Тэнгэрт хар утаа олгойдон, гал дүрэлзэж, цагдаа түргэн тусламжийн машины дуут дохио түгшүүртэйгээр дуу хадаана. Цагдаа, онцгой байдлын хувцастай авран хамгаалагч гүйлдэн, гэмтэж бэртсэн иргэд хашхиралдан тусламж хүсэж, галт тэрэгний хаалга онгойхгүй дотроос нь балбана... Минутаар биш секундээр хэмжигдэх цаг хугацаанд эрдэнэт хүний амь насыг аврахаар мэргэжлийн багууд шаламгай хөдлөх дүр зураг. Энэ бол зорчигчийн галт тэргэнд гал гарсан цагийн байдалд хийсэн үзүүлэх сургуулилт юм. Хэрэв энэ бодит байх аваас үнэхээр шаламгай ажиллаж байгаа нь харагдана.
УБТЗ-ын гамшгаас хамгаалах бэлэн байдлын дадлага сургуулилт батлагдсан хуваарийн дагуу Зорчигчийн вагон депог түшиглэн өнгөрсөн Баасан гарагт боллоо. Үзүүлэх сургалтад Нийслэлийн онцгой байдлын газар, БГД-ийн Онцгой байдлын хэлтэс, УБТЗ-ын Тээврийн хяналтын алба, ЦХОБА, Зорчигчийн вагон депо, ТЗДС-ийн оюутнууд хамтран оролцсон юм. Мөн төмөр замын Улаан загалмайн хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн алба, Эрүүл ахуйн хяналтын хэлтэс,төв эмнэлэг, ЗӨСҮТ-ийн Тандалт судалгааны алба гэхчлэн мэргэжлийн байгууллагууд баг болон оролцлоо. Үзүүлэх сургуулилтын эхний хэсэгт галт тэргээр зорчих иргэдийн дунд тарваган тахал өвчний шинж тэмдэгтэй хүн илэрснээр тухайн цувааны дарга, мастер, үйлчлэгч нар мэргэжлийн байгууллагад анхны мэдээллийг хэрхэн өгч, хамтран ажиллаж байгаа талаар ойлголт өгөх сургалт байлаа. ТЗДС-ийн оюутнууд зорчигч байдлаар тасалгаа бүрд тусгаарлагдан, хөл хорио тогтоож, мэргэжлийн байгууллагууд хамтран шат дараатайгаар ариутгал халдваргүйтгэлийг хийж, зорчигчдыг өвчний шинж тэмдгээр нь ялган эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгч байгаа мэт дуурайлган үзүүлсэн юм. Замын даргын 2022 онд батлагдсан “Зорчигчийн вагонд олон улсын хөл хориот хүн малын халдварт өвчний тохиолдол илэрсэн үед ажиллах заавар” болон мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж удирдлагын дагуу хорио цээрийг тогтоон ариутгал хийж сэжигтэй тохиолдлыг эмнэлэгт хүргэснээр энэхүү үзүүлэх сургуулилт өндөрлөлөө.
С.Хонгорзул: Хамтарч ажиллах дэс дараалал, чиг үүрэг чухал
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн албаны Эрүүл ахуйн хяналтын хэлтсийн дарга
-Хэрвээ зорчигчийн галт тэргэнд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрвэл аюул осол багатайгаар эрсдлээс урьдчилан сэргийлж, анхан шатны тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх вэ гэдэг талаар энэ сургуулилт чиглэгдэж байна. Тарваган тахал өвчнийг сонгосон шалтгаан бол манай улсад 5-10 дугаар сарын хооронд энэ өвчний идэвхжил өндөр байдаг судалгаа бий. Үүнтэй холбоотойгоор сэжигтэй тохиолдол илэрсэн үед мэргэжлийн багууд хэрхэн хамтарч ажиллах дэс дараалал чиг үүрэг маш чухал. Эрүүл мэндийн хяналтын хэлтсээс мэргэжлийн байгууллагуудын бэлэн байдлыг хангуулах, мэргэжилтнүүдэд мэдээллийг хэрхэн солилцох, хамтран ажиллах чиглэлээр зохион байгуулах үүрэг хүлээн ажиллаж байна. Мөн ажил үүргийн хуваарийн дагуу энэ удаа төлөвлөлтийн, мэдээлэл харилцаа холбооны, тандалт хяналтын, хариу арга хэмжээний баг гэсэн багийн бүрэлдэхүүнийг манай хэлтсээс удирдан чиглүүлж, зохион байгуулж ажиллалаа. Хэрвээ тарваган тахал өвчний шинж зорчигчид илэрсэн тохиолдолд Улсын онцгой комиссын дарга буюу Монгол Улсын Шадар сайдын баталсан 28 тоот журмын дагуу болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн мэдээлэл солилцох эрсдэлийн үнэлгээ хийх, хариу арга хэмжээ авах, эрсдэлийн үеийн харилцаа холбооны журам гэж бий. Энэ журмын дагуу эхний мэдээллийг авсан даруйдаа толгойлоод ажиллах мэргэжлийн байгууллага болох ЗӨСҮТ-д мэдээллийг хамгийн түрүүнд мэдэгдэнэ. Тэр болтол тарваган тахлын халдварын голомтыг тархаахгүй байх, хязгаарлах, халдвар хамгааллын дэглэмийг сахиулна. Өнөөдрийн үзүүлэх сургалтад төмөр замын Төв эмнэлэг, Тээврийн хяналтын алба, ЦХОБА зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллалаа. Бид энэ талаар боловсруулсан аюулгүй ажиллагааны дүрэм журмаа мэддэг тохиолдолд мэргэжлийн байгууллагуудаас дэс дараалалтай зөвлөмж мэдээллээ аваад айж сандралгүй, өгсөн зөвлөмжийг чандлан биелүүлснээр эрсдлийг даван гарах боломжийг бий болгох ач холбогдолтой.
Харин дараагийн дуурайлган үзүүлэх дадлага сургуулилт нь галт тэргэнд галлагааны технологи алдагдсанаас үүдэн гал гарч, улмаар өргөжиж, зорчигч гэмтэж дарагдсан, зорчигчдын нүүлгэн шилжүүлэх үзүүлбэр байлаа. Зорчигчдод тусламж үзүүлэхээр төмөр замын гал унтраах хэсгийн аврагчид ирсэн ч өөрсдийн хүчээр унтраах боломжгүй болж нийслэлийн онцгой байдлаас тусламж дуудсанаар нэмэлт хүч ирж тухайн объектод гарсан галыг унтрааж байгаагаар үргэлжиллээ. Улаан загалмайн сайн дурын ажилтнууд хамтран түймэрт өртөгсдөд тусламж үзүүлэн, түргэн тусламж ирж эмнэлэгт шилжүүлэн иргэдийг аварсан юм.
Үзүүлэх сургуулилтад ТЗДС-ийн 81 оюутан оролцож, галд өртсөн зорчигчид болон тахалд нэрвэгдэгсдийн дүрд хувирсан юм.
Д. Гантөмөр: Бие бүрэлдэхүүн бэлэн байдалд байна
Цэрэгжүүлсэн хамгаалалт онцгой байдлын албаны орлогч дарга
-Энэ жил Тээврийн хяналтын албанд төвлөрч төлөвлөгөөний дагуу үзүүлэх сургалт боллоо. Өнгөрсөн хавар Сүхбаатар өртөөнд галын үзүүлэх сургуулилтыг хийсэн бол намрын сургуулилтыг Зорчигчийн вагон депог түшиглэн хийлээ. Харин дараагийн үзүүлэх сургуулилтыг Замын-Үүд зангилаанд хийхээр төлөвлөсөн. Өртөөдөөр орж ирж байгаа аюултай ачаа гэсэн чиглэлээр хийнэ. Энэ удаагийн сургуулилтыг Зорчигчийн вагонд гал гарсан тохиолдолд зорчигчдыг хэрхэн яаж аюулгүй авран хамгаалах вэ, хэрхэн шилжүүлэх вэ гэдэг байдлаар хийлээ. Галт тэрэгний дарга үйлчлэгч, мастеруудад аюулгүй байдлын ойлголтыг ч өгч чадсан байх. Нөгөөтэйгүүр зорчигчийн галт тэргэнд хүн малын гоц халдварт өвчин илэрсэн тохиолдолд хэрхэн яаж аюулгүй байлгаж, хорио цээрийн дэглэм тогтоох, сэжигтнийг хэрхэн тусгаарлах, хаана хэнд мэдэгдэх, ямар арга хэмжээ авах юм гэдэг зарчмаар гамшгийн олон төрлийн бэлэн байдлыг хангуулах, мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр боллоо.
Аврагчид дуудлага хүлээн аваад тухайн объектод ирэх очих хугацаа, туулах зам, автомашиныхаа хурд, орц гарц, хөдөлгөөний судалгааг нарийвчлан гаргадаг. Авран хамгаалах үйл ажиллагааг ямар замаар хэдий хугацаанд хэрхэн зохион байгуулах, мөн очих хугацаанд түймрийн эрсдэл хэр тархсан байх бол гэхчлэн нарийвчилсан тооцоо судалгаан дээр богино хугацаанд галыг унтрааж эрсдэлгүй болгодог. Энэ сургуулилтын гол зорилго бол өмнө нь танхимын сургалтаар авсан онолын мэдлэгээ бодитоор үзүүлж, практик мэдлэг болгон баталж байна гэж ойлгож болно.
“Зорчигчийн галт тэрэгний цуваанд гарсан гал түймрийг унтраах тактикийн дадлага сургууль” нь аврах ажиллагааг түргэн шуурхай зохион байгуулах, хугацааг тогтоох, мэргэжлийн байгууллагуудын харилцан уялдааг хангах, албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг хангах, мэргэжлийн ур чадварыг сайжруулах үндсэн зорилготой ба тэрхүү зорилгоо ч биелүүллээ хэмээн зохион байгуулагчид дүгнэлээ.
А.Энхсайхан