НОБГ-ынГамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн менежер, дэд хурандаа М.Цогтбаяртай уулзаж, газар хөдлөлтийн гамшгийн үед ард иргэд гэртээ аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар зөвлөгөө авлаа.
-Газар хөдлөлтийн гамшиг, сүйрлийн хор хохирлыг бид Туркийн жишээнээс харлаа. Газар хөдлөлтийн үед аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар зөвлөгөө өгөөч?
-“Газар хөдлөлтийн болзошгүй гамшиг” гэдэг хуулийн нэр томьёо бий. Яагаад гэвэл газар хөдлөлтийг урьдчилан мэдэх боломжгүй. Дэлхий нийтэд үүнийг урьдчилан мэдээлэх багаж техник хэрэгсэл одоогоор байхгүй. Тэгэхээр газар хөдлөлтийн болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд ард иргэд юун түрүүнд гэр дотроо аюулгүй байдлаа хангах хэрэгтэй. Энэ талаар хамгийн анхан шатны мэдвэл зохих мэдээллийг өгье.
Ор, шүүгээний байрлал чухал
Нэгдүгээрт, орон сууцанд амьдарч байгаа хүмүүс эхний ээлжинд хувцасны шүүгээг зөв байрлуул. Шүүгээг ор руу өргөн талаар нь харуулаад байрлуулчихвал дарж унах эрсдэлтэй. Тиймээс шүүгээг болж өгвөл орны хажууд зэрэгцүүлээд байрлуулах хэрэгтэй. Олон улсын жишгээс харахад хувцасны шүүгээ болон бусад тавилгын хэмжээг намсгаж,хөнгөн материалаар хийх болсон нь аюулгүй байдалтай холбоотой. Гэтэл манайхны хувьд нүсэр том, зай талбай эзэлсэн хүндтавилгуудыг сонгосон хэвээр байна. Ийм том тавилгуудыг нэг бол хананд нь бэхлэх шаардлагатай. Харамсалтай нь, манайхан бэхэлгээ огт хийдэггүй. Мөн ихэнх айл унтлагын орыг өрөөнийхөө төв хэсэгт байрлуулдаг. Ийм тохиолдолд тааз голоороо хугарч V хэлбэрийн нуралт үүсэхэд орон дээр байгаа хүн дарагдах аюултай. Нөгөө талаар, орыг өрөөний голд байрлуулсан тохиолдолд дээр нь гэрлийн бүрхүүл таардаг. Монгол айлууд орныхоо толгойн дээр том жаазтай зураг, эсвэл морин хуур,цаг, медаль гэх мэт зүйлийг өлгөсөн байх нь нийтлэг. Тэдгээр нь зөвхөн хананы хадаасны тав дээр тогтдог, өлгүүр дэгээ нь хэврэг байх жишээтэй.Түүн дороо өөрсдөө унтдаг. Мөн ихэнх айл орныхоо урд хивс дэвсэхдээ орныхоо хөлний доогуур үзүүрийг нь хийдэг. Гэтэл хивс газар хөдлөлтийн үед хаашаа ч хамаагүй гулгадаг зүйл. Өөрөөр хэлбэл, газар хөдлөлтийн үед ороо чирээд гулгаад явна. Энэ нь аюул эрсдлийг улам нэмэгдүүлдэг. Зүй нь ороо байрныхаа даацын ханатай хэсэгт битүү буланд байрлуулах нь илүү аюул багатай гэж үздэг. Тэгэхээр орон сууцныхаа даацын хана, тусгаарлагч хананы байрлалыг мэдэж байх шаардлагатай. Яагаад би үүнийг онцолж сэрэмжлүүлж байна гэхээр Туркийн жишээн дээр авч үзэхэд газар хөдлөлтийн тасралтгүй үргэлжилсэн хугацаа нь нэг минут 29 секунд гэж үзэж байгаа. Үүнээс 20 секунд орчим нь л маш идэвхтэй хүчтэй чичирхийлэл болсон гэж үзсэн. Хэрэв газар хөдлөлт шөнө болбол газар хөдөлсөн хугацааг гурав хувааж авч үзвэл 2/3 хувь нь өнгөрсөн хойно нь хүмүүс мэдэх магадлалтай. Тийм учраас нөхцөл байдал хүндрэх аюултай. Тиймээс бид гэр доторх аюулгүй байдлаа бүрдүүлэх нь илүү үр дүнтэй.
Ширээгээ шалтайгаа бэхэл
Газар хөдлөхөд хүмүүс ширээн доогуур орж болно болохгүй гэж ярьдаг. Ширээн доогуур орж болно. Гэхдээ ширээний нэг талыг хананд шахаж байрлуулаад хөлийг нь шаланд хөдөлгөөнгүй бэхлэсэн байх ёстой. Дээр нь, тухайн ширээнь модон болон төмөр хөлтэй бат бөх чанартай байх ёстой. Дээрээс нь юм уналаа гэхэд тавцан нь амархан хугарахгүй бат бөх байх шаардлагатай. Шилэн болон, чулуун тавцантай ширээн доогуур орж сууж болохгүй. Мөн ширээг хивсэн дээр байрлуулж болохгүй. Мөн ширээн дээр ус буцалгагч байрлуулж болохгүй. Хэрэв халуун ус асгарвал дор нь байгаа хүмүүс түлэгдэх аюултай. Ус буцалгагчийг унахааргүй байнгын тогтоосон газар байрлуулах ёстой.
Цонхны тюлиэ өдөр ч бүү нээ
Өдрийн цагаар цонхны тюлийг хөшигтэйгөө хамт нээдэг айл олон. Зүй нь тюль өдөр ч, шөнө ч байнга татаастай байх ёстой. Вакум цонхны шил бол уян. Даралт ирэхэд бага зэрэг бөмбийж байгаад асар хүчтэй тэсэрдэг.Тэгэхээр тюль цонхны шилний бутралтын хүчийг сааруулах, тогтоон барих үүрэгтэй гэсэн үг. Тиймээс тюльний уртын хэмжээ хамгийн багадаа цонхны тавцангаас доош 25см-ээс богиногүй, шаланд хүрэх урттай байх тусмаа сайн. Нөгөө талаар, цонхны тюль нь нарны хэт ягаан туяаг сарниулдаг эрүүл мэндийн хувьд давхар ашиг тустай гэдгийг санах хэрэгтэй. Аюулгүй байдлын үүднээс цонхондоо машины шилэнд наадаг шиг хуулга нааж болно. Наахдаа цонхны хэмжээгээр дүүргэж наах хэрэгтэй. Цонхонд наадаг тень бол бууралттай, бууралтгүй гэж олон янз бий. Энэхүү тень наах арга нь зөвхөн газар хөдлөлтийн үед гэхгүй бусад үед цонх хагарсан тохиолдолд хүүхэд гэмтэхээс ч давхар хамгаалах ач холбогдолтой.
Хаалга аюулгүй байдалд ямар нөлөөтэйг мэдэх үү
Гадна талдаа болж өгвөл хоёр хавтастай хаалга сонго. Учир нь, хоёр хавтастай хаалга даралт, нуралтын үед жайжийхдаа зай гарч онгойх магадлал нь илүү.Нэг хавтастай хаалга онгойх магадлал багатай байдаг. Ихэнх орон сууцны доторх өрөөнүүдийн хаалгыг дотогшоо онгойдгоор хийсэн байдаг. Хэрэв ямар нэг аюул эрсдэл учирлаа гэхэд хаалга дотогш онгойдог бол хүчтэй татахад хаалганы бариул салчихдаг. Тиймээс дотор байгаа хүн гарах аргагүй болдог. Хэрэв гадагшаа онгойдог бол нөхцөл байдал хүндэрлээ гэхэд хүн дотроос нь цөм мөргөөд гарч ирэх боломжтой. ОХУ-д олон нийтийн үйлчилгээний газруудын гадна талын хаалгыг хоёр хавтастай модон хаалгаар солих болсон нь энэ аюулгүй байдалтай холбоотой. Дээрээс нь хоёр хавтастай хаалгаар гарах хүний тоо, нэг хавтастай хаалгаар гарах хүний тооноос хоёр дахин олон гэж үздэг. Хаалга том, гэрэл гэгээ их байх тусмаа хүмүүс унахгүй хурдан гарцгаах магадлал өсдөг. Ер нь, газар хөдлөлтийн үед цахилгаан эрчим хүчийг хамгийн түрүүнд салгах шаардлагатай. Яагаад гэвэл газар хөдлөлтийн гамшгийн үед цахилгаанаас үүдсэн гал түймэр гарах эрсдэл өндөр. Тиймээс албан байгууллага аж ахуйн нэгжийн жижүүрүүд бол газар хөдлөлтийн үед хамгийн түрүүнд цахилгааныг таслах үүрэгтэй. Цахилгаан тасарсан тохиолдолд харанхуйд хүмүүс унах эрсдэл их учир хаалга цэлгэр том байх нь чухал гэдэг үүднээс хоёр хавтастай хаалгыг зөвлөдөг.
Хөргөгч, хөлдөөгчний дугуйг ав
Олон улсын жишээгээр гэрт байрлах хөргөгч, хөлдөөгчний дугуйг авах, эсвэл дугуйг нь газраас хөндийрүүлж мод ивдэг. Газар хөдлөлтийн үед дугуйтай зүйл хаашаа ч хамаагүй өнхрөөд цахилгааны утас татагдах, үрэгдэх байдлаас гал гарах эрсдэл үүсдэг. Мөн хөргөгч, хөлдөөгч нь өнхөрч хүмүүсийг мөргөсөн тохиолдол байдаг. Тиймээс дороо дугуйтай эд зүйлсийг хөдөлгөөнгүй болгох арга хэмжээг авах шаардлагатай. Үүнээс гадна манайхан хананд юм өлгөхдөө ханын ганц хадаасаар тогтоодог. Зүй нь, хананд зориулалтын тэлэгчтэй, тахир шрупээр тогтоох ёстой. Ханын хадаас маш амархан мултарч гарч ирдэг. Бас нэг анхаарах зүйл нь өндөр тавилгын дээр тавьсан хүнд жинтэй зүйлс газар хөдлөлтийн үед хамгийн хол шидэгддэг аюултай. Тиймээс өндөрт хүнд жинтэй зүйлс, дурсгалын зүйлсийг байрлуулахгүй байсан нь дээр. Ийм жижиг гэлтгүй зүйлсийг гэртээ өөрчилснөөрөө бид аюулгүй байдлаа хангах, эрсдлээс урьдчилан сэргийлж, аюул гамшгийн хор хохирлыг бууруулж болно. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй гэдэг. Манай сургалтад суусан хүмүүс “Нээрээ тийм байна шүү” гэцгээгээд явдаг. Гэртээ очоод энд сурсан мэдсэн, дуулснаа амьдрал дээр яг хэрэгжүүлж байна уу, үгүй юу гэдэг л байна.
-Туркийн газар хөдлөлтийн жишээнээс хүмүүс амьдарч байгаа орон сууцныхаа чанарт санаа зовж байна. Мөн өндөр барилга илүү эрсдэлтэй юу гэцгээж байна. Та энэ асуултад хариулт өгөөч?
-Манайхан барилгын нэг давхрын ханыг нурааж, худалдаа, үйлчилгээний зориулалтаар ашиглах байдал маш түгээмэл. Барилгын үндсэн бүтээцийг өөрчилж даацын ханыг нурааж байгаа нь тэр барилга орно сууцанд амьдарч байгаа бүх хүмүүсийн аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа хэрэг. Хэрэв тийм тохиолдол гарч байгаа бол шууд цагдаад дуудлага өгөөрэй гэж зөвлөе. Газар хөдлөлтийн үед өндөр барилга илүү өртөнө, намхан барилга бага өртөнө гэсэн зүйл байхгүй. Бага баллаар газар хөдлөхөд өндөр барилгуудад илүү мэдрэгддэг хэрнээ хүчтэй газар хөдлөлтийн үед намхан барилгуудад илүү нөлөөлдөг. Газар хөдлөлтийн талаар маш их зүйлийг ярьж болно. Хамгийн анхан шатны аюулгүй байдлаа хангах зөвлөгөө өгөхөд ийм байна.
-Цаг зав гарган манай уншигчдад үнэтэй зөвлөгөө өгсөн танд баярлалаа.
ЯРИЛЦСАН Б.ГҮНЖИНЛХАМ