Энэ сарын 1-23-ны хооронд Монгол Улсын хилээр 95 мянга 300 тонн дизель түлш, 50 мянга 400 тонн АИ-92 автобензин оруулж ирсэн байна. Энэ нь улсын нөөц биш зөвхөн импортолсон бүтээгдэхүүний хэмжээ гэдгийг УУХҮЯ онцоллоо. 

11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар А-80 автобензин 14 хоног, АИ-92 автобензин 23 хоногийн нөөцтэй байгааг Ашигт малтмал, Газрын тосны газар мэдээлж байсан юм. Улсын хэмжээнд нийт 84 мянга 85 тонн шатахууны үлдэгдэлтэй байжээ. 2023 он гарсаар нийт 2.1 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсноос дийлэнх хэсгийг буюу 54 гаруй хувьд нь дизель түлш, 28 хувьд нь АИ-92 бензин импортолсон дүнтэй байна.

Баруун аймгуудад дизель түлшний нөөц шавхагдаад байсан бол УУХҮЯ ОХУ-ын компаниудтай яриа хэлэлцээ хийсний үр дүнд Боршоо, Цагааннуурын боомтоор дизель түлш нийлүүлж, хоёр хоногийн өмнөөс нийлүүлэлт харьцангуй тогтворжжээ. Хэдий тийм боловч асуудал бүрэн шийдэгдээгүй байна гэж Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд мэдээллээ.

Ингэснээр Улаанбаатараас баруун аймаг руу тээвэрлэж байсан дизель түлшийг төв, зүүн бүсийн хэрэглээ рүү шилжүүлж, өмнийн бүсийн Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэс-Тавантолгойн хэрэглээг БНХАУ-ын импортоор хангахыг шахаж буйг онцлов. БНХАУ-аас импортолсон 7.6 мянган тонн дизель түлшээр уул уурхайн томоохон компаниудыг хангасан байна.

ОХУ-ын Засгийн газар есдүгээр сарын 21-нд газрын тосны олон улсын экспортод хориг тавьсны дараах гурван долоо хоногт Монгол Улс дотоод дахь бүх нөөцөө хэрэглэсэн аж. Тиймээс БНХАУ-аас дизель түлш импортолж байгаа бөгөөд ОХУ-аас авах бүтээгдэхүүнийг зөвхөн “Роснефть”, “Газпром” зэрэг томоохон компаниар дамжуулан  худалдан авах боломжтой байгаа юм байна.

Монгол Улс сард ихдээ 92 мянган тонн дизель түлш, 50 мянга орчим тонн автобензин хэрэглэдэг. Хоёр хоногийн өмнө ОХУ-ын автобензин болон зуны дизель түлшний хориг цуцлагдсан ч өвлийн дизель түлшний хориг хүчинтэй хэвээр байгаа аж.