УБТЗ-ын төмөр замчид 16 мянгуулаа. Бидний 6074 нь бүсгүйчүүд. Тэдний дунд өдгөө 45 Энхтуяа бий. Харин Ахмадын холбооноос авсан мэдээллээр гавьяаны амралтаа авсан 94 Энхтуяа байдаг гэнэ. Хамгийн сонирхолтой нь, УБТЗ-аас найман эмэгтэй гавьяат цолтон төрсний дөрөв нь Энхтуяа нэртэй.

Хүн дуудах нэрийг аав ээжээсээ олж, дуурсах алдрыг өөрөө бүтээдэг гэдэг. Төмөр зам хэмээх энэ их айлд хамт багтах ч өөр хоорондоо тэс ондоо мэргэжилтэй, харин зүтгэх үйлс нь ижил Монгол Улсын Гавьяат  цолтой дөрвөн Энхтуяаг наадмын энэхүү дугаартаа урилаа.

 

-“Ган зам”  сонины редакцид ижил нэртэй дөрвөн гавьяат зочилсонд бид баяртай байна. Дуудах  нэрийнхээ өмнө дуурсах алдраа бүтээсэн ажил, мэргэжлээс тань яриагаа эхлэе гэж бодлоо?

Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан Да.Энхтуяа:

-Би нийслэлийн гуравдугаар сургуулийг 1973 онд төгсөөд төмөр замын ТМС-д олон улсын галт тэрэгний үйлчлэгчийн анхны ангид элссэн. Хоёр жил сурч төгсөөд Суудлын вагон депод орж байлаа. Сүхбаатар-Шарын гол руу ачааны галт тэргэнд зорчигчийн ганц вагон залгадаг. Намайг тэнд үйлчлэгчээр нэг жил ажиллуулаад 1976 оноос “Нарлаг Монгол” галт тэрэг явж эхлэхэд олон улсын үйлчлэгч болгосон. Биднээс алхаа гишгээ, харилцаа хандлага гээд олон талын шалгалт авч билээ. Тухайн үед зөрчил гаргахгүй л бол хэдэн ч жил хамаагүй явуулдаг байсан. Одоо харин гурван жилээр сольдог болж.

Монгол Улсын гавьяат багш Дү.Энхтуяа:

-Аав маань “Багшийн, тэр дундаа химийн мэргэжил сайхан” гэж зөвлөж, би МУИС-ийн химийн ангийг сонгож, 1979 онд сургуулиа төгсөж Бэлчээр тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэнд нэг жил ажиллаад 1980 оноос төмөр замын ТМС-д химийн багшаар ажилласан. Тэр цагаас хойш төмөр замын Сургалтын төв, Төмөр замын коллеж, Тээврийн дээд сургууль зэрэг бүтэц зохион байгуулалт хийх бүрт нь тасралтгүй багшилсан.

Монгол Улсын Гавьяат эдийн засагч С.Энхтуяа:

-Би эдийн засгийн дээд сургуулийн эдийн засгийн ангийг сонгож, төгсөхөөрөө Төлөвлөгөөний комисс, Хангамжийн хороо хоёрын нэгэнд нь ажиллахаар томилолтоо авахаар очихдоо “Төлөвлөгөөний комисст” гэж бичиж өгөх юм бодтол “УБТЗХЭГ” гээд нэг л их олон үсэг байна, ойлгодоггүй. Гэтэл аав маань “Төмөр зам их сайхан шүү дээ. Миний охин ор” гэсэн. Солиулчхаагүйдээ би одоо баярладаг юм. Төдөлгүй Төлөвлөгөөний комисс, Хангамжийн хороо татан буугдахад тэнд орсон манай найз нар ажилгүй болж билээ. Харин би санаа зовох юмгүй ажиллаж байсан. Ёстой азаар төмөр замд орсон доо. 1981 онд ажилд анх орсноос хойш  38 жил ажиллалаа.

Монгол Улсын Гавьяат барилгачин Ж.Энхтуяа:

    -Барилгын мэргэжил эзэмшсэн минь аавтай маань салшгүй холбоотой. Би Зүүнхараагийн орос хоёрдугаар арван жилийг төгсөөд Сэлэнгэд очиж конкурсдэхдээ аавтайгаа хамт явсан юм. Манай ангийнхан Чехийн лакан гутлын үйлдвэрийн технологийн анги байна гэнэ. Тэрийг авбал гоё гэцгээлээ. Сургууль сонгохдоо багш, аав хоёртой хамт ортол багш “Нефтийн инженерийн анги ав” гэж байна. Тэгтэл төмөр замын зам, барилгын инженерийн хуваарь гараад иртэл аав баярлаад шууд “Энэ хуваарийг авъя” гэхээр нь би “Үгүй ээ, би Чехийн гутлын үйлдвэрийн анги авна” гэтэл аав “Юун тэр гуравдагч орон руу явах. Тэнд чинь үймээн самуунтай. Эсвэл дотоодын их сургуульд ор” гэдэг юм. Бидний үеийнхэнд эцэг эхийн үг бол хууль шүү дээ. Би 1987 онд Москвагийн төмөр замын дээд сургуулийг зам барилгын инженерээр төгсөж ирээд Зүүнхараа руугаа хуваарилагдсан. БОС-ны I ангид мастераар ажлын гараагаа эхэлж байлаа. Тэндээ инженер, норм зохиогч, эдийн засагч, ерөнхий инженер, ангийн дарга гээд хийгээгүй ажил байхгүй. Хэрэв би лакан гутлын мэргэжил эзэмшсэн бол хувиараа л ажил хийх байсан болов уу. Учир нь тэр үйлдвэр нь манайд хөгжөөгүй. Манай дунд сургуулийн 100 жилийн ой 2025 онд болно. Сургуулийн ойд зориулсан бичлэг, сурвалжилга, нэвтрүүлэг бэлтгэх ажил нь эхэлсэн юм байна. Төмөр замынхаа буянаар энэ эрхэм алдар цолыг хүртлээ. Сургуулийнхан маань “Манай төгсөгч” гээд бахархаж, ярилцлага авсанд нь сэтгэл өндөр байгаа. 

-Нэр нэгтийн чих нэг гэдэг дээ. “Энхтуяа нэртэй хүн гавьяат боллоо” гэхээр л та бүхэнд дотно санагддаг байх. Нэгнээ өмнө нь таньдаг байв уу. Ер нь, энэ нэрийн утга учир болоод хэн өгсөн талаар сонирхуулаач?

Да.Энхтуяа: -Олон нэр будаанд хийгээд шигштэл гарч ирсэн гэдэг. Надад ирэх ёстой л нэр байж дээ гэж боддог. Төмөр зам Энхтуяа нэртэй дөрвөн гавьяаттай боллоо. Тиймээс сайн одны нэр юм байна гэж бодсон. Би төмөр замынхаа эмэгтэй гавьяатуудаас Хүүхдийн секторын дарга байсан Г.Цолмонтой их дотно. Бид хоёр эртний танил. “Монголын шилдэг 108 эмэгтэй” номд бид хоёр багтаж байлаа. Харин надтай ижил нэртэй хүн гавьяат болсныг дуулах сайхан байдаг. Бусад Энхтуяагаа харж, ярилцах нь гэж яаран яаран ирлээ.

Дү.Энхтуяа: -Харин миний нэрийг аав ээж маань охиноо энх тунх байж, нарны цацраг мэт туяарч байхыг бэлгэдэж өгсөн юм билээ. Миний хувьд үйлчлэгч До.Энхтуяагаа мэднэ. Манай ТЗДС-ийн төгсөгч шүү дээ. Сургуулийнхан маань төгссөн шавь нараараа бахархдаг. Сургуулийн нэрийг өндөрт өргөж явдаг хүмүүсийн нэг.

С.Энхтуяа: -Миний нэрийг бас будаанд шигшсэн гэдэг. Өмнө нь, үйлчилгээний гавьяат До.Энхтуяа гэж байдгийг сонсож байлаа. Харин дараа нь өөрөө гавьяат болох үедээ бас гавьяат багш байдгийг мэдсэн. Тэгтэл миний араас олон жил хамтран ажилласан барилгын Ж.Энхтуяа маань гавьяат боллоо. Их сонин тохиолдол шүү. Би одоо УБТЗ-ын Ахмадын холбоонд ажиллаж байгаа. Судлаад үзтэл манайд бүртгэлтэй 5145 өндөр настан эмэгтэйгээс 94 нь Энхтуяа нэртэй юм билээ. Одоо Хулан, Номин гэдэг шиг бидний багад Энхтуяа, Сарантуяа нэр их өгдөг байж.

Ж.Энхтуяа: -Нэрийн хувьд минийхийг будаанд шигшээгүй, яг багшид өгсөн шиг бэлгэдсэн юм билээ. Харин танил гэвэл Гавьяат эдийн засагч С.Энхтуяагаа сайн мэднэ. Нийгмийн салбарын хамаг төсвийг зохицуулж өгдөг хүн шүү дээ. Ямар сайндаа манайхан С.Энхтуяаг амралтаа авсан байвал “Одоо яах вэ, оронд нь хэн байгаа бол. Бусад нь манайхыг ойлгодоггүй юм” гэдэг байсан. Намайг ижил нэртэй дөрөв дэх гавьяат боллоо гэхэд нь гайхаж байсан. Тэгээд дөрвүүлэнгээс нь нэг дор ярилцлага авна гэхээр их сонирхолтой санагдлаа.

С.Энхтуяа: -Би тийм их эрх мэдэлтэй эдийн засагч байгаагүй шүү дээ. Харин нийгмийн салбарынхныг өмөөрч, аль болох тус болохыг хичээдэг байлаа. Төлөвлөгөө энэ тэрийг нь ахиухан аваад өгчих юм сан гээд л... Тийм болохоор танай санхүүгийнхэн тэгдэг байсан байх. Энэ удаад та нартайгаа уулзах надад ч сайхан байна.

Дү.Энхтуяа: -Одоо ч энэ нэр хуучраагүй. ТЗДС-ийн оюутнуудын дунд нэг ангид хоёр, гурав байж л байдаг. Энэ нэр моод хэвээрээ л юм шиг билээ /инээв/.

-Нээрээ ч дээхэн үед энэ нэрийг хүүхдэдээ их өгдөг байсан юм болов уу. Дунд ангид чинь Энхтуяанууд хэр олон байв?

Ж.Энхтуяа: -Манай анги Ж.Энхтуяа, Т.Энхтуяа, Д.Энхтуяатай, харин зургаан Алтанцэцэгтэй байлаа. Ялгаж овогтой нь дуудсаар сүүлдээ зөвхөн овгийн эхний үсгээр юм уу, эсвэл өөрчилж дууддаг болсон. Намайг Жэкэ л гэнэ /инээв/.

С.Энхтуяа: -Манай анги бас М, С, Т овогтой гурван Энхтуяатай байсан. Адилхан л овгийн үсгээр дууддаг байлаа /инээв/.

Да.Энхтуяа: -Сонин юм аа, манай ангид бас гурав байсан. Бүр бүгд Д овогтой шүү. Тиймээс Да, До гээд л явчихна.

Дү.Энхтуяа: -Энхтуяагүй анги байгаагүй байх аа. Гэхдээ Монголын эмэгтэйчүүдийн хамгийн олон нэр нь Алтанцэцэг юм билээ. Сонирхоод өөрийнхөө нэрийг үзтэл нэлээд хойгуур орж байсан. Энэ төмөр замд л Энхтуяа нэртэй хүн олон байдаг юм шиг. Манай багш ажилчдын дунд тав байсан. Ялгахын тулд зүгээр л овгоор нь Ш, Ө, З, Да гэж дуудна. Намайг Дү л гэнэ. Нэг удаа сургуулийн эмчээс акт автал “Дүгэрсүрэн овогтой Дү-Энхтуяад гурав хоногийн чөлөө олгов” гэсэн байж билээ /инээв/. Дү, эсвэл Дү.Энхтуяа гэж дуудаад байхаар нь энэ чигээрээ л миний нэр юм бодсон хэрэг.

-Ижил нэртэй хүнтэй андуурагдах, өмнөөс нь буруудах ч юм уу тохиолдол гарч байв уу?

Ж.Энхтуяа: -Дунд ангидаа их андуурагддаг байлаа. Нэг удаа Д.Энхтуяа ангиас гарч мод хугалсан ч билүү нэг хэрэг хийчхээд жижүүрт “Би биш. Манай ангид гурван Энхтуяа байдаг” гээд явчихаж. Тэгтэл Т.Энхтуяа гарч яваад баригдан хэрэгт тулгагдчихсан зогсож байж билээ. Араас нь би бас гараад оччихсон. “Бид хоёр биш, ангид байсан шүү дээ” гэж хэлтэл ойлгоод “Яасан зальтай золиг вэ” гэж билээ /инээв/. Оюутан байхдаа галт тэрэг тосохоор явж байтал манай дунд сургуулийн ангийн Тү.Алтанцэцэг олон улсын галт тэрэгний үйлчлэгч болчихсон байж. Ярославскийн вокзал дээр алхаж явтал нэг хүн “Жэкээ” гээд маш чанга орилохоор нь хартал  ангийн охин намайг хараад орилж байсан. Хүмүүс тэгж дуудалгүй удсан тул энэ нэрээ сонсох сонин байж билээ /инээв/.

Дү.Энхтуяа: -Андуурагдах гэснээс би ер нь их лавлаж асуудаг болсон. Ямар сайндаа “Гавьяат Энхтуяа юу, тантай ярилцлага хийх гэсэн юмаа” гэхээр чинь “Би яг мөн үү, өөр гавьяат Энхтуяа олон байгаа шүү” гэж асуух вэ дээ /инээв/. Бас ярилцлага хийе гэвэл би “Асуулттай чинь танилцъя. Ярилцлагаа буулгаад үзүүлээрэй” гэдэг юм. Тээр жил нэг сэтгүүлч надаас ярилцлага авлаа. “Та дуунд дуртай юу, дуулдаг уу” гэж асуухаар нь би “Дуу дуулж чаддаггүй ээ” гэсэн юм. Сонинд нь ярилцлага гарсны дараа хартал хариултыг нь “Дуунд дуртай, дуулдаггүй хүн гэж хаана байх вэ. Би “Хөөрхөн борлог морь”-ийг дуулах дуртай” гэчихсэн байж билээ. Түүнээс хойш би хаширсан /инээв/. 

-Та бүхэнд гавьяат гэх энэ өндөр цолыг хүртээд зогсож байхад юу бодогдож байв?

Дү.Энхтуяа: -Төмөр замд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, сургах ажилд 40 гаруй жил зүтгэсэн, боловсрол шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг минь төр засаг үнэллээ гэж бодогдсон. Цаашид илүү их хичээж ажиллаарай гэсэн даалгавар юм шиг санагдсан. Мөн тэнгэрт байгаа аав ээж минь үнэхээр их бодогддог юм билээ. Дэргэд минь үргэлж түшиж тулж явдаг хайртай дүү ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга Д.Мөнхтуяадаа болон намайг эрдэмд сургасан багш нар, хамт олон, төмөр замын удирдлагууддаа их баярласан.

Ж.Энхтуяа: -Би өнгөрсөн арваннэгдүгээр сард гавьяат  цол авсан шүү дээ. ЗТХЯ-нд очихдоо олон хүн гавьяат болох байх гэж бодсон юм. Очтол төмөр замаас, зам, тээврийн бусад салбараас олон хүн ирж. Тэгтэл намайг хүмүүс “Дээшээ зогс” гэсээр хамгийн дээр гаргачихлаа. “Эрэгтэй хүмүүсийн дээр зогсож болохгүй сэн. Гавьяат болох хүмүүсийн хамгийн ахмад нь л би юм байх даа” гэж бодлоо. Гэтэл би ганцаараа гавьяат, бусад нь өөр шагнал авах байж л дээ. Сайд гардуулахдаа “Энэ жилийн отгон гавьяат боллоо. Баяр хүргэе” гэхэд нь юу ч бодогдоогүй. Харин гадаа гарч ирээд хүмүүс баяр хүргэхэд л “Эдний дунд аав, ээж минь байсан ч болоосой” гэж их бодогдсон. Хэрэв амьд байсан бол их баярлах байсан даа... С.Энхтуяа: -Надад гурав хоногийн өмнө дуулгахад нь “Ийм өндөр шагнал надад өгөх гэж үү” гээд гайхаж, цочирсон. Тэгээд ажил мэргэжилдээ дуртай, олон жил хоёргүй сэтгэлээр чин үнэнч ажилласныг минь төмөр зам үнэлж дээ гэж бодоод тайвширсан. Тэмдгээ зүүлгэж байхад ёстой л “Ээж аав маань байсан ч болоосой” гэж  өөрийн эрхгүй бодогддог юм билээ. Миний ээж ёстой мундаг эдийн засагч байлаа.

Да.Энхтуяа: -Би бас гурван хоногийн өмнө мэдсэн. Өмнө нь ажлаа хийж байтал дарга “Элдэв асуудалд битгий орчихоорой” гээд байна. Тэгснээ “Ерөөсөө Энхтуяад хэд хоногийн амралт өгье” гэхээр нь би “Үгүй ээ, миний цаг дутуу байгаа. Амралт авахгүй” гэлээ. Тэгтэл дарга “Чамайг шагналд тодорхойлсон. Зарим муу хүмүүс шагнал ирүүлэхгүйн тулд янз бүрийн асуудал үүсгэдэг юм гэнэ лээ. Чи тэгвэл болгоомжтой байгаарай” гэж байна. 1998 онд шүү дээ. Тэр үед надтай хамт машинч Ц.Бумцэнд Хөдөлмөрийн баатар, Р.Раш дарга Гавьяат тээвэрчин болж байлаа. Ерөнхийлөгч Н.Багабандиас шагнал ава хүртлээ “Вагоны үйлчлэгчид гавьяат өгдөг л юм байх даа” гэж гайхаад, итгэхгүй байсан. Гарч иртэл сэтгүүлч нар Р.Раш даргаас ярилцлага авахаар нь “Үйлчлэгчээс авахгүй байлгүй” гэж бодоод зогсож байтал юу юугүй л аман дээр микрофон хүрээд ирсэн /инээв/. Юу ярьснаа ч санадаггүй юм. Дараа нь манайхан “Аятайхан үг хэллээ. Хүмүүс дарга нараа ярьдаг бол чи харин ногоон вагоноо л их магтсан” гэцгээсэн. Ээж маань одоо 90 гарсан хөгшин бий. Ээж, хадам ээж хоёр маань, нөхөр хүүхдүүд, ажлынхан гээд олуулаа ордны гадаа угтсан. Шууд Замын захиргаа, дараа нь Вагоны алба, дараа нь Зорчигчийн вагон депо хүлээж авсан. Депо руугаа явж байхад маш их устай бороо ороод, вагоны голын улаан хивсийг захиргааны үүднээсээ авхуулаад дэвсчихэж. Тэр үед төрийн тэргүүнийг л тэгж хүлээж авдаг байлаа. Тэгэхэд л  би уйлсан. Уйлсаар үүдэнд очиход манайхан баяр хүргэж цэцэг өгөөд л... Манай депо гавьяатгүй, зүтгүүрийнх бол олон баатар, гавьяаттай байсан болохоор тэр байх. Бүр орой болсон хойно галт тэрэгний дарга тэргүүтэй хэдэн хүн гэрт хүргэхэд манайхан хөөрхий хүлээгээд цугласан байж билээ. Хоёр ээж маань хаалганы хоёр талд аягатай сүү бариад зогсчихсон, би уйлаад л... Миний байгуулсан сүртэй гавьяа гэж юу байх вэ. Вагоны үйлчлэгч нарынхаа ажлыг төрд үнэлүүлсэндээ л баяртай явдаг даа. Харин би галт тэрэгний дарга Б.Долгорсүрэн, Л.Лхагва, Ц.Цэцгээ нарыг гавьяат болоосой гэж боддог юм. Харамсалтай нь, Ц.Цэцгээ дарга саяхан бурхан боллоо.

-Гавьяат гэх нэр тухайн хүнийхээ овог шиг, эсвэл өөрийнх нь нэр шиг л дуудагддаг. Та бүхнийг хүмүүс “Гавьяатаа...” л гэж дууддаг болсон байх. Энэ нэрэндээ хэр хурдан дасав?

Ж.Энхтуяа: -Хүмүүс нээрээ “Гавьяатаа...” гээд л дууддаг юм билээ. Тэгэхээр нь анзаарахгүй, нэлээд хэдэн удаа хэлэхээр нь “Өө би чинь гавьяат шүү дээ” гэж бодоод эргэж харах жишээний /инээв/. Анх ЗТХЯ-нд очиж сайдаас шагналаа гардаж аваад гарч ирэхэд хүмүүс “Гавьяатаа баяр хүргэе” л гэцгээгээд байсан. Шатаар буух гэж явтал нэг сэтгүүлч “Гавьяатаа та түр зогсож байгаарай” гэх дуулдсан юм. Юу ч саналгүй буух гэтэл дахиад “Гавьяатаа түр хүлээгээрэй, яриа авъя” гээд над руу хараад байхаар нь өөрийгөө хэлж байгааг мэдсэн.

С.Энхтуяа: -Би бол одоо ч “Гавьяатаа” гэж дуудахад нь дасахгүй байгаа. Ахмадын холбоонд ажилд ороход Ю.Идэрчулуун дарга намайг “Гавьяатаа, гавьяатаа” гээд байхаар нь ичээд “Та одоо болиоч дээ. Зүгээр л Энхтуяа гэж дуудаач” гээд л /инээв/. Манай гэр бүлд сонин тохиолдол болсон. Яг намайг гавьяат болохын өмнөх өдөр нь нөхөр маань бас Гавьяат эдийн засагч болсон.

Да.Энхтуяа: -Гэр бүлийн хоёр зэрэг гавьяат болно гэдэг бас л сонин тохиолдол байна шүү. Нээрээ л гэрийн утас тасралтгүй хангинаж “Гавьяатад баяр хүргэе”, “Гавьяаттай ярья” гэцгээдэг юм билээ. Ээж бид юу билээ гэж гайхаад л байдаг сан /инээв/. Дасах гэж их удсан.  Манайхны зарим нь одоо намайг “Га” гэж дууддаг. Тэгэхээр “Галзуу гэж байгаа юм уу” гээд л инээдэг юм.

Дү.Энхтуяа: -Намайг гавьяат болоход Ерөнхийлөгч Х.Баттулгын сонгуулийн хугацаа дуусах болж байсан үе. Дүү маань “Үдээс хойш 16.00 цагт зуслан явна шүү. Та юмаа бэлтгээрэй” гэж ярилаа. Гэтэл 12.00 цагийн үед нэг хүн утасдаад “Ерөнхийлөгчийн Тамгын газраас ярьж байна. Та Монгол Улсын Гавьяат багш боллоо, баяр хүргэе. Харин та 13.30 цаг гэхэд ордны зүүн талын хаалган дээр ирнэ шүү” гэдэг юм. Гайхаад учраа олдоггүй, “Өө баярлалаа” л гэлээ. Төдөлгүй дахин нэг хүүхэн ойр ойрхон яриад “Та яаж ийгээд ирээрэй” гэхээр нь “Би өнөөдөр амжихгүй байх аа” гээд байгаа юм биш үү /инээв/. Яахаа мэдэхгүй сонин болчихдог юм билээ. Тэгээд л гэрийнхэндээ хэлээд амжиж очсон доо.

-Да.Энхтуяа гавьяатыг Р.Раш дарга “Үйлчилгээний гавьяат ажилтан Энхтуяагийн вагонд ороход бүх алчуур нь цэмбийсэн, гишгэх газар олддоггүй байлаа. Алчууруудаа юунд зориулсан гэдгийг нь оёод биччихнэ. Түүнд зэхэлт бэлтгэлээс илүү юм өгөхгүй шүү дээ. Харин өөрт байгаагаа арвилан хэмнэж, тэгж их сэтгэлтэй ажилладаг...” гэж зарим хурал дээр ярьдаг юм?

Да.Энхтуяа: -Р.Раш дарга харин тэгж ярьж байсан. Үнэхээр тэр үед бид арвилан хэмнэж, ажилладаг байсан. Зарим үйлчлэгч нүүрсний нунтгаа ялгаж хаяж байхад би бүхэл нүүрсэн дээрээ бага багаар нь хийгээд түлчихдэг байлаа. Гавьяат болчхоод “Би нэг ч юм буруу хийж болохгүй, энэ бол том хариуцлага шүү” гэж бодсон. Танай сонинтой их холбоотой ажиллана. Жишээ нь, манай залуу үйлчлэгч нар өвлийнх шигээ хавар, намарт галлаж хүмүүсийг халууцуулж, бухимдуулаад байна. Түүнийг нь хэдэн цагт хэрхэн яаж галлах талаар бичиж “Ган зам” сонинд хэвлүүлнэ. Үйлчлэгч нартай нэг бүрчлэн уулзаж, хэлж амжихгүй шүү дээ. Харин сонинд биччихвэл бүгдэд нь хүрдэг байлаа. Ер нь, галт тэргэнд хүмүүсийн бүхий л амьдрал өрнөдөг. Зарим нь уйлна, дуулна, инээнэ, муудалцана, уулзана, сална. Энд нэг нь хүүхдээ төрүүлж байхад тэнд нэг нь эцсийн амьсгалаа ч хураах тохиолдол бий. Галт тэрэгний дарга, АИХ-ын депутат байсан Ц.Цэцгээтэй их олон жил хамт явсан. Нэг удаа олон улсад явж байхад орос эмэгтэй төрөх гэж өвдөөд. Дарга өмнө нь олон хүүхэд эх барьж авсныг нь мэдэх учир “Та эх бариад авчих” гэтэл “Анхны төрөлт гэж байна. Юу ч болох юм билээ, битгий дэмий юм яриад бай” гэж байна. Тэгтэл өнөө охин чинь тэсэхээ байгаад Омск хүрэхээс өмнө дарга эх барьж аваад Омскт хүлээлгэж өгч байлаа.

-Энэ мэт дурсамжтай зүйл та бүхэнд олон байж таарна. Манай уншигчидтай хуваалцвал сонин байх болов уу?

Дү.Энхтуяа: -Би их сургууль төгсөөд Бэлчээр тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэнд очсон гэж хэлсэн дээ. Дарга нь Жигжидсүрэн гэж том эрдэмтэн. Төгсөөд очиход 300 төгрөг өгдөг байлаа. Нэг жил ажиллатал маш их хөдөө явдаг нь эмэгтэй хүнд хэцүү санагдсан. Тэгэхээр нь ажлаасаа гарч багш болъё гэтэл дарга “Чи манай хүрээлэнгийн 300 төгрөгийг авчихаад явах гэлээ. Чамайг гаргахгүй” гэхээр нь ээжээрээ яриулж гуйж байж гарсан. Гэтэл Дээд боловсролын хорооны томилолтоор төмөр замын ТМС-д хуваариллаа. “Би ТМС-д биш Техникумд нь багшилна” гэж зүтгэлээ. Тэгтэл Сургалт эрхэлсэн дэд захирал “Энэ сургууль бүтцийн хувьд төмөр замын Техникум. Дотроо ТМС, авто зам, төмөр зам гэсэн гурван салбартай. ТМС чинь тусдаа сургууль биш учир чи Техникумын багш гэсэн үг” гэж тайлбарлаж өгч билээ. Оюутнаасаа ялгагдахгүй жаахан байсан болохоор хүүхдүүд надаар их тоглоно. Нэг удаа хичээл заах гэтэл журнал арай зузаан харагдаад байна. Гайхаад нээтэл мэлхий завсраас нь гарч давхихаар нь би орилоод, хүүхдүүд инээлдээд /инээв/.

-Төрүүлж өгсгөсөн аав, ээж бол хамгийн эрхэм хүмүүс байдаг. Аав, ээжүүд тань хэрхэн сургаж, юу гэж зөвлөдөг байв?

Ж.Энхтуяа: -Аав маань Завханы Сонгино, ээж Булганы Дашинчилэнгийнх. Уг нь аав МУИС төгссөн эдийн засагч мэргэжилтэй хүн байлаа. Дараа нь Төмөр замын техникумын барилгын ангийг төгсөөд Чойрын төмөр бетон эдлэхүүний цех гэж байхад ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, улмаар БОС-ны II ангид ашиглалтын инженерээр ажиллаж байсан. 1974 онд манайх Зүүнхараа руу шилжиж, аав Мод боловсруулах үйлдвэрийн эдийн засагчаар ажиллах болсон. Түүний дараа Барилга орон сууцны I ангийн эдийн засагч, дарга, Багахангайд байсан БОС-ны IV ангийн даргаар ажиллаж байлаа. Дээр үед орос цэргүүдийн барьсан актлах гэхээр актлагдахгүй БАМ-ын барилга гэж хотод байдаг байж. Тэгсэн Замын дарга аавд яаралтай борлуулах үүрэг өгсөн юм байна. Үүргийнх нь дагуу 1966 онд хямдхан борлуулж, Замын санхүүд хэдэн төгрөг оруултал аавыг магтаад монгол гэрээр шагнаж. Гэтэл удалгүй их үер буутал өнөө барилга нь урсчихсан гэдэг. Авсан хүмүүс нь бөөн гомдол, аав өөрөө гэртэй үлдсэн. Гэрээ бариад орж чаддаггүй /инээв/. Тэрэндээ л санаа нь зовдог, их ярьдаг байж билээ. Харин ээж маань төмөр замын Төв эмнэлэгт насаараа эх баригч, бага эмчээр ажилласан. Би зургаан дүүтэй, айлын том. Аав “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал”, “Уул хараагүй байж хормой шууж, ус хараагүй гутлаа тайлав” гэж сургаал үгс дандаа хэлнэ. Загнаж байгаа нь тэр. Долоон хүүхдээ өдөр бүр ээлжээр хоол хийлгэх хуваарь гаргачихна. 1990 онд аав маань БОС-ны I ангийн дарга болоход би удирдлагад нь техник хэлтэст инженер байлаа. Үндсэн орон тоогүй. Надаар их засвар, ашиглалт, норм зохиогч гээд янз бүрийн ажил хийлгэсэн. Эдийн засагч нь хүүхэд асрах амралт авахад оронд нь ажиллуулж ч байх шиг. Тэр нь намайг ажилд сургаад л байж дээ гэж одоо боддог юм.

Дү.Энхтуяа: -Би Архангай аймгийн Хангай сумын Тэрх хэмээх газар төрсөн. Аав, ээж маань Тэрхийн голын дэргэд ажиллаж амьдарч байлаа. Аав маань Хангай сумын Засаг дарга, захиргааны дарга, ҮЭ-ийн хорооны дарга, Худалдаа бэлтгэлийн ангийн дарга зэрэг хариуцлагатай ажлыг 40 гаруй жил хийсэн. 1951 оны АИХ-ын анхны сонгуулиар депутатаар сонгогдож, Үндсэн хуулиа батлалцаж явсан, нутгийнхны бахархал болсон хүн. Ээж минь Монгол эмэгтэйн бүх сайхан чанар, үзэсгэлэн гоог шингээсэн, хөдөлмөрч эмэгтэй байлаа. Аймгийн Ардын зориг нэгдэл, БХЯ-ны харьяа Хувьсгалын музейд 30 шахам жил ажилласан. Би эцэг эхээсээ хоёулаа.

С.Энхтуяа: -Миний аав Улаанбаатарт төрсөн хуульч, ээж Булганы Хангал сумынх, эдийн засагч мэргэжилтэй байсан. Тухайн үеийнхээ шилдэг сэхээтнүүдийн төлөөлөл. Би зургаан хүүхдийнх нь гурав дахь охин. Сайн аав, ээжийн охин юм чинь муу явж, муу ажиллаж болохгүй л гэж боддог байлаа. Миний хувьд нэгдүгээр сургуулийн төгсөгч. Багаасаа тоонд дуртай, математик сургалтын ангид нь сурч байлаа. Миний энэ амжилтад энэ сургуулийн багш нар ч нөлөөлсөн гэж боддог. Аав ээж минь надад ажил мэргэжилдээ үнэнч байх, өөрт ногдсон ажлаа хариуцлагатай хийхийг их сургасан.

Да.Энхтуяа: -Манайх Сэлэнгийн гаралтай. Аав, ээж хоёр маань ажилчин хүмүүс. Аав Модны хоёрдугаар артельд мужаан хийж байгаад 1974 онд бурхан болсон. Ээж Урчуудын эвлэлийн хорооны хотын салбарт цутгуурчнаар ажиллаад тэтгэвэрт гарсан. Одоо ээжийндээ очих сайхан байдаг. Хөөрхий ээж минь биднийг хүлээгээд шомбойгоод л сууж байдаг юм. Ээж минь “Ямар ч ажилд шударга, хариуцлагатай хандаж бай. Эзэн хичээвэл заяа хичээнэ шүү. Хүнтэй муудаж болохгүй. Хүмүүс муухай үг хэлбэл дуугүй л өнгөрөөж бай. Зөөлөн нь хатуугаа иддэг юм” гэж сургасан. Би зургаан хүүхдийнх нь хоёр дахь нь л даа.

-Эмэгтэй хүн ажлаа хийхийн зэрэгцээ хүний хань, хүүхдүүдийн ээж байж, ар гэрээ авч явна гээд асуудал их байдаг. Та бүхний хувьд энэ үүргээ завгүй ажлынхаа хажуугаар хэрхэн амжуулдаг байв?

Да.Энхтуяа: -Манайх хоёр охинтой. Ер нь, бидний үед ихэвчлэн хоёр хүүхэд л төрүүлдэг байж. Одоо бодохоор аливаа юманд хүүхэд цөөддөг юм байна. Би олон хоногоор замд явдаг болохоор ар гэрийн асуудалд оролцож чадаагүй. Хадам аав ээж, миний ээж, нөхөр л  ар гэрийг зохицуулж, хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлсэн. Би  хүүхдүүдийнхээ жаахан байсан үеийг нь сайн мэдэхгүй гэхэд болно. Москва руу 10 хоног явж ирээд 10 хоног амардаг ч дөрөв хоногт нь жижүүр, үлдсэн зургаа хоногт нь өдөр бүр депод цугладаг байлаа. Сонсгол, субботник, нам улс төрийн сургалт, лекц гээд өдөр бүр ажилтай. Завсар гарвал ядарч зовсон нэгнийдээ очиж түлээг нь хөрөөднө, тусална, байшин савыг нь будаж өгнө. “Нэг нь нийтийн төлөө” гэсэн уриатай ажилладаг. Одоо тэгвэл залуус зөвшөөрөхгүй байх. Хоёр ээж “Чи ажлаа л хий, арын асуудал хамаагүй. Би хүүхэдтэй хүн гээд олон нийтийн ажлаас хоцрох муухай байдаг юм” гэдэг сэн. Тэрний хүчинд би санаа зовох зүйлгүй, зөвхөн ажлаа л боддог байж дээ. Том охиноо бүр зургаан сартайд нь орхиод Москва руу 10 хоног санаж, уйлж явсаар ирж билээ. Одоо зургаан зээгээ хардаг. “Биднийг өсгөөгүй, одоо энэ хүүхдийг маань өсгө” л гэдэг юм байна /инээв/.

Ж.Энхтуяа: -Би бас хоёр охинтой. Барилгын салбар тогтмол нэг газраа ажиллахгүй, шугам замд их явдаг байсан болохоор ар гэр орхигдоно. Нөхөр маань л охидынхоо үс гэзгийг нь сүлжээд цэцэрлэг, сургуульд нь өгч авна. Ээж, аав хоёр маань ч тусална. Хааяа анги дээр нь очихоор зарим багш нь намайг таньдаггүй байсан /инээв/. Ахлах ангид ороход нь зав гаргаад очдог болсон доо. Гэвч би тийм сайн гэрийн эзэгтэй, ээж байж чадаагүй гэж боддог. Одоо харин зээ нараа харж байгаа. Өнгөрсөн есдүгээр сард бага охин, хүргэн хоёрын Солонгос явах виз нь гарлаа. Тэгэхээр нь “Та хоёр санаа зоволтгүй яв. Би хүүхдүүдээ асуудалгүй харчихна” гээд явуулсан юм. Гэтэл чөлөөтэй ажлаа хийх боломжгүй болоод өөрийн эрхгүй тэтгэвэртээ гарсан даа /инээв/.

Дү.Энхтуяа: -Миний хувьд эрдэм номын мөр хөөсөөр оройтож гэрлээд, их оройтож төрсөн. Одоо охин минь наймдугаар анги, дүүгийн охинтой нэг ангид  нийслэлийн нэгдүгээр сургуульд сурдаг. Ар гэрийн хувьд ээж минь л их тусалдаг байлаа. Хоол унд, цэвэрлэгээ гээд надад эрдэм судлалын ажил хийх бүхий л бололцоог хангаж өгдөг байсан. Ээж байгаагүй бол би ийм амжилтад хүрч чадахгүй. Хамт байхад орчлон бүтэн байсан бол бурхан болоход нь орчлон хоосрох шиг болдог юм билээ.

С.Энхтуяа: -Энэ гурвыг бодвол би харьцангуй суурин ажилтай байж. Олон хоног томилолтоор явах хүндрэлгүй учир ар гэртээ маш сайн оролцдог байлаа. Ер нь, сайн хань, сайн ээж байж чадсан гэж боддог доо. Ээж минь ч миний хүүг маш сайн өсгөлцсөн. Одоо ачаа хардаг эмээ болсон, ачдаа нурна шүү дээ /инээв/.

-Та дөрөв төмөр замдаа өөр өөрийнхөө мэргэжлээр эмэгтэйчүүдээс анхдагч гавьяат юм байна. Багш Дү.Энхтуяа эгч бас төмөр замын анхны шинжлэх ухааны доктор байх аа?

Дү.Энхтуяа: -Тиймээ, анхных нь. Би сургуульдаа зөвлөх профессороор ажиллаж байгаад судалгааны ажилдаа орсон. Төмөр замдаа найман шинэ технологи боловсруулахаас гурав нь үйлдвэрлэлд нэвтрэхэд бэлэн боллоо. Нэг нь, төмөр замын техникт хэрэглэх усыг цэвэршүүлэх ажил. Хоёр дахь нь нано технологийн бүтээгдэхүүн хэрэглэж төмөр замын дэвсгэр суурь бүтцийг бэхжүүлэх дэвшилтэт технологийг нэвтрүүлэх юм. Энэ ажлын 70 хувь нь болж, төмөр замын инженерүүдийн хурлаар ороход “Замд турших хэрэгтэй юм байна” гэсэн. Тиймээс би энэхүү шинэ технологио нэвтрүүлж, УБТЗ-ынхаа нэр хүндийг өндөрт өргөнө гэж бодож байгаа. Миний шинжлэх ухааны докторын ажил, эрдэм шинжилгээний ажлыг гүйцэтгэхэд бүх талын бололцоо олгон дэмжиж тусалсан хүмүүсээ дурсмаар байна. Тухайлбал, Р.Раш, В.Отгондэмбэрэл, Д.Жигжиднямаа, Л.Халтар, Г.Вандандагва, Г.Сэрээнэндорж, Ж.Нямаа, Ж.Намжил, Ю.Нямжаргал зэрэг  олон удирдах ажилтнууд, дарга нар бий. Мөн ТЗДС-ийн захирал Д.Будхүү, Б.Сэрвүүд, П.Нямсүрэн нартаа оюун ухааныг тэтгэн дээдэлж байдагт нь баярлаж явдаг даа.

-Бидний урилгыг хүлээн авч сайхан ярилцсан та бүхэнд баярлалаа. Цаашид төмөр замын салбарын эмэгтэй Хөдөлмөрийн баатар та нарын дундаас төрөх болтугай!

 

М.Наранболд