1950 оныг хүртэл Монгол Улсад албан ёсны төрийн дуулал байгаагүй юм. Төстэй үүрэг бүхий дуу хэд байсан гэдэг.
"Эртний сайхан" дууг хуучцуул "Чингисийн төрийн сүлд дуулал" хэмээн ихэд хүндэтгэж байжээ. 1930-аад оны үеэс дуулахаа больж мартагдаж байсан энэ дууг 1935 онд алдарт дуучин Магсаржавын Дугаржав уртын дууны түүвэр номонд оруулснаар дууны үг нь хадгалагдан үлджээ. Мөн МУГЖ, алдарт уртын дууч Жигзавын Дорждагва 1970 онд хэвлүүлсэн "Уртын дуу"- ны түүвэр номондоо "Эртний сайхан" дууны үгийг тухайн үеийн үзэл суртлын нөхцөл байдалд зохицуулан өөрчилжээ. Английн цэрэг Түвдэд цөмрөн ороход XIII Далай лам Түвдэнжамц дайжиж 1904 онд Монгол оронд залран ирж жил гаруй (1906 он хүртэл) байх хугацаандаа энэхүү дууны төгсгөлд "Банчин далай ламдаа бараа болон жаргая" гэж нэмж дуулдаг болсон байна. 1911 онд Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд заларсны дараа энэхүү дуунд "Хаан эзэн Богдын хамт бүгдээрээ жаргая" хэмээн түрдэг болжээ.
Олноо Өргөгдсөн Монгол Улсын үед "Зуун лангийн жороо луус" дуу төрийн сүлд дуулал болж байв.
Хэдийгээр төрийн сүлд дуулал хэмээн албан ёсоор цоллоогүй боловч 1921 оны ардын хувьсгалын дараах үеэс эхлэн дуулагдаж, хэрэглэгдэж, XX зууны дунд үед хүрч ирсэн дуу бол “Монгол интернационал” (1922 оны үе) хэмээх дуу юм. Шинэ цагийн Монголын утга зохиолыг үндэслэгчдийн нэг С. Буяннэмэхийн үг, ая болох энэ дууг монголчуудын нэгэн үеийнхэн төрийн дууллын хэмжээнд хүндэтгэн дуулж байжээ.
Түүхийн баримтаас үзвэл төрийн шинэ дууллын шүлэг зохиох, түүний сонгон шалгаруулалтын ажил 1945 оны үеэс эхэлж байжээ. Тухайн үеийн урлагийн хэрэг эрхлэх газраас “Монгол Улсын шинэ дууллын үгийг зохиох хаалттай уралдааны дүрэм”-ийг гаргаж шүлгийн агуулга, хэлбэрийн хувьд тусгай заалт, чиг хандлагыг өгчээ. Шүлгийн уралдаанд 1945 оны арванхоёрдугаар сарын 31 гэсэн хугацаа тогтоож өгсөн хэдий боловч бүтээлүүд нь 1946 оны дөрөвдүгээр сар хүртэл ирсээр байсан ба энэхүү шүлгийн уралдаанд Ц.Дамдинсүрэн, Ц.Цэдэнжав, Д.Даржаа, Ч.Лодойдамба, Тойвгоо, Нацагдорж, Л.Дүгэрсүрэн, Д.Цэдэн, Д.Сэнгээ, Г.Чүлтэм, Наваандоо, Цэрэнжав зэрэг зохиолч, яруу найрагчид оролцжээ. Харин бэлэн болсон шүлгүүдэд нь Б.Дамдинсүрэн, Лха.Дорж, Ж.Дорждагва, Л.Мөрдорж, Д.Лувсаншарав, Г.Жамъян нар ая зохиож оролцсон нь 1949 оны эхээр бэлэн болов. Шинэ дуулал шалгаруулах ажилд маршал Х.Чойбалсан өөрийн биеэр оролцон ая, дууны олон хувилбараар харьцуулан сонсож байжээ. Ингээд “Хад” гэх нууц нэрээр оролцсон Б.Дамдинсүрэнгийн зохиосон аялгууны эхний хэсгийг “Бор шувуу” хэмээх нэртэй Л.Мөрдоржийн дууны төгсгөлийн хэсэгтэй нийлүүлсэн хувилбарыг сонгон авч симфони найрал хөгжим, цэргийн үлээвэр найрал хөгжим, найрал дуу, эрэгтэй чуулга, эрэгтэй гурвал, гоцлол зэрэг байдлаар олон удаа сонссоны эцэст баталж Улсын Бага Хурлын зарлиг гаргажээ.
-
1960 оны үндсэн хуульд тохируулж 1961 онд сүлд дууллын үгийг Цэгмидийн Гайтав, Чойжилын Чимэд нарын зохиосноор сольж байв.
-
Улс төрийн байгуулал өөрчлөгдөж «Бүгд Найрамдах Монгол Ард Улс»-аас зүгээр “Монгол Улс” нэртэй болсон 1992 оны Үндсэн хууль, 1994 оны “Төрийн билэг тэмдгийн тухай хууль”-д төрийн дууллын тухай заасан нь Монгол Улсын хуулинд анх удаа төрийн дууллын тухай бичсэн тохиолдол болжээ. Тус хуулинд хаана, хэзээ эгшиглүүлэх, хэрхэн хүндэтгэхийг тодорхой заасан юм. Тэр ташрамд 1961 оны үгийг 1950 оны үг рүү буцааж, хүний нэртэй хоёрдугаар бадгийг нь хасаж хоёр бадаг, дахилтын хамт авчээ.
-
2006 онд Их Монгол Улсын 800 жилийн ойг угтан зургаан зохиолчийг дайчлан үгийг хэсэгчлэн өөрчилсөн. Ажвал харийн дарлалаас мултарсан шинэ тулгар улсынх гэхээргүй, харин өв соёл, буурал түүхээр арвин улс юм гэмээр болгон засжээ.