УБТЗ-ын Тээврийн хяналтын албаны дарга М.Цогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Замын даргын А/02 тоот тушаалаар энэ онд “Аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх” зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтын хэрэгжилт ямар түвшинд яваа вэ?
-Аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх зорилтын хүрээнд үндсэндээ дөрвөн асуудлыг ярих ёстой. Эхнийх нь Аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэхэд манлайлал чухал. Тийм ч учраас Замын дарга аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэхэд өөрийн манлайллын талаар төмөр замчдадаа хандан амлалт тавьсан. Мөн Замын орлогч дарга нар, албад, аж ахуйн нэгжийн дарга нар ч манлайлах учиртай. Аюулгүй байдлын соёлыг байгууллагын удирдлага өөрөө зааж, үлгэрлэхгүй бол энэ соёл тухайн байгууллагад түгэхгүй. Хоёр дахь нь ажилтан бүрийн оролцоо. Гуравдугаарт, аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэхэд мэдээллийн тогтолцоо чухал үүрэгтэй гэж харж байгаа. Тиймээс манай албанаас энэ тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна. Дөрөвдүгээрт зөв дадал хэвшил, арга барил, хандлагыг төлөвшүүлэх юм. Аюулгүй байдлын соёл нь ажилтан бүр өдөр тутмын үйл ажиллагаандаа хариуцлагатай хандаж, аюулгүй байдлыг эрхэмлэж, ажил үүргээ мэргэжлийн түвшинд гүйцэтгэх тухай ойлголт юм. Өөрөөр хэлбэл ажилтан бүр ажил үүргээ цаг хугацаанд нь хэн нэгний хараа хяналтгүй, дүрэм журмын дагуу гүйцэтгэж сурах тухай ойлголт.Тээврийн хяналтын алба ч шалгадаг, хянадагаасаа эерэг хандлагыг түгээх, сургах, зөвлөхөд үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Энэ чиглэлээр бүх зангилаадад сургалт хийсэн. Мөн удирдах ажилтнуудад аюулгүй байдлын соёлын талаарх сургалтыг саяхан давтан хийлээ. Аливаа мэдээллийг тодорхой давтамжтайгаар сэргээж байхгүй бол мартагддаг. Яагаад бид өглөө бүр ажилд гарахдаа аюулгүй ажиллагааны зааварчилгаа авдаг билээ яг түүнтэй адил гэсэн үг. Ингэж байж бид аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх ёстой. Үр дагавар нь хүний хүчин зүйлээс нөлөөлөх гологдлыг бууруулах зорилго оршиж байна.
-Та аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэхэд мэдээллийн тогтолцоо чухал гэлээ. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?
-Мэдээллийн тогтолцоо нь нээлттэй болон хаалттай зарчмаар явна. Энэ маш энгийн, төмөр замчин бүрт хамаатай ойлголт. ГТХАБ-д саад учруулахаар гэмтэл замын аль нэг хэсэгт байлаа гэж бодъё. Жишээлбэл, найруулагчийн бригад сэлгээний ажил гүйцэтгэхэд замын хажууд оворгүй мод ургаад ажил үүргээ гүйцэтгэхэд хүндрэлтэй байвал үүнийг нээлттэйгээр мэдээлэх хэрэгтэй. Түүнийг удирдлагууд нь болон бусад өртөөдийн дарга нар харж, санаа сэдэл аваад ийм ижил төрлийн үл тохирол байвал дор бүрдээ арилгаад явна гэсэн үг. Нээлттэй мэдээллийн ач холбогдол нь энэ. Эрсдэлээс сэргийлсэн эерэг хандлагыг бусдадаа түгээх мэдээллийн систем гэж ойлгох хэрэгтэй.
Хаалттай мэдээллийн хувьд нэрээ нууцлаад өгсөн мэдээллийн дагуу тухайн байгууллага дээр ийм үл тохирол, буруу технологи ажиллагаа байна. Удирдлагын хувьд ийм асуудал байгаа юм байна гэдгийг шалгаж, хянаад үл тохирлыг арилгаад хариу мэдээлэхдээ алдаа гаргасан ажилтныг нэр цохолгүйгээр өртөөний жижүүрүүдэд ийм алдаа байна гэх зэргээр асуудлыг л ярих ёстой.
Мөн тухайн ажилтан өөрийнх нь мэдээллийн мөрөөр ямар арга хэмжээ авсан тухай эргэж мэдээлээч гэдэг үүднээс утасны дугаараа үлдээсэн бол алба, аж ахуйн нэгжийн дарга нар үл тохирлыг арилгасан талаар хариуг өгч мэдээллийг хаах ёстой.
Тээврийн хяналтын албанаас QR код гаргасан. Энэхүү кодоор нэвтэрч мэдээллээ өгөх боломжтой. Хуучин 244610-т мэдээлэл өгдөг байсан бол одоо QR кодоор Тээврийн хяналтын алба болон албад, аж ахуйн нэгжүүд дээр нээлттэй, хаалттай мэдээллүүдийг авч эхэлсэн.
Мөн бид нормативын цахим шилжилтийг хийж байгаа. “Норматив” апплейкшнийг хөгжүүлээд гар утаснаасаа нормативын биелэлтээ гэрэл зургаар баталгаажуулаад хийх боломжийг бүрдүүлж байна.
Үүний зэрэгцээ аюулгүй байдлын мэдээлэл өгөх гэж байгаа ажилтан норматив хөтөлдөг, хөтөлдөггүй нь хамаагүй бүртгүүлэх хэсгээр нь орж имэйл хаягаараа бүртгүүлээд нээлттэй, хаалттай мэдээллийг өгөх бололцоотой.
Замын шуурхай хурал дээр ГТХАБ-тай холбоотой төмөр замчдаас ирж байгаа мэдээллийн судалгааг гаргаад албад цаг хугацаандаа мэдээллийн хариуг өгөөгүй байвал нээлттэй мэдээлж, аж ахуйн нэгж, албадаар нь хариуг нь өгүүлэхэд анхаарна.Ийм байдлаар нээлттэй, хаалттай мэдээллийн тогтолцоог хэрэгжүүлэх юм.
-ГТХАБ-ыг хангах дотоод хүчин зүйлийг бид ямар нэгэн байдлаар шийдэхийг зорьж байна. Гэтэл төмөр замчдаас үл хамаарах хүчин зүйлс их байдаг шүү дээ. Тухайлбал, гармын аюулгүй байдлыг хангахад бэрхшээл гарсаар байна?
-Бид ГТХАБ-ыг хангахад гадны хүчин зүйлээс нөлөөлж байгаа гологдол, ослыг бууруулах чиглэлээр тодорхой ажлууд хийж байна. Энэ чиглэлээр сүүлийн хоёр жил төмөр замын гармыг хоёр түвшинд огтлолцуулах ажил хэд хэдэн газар хэрэгжсэн. Мөн эрсдэл өндөртэй гармуудад орон нутгийн байгууллагатай хамтраад хаалттай, жижүүртэй болгох ажлуудыг хийж байна. Мөн гармын тоог цөөлөх бодлого барьж байна. Өөрөөр хэлбэл, онц шаардлагагүй, мөн стандарт хангаагүй, зөвшөөрөлгүй гармуудыг хааж байгаа юм. Одоогийн байдлаар, Замын хэмжээнд бид 32 гармыг татан буулгасан. Гэсэн хэдий ч гарам дээр эрсдэл байсаар байна.
Ер нь, Олон улсын хэмжээнд төмөр зам дээрх хамгийн том эрсдэл бол гадны хүчин зүйл гэж үздэг. Энэ жилийн хувьд бидэнд сургамж болсон тохиолдол бол 73 дугаар км-ийн гарам дээр шороо ачсан том оврын автомашины жолооч гармаар гарахдаа галт тэрэг ирж байгааг хараагүйгээс УБТЗ-д таван тэрбум орчим төгрөгийн хохирол учраад байна.
Төмөр замын гармын соёлыг түгээж төмөр замчид маань хүн бүрт энэ талын мэдээллийг хүргэж, мэдлэг олгох л чухал байна.
Мөн гармын аюулгүй байдлыг хангуулахад нийслэл, аймаг, орон нутгийнхантай хамтарч ажиллаж байна. Үр дүнгээ ч өгч байна, өнгөрсөн жилтэй харьцуулахад гарам дээр гарсан гологдлын тоо буурч байна.
-Сүүлийн жилүүдэд үерийн улмаас зам угаагдаж, галт тэрэгний хөдөлгөөн саатсан тохиолдлууд гарсан. Үүнээс урьдчилан сэргийлэх ажлууд хийсний хүчинд энэ жил харьцангуй гайгүй өнгөрч байна уу даа?
-ГТХАБ-д нөлөөлж буй гадны томоохон хүчин зүйлийн нэг нь байгалийн гамшигт үзэгдэл. Өнгөрсөн жил таван удаагийн үер устай холбоотойгоор галт тэрэгний хөдөлгөөн нийт 192 цаг саатсан. Энэ жил бороо хур өнгөрсөн жилээс их байсан ч замчид маань бэлтгэл ажлыг сайжруулснаар 32 цаг үер уснаас болж хөдөлгөөн зогссон. Галт тэрэгний хөдөлгөөн олон цагаар саатахад зорчигчийн галт тэрэгний зорчигчдыг зөөвөрлөхөөс эхлээд асуудал гардаг. Мөн экспортын ачаа саатах, транзит галт тэргүүдийг нэг хоног л өнгөрүүлж чадахгүй байхад ямар их алдагдал хүлээдэг билээ. Үер уснаас сэргийлэх ажлын хүрээнд энэ жил хэд хэдэн газарт гүүр, хоолойн ажлыг амжилттай хийсэн. Замын захиргааны зүгээс ч хөрөнгө оруулалтын бодлого үр дүнгээ өгч байна. Мөн ОБЕГ-аас зохион байгуулсан сургалтад манай төмөр замчдын төлөөлөл хамрагдаж, байгаль цаг ууртай холбоотой эрсдэлүүдэд аж ахуйн нэгжүүдийн бэлэн байдлыг тодорхойлох, судлах, үүний дагуу авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулахаар ажиллаж байна. Цаашдаа үер ус, салхи шуурга, ой хээрийн түймрийн аюулаас сэргийлэх ажлыг сайн зохион байгуулж, тэнд тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулах нь ирээдүйд гарч болзошгүй хохиролоос урьдчилан сэргийлнэ. Энэ чиглэлээр төмөр зам дамжин өнгөрдөг аймаг, орон нутгийн удирдлагуудтай уулзаж, ирэх жилүүдэд хэрхэн хамтарч, хаана хөрөнгө оруулалт гаргаж, ямар ажил зохион байгуулах вэ гэдгийг төлөвлөж байна. Хэд хэдэн газар төмөр замын гармын хоёр түвшинд огтлолцуулах хөрөнгийг нь тухайн орон нутгаас гаргах, харин зураг төслийг нь төмөр зам гүйцэтгэх ажлуудыг ярьж тохирсон. УБТЗ-д бүх гармыг хоёр түвшинд огтлолцуулах хөрөнгө, боломж байхгүй. Тиймээс орон нутгийн байгууллагатай хамтраад асуудлуудаа шийдээд явна.
-УБТЗ орон нутгийн захиргаатай хамтраад дээрх асуудлуудыг шийдвэрлээд явж байгаа жишээ хаана байна вэ?
-Байлгүй яах вэ. Анх Багахангай-Багануурын гуравдугаар км-ийн гармыг 2010 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 32.4 сая төгрөгөөр барьж, УБТЗ ашиглалтыг хариуцах асуудлыг хамтран шийдвэрлэж байна. Тухайн үед би дүүргийн ИТХ-д төлөөлөгч байсан учраас Замын захиргаа, орон нутгийн удирдлага хооронд гүүр болж байлаа. Ингэж төмөр замд улсын анхны хөрөнгө оруулалтыг авч байсан. Түүнээс хойш ч Багахангай дүүрэг төмөр замтай ойр ажиллаж ирсэн. Тухайлбал, Багахангайн наад талд Хангай, Чулуут, Хоолт зөрлөгт дүүргийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн тоглоомын талбай байгуулсан. Мөн Багахангайн төмөр замын уурын зуухны өргөтгөл, ус цэвэршүүлэх төхөөрөмж, цэцэрлэгийн дээврийн засварыг дүүргийн хөрөнгө оруулалтаар хийсэн. Өнгөрсөн жилүүдэд 1.8 тэрбум төгрөгөөр төмөр замын аж ахуйн нэгжүүд болон төмөр замчид амьдардаг хороонд тохижилтын ажлыг дүүргийн хөрөнгө оруулалтаар хийсэн байна билээ. Жишээлбэл, Багахангай өртөөний зорчигчийн тавцанг зассан. Түүнчлэн, Багахангайн 508 дугаар км-ийн гарам УБТЗ-ын хамгийн эрсдэлтэй гармуудын нэг. Уг гарам дээр хэд хэдэн удаа галт тэргэнд машин мөргүүлсэн, мөргүүлэх дөхсөн, яаралтай тоормос хийлгэсэн. Тус дүүргийн удирдлагатай төмөр замаас ярьж тохиролцсоны үндсэн дээр дүүргийн 240 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар уг гармыг паш хаалттай, жижүүрийн зохицуулалттай болгож тохижуулсан. УБТЗ ашиглалтын зардлыг хариуцах юм. Ингэж дүүргээс ард иргэдийнхээ аюулгүй байдлыг төмөр замтай хамтраад хангаж байна. 508 дугаар км-ийн гармын хувьд нэг онцлог бий. УБТЗ энэ гармын бүтээн байгуулалтын тендерт орж, гүйцэтгэгчээр сонгогдон ажилласан. УБТЗ өмнө нь ийм тендерт огт оролцож байгаагүй. Шинээр 40 айлын ипотекийн орон сууц барихаар шийдвэрлэхэд дүүргээс газрын асуудлыг нь шийдэж өгсөн.. Ингэснээр Багахангайд төмөр замчин 40 айл ипотекийн зээлээр байранд орох бололцоотой боллоо. Гэх мэтчилэн дүүрэг, орон нутаг, төмөр замын хамтын ажиллагааны хамгийн сайн жишээ Багахангай дүүрэгт бий.
Цаашлаад Дорноговь аймгийн хэд хэдэн суманд гармын аюулгүй байдлыг хангах ажил хийхээр ярьж байгаа. Төмөр замчид ихээр суурьшдаг аймгуудын хувьд орон нутгийн захиргаатай хамтраад ийм ажлуудыг хийх боломжууд байна.
Багахангайн эерэг зөв туршлагыг төмөр зам дагуу нэвтрүүлэх хэрэгтэй. Зорчигчийн тавцанг сунгах, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх шаардлагатай газрууд байна. Тэгэхээр төмөр зам дүрэг орон нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь аль ч талдаа ашигтай, нийгмийн олон асуудлыг хамтраад шийдэх гарц гэж харж байна. Дүүрэг орон нутагтай төмөр зам хамтарч ажилласны үр дүнд төмөр замчид маань тохьтой орчинд ажиллаж, амьдрах боломж бүрдэнэ. Энэ нь цаашлаад хариуцсан ажлаа сайн хийх үндэс суурь болно. ГТХАБ-ыг хангах, сэтгэл ханамжтай байх ардаа санаа зовох юмгүй ажиллах үндэс суурь болж байна.
-Төмөр замын залуучууд олон жилийн өмнөөс Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт мод тарьж байгаа. Энэ бас хамтын ажиллагааны нэг хэсэг үү?
-2012 онд төмөр замын залуучууд мод тарих санаачилга гаргаад хаана тарих вэ гэдгээ судалсан. Бидний хувьд мод тарих газар усалгаатай байх нь чухал гэж бодсон. Тэгээд Салхит, Багахангай гээд хэд хэдэн газраас хамгийн ойр нь Багахангай юм гэж сонгосон. Ингээд Багахангайн Алсын худагт анх 300 залуу очиж 500 бургас тарьж байлаа. Тэр үед бидэнд санхүүжилт дэмжлэг байсангүй. Бүгд халааснаасаа мөнгө гаргаад тор татаад мод тарьж эхэлсэн. Алсын худаг бол Багахангай дүүргийн хоёрдугаар хороонд амьдардаг төмөр замчдын усны эх ундарга болох газар. Тэр ч утгаараа мод тарьж усны нөөц санг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулъя гэж зорьсон. Тухайн үед дүүргийн Засаг дарга бидний санаачилгыг дэмжээд мод услахад зориулж, усны нөөцийн том савыг хувиасаа тавьж өгч байсан нь одоо ч хэрэглэгдэж байгаа. Тэр бол тухайн үедээ бидэнд урам нэмсэн, итгэл төрүүлсэн том дэмжлэг л байлаа. Төмөр замчин залуучууд маань энэ зорилгодоо тууштай явсаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” үндэсний хөтөлбөртэй золгож, Замын захиргааны дэмжлэг, хөрөнгө оруулалтаар амжилттай үргэлжилж байгаа. 2023 онд услалтын системтэй болгосон. Ингэснээр сүүлийн жилүүдэд модны ургалт 80-90 хувьд хүрсэн. Одоогийн байдлаар, тэнд 12 төрлийн 8000 гаруй мод ургаж байна. Цаашдаа өөр олон төрлийн мод нэмж тарина. Манай хойд, өмнөд хөршид галт тэргээр явж байхад замын хоёр талаар маш их модтой байдаг. Бид ч бас зам дагуу ногоон зурвасыг байгуулахыг зорьж байна. Үндсэндээ 2030 гэхэд тэнд 30 мянган мод тарих зорилт дэвшүүлсэн. Эхний ээлжинд 10 га-д мод тарихаар төлөвлөж байна. Цаашлаад өргөжүүлэх шаардлагатай өөр газруудад мод тарих хөдөлгөөнийг идэхвижүүлэх, дэмжих хүсэл зорилго байгаа. Дүүргээс төмөр замын нөгөө талд 30 га-д мод тарихаар төлөвлөж байга юм билээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд хамтраад ажиллах боломж маш их бий.
Б.Гүнжинлхам