УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга М.Цогттой шинэ оны босгон дээр ярилцлаа.
-Юун түрүүнд танд шинэ оны мэнд хүргэе?
-Баярлалаа. Энэ ташрамд төмөр замчдадаа шинэ оны мэнд хүргэе.
-Хүний нөөцийн хомсдол УБТЗ-д төдийгүй, улс орон даяар тулгамдсан асуудал болоод байна. Тэгэхээр УБТЗ-ын хүний нөөцийг бэхжүүлэх талаар та ямар бодлого баримталж ажиллах вэ?
-УБТЗ-ын үйл ажиллагаа тогтвортой байх нь хүний нөөцтэй шууд холбоотой. Бид нөхцөл байдлыг зөв үнэлэх ёстой. Олон төмөр зам байгуулагдаж байна. Ирэх он эдгээр төмөр замын хөгжлийн бодлогын шинэчлэлийн жил болох нь.
УБТЗ-ын хүний нөөцийн бодлогын бичиг баримт гэж бий. Энэ хүрээнд олон зүйл хийж байгаагийн нэг нь хүний нөөцийн программуудыг хөгжүүлж байна. Хүний нөөцтэй холбоотой бүх асуудлыг шилэн ил тод, мэдээллийг нээлттэй, шуурхай болгоно. Өөрөөр хэлбэл, төмөр замчид хүссэн мэдээллээ олон шат дамжлагагүй, цахимаар ороод шууд авах боломжтой болгохыг зорьж байна.
Энэ ажлын хүрээнд манай холбогдох ажилтнууд Замын хэмжээнд шинэ аппликейшн нэвтрүүлэхэд бэлэн болж байна. Төмөр замчид өөрийн ажлын байрны тодорхойлолт, мөрдөж ажиллах дүрэм журам, технологи зэрэг чухал хэрэгцээт мэдээллүүдээ гар утсаараа авчих юм. Мөн Замын удирдлагад санал хүсэлтээ хүргэх, магадгүй талархал илэрхийлэх гэх мэтчилэн хүссэн мэдээллүүдийг нь багтаасан. Мөн өөрийнхөө ажилласан жилийн тодорхойлолтыг цахимаар авах, цалин, хоолны талоныхоо мэдээллийг ч цахимаар харах боломжтой болно. Ер нь УБТЗ-ын үйл ажиллагаа цахимжих тал руугаа явж байгаа, хэрэгцээ шаардлага ч байна. Бид тээврийн захиалгыг ч цахимаар авдаг болсон шүү дээ.
Үүнээс гадна ГТХАБ-ыг хангах норматив цахимжсан. Цааш нь өргөжүүлээд ХАБЭА-н асуудлыг аппликейшнд шилжүүлсэн. Одоо хүний нөөцийн бодлогын программыг аппликейшнд шилжүүлж, ажилтан бүрийг мэдээлэлд ойртуулах чиглэл рүү ажиллаж байна. Өмнө нь мэдээлэлд ойр хүн илүү боломж хүртдэг гэсэн ойлголт байсан бол одоо бүх ажилтан хэрэгтэй мэдээллээ олж авах гарцыг бид нээж байна.
Цаашлаад байгууллага бүр ажилтнуудынхаа өсөн дэвших карьер төлөвлөлтийг хийх ёстой гэсэн үг. Тэр нь ажилладаг байх ёстой.
Хоёрдугаарт, гадаад, дотоодод төгссөн инженер, техникчид, мөн МСҮТ төгссөн ажилчдыг дараагийн албан тушаалд очих буюу хөрвөн ажиллах чадварыг суулгах үйл явцыг тасралтгүй хэрэгжүүлж байх ёстой. Ямар нэгэн орон тоо, ажлын байр гарсны дараа хүн дагалдуулж сургана гэхгүйгээр ажилтнууддаа өмнө нь сургаад бэлтгэчихсэн байх хэрэгтэй.
Хөрвөн ажиллах механизм өнөөдөр л УБТЗ-д хэрэгжиж байгаа зүйл биш, алба, аж ахуйн нэгжүүдэд харилцан адилгүй хэрэгжүүлж байсан. Ковидын үед хөрвөн ажиллах механизм үр дүнгээ өгсөн. Хувь хүн ч өөрөө хөрвөн ажиллах чадвартай бол дараагийн ажил албан тушаалд очих боломж нь нээлттэй гэдгийг бодож өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй.
Жишээ нь, зөвхөн байгууллага дотроо тушаал ахих биш тулгуур өртөөний жижүүр ээлжийн амралттай үедээ өөрөө хүсвэл Захиран хуваарилах хэлтсийн диспетчерүүдийг дагалдахаар хүсэлтээ өгдөг, харин алба, хэлтсүүд боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Тэр ажлын онцлогийг мэдэрсэн ажилтан бол буцаж очоод ажлаа уялдуулан илүү сайн хийх болно.
-Замын хэмжээнд сул ажлын байрны мэдээллийг харах боломжтой юу?
УБТЗ-ын Хүний нөөцийн бодлогын хүрээнд дэвших албан тушаалын мэдээллийг цахимаар нээлттэй зарлаж байгаа.
-Нөгөө талд нь дараагийн шатанд бэлтгэгдсэн хүний нөөцийн судалгаа хэр байгааг хардаг байвал...?
-Яг зөв. Дараагийн шатанд дэвшин ажиллахад бэлтгэгдсэн ажилтнуудаа Хүний нөөцийн алба нь бүртгэж авах чиглэл рүү явна. Ингэснээр хэн юу хийж чаддаг вэ, ийм албан тушаалд ажиллах бололцоотой ажилтан хэд байна гэдгийг цахим системээсээ харах бололцоотой байх ёстой. Албад, аж ахуйн нэгжийн удирдлагууд мөн Хүний нөөцийн алба ийм мэдээллээ шууд хардаг байх систем байна. Харин нөгөө талд нь, ажилтан өөрөө өсөж дэвших эрмэлзэлтэй, идэвхтэй байх ёстой.
-Ажиллах хүчний хомсдолтой байхад ТЗДС, Политехник коллежид элсэгчдийн тоо буурч байна шүү дээ. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Сүүлийн жилүүдэд ТЗДС, Политехник коллежид элсэгчдийн тоо бага зэрэг буурч байгаа судалгаа гарсан. Хоёрдугаарт, элсэгчдийн сурлагын дүн сайжрахгүй байна. Тэгэхээр бид ТЗДС болон Политехник коллежийн үнэлэмжийг өсгөх ёстой. Үнэлэмжийг сайжруулах гурван үндсэн агуулга байна. Нэгдүгээрт сургалтын бааз суурь, нөхцөлийг сайжруулах, хоёрдугаарт, багш нараа чадавхижуулах, бололцоог нь нэмэгдүүлэх. Гуравдугаарт, давуу болон эерэг талуудыг сурталчилах ажил туйлын хангалтгүй байна. Тухайлбал, ТЗДС маань Эрхүүгийн Зам харилцааны их сургуультай хамтраад 2+3 хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, Оросод гурван жил тэтгэлэгтэй үнэгүй сурах боломжтой. Мөн Бугатын төмөр замын коллежтэй хамтран ажилладаг. Гуравт, БНСУ-ын Дуньяны их сургуульд оюутнуудаа сургах хамтын ажиллагааг эхлүүлсэн. ТЗДС-д элссэнээр гадаадад тэтгэлэгтэй сурах боломжтой гэдгийг тэр болгон хүн мэдэхгүй байна.
Засгийн газраас ОХУ-д жил бүр 600 оюутан сургаж байгаагийн 80-90 квот нь төмөр замын мэргэжлээр сурах боломж байгаа. Гэтэл зарим жил 5-10 төмөр замын мэргэжлээр сурах квот хоосон буцаж байна. Хүүхдээ үнэгүй сургах боломжийг эцэг эхчүүд, төмөр замчид мэдэхгүйгээсээ боломжийг алдаж байна.
Үүнээс гадна Замын даргын тэтгэлгээр сурдаг байсныг сэргээх ёстой. Тэр битгий хэл оюутнуудын сургалтын амжилтаар нь хөнгөлөлт үзүүлдэг болох хэрэгтэй. Голч дүнгээс хамааран ямар хөнгөлөлт үзүүлэх вэ. Үнэхээр ТОП хүүхдүүдийг ямар хөнгөлөлттэй сургах вэ гэх зэргээр элсэгчдийн сургалтын дүнг дээшлүүлэх ёстой. Одоо элсэгчдийн дээд ЭЕШ-ийн оноо 700 орчим байна. Энэ оноог 750-д хүргэх, цаашид 800 оноотой хүүхэд ТЗДС-д элсэн орох хүслийг нэмэгдүүлэх ёстой.
Яагаад бид дотоод, гадаадад өндөр оноотой хүүхэд элсүүлэх ёстой гэхээр УБТЗ болон Монгол Улсын төмөр замын салбарын ирээдүйг нэгэн үед тэр хүүхдүүд авч явна.
Үүнээс гадна урлаг, спортын салбарт амжилт гаргасан нэрээ дуурсгасан хүмүүс төмөр замын мэргэжлээр суралцахад бид ямар хөнгөлөлт үзүүлэх вэ гэх мэтчилэн элсэгчдийг татах боломжуудыг судалж байна.
ТЗДС ирэх жил магадлан итгэмжлэлд орно. Тэгэхээр энэ чиглэлээр бодлогоо тодорхойлно.
-Элсэлт авах, сургах нэг хэрэг. Төгсөгчдөө УБТЗ-даа хэрхэн авч үлдэх вэ? Хөдөлмөрийн зах зээл дээр төмөр замын мэргэжилтнүүдийн эрэлт улам л өсөж байна шүү дээ?
-Тэтгэлэг, хөнгөлөлт олгох хүүхдүүдтэй УБТЗ гэрээ байгуулна. Тэр хүүхдүүд сургуулиа төгсөөд УБТЗ-д ажиллах ёстой. Орон нутгаас элссэн хүүхдүүд тухайн орон нутагтаа очиж ажиллана гэдэг юм уу. УБТЗ ажлын байраар хангах үүргээ хүлээнэ. Төгсөгчид УБТЗ-д ажиллах үүргээ биелүүлэх ёстой. Хэрэв биелүүлээгүй бол төлбөрөө буцаан төлдөг байх зарчмаар ажиллана.
Төгсөгчдийн хувьд нэгдүгээрт цалин байдаг. Бусад төмөр замтай харьцуулахад УБТЗ цалин дээр нь олон төрлийн нэмэгдэл, урамшуулал олгодог. Олон жил тогтвортой ажиллах тусмаа урамшуулал нь нэмэгдээд явдаг. Цөөн жил ажилласан хүмүүсийн нэмэгдэл арай бага байгаа. Үүнийг бид эргээд судалж байна. Байгууллагын соёлын хувьд УБТЗ 75 жилийн түүхтэй Хөдөлмөрийн баатар байгууллага. Төмөр замын бусад байгууллагын хувьд соёл нь бүрэлдэж эхэлж байгаа. Тэгэхээр шинэ төгсөгчид УБТЗ-д ажиллаж их зүйлийг сурч мэдэж авах нь их чухал. Нөгөөтэйгүүр УБТЗ-д ажилласны давуу талыг сайн ойлгуулах ёстой.
Ирэх дөрвөн жилд баруун босоо, зүүн босоо тэнхлэгийн төмөр зам баригдана. Төмөр замын мэргэжилтнүүдийн эрэлт хөдөлмөрийн зах зээл дээр улам өснө. Бид дараагийн ээлжинд богино хугацааны сургалтад хамрагдаж ажлын байртай болъё гэсэн залуучуудыг сургаж дадлагажуулж авна. Мөн тодорхой болзол хангасан хүмүүсийг үнэгүй сургаад ажлын байранд зуучлах үйл ажиллагааг бид судалж байна. Өмнө нь бид төмөр зам дагасан аймгуудаас элсэгчид хайдаг байсан бол одоо бусад аймгуудаас элсэгчид авч байна. 2024 онд бид 16 аймагт төмөр замын мэргэжлийг сурталчлах ажлыг хийсэн. Энэ жил ТЗДС, Политехникийн коллежийн элсэгчдийн 30 гаруй хувь нь төмөр замгүй аймгуудаас элсэн орсон. Тэгэхээр тогтвортой ажилтай байя гэсэн хүсэл эрмэлзэлтэй залуусыг төмөр замын мэргэжил эзэмшүүлэхийг зорьж байна. Магадгүй ирээдүйд төмөр зам баригдах аймгийн залуус төмөр замчны мэргэжил эзэмшээд УБТЗ-д тодорхой хэмжээний туршлага хуримтлуулаад өөрийн аймаг суманд баригдах бүтээн байгуулалтад оролцъё гэсэн хүсэл эрмэлзэлтэй байж болно. Богино хугацааны сургалтын бодлого ийм хэлбэрээр явна.
-УБТЗ ЕБС-уудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, төмөр замын лицей ангиудыг нээн хичээлүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн үр дүнг хэрхэн харж байна вэ?
-УБТЗ ерөнхий боловсролын найман сургуультай хамтарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд, төмөр замын мэргэжлийн чиг баримжаа олгох сургалттай ангиудыг нээсэн. Энэ ангийн хүүхдүүд математик, физикийн хичээлийг гүнзгийрүүлэн судалдаг.
Ташрамд хэлэхэд, яг одоо ОХУ-д төмөр замын мэргэжил эзэмших болон мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрүүд зарлагдчихсан байна. Бүртгэл нь нэгдүгээр сарын 14-н хүртэл үргэлжилнэ. Зуун хувь тэтгэлгээр баклавр, магистар, аспирантурт ОХУ-ын зургаан хотод төмөр замын мэргэжлээр сурах боломжтой. Мөн мэргэжил дээшлүүлэх сургалтын хувьд ашиглалтын мэргэжлээр Эрхүүгийн Зам харилцааны их сургуульд зун нэг сар үнэгүй сурах бололцоотой.
Өнгөрсөн сард Москвагийн болон Эрхүүгийн Зам харилцааны их сургуулийн ректоруудтай уулзсан. Эхний ээлжинд ТЗДС, Политехник коллежийн багш нарыг явуулж сургалтын орчин, лабораториудыг нь үзүүлэх боломж байна гэсэн.
Мөн Оросын Засгийн газрын мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт төмөр замын мэргэжлийн хөтөлбөрийг түлхүү оруулахаар ярьсан.
-Удам дамжсан төмөр замчдыг бэлтгэх чиглэлээр тусгайлсан хөтөлбөр бий юу?
-Энэ чиглэлээр УБТЗ-д ажиллаж ирсэн уламжлал бий. Зах зээлийн нийгэмд тодорхой хэмжээнд өөрчлөгдсөн байна. Төмөр замчдынхаа хүүхдүүдийг ТЗДС-д сурахад хөнгөлөлт олгодог. “Говийн төмөр замчин” хөтөлбөрийн хүрээнд нөхөр нь төмөр замд ажилладаг бол эхнэр, хүүхдийг нь ажилд авах бодлого барьдаг.
Үүнийг бид илүү сурталчилж, төмөр замчдынхаа хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх ёстой. Төмөр замчдын хүүхдүүд бол төмөр замын дүрэм журам, хариуцлага, байгууллагын соёлыг багаасаа мэддэг гадарладаг учраас удам дамжсан төмөр замчдыг бид дэмжих ёстой.
-Тэтгэвэрт гараад удаагүй, хөдөлмөрийн чадвартай ахмадууд эргэж ажиллах сонирхолтой байх шиг байна. Ийм боломж бий юу?
-Тэтгэвэрт гарсан төмөр замчид маань өөрөө хүсвэл гэрээт ажилтнаар ажиллах боломж өргөн байгаа. Ялангуяа, “Говийн төмөр замчин” хөтөлбөрийн хүрээнд ажиллах сонирхолтой, чадвартай төмөр замчдыг бид ажиллуулж байгаа. Дээр нь, 2023 оноос хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулинд тэтгэвэрт гарсан хүмүүсийг авч ажиллуулах боломж нь нээгдсэн.
-2024 онд хичнээн хүн ажлаас гарав. Тэд ямар шалтгааны улмаас ажлаас гарч байгаа талаарх судалгаа бий юу?
-Нийт шилжилт хөдөлгөөн сүүлийн жилүүдэд бага биш байна. Жилд нийт ажиллагсдын 30 гаруй хувь шилжилт хөдөлгөөн хийж байгаа судалгаа гарсан. Энэ бол өндөр насны тэтгэвэр, албан тушаал өөрчлөгдөх, жирэмсний амралт, мөн өөрийн хүсэлтээр ажлаас гарах зэрэг бүгд багтсан тоо. Үүнээс 60-70 хувь нь өөрийн хүсэлтээр ажлаас гарсан байна. Ажлаас гарч байгаа тохиолдол бүрийн учир шалтгааныг хүний нөөцийн ажилтнууд асууж байх ёстой.
Байгууллага бүр өөрийн онцлогтой. Судалгаагаар авч үзэхэд, ажлаас гарсан хүмүүс гурван үндсэн шалтгааныг дурдсан байдаг. Нэгд, ажлын байрны дарамт шахалт, байгууллагын доторх таагүй харилцаа, хоёрт, нийгмийн асуудал, түүн дотроо орон байр, гуравт, цалин хөлс гэсэн шалтгаан хэлсэн байдаг. Энэ чиглэлээр бид тодорхой ажлыг хийж байна. Тухайлбал, Х.Хэрлэн даргаас чиглэл өгч үзлэг шалгалтын тоог бууруулах чиглэлээр ажиллаж байна. Замын ерөнхий инженерийн үзлэгийг бид ирэх жилээс бүрэн болиулж байна. Мөн Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч даргаар ахлуулсан нэг, гуравдугаар улирлын үзлэг гэж бий. Нэгдүгээр улирлын үзлэг уламжлалын дагуу явна. Гуравдугаар улирлын үзлэгийг Ерөнхий инженерийн үзлэгийг чиглэл рүү хандуулж, их барилга хөрөнгө оруулалтын ажлууд, ХАБЭА-г голлон үзнэ. Үүний зэрэгцээ Тээврийн хяналтын байцаагч нар үзлэгээ хийгээд явна.
Замын даргын хавар, намрын үзлэг урьдын адил явна. Өмнө нь, Тээврийн хяналтын албанаас хуваарь гаргаад төлөвлөгөөт шалгалтыг хийдэг байсныг өнгөрсөн жил хийгээгүй. Мөн нормативыг цахимд шилжүүлж, давтамжийг бууруулсан. Өмнө нь, долоо хоног бүр гэнэтийн эргүүл хийдэг байсан бол одоо сард хоёр удаа эргүүл хийж байгаа. Гэхдээ хяналт шалгалтын тоог бууруулах нь асуудлын шийдэл биш, хүн бүр ажлаа технологийн горим баримтлан хийж хэвших нь чухал юм.
Өмнө нь, байцаагч нар зөрчил илрүүлж, шаардлага бичдэг байсан бол одоо илүү зөвлөх, сургах чиглэлээр давхар ажиллаж байгаа. Та бүхэн санаж байгаа бол хөдөлгөөний аюулгүй байдлын соёлыг хэрхэн түгээх вэ, аюулгүй байдлыг хангахын тулд ямар хэм хэмжээг бүрдүүлэх гэдэг чиглэлээр сургалт явуулсан.
Цаашлаад бид байгууллагын удирдлагын түвшинд стандарт тогтоох ёстой. Шинээр томилогдсон удирдах ажилтнуудыг сургах, байгууллага удирдах, хүнтэй ажиллах арга барилыг суулгах чиглэлд ажиллах шаардлагатай байна.
-Машинч нарын зөвлөгөөний үеэр “Залуучуудад зуны дэлгэр цагт амрах, эхнэр хүүхдээ хөдөө агаар салхинд авч гарах боломж байдаггүй” гэж залуу машинч ярьж байсан. Тэгэхээр ээлжийн амралтыг зуны болон өвлийн гэж хувааж олгодог байж болох уу?
-Энэ бол байгууллагын удирдлага, хүний нөөцийн ажилтнуудын зохион байгуулалтын ажил. Хөдөлмөрийн хуулиар ээлжийн амралтыг хувааж авах эрх нь нээлттэй. Нөгөө талаар, олон хоног амардаг хүмүүсийн ээлжийн амралтыг хуваагаад өгчихөд болохгүй зүйл байхгүй.
-Төмөр замчдын дунд хорт хавдраар өвдөх, улмаар гадаадад эмчлүүлэх шаардлага үүсэж, хандив тусламж хүсдэг. Төмөр замчдаа олон улсын эрүүл мэндийн даатгалд хамруулах боломж бий юу?
-Замын дарга чиглэл өгсний дагуу бид эрүүл мэндийн даатгал болон тэтгэврийн даатгалын талаар судалж эхэлсэн. Үүнийг бид “Ган зам” даатгалаараа хийх үү, аль эсвэл гадны даатгалын байгууллагад хандах уу гээд олон талаас нь судалж байна.
-Дэлгэрэнгүй ярилцсан танд баярлалаа. Амжилт хүсье.
Б.Гүнжинлхам