УБТЗ-ын өнөр бүлд ихэр төмөр замчид тийм ч олон биш. Энэ удаад бид Гомбодоржийн Энхтуяа, Мөнхтуяа нартай ярилцлаа. Тэд бол манай сонинд уригдсан дөрөв дэх ихэр эгч дүүс юм. Удам залгасан төмөр замчин бүсгүйчүүдийн бага нас Амгалан өртөө, төмөр замын тосгонд өнгөрчээ. Түүний аав Г.Гомбодорж агсан 1950-аад оны төмөр замчин бол ээж нь төмөр замчдын эрүүл энхийн манаанд олон жил зүтгэсэн эмч хүн аж. Арван ах дүүсээс найм нь төмөр замтай ажил амьдралаа холбосон гэхээр аргагүй төмөр замчин гэр бүл. Дүрэмт хувцсаараа насаараа гоёсон ихэр эгч дүүсийн энгэрт УБТЗ-ын дээд шагнал гялалзах нь бахархмаар.
-“Сайн хүний үр, сүүт гүүний унага” гэдэгчлэн та хоёр бол яах аргагүй удамтай төмөр замчид юмаа?
Г.Мөнхтуяа:Тийм шүү. Аав минь Төмөр замын техникумын хоёр дахь төгсөлт. Сургуулиа төгсөөд Мааньтын наана 473 дугаар км-т замын бригадын даргаар ажлын гараагаа эхлүүлсэн гэдэг. Аав Замын II ангийн орлогч даргаар ажиллаж байгаад 1998 онд тэтгэвэртээ гарсан.
Ээж минь Баян сумын эмнэлэгт эх баригч, бага эмчээр ажлын гараагаа эхэлж, аавыг Улаанбаатар руу шилжихэд Хавдар судлалын төвд, дараа нь Төмөр замын эмнэлэгт хүүхдийн бага эмч, техникумын эмчээр ажиллаж байгаад 1992 онд тэтгэвэртээ гарсан.
Бид ах дүү арвуулаа. Тэднээс найм нь төмөр замтай ажил амьдралаа холбосон. Хамгийн том ах Г.Жаргалсайхан маань шүхэрчин байлаа. Мөн ах Г.Батсайхан токарьчин. Энэ хоёр маань л төмөр замчин болоогүй.
Том эгч Г.Туяа Зүтгүүрийн депо, Зорчигчийн вагон депо, ЦХА, Төмөр замын эмнэлгийн ерөнхий нягтлан байлаа. Удаах ах Г.Батжаргал Молдавт өндөр хүчдэлийн цахилгаанчнаар төгсөж ирээд Замын II ангид цахилгаанчнаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Г.Батсанчир эгч АБТЭМА-д Ялгах цехийн даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Г.Эрдэнэсүх, Г.Эрдэнэ-Оргил гээд хоёр дүү маань галт тэрэгний дарга байлаа. Одоо нэг нь деподоо хангамж хариуцсан инженер, нөгөө нь Зураг төслийн төвд инженерээр ажилладаг. Бага дүү Г.Золжаргал маань Санхүү эдийн засгийн дээд сургууль төгсөөд банкинд ажиллаж байгаад банк нь татан буугдахад Зорчигчийн вагон депогийн Зэхэлт бэлтгэлийн цехэд цагаан хэрэглэлийн нярваар хэсэг ажилласан. Одоо бол хувиараа ажилладаг. Бид хоёр Техникумын ашиглалтын анги төгсөөд УБТЗ-д 35 дахь жилдээ ажиллаж байна даа.
-Ихрүүд төрөхөөсөө эхлээд адал явдлаар дүүрэн байдаг шиг санагдсан. Та хоёрт тийм түүх олон бий байх?
Г.Энхтуяа: Яривал зөндөө хөгжилтэй түүх бий. Анх төрөхөөсөө эхлээд л... Бид хоёрыг төрөх хүртэл ихэр гэдгийг аав, ээж хоёр мэдээгүй юм билээ. 1970 онд ЭХО гэж байдаггүй байж. Ээж биднийг төмөр замын эмнэлэгт 1970 оны хоёрдугаар сарын 16-ны өглөө 08.00 цагт ээлж солилцох үеэр төрүүлсэн гэдэг.
Г.Мөнхтуяа: Аав, ээж хоёр нэг л хүүхдийн өлгий даавуу бэлдсэн байж. Эх барьж авсан эмч “Хүүэ, хоёр ихэр юм байна” гэхэд нь аав “Яанаа..., Юу яриад байгаа юм бэ” гэж уулга алдаж, баярлахдаа уйлж байсан гэдэг. Ингэж бид хоёр айлын зургаа, долоо дахь хүүхдүүд болон мэндэлсэн дээ.
Г.Энхтуяа: Бид хоёрыг нэгдүгээр ангид ороход ээж тус бүрд нь цүнх, ном дэвтэр авч өгсөн. Гэвч хоёр ном огт хэрэггүй байсан. Гуравдугаар ангиас дундаа нэг ном, нэг цүнхтэй болсон доо. Мөөгий цүнх барих дургүй. Цүнхээ хаячихдаг болохоор нэг цүнхэнд бүх юмаа хийгээд би барьж явна.
Г.Мөнхтуяа: Би одоо ч цүнх барих дургүй. Би ер нь бүх юмаа ихрээрээ хийлгэж өссөн. Хувцасаа угааж индүүдэх, цэвэрлэх бүх юмыг ихэр маань хийгээд өгчихнө.
Г.Энхтуяа: Би ихрээрээ тоо, шугам зургийн хичээлээ хийлгэдэг байсан. Мөөгий тоондоо их сайн. Бас их спортлог. Сагс, волейбол тоглоно. Бөмбөг хөөгөөд гэрийн бараа харахгүй. Ээж “Чи бөмбөг хөөгөөд хоолоо олж идэх үү” гээд л загнаад гаргахгүй гэнэ.
Г.Мөнхтуяа: Ээгий бага байхаасаа гэрээс гардаггүй даруухан хүүхэд байсан. Гэрийн ажил хийгээд л... Би болохоор аавыг панаалдаад л гараад явчихна. Аав өөрөө сахилгагүй, өрөмний өт шиг хүүхэд байсан гэдэг. Ээж аавыг “Ийм балиар өрөмний өт шиг хүүхэдтэй хэн суунаа” гэсээр байгаад өөрөө суучихсан гэдэг юм. Тэгэхээр би аавыгаа дуурайсан шиг байгаа юм.
-Ингэхэд төмөр замчин болох шийдвэрийг та хоёрын хэн нь гаргасан бэ?
Г.Мөнхтуяа: Мэргэжил сонгосноо яривал ёстой урт түүх болно. Бид хоёр сурлагаар тийм ч муу байгаагүй. Бидний үед улаан шугам гэдэг юм байлаа. Наймдугаар анги төгсөхдөө би сурлагаар 20-д, Ээгий надаас арваад хүүхдийн ард л байсан. Би уг нь аравдугаар ангиа төгсөөд Анагаахад орж ээж шигээ эмч болно гэж боддог байлаа. Гэтэл манай багш шулуухан “Чи сахилгагүй. Чамайг 10 дугаар ангид авахгүй” гэсэн. Ээж маань “Төмөр замд ор. Төмөр зам сайхан” гээд би ч Төмөр замын техникумын ашиглалтын ангийн хуваарь авсан.
Г.Энхтуяа: Намайг ороход төмөр замын хуваарь байгаагүй. Ээж л намайг автын механикчийн хуваарь авчих гэсэн юм.
Г.Мөнхтуяа: Уг нь, Төмөр замын техникум, Автын техникум нэг сургууль байж байгаад биднийг орсон жил хоёр тусдаа сургууль болчихсон. Тэгээд оюутан болоод хоёр тийшээ сургуульд явах болж, хоёр өөр сангийн аж ахуй руу ч явлаа. Анх удаа биенээсээ холдсон нь тэр. Бид хоёр шиг долоо хоног тутам захиа солилцдог хүн байдаггүй. Оюутан болоод эхний улирал тусдаа явлаа. Гэртээ ирээд шөнө дөл болтол гал тогоондоо хичээлээ хийж байгаа нэртэй юм яриад л суучихна. Сүүлдээ бид хоёрыг нэг сургуульд оруулж өгөхгүй бол хичээлдээ явахгүй гээд орилчихсон. Тэгээд ээж Ээгийг шилжүүлэх гэтэл Төмөр замын техникумын ашиглалтын ангид орон тоо байдаггүй. Замын техникчийн ангийн нэг хүүхэдтэй хуваарийг нь сольсон. Замын ангид сурч байгаад хоёрдугаар курсийн сүүлчээр манай ангид орж ирсэн.
-Хамт байхдаа хэр эвтэй байдаг вэ?
Г.Мөнхтуяа: Жоохон байхдаа хоорондоо зодолддог л байсан. Одоо бол нэгнийх нь буруу байсан ч хоёулаа нэг тал. Нэгнийгээ өмөөрнө гэж жигтэйхэн.
Бид хоёрт ганцаардана гэсэн ойлголт байхгүй. Бүх юманд хамтдаа. Хүүхдүүд минь хүртэл “Та хоёр шиг ийм мөнхийн найзтай болохсон” гэж хэлдэг. Ямар найз вэ гэхээр “Ээгий эгч таныг шөнө дуудсан ч босоод л гараад ирдэг. Үүрээр явъя гэсэн ч явж л байдаг. Зугаалгаар ч тэр, гадаад руу ч хамтдаа явдаг. Ийм л найзтай болохсон” гэнэ.
Үнэхээр хэн нэг нь “Ийшээ тийшээ явъя” гэвэл “Тэгье” л гэнэ. “Гадаад явъя” гэхэд нь “Мөнгө хүрэхгүй шүү дээ” гэхээр нь “Хамаагүй ээ, мөнгө олоод явъя” гээд л явна шүү дээ. Байнга хамт байх нь гоё.
Г.Энхтуяа: Мөөгийгийнх 2011 онд шинэ байранд орчихоод намайг манай байранд нүүж ир гэсээр байгаад манайх 2013 онд хажуу орцонд нь нүүж орсон. Гэр ойртож амар болсон. Ямар нэгэн асуудал гарахад хоёулаа шөнө орой, үүр цүүрээр байсан ч хамтдаа гараад явдаг болсон.
Г.Мөнхтуяа: Бид хоёр “103” л гэсэн үг. Эгч өвдлөө гээд дуудвал “За...” гээд л гарцгаана. Нөхрүүдэд хүртэл амар байдаг юм шиг байгаа юм. Ганц ганцаараа бол нөхрүүдээ дуудаж машин бариулна гэнэ шүү дээ. Хоёулаа бол хүн царайчлахгүй хамт гараад л явчихдаг.
Г.Энхтуяа: Эргээд бодоход залуудаа сургуулиа төгсөөд амьдрал хөөгөөд явахдаа тэр болгон хамт явж чаддаггүй байж. Би эрт хүнтэй сууж, тусдаа гарсан. Мөөгий ээж аав хоёртой амьдарч байгаад хүнтэй суугаад тусдаа гарсан. Тэр үед хэн хэн маань эр нөхөр, үр хүүхэд гээд өөр өөрсдийн амьдралын мөрийг хөөхөөс аргагүй байсан байх.Ковидын үеэр бид хоёр цуг амарсан. Түүнээс хойш ер салаагүй.
Г.Мөнхтуяа: Бид хоёр өвдөхөөрөө бие биенээ дагадаг юм билээ. Ковидын үеэр Ээгий сэхээнд орж байхад өөр эмнэлэгт байгаа миний бие муудсан. Эмнэлгээс гараад нөхөн сэргээх эмчилгээ хийлгэхдээ цуг хэвтсэн. Тэр үеэс хойш хоёулаа цуг байх ёстой юм байна гэдгээ ойлгосон. Уржнан хоёулаа ээлжийн амралтаа аваад цуг амарсан. Одоо бол хаана ч хамтдаа явдаг.
Г.Энхтуяа: Ковидоор намайг үхсэн бол энэ намайг дагаад үхэх байсан юм билээ.
Г.Мөнхтуяа: Бид хоёрт адилхан сорви их байдаг. Би гараа зүсчихсэн байхад Ээгий гараа яг тэгээд зүсчихсэн байх жишээтэй. Залуудаа анзаардаггүй байж. Одоо ажиглаад байхад бид хоёрт адил төстэй зүйл ганц нэгээр тогтохгүй тохиолдож байсан юм билээ.
Г.Энхтуяа: Би ковидоор их хүнд өвдсөн. Тэгээд тэгсэн үү, дараа нь үс минь маш их унасан. Үсээ хусуулахаас аргагүй болсон. Тэгэхэд ихэр маань хамт үсээ хусуулсан.
Г.Мөнхтуяа: Биднийг багад даахийг маань үргээгээгүй юм билээ. Ээж маань бид хоёртой ивээл жилтэй болохоор үсээ хөндүүлж байгаад хоёр биенийхээ үсийг хуссан. Тэрнээсээ өмнө хоёулаа дэлгүүр ороод парик авчихаж байгаа юмаа. Манай ажлынхан намайг “Хүнийг сэтгэлээр дэмжиж болно. Гэхдээ үсээ хусаж дэмжээд байхдаа яах вэ дээ” гэж билээ /инээв/.
-Та хоёрын ажлын гараа хаанаас эхэлсэн бэ?
Г.Мөнхтуяа: Би 1990 онд техникум төгсөөд Улаанбаатар өртөөнд вагон бичигчээр ажлын гараагаа эхэлж, техконторчик, оператораар ажилласан. 1994 онд Улаанбаатар өртөөнийхөө Зорчигч тээврийн цехийн тасалбарын нярваар орж ажилласан. Тэр жил Зорчигч тээврийн алба байгуулагдсан юм. Төмөр замын коллеж болоод бакалаврын анхны анги нээгдэхэд нь орж суралцаад эндээ ээлжийн ахлах, явуулын тасалбарын нярав, ээлжийн ахлахаар ажиллаж байлаа. Нэг өдөр ажилдаа иртэл чиний тушаал гарсан Удирдах руу яв гэдэг юм. Тэгтэл Зорчигч тээврийн албаны байцаагчаар томилчихсон байсан. 1998-2022 он хүртэл албаны байцаагчаар 24 жил, байнга аян замд 24 цаг нойргүй явдаг ажил хийсэн. Энэ хооронд Эрхүүгийн Зам харилцааны их сургуульд суралцаж магистр болсон. Би ер нь сурах дуртай. Тэтгэвэрт гарахын өмнө арай хөнгөн ажил хийе гэж Зорчигч тээврийн төвийн сургалт технологи хариуцсан инженерээр ажиллаж байна. Тэтгэвэрт гарахад таван сар үлдсэн.
Г.Энхтуяа: Би оюутан байхдаа нөхөртэйгөө сууж, охиноо төрүүлсэн болохоор жилийн чөлөө авсан юм. Сургуулиа 1991 онд төгсөөд Улаанбаатар өртөөний зорчигч тээврийн цехийн лавлан мэдээлэгчээр ажлын гараагаа эхэлсэн. Хөдөлгөөн цехэд вагон бичигч, техконторчик, оператор зэрэг ажил хийж байгаад Солонгос руу гурван жил нөхөртэйгөө хамт яваад ирсэн. Буцаж ирээд өртөөндөө ажиллаж байгаад 2005 оноос АБТЭМА-д ачаа вагон хүлээлцэгч, тооцооны операторчноор өнөөг хүртэл ажиллаж байна.
Би ихрийгээ бодвол сурах дургүй. 1994 онд хүүхэд гаргаад гэртээ сууж байхад ээж намайг “Төмөр замын коллежийн бакалаврын ангид сур” гэхэд нь би “Үгүй ээ, би сурдаггүй хүн” гээд ороогүй. Одоо бодоход сурах хэрэгтэй байсан юм билээ. Ажлын хувьд бүгдийг мэддэг, чаддаг байлаа ч инженерийн дипломгүй учир ахиж дэвшиж ажиллах боломжгүй байсан.
Г.Мөнхтуяа: Ээгийг гэнэт Солонгос явчихаар нь би уйлсан. Их ч санасан. Утсаар ярина. Хааяа бичлэг явуулна. Бичлэгийг нь өрөөндөө ганцаараа үзээд уйлна. “Санаад байна” гэхээр манай энэ “Би санахгүй байна” гэж тэнэгтэнэ. /инээлдэв/
Г.Энхтуяа: Бид хоёрыг Солонгост байхад манай хоёр хүүхдийг ихэр маань болон аав, ээж хоёр харж байсан. Тэр үед мань хүн нээх олон хүүхэдтэй хүн шиг л явсан гэдэг.
Г.Мөнхтуяа: Эдний том охин 1989 онд, хүү нь 1994 онд, манай том 1991 онд, дунд хүү 1999 онд төрсөн юм. Ингээд дөрвөн хүүхэдтэй үлдлээ. Хүмүүс нөхөр бид хоёрыг ямар залуугаараа олон хүүхэдтэй болоо вэ гэдэг байсан. Тэгэхэд бид 28-тай л байж. Гэхдээ бидний насан дээр ээж минь бид хоёрыг гаргаад долоон хүүхэдтэй болчихсон байж шүү дээ. /инээлдэв/
Г.Энхтуяа: Манай хүүхдүүд хоёр ээжтэй юм шиг өссөн.
Г.Мөнхтуяа: Манай охид нөхрүүддээ “Та нар хэцүү дээ, хоёр хадам ээжтэй болж байгаа шүү дээ” гэж хошигнодог юм. Манай охин Ээгийг дуурайгаад 20 хүрээгүй хүүхэд гаргаад намайг эмээ болгочихсон. Би Ээгийг “Олон юм ярилтгүй чи автоматаар эмээ болсон. Энэ хүүхэд хар” гээд зээгээ хүргээд өгчихөж байгаа юм чинь. Манай зээ одоо 15-тай. Эдний зээ дөнгөж зургаан настай.
Г.Энхтуяа: Би 19-тэй ээж болсон юм. Танай охин эхийгээ дуурайхгүй яахаараа намайг дуурайчихдаг байнаа гээд инээдэм болцгоож байлаа.
Г.Мөнхтуяа: Би 41-тэй эмээ болсон. Манай ажлынхан намайг “Насанд хүрээгүй эмээ” гэж шоолдог байлаа. Охин, хүргэн хоёр хойно оюутан болохоор хоёр сартай зээгээ авч үлдэхээс өөр аргагүй. Манай бага хоёр ойтой, зээ хоёр сартай. Ёстой нэгийг нь сугандаа хавчуулаад, нөгөөг нь хөтлөөд ажилдаа очдог байлаа. Над шиг хүүхдүүдээ чирээд Удирдах руу ордог хүн байгаагүй байхаа. Өлгийтэйг нь хажуудаа тавьчихна. Хоёр наст нь газар хэвтчихсэн юм зураад л... Би ажлаа хийнэ. Дунд хүү бас дугуйланд явна. Машиндаа өнөө хоёрыгоо хажуугийн сандал дээрээ суулгаж, хүлчихээд дунд хүүгээ хүргэж өгч авна. Хаашаа ч явсан авч явахаас аргагүй.
Тэр үед манай албаны дарга О.Бат-Очир гэж тайван амгалан сайхан хүн байлаа. Манай хоёр наст даргын өрөөнд орчихсон ширээг нь ухаж байхад дарга тайван гэгч сууж л байдагсан. Тэр үеийн хүмүүс яасан сайхан хүнлэг хүмүүс байгаа вэ гэж бодогддог.
Зээгээ “Танайд хоноё”, багыгаа “Энгэрийн тэмдэг” гээд нэрлэчихсэн. Энгэрийн тэмдэг маань аавтайгаа зууралдаастай. Аав нь ажилдаа явбал би хоёр хүүхдээ харахаас аргагүй. Замд явахдаа “Танайд хоноё”-ыгоо хэн завтай байна тэнд л үлдээнэ. Найз нарынхаа хэн нэг рүү нь утасдаад “Гэртээ байна уу, завтай юу?” гэж асуугаад л “Танайд хоноё”-ыгоо угж, тэрэг, сүү, живхтэй нь оруулж өгөөд л гарна. Вагоноос буугаад хаана байна гэж утасдаад хаа байгаа газраас нь очиж авна. Иймэрхүү байдлаар бүтэн жил нойргүй явчихаар яг гөлийгөөд машин барьж яваад гэрлэн дохион дээр зогсоод хараагаараа унтах, хүүхдээ тэвэрч байгаагаа мэдэхгүй унагаах хүртэл юм юм болж байлаа. Манай ажлынхан намайг та яаж ажлаа амжуулаад байна аа гэнэ. Миний дөчин хэдэн нас бол пижигнээд л өнгөрсөн. Дандаа нойр дутуу нүд минь уйлчихсан хүүхэд шиг явдаг байж.
Галт тэргэнд явна гэдэг амар ажил биш. Байнгын доргио чичиргээтэй нөхцөлд нуруу бөөр өвдөөстэй, нойргүй, битүү орчинд үнэр танар хэцүү. Толгой тархи өвдөөстэй. Дандаа үүрээр шалгалт хийнэ. Зорчигчид хүний биологийн цагаар шалгалт хийлээ гэж уурлана, загнана. “Уучлаарай. Таны биологийн цагаар миний ажлын цаг эхэлж байна. Би гэнэтийн шалгалтаар явж байна” гэнэ. Бүтэн 24 жил хэцүү байгаагаа ч мэдэхгүй давхисан байна шүү дээ.
Одоо манай өрөөнийхөн “Мөөгий эгчээ нүдний өмнүүр битгий жирэлзээд бай. Суу л даа” гэхээр нь “Би харин ч удаан болчихоод байгаа нь энэ шүү” гэдэг юм /инээв/.
Г.Энхтуяа: Миний ажил бүр эсрэгээрээ 12-15 цаг яс сууж ажилладаг. Ажил дуусаагүй л бол суугаад л байна. АБТЭМА маань маш их ачаалалтай. Миний ажил өдрийн найман цагтаа дуусахгүй. Зарим үед шөнийн 02.00 цаг хүртэл ажиллах үе байсан. Тэр их ачааллыг даагаад суугаад сурчихсан. Мөөгий удаан сууж чаддаггүй. Нуруу өвдлөө гээд босоод явчихдаг.
Г.Мөнхтуяа: Бид хоёр аавыгаа сахиж байхад манай ихэр 12 цаг дэргэд нь юм яриад л суугаад байна. Би болохоор “Аав одоо яах уу? Юу хэрэгтэй байна?” гээд зогсоод холхиод байдаг. Би өдрийн найман цагийн ажил хийдэг болоод сууж сурах гэж нэг жил зарцууллаа. Жаахан удаан суухаар хөл мэдээгүй болчихно.
Та хоёр багадаа хэр төстэй байсан вэ?
Г.Мөнхтуяа: Бид хоёр тавдугаар ангидаа 51 дүгээр сургуульд шилжиж ирэхэд манай ангийнхан биднийг хуурамч ихэр гээд зарим нь зодно гээд хөөж байлаа. Зугтаасаар гэртээ ирж байлаа. Аав минь тэгэхэд бидний төрсний гэрчилгээг бариад ангид минь очиж байсан.
Г.Энхтуяа: Мөөгий багадаа бор, би цагаан шар охин байлаа. Одоо эсрэгээрээ би бор, Мөөгий шар болчихсон. Би амьдралын эрхээр бор болчихсон гэж хошигнодог юм. Манайх олон жил гэр хороололд байсан л даа. Хүмүүс биднийг хамт байхад өөр гэдэг. Гэхдээ ганц ганцаараа явж байхад хооронд нь их андуурна. Би өглөө ажилдаа явахдаа вокзалаас суудалд суугаад Толгойт дээр буух хооронд үйлчлэгч нар “Ревизор цай уух уу?” гэхээр нь “Үгүй ээ” гээд л буугаад явчихдаг. /инээв/
Г.Мөнхтуяа: Хэдэн онд билээ дээ, эдний хүү “Би ирээдүйн төмөр замчин” телевизийн нэвтрүүлэгт ороод манай ихэр, нөхөртэйгөө зурагтаар гарсан чинь хамт ажилладаг хүмүүс телевизийнхэн миний нэрийг Энхтуяа гэж андуурлаа гэж бодсон байсан /инээв/.
-Та хоёр хамт тэтгэвэрт гарах уу?
Г.Мөнхтуяа: Тэгэлгүй яах вэ. Нэг өдөр төрсөн юм чинь хамт л тэтгэвэрт гарч таарна даа /хоёул инээлдэв/
-Цаг зав гарган ярилцлага өгсөнд баярлалаа. Та хоёртоо уншигчдынхаа өмнөөс хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Б.Гүнжинлхам