УУХҮЯ 2024 онд 30 гаруй тэрбум төгрөгийг чухал ашигт малтмалын хайгуул судалгааны ажилд төсөвлөөд байна

 

Монгол Улс уул уурхайн салбарын хөгжлийг дараагийн шатанд гаргахын тулд чухал ашигт малтмалын бодлого, стратегийг эн тэргүүнд боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай байгааг салбарын мэргэжилтнүүд онцолж байна. Ингэснээр чухал ашигт малтмалын жагсаалтыг тодорхой болгож, энэ чиглэлд хөрөнгө оруулалт татах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа аж.

Эхний ээлжид зэс, жонш, газрын ховор элемент, цагаан алтны бүлгийн зэрэг 18 элементийг чухал ашигт малтмалын жагсаалтад багтаах боломжтойг мэргэжилтнүүд онцолж байна.

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамнаас 2024 онд 30 гаруй тэрбум төгрөгийг чухал ашигт малтмалын хайгуул судалгааны ажилд төсөвлөсөн байна. Энэ оны хувьд Өмнөговь, Баянхонгор, Дундговь, Дорноговь аймгийг хамарсан томоохон хэмжээний талбайд агаарын геофизикийн судалгааг эхлүүлж байгааг мэдээллээ. 

Олон Улсын Эрчим Хүчний Агентлагаас энэ онд гаргасан чухал ашигт малтмалын төлөвийн тайланд онцолсноор 2023 онд литийн эрэлт 30 хувь, никель, кобальт, графит болон газрын ховор элементүүдийн эрэлт бүгд 8-15 хувиар өссөн байна.

Цэвэр эрчим хүчний шилжилт дагасан хэрэглээ нь чухал ашигт малтмалуудын эрэлт өсөх гол түлхэц болж байгаа юм.

Түүнчлэн 2035 он гэхэд зэс болон литийн эрэлт нийлүүлэлт хооронд томоохон зөрүү үүсэхээр байгааг тайланд тодотгосон байна. Одоогоор зарласан төслүүдийн нийлүүлэлт тухайн үед зэсийн нийт хэрэгцээний ердөө 70 хувь, литийн 50 хувийг л бүрдүүлэхээр байгааг онцоллоо.

 

Эх сурвалж: bloombergtv.mn