УБТЗ-ын даргын зөвлөх Р.Рашийн урилгаар “Кореа Нэйшнл Рэйлвэй” байгууллагын гүйцэтгэх захирал асан “Зүүн хойд Азийн төмөр замын форум” хамтын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Ким Санг Гюүнь өнгөрсөн жил Монголд хүрэлцэн ирж, УБТЗ-ын ажилтнуудад сонирхолтой илтгэл тавьсан билээ. Уулзалтын төгсгөлд тэрбээр төмөр замчдын сонирхсон асуултад хариулж, халуун дотно ярилцсан юм. Ким Санг Гюүнь Монголчуудад тэр дундаа мэргэжил нэгт төмөр замчдадаа тун элэгсэг ханддаг нэгэн. Түүний дэмжлэгийн үрээр өдгөө ГТХЗНТ-ийн шинэ барилга БНСУ-ын санхүүжилтээр баригдаж байгаа билээ. Түүнчлэн, Улаанбаатар хотын метроны төслийн судалгааны ажилд ч гар бие оролцсон зэрэг ажил хэргийн олон сэжмээр тэр Монголчуудтай холбоотой ажилладаг юм.

Тиймээс манай сонины редакциас “Зүүн хойд Азийн төмөр замын форум” хамтын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Ким Санг Гюүньтэй цахимаар холбогдож, сонирхол татсан зарим сэдвээр манай уншигчдад мэдээллийг тоймлон хүргэе.

 

-“Зүүн Хойд Азийн төмөр замын форум”-ыг байгуулах болсон шалтгаан нь юу байв?

 

-“Зүүн хойд Азийн төмөр замын форум”-ыг 2018 онд байгуулсан. Гол зорилго нь Зүүн Азийн зургаан улс болох БНХАУ, ОХУ, Монгол, Япон, БНСУ, Хойд Солонгосыг төмөр замаар холбох юм. Ингэснээр ачаа болон зорчигч тээврийн эргэлт идэвхжиж, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийх нөхцөлийг бүрдүүлж, эдийн засгийн хамтын ажиллагаагаар дамжуулан Зүүн Азийн бүс нутгийн хамтын хөгжил цэцэглэлт төдийгүй энх тайвныг бий болгоход ихээхэн дөхөм болно гэж үзэж байна.

Зүүн Азийн дээрх зургаан орны өнөөгийн байдлыг авч үзвэл ДНБ-ний хэмжээ нь 20.1 их наяд ам.доллар болж байна. Энэ нь дэлхийн ДНБ-ний 25.2 хувийг хангаж байгаа үзүүлэлт. Нөгөө талаар, энэ бүс нутагт нэг тэрбум 790 сая хүн амьдардаг. Энэ бол дэлхийн нийт хүн амын 23.2 хувь гэсэн үг.

 

-Зүүн Хойд Азийн төмөр замын сүлжээнд холбогдоход гарах үр дүнг та хэрхэн харж байна вэ?

 

-Хил залгаа орнуудыг төмөр замын сүлжээнд нэгтгэснээр олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлж, эдийн засгийн хамтын нийгэмлэгийг байгуулах суурь бий болно.

Өмнөд, Хойд Солонгос хоёр орныг төмөр замыг холбосноор Зүүн Хойд Азийн бүс нутагт нэг өдөрт зорчих боломж бүрдэх төдийгүй нийгэм, эдийн засгийн харилцаа хөгжих боломжтой юм. Тухайлбал, галт тэргээр Сөүл-Сонянг хооронд гурав, Сөүл-Бээжин хооронд найм, Сөүл- Улаанбаатар хооронд 36 цаг зорчих боломж бүрдэнэ.

Мөн далайд гарцгүй Монгол Улсын хувьд төмөр замаараа БНСУ, Япон зэрэг орнууд руу экспорт, импорт хийх боломжтой болно. Эрдэс баялаг, үр тариа, мод модон материал, шинэ хүнсний бүтээгдэхүүний сүлжээ ч бий болно. Зорчигчийн галт тэргээр дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой.

Өнөөгийн байдлаар Орос, Украины дайн, Өмнөд болон Хойд Солонгосын харилцаа зэргээс үйл явц эрчимтэй бус байгаа ч олон улсын харилцаа шийдэгдсэний дараа манай нийгэмлэгийн зорьж буй ажил эрчимжинэ гэж төлөвлөж байна.

 

Монгол БНСУ хоёр орны төмөр замын хамтын ажиллагааны тухай товч мэдээлэл өгнө үү?

 

Монгол Улсын төмөр замын мастер төлөвлөгөөг 2019 онд боловсруулж байлаа. 2019-2021онд Тавантолгой - Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын далан, газар шороо болон зам гүүрийн угсралтын ажил дээр технологийн зөвлөгөө өгсөн. Мөн 2021-2024 онуудад төмөр замын дохиолол, холбооны системийг суурилуулах ажлыг гүйцэтгэсэн. Монгол Улсад “Кореа Нэйшнл Рэйлвэй” байгууллагын салбар төлөөлөгчийн газраа ч нээсэн. Одоо Монгол Улсын Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийг шинээр барих ажлыг дэмжин ажиллаж байна. Монгол, Солонгос хоёр орны төмөр замын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд “Кореа Нэйшнл Рэйлвэй” байгууллага болон “Монголын төмөр зам” ТӨХК хооронд 2019 онд анх “Санамж бичиг”-т гарын үсэг зурж байсан. Төмөр замын мэргэжлийн боловсон хүчний чадавхийг дээшлүүлэхийн тулд Монголын төмөр замын салбарынханд зориулж сургалт зохион байгуулсан. Монголын төмөр замын салбарын ажилчдыг “Глобал боловсон хүчин бэлтгэх магистерын зэрэгтэй тэтгэлэгт хөтөлбөр”-т хамруулж байгаа зэргээр хамтран ажиллаж байна. Цаашид ч хоёр улсын төмөр замчид илүү өргөн хүрээнд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэв. Ингээд түүний манай редакцид бэлтгэн ирүүлсэн материалыг хүргэж байна.

 

-Төмөр замын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх шийдлүүд

-Энэ оноос 2030 он хүртэл Улаанбаатар хотын метроны нэгдүгээр шугамыг барих төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэхээр болсон. Үүнд,ТЭЗҮ шинэчлэх, эскиз зураг боловсруулах, гэрээний удирдлагаар хангах, гүйцэтгэлийн хяналт, үйл ажиллагаа зорчигч тээвэрт  бэлтгэх зэрэг нэгдсэн төслийн удирдлагаар хангаж ажиллана.

 

Улаанбаатар хотын метрог барих боломж

 

Улаанбаатар хотод зам тээврийн түгжрэл үүсэж буй шалтгаан:

  -Хотын хүн амын хэт төвлөрөл

 -Нийтийн тээвэр дутмагаас хувийн машины хэрэглээ өссөн 

  - Автомашины тоотой харьцуулахад дэд бүтэц хангалтгүй, мөн авто машинаас агаарын бохирдол үүсэж байна

   -Нэг хүн тутмын түгжрэлд зарцуулж буй цаг өдөрт дунджаар 2.5 цагт хүрсэн

 

 Метрог барьснаар гарах үр дүн  

 

  • Их багтаамжийн тээвэр буюу метро нь нэг удаад 600-1200 хүн тээвэрлэх боломжтой. Дөрвөн вагон нэг зорчилтод 610 хүн, суудлын тоо 174, зогсоогоор 436 хүн зорчино. Зургаан вагонд, суудалд 267, зогсоогоор 666, нийт 933 хүн тээвэрлэнэ. Найман вагонд суудалд 360, зогсоо 894, нийт 1254 хүн зорчино. Зундаа сэрүүн, өвөлдөө дулаан, зорчигч тав тухтай аюулгүй зорчино. Зам тээврийн осол буурна, агаарын чанар сайжирна

  • Газар доорх хонгилон замыг ашигласнаар авто замд түгжрэхгүй, цагийн ажил амжиж, үүнээс үүдэн хүн хоорондын итгэлцэл үүсэх таатай нөхцөл бүрдэнэ.

  • Ажилдаа явах, тарах цагийг хэмнэснээр автомашины тоо буурч, зогсоолоор ашигладаг талбайд зай гарч тэлнэ.

  • Гол зам дах буудал өртөөг хөгжүүлэх сайн талтай. Худалдаа, үйлдвэрлэл, ажил, тав тухтай байгууламж, дамжин өнгөрөх төв гэх мэтээр тухайн өртөө зөрлөгийн дэд бүтэц сайжирна.

  • Төсвийн зардал хэмнэгдэнэ. Өртөө орчмын бүсийг хөгжүүлснээр түүний ашиг орлогоор барилгажилтын зардлыг нөхөх боломжтой

 

Иргэд болон зорчигчид ашиглахад илүү ойртуулах

 

      -Барилгажих хугацааны турш газар дээрх зам тээврийн түгжрэлийг шийдэхийн тулд сүүлийн үеийн технологи болох (TBM) ашиглан тунель гаргах

    -Солонгосын өртөө орчмын бүс нутгийг хөгжүүлэх бодит жишээ

   - Сөүл өртөө шиг нэгдсэн дамжин өнгөрөх төвийг төлөвлөж өгөх

   - Ганнам дүүрэг орчмын томоохон дамжин өнгөрөх төвийг хөгжүүлэхийг төлөвлөж өгөх

 

Монголын төмөр замыг хөгжүүлэх шийдэл

 

  • Төмөр замын салбарын бүтэц тогтолцоог шинэчилж өндөр бүтээмжтэй зохион байгуулалттай болгох

  • Солонгосын төмөр замын тогтолцоог шинэчилсэн бодит жишээнээс санаа авч Монгол улсын Зам, Тээврийн яам болон “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн үүрэг хариуцлагыг тодорхой болгох

  • Төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх

  • Төмөр замын тахирыг шулуун болгох мөн хос шугамтай болгох

  • Дохиолол, холбооны системийг шинэчлэн сайжруулах

  • Уул уурхай болон аялал жуулчлалын салбарыг зэрэг хөгжүүлэхэд тохиромжтой төмөр замыг ерөнхий төлөвлөгөөний дагуу чухал эрэмбээр нь жагсааж тасралтгүй төмөр замын бүтээн байгуулалтыг хийх

  • Төмөр зам болон нийтийн тээврийн үүрэг хариуцлагын хуваарилалтыг тодорхой болгох

 

Дунд болон урт трассд: Төмөр замаар шийдэх

Богино трассд: Автобус, метро, такси, хувийн автомашин гэх мэт

Ачааны терминал болон ложистикийн төвийг байгуулснаар ачаа тээврийн ачилт буулгалтыг үр ашигтайгаар удирдах

Ачаа тээврийн удирдлагыг цахим дижитал болгох мөн IT системийг чанартай болгох

Төмөр зам, метрог барихад хөгжингүй гадны орны технологийг авч технологийн хувьд бие даахад дэмжин ажиллах

Мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх