Өнгөрсөн онд Дэлхийн банкны судалгаагаар ажил олгогчдын 35 хувь нь Монгол Улсын улс төрийн тогтворгүй байдал нь бизнес эрхлэхэд хамгийн том саад учруулдаг гэж үзэж байв

Канадын “Fraser” хүрээлэнгийн 1970 оноос хойш жил бүр гаргаж буй "Дэлхийн эдийн засгийн эрх чөлөөний индекс"-ийн энэ оны тайланд томоохон өөрчлөлт гарснаараа онцлог болж байна. Дээрх индекс анх гарсан цагаас эхлэн тасралтгүй тэргүүлж байсан Хонгконг энэ онд дэлхийн хамгийн чөлөөт эдийн засгийн байр сууриа Сингапурт тавьж өгчээ.

 

Чөлөөт эдийн засгийн шалгуур

 

Тухайн улсын бодлого, институц нь эдийн засгийн эрх чөлөөг дэмжиж буй эсэхийг дүгнэдэг тус индексийн онооны систем нь таван ерөнхий талбарт хуваагддаг. Тэдгээр нь Засгийн газрын хэмжээ, эрх зүйн систем ба өмчлөх эрх, мөнгөний тогтвортой байдал, олон улсад худалдаа хийх эрх чөлөө, зохицуулалтын орчин байна.

 

Хонгконг яагаад ухрав?

 

Товчхондоо Хонгконгийн шүүх эрх мэдлийн хараат бус байдал алдагдаж байгаа нь байр ухрахад голлон нөлөөлсөн гэж үзсэн байна. Намын хяналтад, ил тод бус явагддаг БНХАУ-ын шүүхээс ихээхэн ялгаатай Хонгконгийн шүүх тогтолцооны нэр хүнд нь олон улсын бизнесүүд Хонгконг руу татагддаг нэг шалтгаан байв. 

Харин 2020 оны зургаадугаар сард БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Хонгконгт Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлснээс хойш тус бүсийн бие даасан байдал эргэлзээтэй болоод буй.

 

“Хонгконгийн энэхүү ухралт нь эдийн засгийн эрх чөлөө иргэний болон улс төрийн эрх чөлөөтэй хэрхэн нягт холбоотой байдгийн жишээ юм" гэж “Fraser” хүрээлэн онцолжээ. Харин Хонгконгийн Засгийн газар тус тайланд гарсан шүүх эрх мэдлийнх нь талаарх мэдэгдлийг "Бүрэн үндэслэлгүй, бодит баримтаар нотлогдоогүй" гэж няцаасныг “SCMP” мэдээлсэн байна.

 

Монгол энэ жагсаалтад

 

Нийт 165 улс, бүс нутгийг эрэмбэлсэн “Эдийн засгийн эрх чөлөөний индекс”-д Монгол Улс "хоёрдугаар зэрэглэл" буюу "Сайн" түвшинд, Казахстан, Эль Сальвадор, Уругвай зэрэг улсын ардаас 67 дугаарт бичигджээ. Хэдий тийм боловч өнгөрсөн оны эрэмбээсээ есөн байр ухрахад Төрийн зохицуулалтын үзүүлэлтээр оноо алдсан нь голлон нөлөөлсөн байна. Хэдийгээр Засгийн газрын хэмжээ, олон улсын худалдааны эрх чөлөөний үзүүлэлтээр байр ахисан ч зээлийн орчин, хөдөлмөрийн зах зээл, бизнесийн орчин дахь зохицуулалтын дарамт нэмэгдсэн гэж үзсэн нь нийт оноог хойш татжээ.

 

Өнгөрсөн онд Дэлхийн банкны судалгаагаар ажил олгогчдын гуравны нэгээс илүү хувь буюу 35 хувь нь Монгол Улсын улс төрийн тогтворгүй байдал нь бизнес эрхлэхэд хамгийн том саад учруулдаг гэж үзэж байв. Улс төрийн тогтворгүй байдлыг дагаад хууль, эрх зүйн орчин тогтворгүйжиж байгаа нь хөрөнгө оруулагчдыг үргээх гол шалтгаан болж байгаа гэдэгт эдийн засагчид санал нэгддэг.

“Хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй, эдийн засгийн үр өгөөжийг тооцоолоход хүндрэлтэй байвал төсөл хөтөлбөр санхүүжүүлэхээр хөрөнгө оруулалт татахад маш хүндрэлтэй” хэмээн Австралийн Худалдааны танхимын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Жульен Лауренс онцолж байлаа.

 

 

https://www.bloombergtv.mn/news/g1p217