Тээвэр зохион байгуулалтын албаны дарга М.Цогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УБТЗ-ын хэмжээнд зуны тээврийн бэлтгэл ажлыг хангалттай гэж энэ хаврын үзлэг дүгнэлээ. Танай албаны хувьд энэ удаагийн үзлэгээс ямар дүгнэлт хийв?
-Замын даргын хаврын үзлэг бүх өртөө, зөрлөг, хэсгүүддээ дөрвөн долоо хоногийн турш зуны тээврийн бэлтгэл ажлыг шалгаж төмөр замчидтайгаа уулзан алдаа дутагдлыг нь хэлж, мөн олон жил үр бүтээлтэй ажиллаж буй хүмүүсээ шагнаж урамшууллаа. Шугам замд гэлтгүй төвийн хэсгийн зарим байгууллагуудад, ер нь Замын хэмжээнд ажиллах хүчний хомсдол үүссэн, шинэ залуу ажилтнууд их нэмэгдэж тэднийг төмөр замчин болгох, сургаж дадлагажуулахад илүү анхаарч ажиллах шаардлагатай нь үзлэгийн явцад харагдаж байлаа.Хэдий тийм боловч манай байгууллагууд үзлэгтээ сайн бэлдэцгээж хийж бүтээсэн ажлуудаа танилцуулсан нь зэмлэлээсээ сайшаал нь илүү байв уу гэж бодож байна. Манай албаны хувьд 83 өртөө, зөрлөгөөс 60 орчим хувь нь ямарч зөрчил дутагдалгүй шалгуулсан. Өмнөх үзлэгтэй харцуулахад зөрчил, дутагдал 30 орчим хувиар буурсан нь тэд бүгд хичээж ажиллаж байгаагийн илрэл. Төвийн хэсэгт Улаанбаатар, Амгалан өртөөний хувьд өмнөх үзлэгээр 15 зөрчил бичигдэж байсан бол энэ удаа 10 зөрчил илэрч, АБТЭМА-ийн хувьд зөрчилгүй шалгууллаа. Ажил хийж байхад алдаа дутагдал гардаг, шинэ ажилтнууд бичиг баримтаа хөтлөхдөө гаргасан алдаагаа дахин давтахгүй байхад анхаарах хэрэгтэй. Мэдээж, төгс ажиллах гэдэг амаргүй, хичээж байгаа цагт үр дүн гарна гэж боддог.
-Тээврийн хэмжээ цаашид улам нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжлийн хүмүүс нь онцолж байна. Энэ бүхэнтэй зэрэгцээд боловсон хүчний асуудал УБТЗ-д хамгийн хөндүүр сэдэв болсон нь танай албаны ажилд гол нөлөө үзүүлэв үү?
-Төмөр замын тээврийн гол үзүүлэлт ачаа тээвэрлэлт юм. Бид 2021 онд 31.2 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн дээд амжилт тогтоосон бол 2022 онд 27.6 сая тонн ачаа тээвэрлэсэн. Өнгөрсөн онд ч тээвэр бүхэлдээ муу байгаагүй. Манай албаны хамт олон өнгөрсөн оны IV улиралд 863/8.6/ сая тонн ачаа тээвэрлэж түүхэн амжилт тогтоосон. Энэ оны I улирлаар 861 /8.1/ сая тонн тээвэрлэсэн нь өмнөх жилүүдийн уг улиралтай харьцуулахад мөн шинэ тээвэрлэлтийг амжилттай зохион байгуулсан байна. Өнөөдрийн байдлаар,бид 12 сая.тн ачаа тээвэрлээд байгаа бөгөөд төлөвлөгөөнөөс 807 мян.тн илүү буюу 2023 онд тээврийн шинэ амжилт үзүүлэх боломжтой байна. Үүнээс гадна зэргэлдээ төмөр замуудтай галт тэрэг солилцоог сайжруулахаар ажилласны үр дүнд гуравдугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар-Наушкиар анх удаа 10 галт тэрэг солилцсон бол өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 16-нд Замын-Үүд-Эрээн хооронд анх удаа 17 галт тэрэг солилцсон түүхэн амжилтыг хилийн өртөөний төмөр замчид маань тогтоосон. Шинэ төмөр замуудтай холбоотой Зүүнбаян-Сайншанд өртөөдийн хөгжил, хилийн өртөөд, зарим хэсгийн өртөөний ажилтай уялдуулсан орон тооны асуудлыг албаны хэмжээнд нэгтгэн Замын удирдлагад хүргүүлээд байна.
-Вагон хуваарилалтын асуудлаас эхлээд энэ онд хөдөлгөөнчдийн хөдөлмөр зүтгэл, ажил мэргэжлийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөхүйц үйл явдлууд ар араасаа хөвөрлөө. Яг гол тогоонд нь ажиллаж байгаа хүний хувьд та үүний шалтгаан нөхцлийг хэрхэн харж байна вэ?
-Иргэд, үйлчлүүлэгчдийн зүгээс УБТЗ-ыг хаалттай байгууллага гэсэн шүүмжлэл их гардаг. Гол шийдэл нь бүх үйлчилгээ шилэн байхад оршиж байна. Замын даргын өгсөн үүргийн дагуу Мэдээллийн технологийн албатай хамтран тээврийн үйлчилгээг шилэн болгох, мэдээллийн ил тод байдлыг харуулах ажлын эхний үе шатыг хийж дуусаж, нээлттэй шилэн байдалд нэг шат ахилаа.Энэ хүрээнд нэгдүгээрт, “Ачаа тээврийн нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг байгууллаа. Удирдах газрын баруун хаалгаар орж дамжин өнгөрөх болон экспорт, импортийн гэх мэт тээвэртэй холбоотой мэдээллийг нэг дороос авах үйлчилгээ үзүүлж буй нь ачаа илгээгч, хүлээн авагчдын талархлыг хүлээж байна. Мөн 19001949 лавлах дугаараас гадна, “Call center” тусгай дугаарт утасны нэгдсэн үйлчилгээгээр холбогдох мэргэжлийн инженерүүдээс утсаар мэдээлэл авах бололцоог бүрдүүлж байна.Хоёрдугаарт, “АТҮЦС” буюу Ачаа тээврийн үйлчилгээний цахим системын программын шинэчлэлийн ажлыг хийж экспортын бүх төрлийн ачааны захиалгыг зөвхөн цахимаар авах, нүүрс, төмрийн хүдэр, жонш зэрэг экспортын ачилтанд тавигдах хоосон вагоны дарааллыг хилээр орж ирсэн он сараар дараалуулан ил тод болгосноор, ачаа илгээгч бүр өөрсдийн вагоноо хаана хүлээгдэж байгаа, аль байгууллагын дараа ачих ёстойг тогтмол хянах бололцоог бүрдүүлсэн. Гуравдугаарт, www.ubtz.mn вэб сайтаар тээврийн тариф, үйлчилгээг хэрхэн авах, тээвэрлэлттэй холбоотой мэдээллүүдийг авах боломж бүрдүүлж, олон нийтэд хүргэх ажлыг Маркетингийн албатай хамтран зохион байгуулж байна.
-Тантай уулзсаных орхиж болохгүй нэг асуулт байна. Тээврийн зохион байгуулалт амин чухал ажилд хэн нэгний нөлөөлөл ороод аль эсвэл хэн нэгэн албан тушаалтан дур зоргоороо явцуу эрх ашгаа гүйцэлдүүлээд байх боломж бололцоо үнэхээр бий гэж үү?
-Төмөр замчдын ажлын нэгдсэн зохион байгуулалт галт тэрэгний хөдөлгөөний зурмагт уялдаж байдаг. Төмөр замд ачилтын тушаал өгөх, вагоныг салбар замд тавихтай холбоотой дараалал дайруулдаг гэсэн шүүмжлэлийг шилэн болгож АТҮЦС программ,www.ubtz.mn цахим хуудсыг нээн мөн ачилтын өртөөдөд тусгай дэлгэц байрлуулан дарааллын мэдээллийг ил тод болгосноор энэ талаарх хардлага арилаад байна. Сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийн вагоны тоо нэмэгдэж, УБТЗ-аас даруй дөрөв дахин их буюу 12 мянгыг давсан. УБТЗ-ын вагонуудын тээврийн хэрэгцээнээс хамаарч экспортын нүүрс, төмрийн хүдэр, жоншны тээвэрлэлтийг зөвхөн хувийн эзэмшлийн вагоноор тээвэрлэж байна. Иймээс бид уг тээврийн ачилтын тушаалыг өгөхгүй, вагон эзэмшигч ачаа илгээгч нар хоорондоо тохирч тээвэрлэлтийг зохион байгуулж хувийн вагонтой байгууллагуудын холбогдох менежерүүдийг вайбер группд тогтмол мэдээлэл солилцох талбарыг бий болгосноор УБТЗ-тай холбоотой олон жил яригддаг санал шүүмжлэлийг засаж чадсан.
-Зөрлөгийн жижүүрээс хөдөлгөөнчид бараг бүхэлдээ залуужжээ. Эдгээр залуусаа ажлын талбарт нь бэхжүүлэх, чадавхжуулах чиглэлээр ямар бодлого барьж байгаа вэ?
-Замын урд хэсэгт зөрлөгийн жижүүрүүдийн маань 60 гаруй хувь нь 1-2 дахь жилдээ ажиллаж буй залуус байна. Ажлын үр дүн ажиллагсад болон удирдах ажилтнуудын тогтвор суурьшил, байгууллагын тогтсон соёл, ажлын туршлагаас маш их шалтгаалдаг. Миний баримталдаг зарчим гэвэлнэг жилийн хугацаанд албан тушаалтныг ажлаа гартаа оруулах боломжийг олгох, зааж сургах, чиглүүлэхэд илүү анхаардаг. Тиймээс хуучин Улаанбаатар өртөөнд хэрэгжүүлж байсан шинэ залуу ажилтны хөтөлбөр, карьер төлөвлөлтийн менежмент, ажил албан тушаалд хөрвөн ажиллах хөтөлбөрүүдийг албаны хэмжээнд нэвтрүүлж ажилласан хугацаанаас нь хамааруулж орон тоо гарахыг хүлээлгүйгээр дараагийн хүссэн албан тушаалд ажлынх нь хажуугаар бэлтгэх бодлогыг хэрэгжүүлсэн. Гол нь сургууль төгсөөд ирж буй залууст тэгш хөгжиж, дэвших боломжийг олгох итгэл найдварыг төрүүлэх, хамт олноороо бахархах байгууллагын соёлыг төлөвшүүлэх нь залуучуудыг ажлын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх юм.Мөн олон жил ажилласан туршлагатай ч ажил албан тушаал дэвшүүлэн ажиллахад төдийлөн шалгуур хангахгүй байгаа залуусыг ТЗДС болон ПТК-той хамтран шалгалтгүйгээр эчнээ ангид суралцах бололцоог бүрдүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр ажлаас гарах нэг ч гэсэн шалтгааныг бууруулах үндэс болно. Тийм ч учраас албаны 2500 орчим ажилтны бодлого зангидах хүний нөөцийн орон тооны бус зөвлөлийг байгуулан ажиллаж эхэлсэн.
-Та ОХУ-д тодорхой хугацаанд ажиллаж амьдраад ирсэн. РЖД-ээс УБТЗ-д ялангуяа тээвэр зохион байгуулалтын чиглэлээр нэвтрүүлж болмоор, ирээдүйд зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай ямар шийдлүүдийг ажиглав?
-Нэн тэргүүнд сургалтын орчин, зааварчилгаа өгч буй хэлбэр, сургах арга барилыг УБТЗ-ын хэмжээнд санааг нь нутагшуулан нэвтрүүлэх ёстой гэж боддог. РЖД-ын ажиллагсдын техникийн хичээлийн сургалтад ашиглаж буй “Система Дистанционного Обучения” буюу алсын зайн сургалтын систем 2022 оны ОХУ-ын шилдэг платформ болсон. Албаны хэмжээнд он гарсаар танхимын сургалтыг 14 хоногт нэг болгон бууруулах, долоо хоног бүрийн 2,3, 4 дэх өдөр хийдэг хөдөлгөөн, ачаа тээвэр, техник хэлтсийн зөвлөгөөнүүдийг мөн 14 хоногт нэг удаа хийдэг болгон өөрчилсөн нь томоохон суурин газруудад ажиллаж буй ажилтнуудыг түгжрэлд зарцуулдаг хугацааг богиносож гэртээ амрах, суралцах, бололцоог нэмэгдүүлсэн. Мөн РЖД-ын жишгийн дагуу албаны хэмжээнд долоо хоног бүрийн 1,3 дахь өдрүүдийг албаны хэмжээнд ямар нэгэн хурал зөвлөгөөн хийхийг хориглож дунд шатны удирдах ажилтнуудад долоо хоногийн ажлаа дүгнэн хэлэлцэх, аюулгүй өдөрлөг нормативт үзлэг шалгалтаа хийх боломжийг гаргаж өгсөн. Цаашид бидний хэрэглэж буй ивүүрүүдийг зориулалтаар нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал нефтийн ачаа буудаг галын аюултай замуудад хөнгөн цагаан ивүүр хэрэглэх, найруулагчийн бригадад сүүлийн 3.5 кг жинтэй хөнгөн ивүүрүүд ашиглах, дов дээр довын ивүүрүүд мөн ивүүрийн тооцоо хийж буй аргачлалыг техникийн зөвлөлөөр хэлэлцүүлэх, өртөөдийн ивүүрийн нөөцийг дахин авч үзэж ТЗА-нд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!
Ярилцсан Б.Дэлгэрхишиг