Төмөр замын дүрэмт хувцастай бүсгүйчүүд цаанаа л жавхаатай, олны нүдэнд онцгой содон тусдаг. Тийм л хараа булаасан төмөр замчдыг харж, бишрэн ирээдүйнхээ ажил мэргэжлийг сонгож байлаа гэх хүнтэй цөөнгүй таарч байв.
Улаанбаатар өртөөний тооцооны оператор Маасгайн Тамир яг ийм бусдын хараа булааж, бишрэл төрүүлсэн бүсгүй юм гэх бодол надад уулзахын зуур төрсөн билээ. Тэрбээр, 2001 оноос Улаанбаатар өртөөнд ачаа вагон хүлээлцэгчээр ажилд орж, улмаар 2005 оноостооцооны оператороор ажиллаж эхэлжээ.
М.Тамир “Ажлын эхний өдрөө Дов дээр гүйгээд очиход ачааны диспетчер Дамдинсүрэн гуай байлаа. Түүнийг төмөр замынхан төдийгүй Улаанбаатарынхан “Бариач Дамдинсүрэн” гэвэл андахгүй. Дамдинсүрэн гуайгаас заавар зөвлөгөө аваад л ажилдаа гарч байв.
Арванхоёрдугаар сард идэр ес тачигнасан үеэр ажилд орсныг хэлэх үү. Ачаа вагон хүлээлцэгчид гадаа ажиллахыг хэлэх үү. Эхний хэдэн өдөр ч учраа олохгүй жаахан хэцүү л санагдаж байсан. Тухайн үед манай цехийн дийлэнх нь олон жил ажилласан туршлагатай ажилтнууд. Цехийн ах эгч нар маань бүгд залуустаа чин сэтгэлээсээ тусалдаг, дэмждэг,мөн ч их нөмөр нөөлөгтэй хүмүүс байж гэж одоо хэр ньбоддог. Тийм сайхан хүмүүсийн хүчинд би нөхцөл байдалд хурдан дассан шүү. Учрыг нэг олчихвол ажил тийм ч хэцүү санагдахаа больдог юм билээ. Тэгээд 2005 оноос тооцооны оператороор ажиллаж эхэлсэн” хэмээн төмөр замчин болохоор жавар сөрөн, цан хүүрэг татуулан гүйж явсан үеэ нэхэн дурслаа.
Харин тооцооны операторын ажил бол бөөн тоон эргэлддэг ажилбололтой. Өөрөөр хэлбэл, төмөр замчдын халуунд халж, хүйтэнд хөрч хийж бүтээсэн ажлын хөлс хүчийг ширхэг зоосыг ч дутаалгүй тооцож авах үүрэгтэйнарийн чимхлүүр, бас хариуцлагатай ажил алба юм гэдгийг би түүний ярианаас ойлголоо.Нэг ээлжинд гурван оператор гардаг аж. М.Тамир энэ сар санамж буюу вагоны зогсолтын тооцоог хариуцаж байгаа аж. Энэ нь тээвэр зуучийн компаниудтай голлон харилцах ажил гэж тайлбарлалаа. Нөгөө хоёр тооцооны операторын хувьд нэг нь ачилт буулгалтаа, нөгөө нь ирсэн ачааны тээврийн хөлсөө тооцдог байх жишээтэй. Улаанбаатар өртөө ачаалал ихтэй учир тооцооны операторууд нь ийнхүү төрөлжсөн байдлаар тооцоогоо хариуцаад явдаг бол бусад өртөөдөд ачаалал харьцангуй бага тул нэг л оператор бүх тооцоогоо боддог гэнэ.
М.Тамир, өнгөрсөн оны хувьд л гэхэд 6.7 тэрбум гаруй төгрөгийн орлогыг тооцон төмөр замынхаа санд төвлөрүүлжээ.
Түүнийг анх тооцооны оператороор ажиллаж эхлэхэд тээврийн бичиг баримтын боловсруулалт, тооцоог гараар гүйцэтгэдэг байж. Тухайн үед ашиглаж байсан програм нь тэдний ажилд нэмэр болохоосоо нэрмээс болтол гацах үе гарна. Тийм үед зарим үйлчлүүлэгчид уурлах бухимдах, загнаж зандрах нь ч цөөнгүй байсан тухай хуучлахдаа “Тэр үед бид аль болох хүмүүст шуурхай үйлчлэхийн тулд програм гацчихвалгараар ажлаа хийнэ.Харин АТМС програм ашиглаж эхэлснээс хойшажил их хөнгөрсөн шүү. Бүх юм цахимжихын хэрээр ажилхөнгөвчлөгдөөд л байна. Гэхдээ нэг л тоо, үсэг буруу бичвэл хил дээр ачаа гацна. Ар араасаа асуудал үүснэ. Тиймээс нягт нямбай ажиллахгүй бол болохгүй. Энэ ажил угаасаа хүнийг хийсэн бүх үйлдлээ дахин дахин нягталж шалгах зуршилтай болгочихдог. Бид чинь ээлжнээс буугаад гэр рүүгээ явж байхад ч толгойд тоо эргэлдэж байдаг. Тархи ер нь амрахгүй шүү. Заримдаа гэртээ хариад ажил руугаа утасдаад зарим зүйлийг хянаад өгөөч гэж байж сая санаа амардаг. Өөрийнхөө ажлыг хийж байсан ч чих давхар ажиллаж байдаг. Шинээр ажилд орсон залуу ажилтнуудынхаа үг, үйлдлийг өөрийн мэдэлгүй хянаж суудгаа би өөр ч мэддэггүй.Хэн нэг нь буруу юм хийчих шиг болбол шууд босоод “Сая чи юу хийв. Тэрийгээ ахиад хардаа. Алив харъя” гээд заримдаа тоншоод авдаг гэж байгаа. Нөгөө хэд маань ч ажлаа эргэж нягтлаад “Яанаа, энийг би буруу шивчихэж, тэрийг алдчихаж” гэнэ. Би өөрөө энэ байдлаа анзаардаггүй. Хамт ажилладаг охид маань сүүлдээ намайг зүгээр босохоор л дотроо “Яанаа би ямар нэг буруу юм хийчихсэн юм болов уу” гэж боддог гэсэн. Заримдаа шинэ ажилтан ээлжтэй хонож байгаа үед шөнө яаж байгаа бол гэж санаа зовно. Шөнө утасдаад, “Ажил дажгүй юу? Наана чинь юу болж байна” гэж асууж байж санаа амрах үе ч байдаг. Ингэж нягталж шалгах нь гэм биш занболчихсон” хэмээгээд цайлганаар инээв.
Өнгөрсөн зун импортын чингэлэг үер шиг цутгасан өдрүүдэд Улаанбаатар өртөөний тооцооны операторуудын ажил хэд дахин нэмэгдэж, зарим үед шөнийн 01.00-02.00 цаг хүртэл ажилласан гэв. Ийм ажил ажил гээд “давшлаад” байдаг хүний хань бол их хүлээцтэй л хүн байдаг байхдаа гэхэд бүсгүй “Миний ханийг Д.Батсуурь гэдэг. Бид оюутан байхдаа танилцаж, гэр бүл болцгоосон. Нэг төгсөлтийнх. Хань маань машинчаар ажиллаж байгаа одоогоор эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хийхгүй байгаа. Тийм болохоор арын албыг минь 100 хувь дааж, би ажилдаа бүхнээ зориулдаг. Залуу байхад ажлын ачааллаас болоод бид хоёрт ойлголцохгүй үе гардаг л байлаа. Машинч нар аяллаас буугаад л шууд амардаг бол миний ажил тиймгүй, хариуцсан ажлаа дуусаагүй бол сунаж ажиллах үе цөөнгүй гарна. Одоо бол хань маань ажлын маань онцлогийг ойлгодог” хэмээн ярилаа. Д.Батсуурийнх дөрвөн охин, нэг хүүтэй айл аж. Том охин нь энэ жил 27 хүрч байгаа бол бага ихрүүд нь гуравдугаар анги гэлээ. Ингэж ярихад нь би “Та чинь одонтой ээж юм уу? Тийм том хүүхэдтэй гэхэд итгэмээргүй юмаа” гэхэд инээгээд “Тиймээ, би 1990 онд Зүүнхараагийн Орос арван жилийн наймдугаар анги төгсөөд Төмөр замын техникумд элссэн. 1994 онд сургуулиа төгсөөд Бэрх зөрлөгт томилогдож, дагалдангаар ажлын гараагаа эхэлж байлаа гээд яривал би эртний хүн байгаа биз” хэмээн инээв. Бүсгүй хүн ажил амьдралын түмэн ачааг нуруундаа үүрэхийн зэрэгцээ гоо үзэсгэлэнгээ хадгалж, хараа булаам сайхан биеэ авч явна гэдэг бишрэн хүндлүүштэй чанар.
Тэрбээр хүүхэд ахуй үеэ ийн дурсав. “Би эмээ өвөөгийн амины хүүхэд.Зүүнхараад эмээ, өвөөгийнхөө гар дээр өссөн. Түүнээс биш манайх Дарханд. Аав нь маань “Дархан нэхий” үйлдвэрт инженер, ээж маань Дарханы хүнсний үйлдвэрт ажилладаг байв.Харин эмээ, өвөө хоёр маань төмөр замчид. Миний өвөө Г.Шийнэн машинчаар ажиллаж байгаад, төмөр замын байгууллагад боловсон хүчин зэрэг ажил хийж байсан. Эмээг маань Т.Пагмажав гэдэг. Зүүнхараагийн Орон сууцны ангид нярав байлаа. Би дунд сургуульд байхдаа хэлний чиглэлийн мэргэжил эзэмшинэ гэж боддог байлаа. Тиймээс есдүгээр ангид орох бодолтой.Эцэст нь, төмөр замчны мэргэжил сонгосон. Үүнд маань эмээ, өвөө нөлөөлсөн дөө. Наймдугаар анги төгсөөд хуваарь авах уу, үргэлжлүүлэн суралцах уу гэдэг сонголт хийх болоход миний өмнө жагссан ангийн маань хүүхэд Төмөр замын техникумын ашиглалтын ангийн хуваарь авчихаж. Түүнийгээ найздаа өгөх бодолтой байж. Гэтэл багш нар тэгж болохгүй, дараагийнхаа хүүхдэд өг гэж л дээ.Тиймээс хуваариа намайг аваач гээд болдоггүй. Би ч шийдэж чадахгүй хэд хоноод эмээ, өвөө хоёртоо хэлбэл сонсонгуутаа “Тийм сайхан хуваарийг авалгүй яах вэ. Миний охин төмөр замчин болсон дээр” гэлээ. Ингээд л мэргэжлээ сонгочихсон. 1990 онд оюутан болоод ирэхэд сарын 180 төгрөгийн стипендтэй. Түүнээсээ 90 төгрөгхураалгаад дотуур байрандаа өдрийн гурван хоол иддэг байлаа. Харин дараа жилээс нь стипенд ч үгүй, хоол ч үгүй, жинхэнэ зах зээлийн зарчмаар амьдарч сурах шаардлагатай болсон доо. Гэр ойрхон болохоор амралтын өдрүүдэд гэртээхариад долоо хоногийнхоо хоол хүнсийг базаагаад ирнэ. Оюутны он жилүүд нэг иймэрхүү байдлаар өнгөрсөн. Төгсөөд Бэрх зөрлөг рүү хуваарилагдсан ч дагалдангаар удаан ажиллаагүй. Зах зээл эхлээд хүн бүхэн л арилжаа наймаа, хувиараа бизнес хийх гэж оролдож байсан үе. Ээж маань нэг зоогийн газар ажиллуулах болсон тул ажилд нь туслах гээд ажлаасаа гарчихсан. Тэгэхэд өвөөдөө нэг сайн зэмлүүлсэн шүү. Ээжтэйгээ долоон жил ажиллаад ер нь, мэргэжлийнхээ ажлыг хийе гэж бодоод Улаанбаатар өртөөнд 2001 онд ажилд орсон минь тэр” гэв.
Танд ямар нэгэн урлагийн авъяас бий юу гэхэд “Миний өвөө, эмээ хоёр авьяаслаг хүмүүс байсан. Өвөө минь зураач, эмээ минь бүжигчин хүн. Ээж минь сайхан бүжиглэнэ. Одоо 67 настай ч бүжиглэсээр л байгаа. “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг авсан шүү. Тэгэхээр алтны дэргэдэх гууль шарлана гэдэг шиг би бас хоосонгүй ээ. Хүүхэд байхад спорт, урлагт оролдлоготой л байсан. Ер нь, бүжиглэх хоббитой. Гэхдээ би бүрэг талдаа хүн. Тиймээс элдэв тэмцээн уралдаанд оръё ч гэдэггүй” гээд дараахан инээмсэглэлээ.
Ийм нэгэн элгэмсэг дотно, эрхэм бүсгүйтэй ажлынх нь зав зайгаар цөөн хором хөөрөлдлөө.“Төмөр замчин” гэх эрхэм нэр төрийг хэлтийлгэлгүй эрхэмлэн нандигнах ийм л эгэл бүсгүй ирээдүйн төмөр замчдад үлгэр дууриалал болсоор яваа нь бахархам биш гэж үү.
Б.ГҮНЖИНЛХАМ