмөр замын зургаан аж ахуйн нэгжид сонирхсон хүүхдүүдийг аваачиж танилцуулах ажил зохиосон. Төмөр замын байгууллагууд өөрсдийн унаагаараа хүүхдүүдийг зөөгөөд маш сайхан арга хэмжээ болсон. Энэ үйл ажиллагааг зохион байгуулахад УБТЗ-ын урд бүс хариуцсан менежер О.Энхтөрийн дэмжлэг их байсныг зориуд дурдмаар байна. О.Энхтөр менежер манай сургуулийн төгсөгч л дөө. Мэргэжил сурталчилах өдөрлөгийг энэ хавар бас зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

Замын-Үүдийн I сургууль маань 1956 онд байгуулагдсан. Энэ хавар сургуулийн маань барилгыг нураагаад шинэ барилга барих шийдвэр гаргасан. Бид өөр сургуулиудад хуваагдаж хичээллэх шаардлага үүсэж байна. Тиймээс анги танхимын хүрэлцээ тааруу болбол лицей ангийн хүүхдүүдээ сургахад хүндрэл үүсэж болзошгүй байна. Ер нь, УБТЗ-ын зүгээс мэргэжлийн чиглүүлэх сургалтыг явуулахад маш сайн дэмжиж ажилладаг. Багш нарын маань нэмэлт цагийн хөлсийг жилийн эцэст бөөнөөр нь нэг удаа олгодог. Мөн хүүхдүүдийг маань аялалд хамруулах зэргээр ажиллаж байгаад баяртай байдаг. Ер нь, манай сургуульд төмөр замчдын хүүхдүүд нэлээд суралцдаг онцлогтой.

 

Дорноговь аймгийн Сайншанд сумын III сургуулийн сургалтын менежер М.Батцэнгэл:

 

Манай лицей ангид 22 хүүхэд сурч байгаагийн ес нь 12 дугаар анги төгсөнө. Сургуулийн хувьд анги танхимын хүрэлцээ муу, хоёр ээлжээр хичээллэдэг. Энэ нь лицей анги хичээлүүлэхэд хүндрэл үүсгэдэг талтай. Лицей ангийнхан маань долоо хоногт математик, физик, орос хэлийг хоёр цагаар гүнзгийрүүлэн судалж байгаа. Багш нарын нэмэлт хичээлийн цалин хөлсийг өгөхгүй байж байгаад өнгөрсөн зун нөхөж өгсөн. Сайншанд өртөөнөөс өнгөрсөн намар ерөнхий инженер, хүний нөөцийн менежер, ХАБЭА-н инженер нь ирж хүүхдүүдэд төмөр замын мэргэжлийн талаар яриа таниулга хийсэн. ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга онлайнаар төмөр замын мэргэжлийн талаар сургалт зөвлөгөөн хийсэн. Түүнд ТЗДС, Политехник коллежийн удирдлагууд бүгд оролцож, сургуулиудынхаа болон ОХУ-ын ЗГ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн. Урд бүс хариуцсан менежер О.Энхтөр лицей ангийн сургалтын үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж, бидэнтэй холбоотой ажилладаг. Төмөр замын байгууллагуудтай танилцах үйл ажиллагааг бид аймгийн хэмжээнд зохион байгуулсан. УБТЗ-аас лицей ангийн хүүхдүүдийг Дарханы Хүүхдийн төмөр замтай танилцуулах аяллыг зохион байгуулсан нь хүүхдүүдэд маш эерэг нөлөөлөл үзүүлсэн үр дүнтэй ажил болсон. Тэр аяллын дараа зарим хүүхэд төмөр замын мэргэжлийн талаар илүү мэдээлэлтэй болж, мэргэжил сонголтоо хийсэн.

 

 Б.Гүнжинлхам