Баяжуулагч инженер, судлаач М.Базаррагчаатай нүүрсний салбарын өнөөгийн нөхцөл байдал, зах зээлийн төлөв, хөрөнгө оруулалтын орчин, гадаад зах зээлийн боломжийн талаар ярилцлаа.  

 

-Манай нүүрс олон улсын зах зээлд хэр эрэлттэй байна вэ. Нүүрсний зах зээл энэ онд хумигдах эрсдэл байна уу?

-Манайхаас нүүрс авах сонирхолтой худалдан авагч олон байна. Энэ нь зөвхөн Хятадаар хязгаарлагдахгүй. Япон, Польш, Герман, хуучин Оросоос авдаг байсан Европын зарим орнууд саналаа илэрхийлж байна. Сонирхол өндөр байгаа нь эндээс харагдаж байгаа. Хятадууд нүүрс авъя гээд гэрээлж чадахгүй байх жишээтэй. Компаниуд аль хэдийнэ төлөвлөгөөт хэмжээндээ таарсан борлуулалтын гэрээгээ хийж, хэнд хэдийг зарах нь тодорхой болчихсон. Илүүг нийлүүлэх боломжгүй. Хүчин чадал нь тулчихсан гэсэн үг. Манай компаниуд олборлолтоо огцом нэмж чадахгүй, нэмээд хил гааль, тээврийн асуудал 100 хувь шийдэгдэж чадаагүй, хүрэлцээгүй учраас зах зээлийнхээ хүссэн хэмжээгээр нүүрсээ борлуулж чадахгүй байна. Бодит байдал ийм л байгаа. Хоёр талаас авах, зарах хүсэл сонирхол байсан ч нөөц боломж, нөхцөл нь болохгүй.

-Гуравдагч орнуудад нүүрсээ нийлүүлэх гэхээр тээвэрлэлт хамгийн том бэрхшээл, саад болж байна уу?

-Өөр орнууд манайхтай нүүрсний арилжаа хийх гэхээр тээврийн асуудал нь шийдэгдээгүй болохоор яриа, хэлэлцээ урагшилж чадахгүй, зогсчихож байна.

-Хойд хөршийн нүүрсний зах зээлд ямар үйл явдал өрнөж байна вэ?

-Оросын нүүрсний зах зээлд сонин нөхцөл байдал үүсээд байгаа. Алс дорнодоос Европ руу тэд нүүрсээ гаргаж байсан. Энэ зах зээл дайны нөхцөл байдлаас болж хаагдсан. Тиймээс зүүн талаараа далайгаар дамжуулан гарах гэхээр тээврийн боломж нь хүчин чадалдаа тулсан. Гаргаж чадахгүй байгаа. Хятадад руу нүүрсээ нэмэх сонирхолтой байна. Төмөр зам болон боомтуудаа үүнд зориулж бэлдэж эхэлсэн. Далайн боомтын хүчин чадлаа нэмж байгаа. Гэхдээ энэ бүхэн тийм ч хурдан байж чадахгүй байна. Зах зээлд өрсөлдөхийн тулд хямд үнээр нийлүүлэлт хийх тактик сүүлийн үед баримтлах болсон. Зах зээлийн өмнөх үнээс хамаагүй доогуур үнэ худалдан авагчдад санал болгох, улмаар ихийг нийлүүлэх гэж оролдож буй. Хятад болон Энэтхэгийн зах зээл рүү хойд хөрш хямд үнээр өрсөлдөх, нэвтрэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Хятадын нүүрсний эрэлт хэрэгцээ энэ онд болон ирэх жилүүдэд өсөн нэмэгдэхээр байна уу, одоо байгаа хэмжээ буурах дүр зураг ажиглагдах юм уу?

-Хятадын нүүрсний эрэлт өндөр, цаашид ч өсөхөөр байгаа. 2025 он хүртэл энэхүү чиг хандлага тогтвортой, энэ хэвээр үргэлжлэхээр байна. Тэр тусмаа эрчим хүчний нүүрсний хэрэгцээ эрс нэмэгдсэн. Ахиад ч нэмэгдэхээр байна. Цахилгаан эрчим хүч, ган, цемент үйлдвэрлэхэд гол түлш болгон нүүрсийг ашигладаг. Манайх зөвхөн коксжих нүүрсээ л зарж байгаа, эрчим хүчний нүүрсээ борлуулж чадахгүй байна. Тээвэрлэлт, АМНАТ-өөс болоод эдийн засгийн үр ашиггүй, овоолго ихээр үүссэн. Нэг ёсондоо хог болж, хаягдаж байна. Тавантолгой болон Нарийнсухайт дээр байдал адилхан. Олборлолтын өртгөө нөхөж чадахгүй болохоор орхигдсон. АМНАТ өөрийнх нь бараг нүүрсний үнээс өндөр. Тийм болохоор дийлэнх нь зарахгүй байвал ашигтай юм байна гэсэн ойлголттой болсон.

-Эрчим хүчний нүүрсний зах зээлийн таатай цаг үеийг бид ашигласан бол гэж бодогдож байна. АМНАТ экспортын өрсөлдөх чадварыг хамгийн ихээр унагаж байгаа юм байна гэж ойлголоо. Татвараа багасгаад, тээвэр болон олборлолтын зардлаа бууруулж чадвал ашиг гарч ирэх нь ээ?

-Тийм ээ. Манай нүүрсний үнэ бусад оронтой харьцуулахад хамгийн бага үнээр зарагддаг. Орос одоо биднээс бага үнэ дэлхийн зах зээлд санал болгож байгаа. Манай нүүрсний үнэ Австралитай харьцуулахад бараг 2-3 дахин доогуур үнэлгээтэй, хямдхан байдаг. Бид түүхийгээр нь ихэвхлэн зарж байна. Ашгийн хэмжээ ч тэр хэмжээгээр хамгийн бага нь харагдаж байгаа. АМНАТ нь дэлхийн дунджаас өндөр. Бусад төрлийн татвар, хураамж ч тийм. Тээврийн өртөг зардал энд орно. Бас л өндөр.  Дизель түлшнийн үнийн өсөлт болон валютын ханшийн зөрүү зардалд тооцогдоно. Тэсэлгээний бодисоо гаднаас авна. Олборлолтын хүчин чадлаа эдгээр хүчин зүйлээс болж дорвитой өсгөж чадахгүй байна. Уурхайн үйл ажиллагааны зардал нэмэгдэж байгаа. Эрчим хүчний нүүрсний хувьд ийм орчинд өрсөлдөнө гэдэг амаргүй. Эсрэгээрээ Хятадууд манайхаас нүүрс авахын тулд импортын татвараа тэглэчихлээ. Татварын маш таатай байдал тэд бүрдүүлж байна. Эрчим хүчний нүүрсээ бид тоглолтод оруулах хэрэгтэй байна. Хятад бол их хэмжээгээр, олон орноос тогтвортой, удаан хугацаанд нүүрс авахыг зорьж байна. Тийм учраас Австралийн хоригийг цуцалсан. Зоригтой шийдвэрүүд ч гаргалаа. Эрчим хүчний үнийг дотооддоо хямд байлгахын тулд жил жилд нь татварын бодлогоор зохицуулалт хийж байна. Манайх ингэж чадахгүй байна. Үүнээсээ болж боломжоо, ашгаа алдаж байгаа. Дэлхийд эрчим хүчний нүүрсний төслүүд эргэн сэргэсэн.

-Коксжих нүүрсний үнэ цаашид ямархуу дүр зурагтай байна вэ?

-Нүүрсний үнэ “Ковид-19” болон Орос, Украины дайнтай холбоотойгоор сүүлийн жилүүдэд огцом өссөн. Түүхэнд байгаагүйгээр хамгийн өндөр үнэд хүрсэн гэж хэлж болно. Нүүрс өмнө нь газрын тосны үнэтэй ойролцоо хэлбэлздэг байсан. Гэтэл богино хугацаанд нүүрсний үнэ газрын тосны үнээс даваад гарчихсан. Одоо буурч байгаа. Буусан ч гэсэн үнэ өндөр хэвээр байна. Нүүрс эрчим хүчний гол эх үүсвэр. Улс орны аюулгүй байдлын чухал түүхий эд гэдэг нь өнгөрсөн жилүүдэд маш тодорхой харагдлаа.  Үнэ бага зэрэг буурсан ч өмнөх цаг үеэс өндөр, тогтвортой хадгалагдахаар байна. Улс орнууд маш их хэмжээгээр олборлолтоо нэмэгдүүлж эхэлсэн. Европ ч гэсэн дагаад хаасан уурхайгаа эргэн ашиглаж, ер нь хааж болохгүй юм байна, аюулгүй байдал юм байна гэж чухлаар авч үздэг боллоо. Оросоос авч байсан байгалийн хийгээ нүүрсээр орлуулж байна. Хурдан хугацаанд маневер хийх боломжтой хатуу түлш гэдгээ ч нүүрс харууллаа. Манайх ч гэсэн нүүрсний салбараа стратегийн түвшинд харж үзэх ёстой.

-Өрсөлдөх чадвараа ахиулахын тулд “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсээ баяжуулж чадвал дээрх үнийн ялгаа арилах, ашгийн хэмжээ ч нэмэгдэж таарна. Зах зээлийн бодит үнэ рүү дөхөх боломжоо бид яагаад ашиглаж чадахгүй байна вэ. Бодлогын дэмжлэг алга уу?

-Боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх бодитой дэмжлэг байхгүй, зөвхөн ярьдаг л боллоо. Ярьдаг боловч тэр нь хэрэгжихгүй, ажил болохгүйбайна. Баяжуулах  үйлдвэрүүд баригдсан ч ихэнх нь өнөөдөр ажиллахгүй, сул зогссон.

-Яагаад ажиллахгүй байна вэ. АМНАТ-өөс болж байна уу эсвэл өөр шалтгаан байна уу?

-Гол шалтгаан нь АМНАТ. АМНАТ ийм байгаа нөхцөлд ашиггүй. Ашиггүй учраас хэн ч алдагдал хүлээхийг хүсэхгүй. Түүхийгээр нь зарсан бараг ашигтай. Баяжуулж, хэмжээг нь багасгаж, чанарыг нь дээшлүүлээд өндөр үнээр зарах гэхээр тэндээс өсөн нэмэгдэх роялти авдаг. Баяжуулах үйлдвэрээс гардаг завсрын бүтээгдэхүүнээ зарж чадахгүй байна. Хятадууд авч чадахгүй, авъя, заръя гэхээр АМНАТ өндөр. Өндрөөс учраас зардлаа нөхөхгүй, ашиг ч гарахгүй.

-АМНАТ хэт өндөр байгаа нь Монголд баяжуулах үйлдвэр хөгжих боломж, бололцоог хааж байна гэсэн дүгнэлт рүү ирээд байна. Түүхийгээр нь шууд экспорт хийх, борлуулах зам руу түлхдэг гэсэн үг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Яг л ийм байдал үүсээд байна. Манайх түүхий нүүрс гадагшаа зарахгүй, зөвхөн баяжуулсан нүүрс л гаргана. Баяжуулсан нүүрс борлуулах бол магадгүй АМНАТ дэлхийн хамгийн багаар авна эсвэл тодорхой хугацаанд тэглэнэ гэвэл бүгд нүүрсээ хуурай, нойтон аль нэгээр нь баяжуулахыг л бодно. Бүх үйлдвэрүүд ажиллаж эхэлнэ, ажилтай болно. Ажлын байр шинээр бий болно. Жилд түүхийгээр 40 сая гэж бодоход баяжуулснаар энэ хэмжээ хамаагүй багасна. Баяжмал 20, 25 сая болж ирнэ. Нэмэлтээр 10, 15 саяын хүчин чадал, сул орон зай гарна. Тэнд хүчин чадлаа нэмэх, хил гаалийн экспортын хэмжээгээ ихэсгэх боломж бүрдэнэ. Шороо, чулуу, завсрын бүтээгдэхүүн нь үлдэнэ. Тээврийн өртөг зардал ч буурна. Үр ашиг нэмэгдэнэ. Тодорхой хугацаанд дэмжээд, баяжуулсан нүүрс экспортлох орчныг бүрдүүлснээр үр дүн нь богино хугацаанд гарна. Үүнд хөтлөх нь татварын бодлогын дэмжлэг, уян хатан байдал.  

-Улсын хэмжээнд одоогоор хэчнээн баяжуулах үйлдвэр байна вэ?

-Монголд 21 нойтон баяжуулах үйлдвэр баригдсан. Нийт хүчин чадал нь 50 сая тонн гарчихсан. Гэтэл тогтмол ажиллаж байгаа нь МАК болон Энержи Ресурс л байна. Бусад нь баригдсан ч сул зогссон хэвээр байгаа.

-Сул зогсох шалтгаан нь АМНАТ гэж ойлгосон.

-Ерөөсөө л АМНАТ. Ямар ч ашиггүй. Ашигтай бол хүмүүс ажиллуулаад, мөнгө хийхийг л бодно. Манайх чинь хамгийн сайн чанарын нүүрсээ сорчлон олборлож байгаа. Эсрэгээрээ уурхай гүнзгийрч, чанар муутай нүүрсээ цаашид баяжуулахгүй бол зах зээл биднийг харж үзэхгүй. Тиймээс яаралтай сайн муугаа холиод, баяжуулж, урт хугацаанд их хэмжээгээр зарахгүй бол хамгийн сайн чанарын, хамгийн үнэтэй өрмүүдээ түүхийгээр нь зараад дуусна Тодорхой, зоригтой зохицуулалт шинэчилсэн найруулга болон АМНАТ дээр хийхгүй бол бидний өрсөлдөх чадвар улам уруудна л гэсэн үг. Бусад улстай харьцуулахад манай АМНАТ өндөр. Баяжуулах, боловсруулах үйлдвэр ийм нөхцөлд бариад ашигтай ажиллах боломжгүй. 2035 он хүртэл нүүрсний хэрэглээ тогтвортой өсөх бөгөөд түүнээс хойш буурна гэсэн чиг хандлага байна. Нүүрсний зах зээлийн энэхүү цонх үеийг л ашиглах хэрэгтэй. Цаг хугацаатай уралдах ёстой. Олон сая долларын хөрөнгө оруулалтаар боомтоо авто зам болон төмөр замтай холбож, хүчин чадлаа нэмж байна. Үүнийгээ 100 хувь ашигламаар байна. Төмөр замууд баригдсан ч ажиллаж чадахгүй, жинхэнэ овоолсон шороо, зэвэрсэн төмөр болчихоод байна. Уурхайнууд нь нүүрсээ зарж чадахгүй, авто машинаар зөөгөөд ч дийлэхгүй байна. Яаралтай өрсөлдөөнд орж, тэнцэхийн тулд татварын орчныг нь таатай болгоод өгвөл байдал илт дээрдэнэ.

-Тэгвэл хөрөнгө оруулалт нэмэгдэж, урьдын сонирхол сэргэх болов уу?

-Олон жил бид нар худлаа яриад, хүмүүсийг хулхидсан. Монголд сайн буюу олон улсын, хөрөнгийн бирж дээр гардаг нүүрсний компани орж ирэхгүй байна. Гаднынхантай харьцуулахад Монгол дандаа дунджаас доошоо, эсвэл буруу гарын нөхдүүд, мөнгө угаах зорилготой тийм хүмүүс түлхүү орж ирдэг зах зээл болж хувирлаа. 2010 онд орж ирэх, манай зах зээлд нэвтрэх сонирхлоо илэрхийлсэн, дэлхийн түвшний тоглогчдыг бид хулхидаад, үргээчихсэн. Японы Сүмито, Америкийн Пибоди гээд. Одоо бол тийм хэмжээний компани Монголд орж ирэх ямар ч таатай хууль эрх зүй, татварын орчин, дэд бүтэц байхгүй. Хулхидаад, айлгаад, татвар нь өндөр учраас хэн ч орж ирж мөнгө хийхийг хүсэхгүй. Харин эсрэгээрээ томоохон, нөлөө бүхий хөрөнгө оруулагчид чинь Зүүн Өмнөд Ази, Африкийн орнууд руу явчихсан. Тэнд төмөр зам бариад Мозамбикийн уурхай, Өмнөд Африкийн хойд талын орнууд одоо дэлхийн нүүрсний том тоглогчид болж гарч ирж байна. Манай өрсөлдөгчид дэд бүтцээ шийдчихсэн, дотооддоо төмөр замаар нүүрсээ тээвэрлэж, далайгаар дэлхий рүү тарааж байна. Бид бол маш удаж байна. Барьсан дэд бүтцээ ашиглаж чадахгүй байна. Маш олон асуудал хуримтлагдажбайна.

-Хил нөхцөлөөр манайх нүүрсээ энэ оноос худалдаалж эхэллээ. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

-Хил нөхцөлөөр туршилтаар зарж байгаа нь сайн, сайжирч байна. Тээврээ өөрсдөө хийдэг болж байна. Тэгж байж үнэ нэмэгдэнэ. Хуучин бол Хятадууд тээврээ хийдэг. Ихэнх ашгаа тээвэр дээрээ авдаг байсан бол энэ хар нүх байхгүй болж байна.  Байхгүй болох хэрэгтэй. Монголын компаниуд өөрсдөө тээврээ хийх нь чухал. Гэхдээ л тээврийн цаана ихэнх нь хятад эзэнтэй компаниуд байсаар байгаа. Цаашдаа энэ бүхэн зөв замдаа орж, орлого нь манайд үлдэх байх гэж харж байна.

Ярилцсанд баярлалаа.

 

itoim.mn