Манай улсад Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгээс өөр төмөр замын компанигүй байсан цаг саяхан. Хоёр улсын хөрөнгө оруулалттай тус компани улсын эдийн засаг, хөгжилд оруулсан хувь нэмэр нь асар их билээ. Харин төмөр замын салбарт улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр үүссэн өмчийг эзэмших, ашиглах, бизнесийн шударга өрсөлдөөнийг бий болгох, төмөр замын салбарт үндэсний компани бий болгох зорилгоор 2008 оны гуравдугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 82 дугаар тогтоол гарч, Төрийн өмчийн хорооны мөн сарын 20-ны өдрийн шийдвэрээр “Монголын төмөр зам” ТӨХК-ийг байгуулсан түүхтэй. Өдгөө 15 жилийн ойтойгоо золгож буй “Монголын төмөр зам” ТӨХК нь төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх үйл ажиллагаа явуулж байна. Тодруулбал, Улаанбаатар хот дахь төв оффис, Өмнөговь аймаг дахь Цогтцэций өртөө, Төмөр замын зам барилгын механикжсан анги, Сэлэнгэ аймаг дахь Төмөртэй өртөө, Замын-Үүд дэх Бүс нутгийн логистик төв, Тяньжин дахь тээвэр логистикийн төв төслийг хэрэгжүүлэгч “Монголиан порт” групп охин компани бүхий салбар нэгжийн зохион байгуулалттай ажиллаж байна. Харин оны өмнөхөн Засгийн газрын 434, 435 дугаар тогтоолоор “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдлагын эрх мэдлийг хэрэгжүүлэх, “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийг нэгтгэснээр “Монголын төмөр зам” ТӨХК үндэсний хэмжээний томоохон компани болон өргөжсөн. Энэ нь, төрийн өмчийн төмөр замын суурь бүтцийн ашиглалтыг сайжруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, төмөр замын тээврийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, төрөөс хэрэгжүүлэх бодлого шийдвэрийг шуурхай зохион байгуулах зорилготой. Мөн цаашид дотоодод төдийгүй олон улсад Монголын төмөр замын сүлжээг төлөөлөх компани болж өргөжих чухал шийдвэр болсон юм.

Төмөртэй өртөө нийт 6.8 сая тонн ачаа тээвэрлээд байна

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төмөртэй өртөө нь хүлээн авах явуулах зургаа, ачилтын дөрвөн замтай, гуравдугаар зэргийн, мухрын өртөө юм. Түүнчлэн, Хандгайт өртөөнд Төмөртэй өртөөний эзэмшлийн хоёр замтай  ачилт, буулгалтын талбай байрладаг. Төмөртэй өртөөнд тус компани өөрийн эзэмшлийн хөдлөх бүрэлдэхүүнээр тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2016 оны тавдугаар сараас өнөөг хүртэл 6 сая 820 мянган тонн ачаа тээвэрлээд байна.

Замын-Үүд дэх Бүс нутгийн логистикийн төв нь өргөн болон нарийн царигийн 11.6 км орчим төмөр зам, хүнд даацын төмөр бетон гүүрэн байгууламжтай. 1.6 км авто зам, дэд бүтэц, барилга байгууламж, нарийн болон өргөн царигийн ачилт буулгалтын дөрвөн замтай. Мөн шилжүүлэн ачилт хийх зориулалттай 50 тоннын даацтай хоёр вандан кран бүхий байгууламжтай үйл ажиллагаа явуулж байна. “Монголын төмөр зам” ТӨХК өнөөгийн байдлаар АНУ, ОХУ, БНХАУ-д үйлдвэрлэсэн хөдлөх бүрэлдэхүүн /гол замын болон сэлгээний зүтгүүр, ачааны вагон/-ийг тээвэрлэлтийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа бөгөөд Төмөртэй өртөөнд зүтгүүр болон вагоны засвар арчлалтыг тогтмол гүйцэтгэдэг.

Шинэ төмөр замаар нэг сая орчим тонн ачаа тээвэрлэв

Нэхэн сануулахад, Монгол Улсын Их хурал 2010 онд 32 дугаар тогтоол гаргаж “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан. Уг бодлогод Монгол Улсад шинээр барих төмөр замыг гурван үе шаттайгаар нийт 6600 гаруй км барихаар тусгасан байдаг. Үүнээс төмөр замын бүтээн байгуулалтын эхний үе шатанд 1100 орчим км төмөр зам барихаар заасан. Төслийн эхний үе шатанд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн хэвтээ тэнхлэгийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулахаар тусган газар шорооны ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК 2019 оны тавдугаар сард эхлүүлж, 2022 онд ашиглалтад оруулсан.

Тус төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Дорноговь аймгийн Мандах, Сайншанд сумын Зүүнбаян багийн нутаг дэвсгэрийг дамнасан 416.1 км урттай, нэг өртөө зургаан зөрлөгтэй. Одоогоор жилд 15 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд зүгшрүүлэх тээвэрлэлтээр тус төмөр замаар өнөөгийн байдлаар нэг сая орчим тонн ачааг тээвэрлээд байна. Тухайлбал, “Монголын төмөр зам” ТӨХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Тавантолгойн орд газраас сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох мидлингийг амжилттай тээвэрлэж буйг онцлох нь зүйтэй. Энэ төмөр зам бүрэн ашиглалтад орсноор 1500 гаруй байнгын ажлын байр бий болж, жилдээ 30-50 сая тонн нүүрс экспортолж, Тавантолгойн бүлэг ордын уурхайн олборлолт 2-3 дахин нэмэгдэнэ гэж урьдчилсан байдлаар тооцоолжээ. Тодруулбал, төмөр замын дагуух Цагаансуварга, Хармагтай, Манлай зэрэг нүүрс, төмөр, зэс, цайр гэхчилэн ашигт малтмалын томоохон ордуудын үнэ цэн өсөж, БНХАУ, ОХУ руу экспортлох шинэ гарц бий болж, экспортын ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэдгийг мэргэжлийнхэн онцолж байгаа юм. Үүгээр ч зогсохгүй стратегийн томоохон орд газруудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, бүс нутгийг хямд өртөг бүхий шатахуунаар хангах зорилгоор Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар Шатахуун тээвэрлэлтийг эхлүүлэх санамж бичгийг өнгөрсөн сарын 17-ны өдөр “Монголын төмөр зам” ТӨХК, “Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо”-той байгуулав. Тус санамж бичгийн хүрээнд төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангаж, шатахуун тээвэрлэхтэй холбоотой хөрсний бохирдлыг багасгах, байгаль орчинд үүсэж болох сөрөг нөлөөллийг бууруулах, төмөр замын тээвэр, логистикийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах аж.

Гэхдээ улсын комисс хүлээж аваад байнгын ашиглалтад албан ёсоор бүрэн нээх нь чухал тул энэ оны эхээр улсын комисс ажиллуулахыг 100 хувь дэмжсэн байна. Уг төмөр замд галт тэрэгний хөдөлгөөнийг автоматаар удирдан зохион байгуулах, Цогтцэций өртөөг диспетчерийн нэгдсэн удирдлагаар хангах, өртөө зөрлөгийг дохиолол, төвлөрүүлэлт, холбооны байгууламжаар цогц тоноглох зэрэг байнгын ашиглалтад хүлээн авах бэлтгэл ажлыг хангаад дуусаж байгаа аж. Энэ онд энэхүү төмөр зам бүрэн ашиглалтад орох нь.                           

Шинэ төмөр зам-шинэ гарц

Өнөө цагт аливаа далайд гарцгүй улс орны эдийн засгийн чадамж, хөгжлийн хурдыг төмөр замын хөгжлөөс нь хардаг гэхэд хилсдэхгүй болов уу. Тиймээс ч Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Боомтын сэргэлтийг чухалчлан үзэж байгаа. Тодруулбал, дотоодын төмөр замын сүлжээг өргөтгөх зорилгоор шинэ төмөр замын төслүүдийг эрчимтэй хэрэгжүүлж, уул уурхайн бүтээгдэхүүнийг хилийн олон боомтоор, хямд зардлаар, хурдан шуурхай тээвэрлэхийг гол зорилгоо болгоод буй. Экспортын томоохон сорилт бол дэд бүтэц, тэр дундаа олон жил яригдаж буй төмөр замын бүтээн байгуулалт юм. Далайд гарцгүй манай улсын хуурай замын 42 боомтоос өнөөгийн байдлаар Замын-Үүд-Эрээн, Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьевск гэсэн төмөр замын гурван боомтоор тээвэрлэлт хийж байна.  Гашуунсухайт боомтоор зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг гаргаж буй бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын 70 гаруй хувийг зөвхөн Замын-Үүд боомтоор нэвтрүүлж буй аж. Харин манай улс автомашинаар бус төмөр замаар нүүрсээ зөөх нь цаг хугацаа хожиж, бага зардлаар экспортын хэмжээгээ нэмэгдүүлж, эдийн засгаа тэлэх давуу талтай. Тиймээс төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн Ханги-Мандал боомтыг нээхээр Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгээд байгаа юм. Уг бүтээн байгуулалтад “Монголын төмөр зам” ТӨХК оролцон төмөр замын дээд бүтцийн 50 гаруй км барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэжээ. ЗТХЯ, “Монголын төмөр зам” ТӨХК, “Монголиан Транс Лайн” ХХК хамтран зохион байгуулж буй Тавантолгой-Цагаанцав чиглэлийн төмөр замаар Ханги-Мандал боомтоор экспортын тээвэр хийх туршилтын тээвэрлэлтийг энэ оны хоёрдугаар сараас эхлүүлсэн. Туршилтын тээвэр амжилттай үргэлжилж өнөөгийн байдлаар 39 мянган тонн экспортын нүүрсийг тээвэрлээд байгаа аж. Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд дээрх төслүүд хэрэгжсэнээр энэхүү нөхцөл байдал бүрэн өөрчлөгдөж, Монгол Улс экспортын олон гарцтай болж, тээвэр логистикийн өрсөлдөх чадварын үзүүлэлт хэд дахин нэмэгдэх тооцоо бий.

 Энэ мэтчилэн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хувьд 2022 оны сүүлийн хагас жилийн ажил эрчимтэй өрнөж, эхнээсээ тээвэрлэлт хийж эхлээд буй бол Засгийн газраас баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын концессын эрхийг олгосноор Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын хил холболтын төмөр замын барилгын ажлыг энэ онд эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаад байгаа аж. Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замыг барих тухайн бүтээн байгуулалтын хүрээнд ЗТХЯ, ГХЯ БНХАУ-ын талтай тохиролцон, “Монголын төмөр зам” ТӨХК долдугаар сард эхний тээврийг явуулах төлөвлөгөөтэй ажиллаж буй. Ийнхүү хилийн боомтуудыг төмөр замаар холбох нь далайд гарцгүй манай улсын хувьд стратегийн чухал ач холбогдолтой. Олон жилийн хүлээлт болоод байсан төмөр замууд эхнээсээ ашиглалтад орж, зам тээврийн салбарт сэргэлт бий болж, хөгжлийн хурд үлэмж хэмжээгээр нэмэгдэхээр байна. Харин стратегийн ач холбогдолтой эдгээр шинэ төмөр замын төслүүдийг “Монголын төмөр зам” ТӨХК амжилттай дуусгахаар шаргуу ажиллаж байгаа юм.                                    

Боомтын сэргэлтийн хүрээнд баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр зам, боомтын төмөр замыг бүтээн байгуулна

Дээр хэлсэнчлэн шинэ төмөр зам, хилийн шинэ боомтуудыг байгуулснаар Монгол Улсын эдийн засаг эрчимтэй хөгжинө. Одоогоор Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлд 1300 орчим км, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлд 426 гаруй км төмөр зам тавихаар төлөвлөсөн байна. Эдгээр төмөр замын төсөл нь үндэсний хэмжээний стратегийн томоохон бүтээн байгуулалт учраас нэгэн зэрэг бүгдийг нь барих боломжгүй. Тиймээс төлөвлөгөөний дагуу тодорхой үе шаттай барьж, ойрын хугацаанд бүрэн ашиглалтад оруулах зорилго тавин ажиллаж байгаа билээ. Түүнчлэн, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замыг барьж дууссаны дараа ч “Монголын төмөр зам” компани нэгдсэн удирдлагаар хангаж ажиллана.

Зүүн босоо чиглэлийн үндэсний төмөр замын сүлжээг барьж байгуулснаар  Бичигт-Зүүнхатавч боомтоор дамжиж Бохайн булангийн боомтод хүрэхээс гадна, одоо байгаа УБТЗ-аар дамжин ОХУ-ын Алс Дорнодоор далайд хүрэх стратегийн чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт юм. Тодруулбал, Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын хөтөлбөрт туссан төмөр замын зүүн коридор нь хөрш орнуудын төмөр замаар дамжин далайн хүчирхэг боомтуудтай тээвэр логистокоор холбогдох гол цэг нь Бичигтийн боомт билээ. Тиймээс Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор зүүн бүсийн эрдэс баялгийн нөөц эдийн засгийн эргэлтэд орж, тээврийн зардлыг 2-3 дахин бууруулж, тус төмөр замаар жилд 25 сая тонн ачаа тээвэрлэж, БНХАУ болон ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрч, экспортын шинэ гарцыг бий болгох боломж бүрдэнэ гэдгийг мэргэжилтнүүд онцолж байгаа юм.

Алдагдсан боломжийг нөхөж, эдийн засгаа урагшлуулж, ард иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхийн тулд Монгол Улс томоохон төслүүдээ хурдтай хэрэгжүүлж, экспортын хүрээг тэлж, валютын урсгалыг нэмэгдүүлнэ гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн. Тиймээс “Монголын төмөр зам” компанийн хамт олон энэ онд боомтын төмөр замын төслүүдэд гол анхаарлаа хандуулахаар ажиллаж байгаа юм байна. Тэр дундаа дээр дурдсан Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын хил холболтын төмөр замын барилгын ажлыг нэн тэргүүнд эхлүүлж энэ оны долоодугаар сар гэхэд дуусгахаар зорьж байгаа аж. Одоогоор уг төмөр замын барилгын ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах ажил ид өрнөж, хэлэлцээр эцсийн шатанд явж буй.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү “Засгийн газраас олон жижиг төмөр замуудаа нэгтгэж, үндэсний төмөр замын компанийг босгох, удирдлагаар хангах шийдвэрүүдийг зоригтой гаргаж өгсөн. Одоо манайх цаасан дээр явдаг бус төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, барьж байгуулдаг, хариуцлага хүлээсэн компани болж байна. Төмөр замаа барьдаг, ашигладаг, засдаг, тээвэрлэлт хийдэг цогц иж бүрдэл компани болох хөгжлийн гарааны огцом эргэлтийн цэг дээр ирлээ. Монгол Улсын Засгийн газар бидэнд итгэлээ. Одоо бид ажиллах л үлдлээ” хэмээн хэлсэн билээ. Үнэхээр улс орныхоо хөгжлийг шинэ шатанд түүчээлэн хөтөлж, хөрш орнууд төдийгүй бүс нутгийн төмөр замуудаар дамжин дэлхийн зах зээлд шууд хүрэх төслүүдийг гардан гүйцэтгэх үүрэг хариуцлага “Монголын төмөр зам” компанид ногдов.