Зуны дэлгэр цагт хүн бүр их хотоос гарч амралт, рашаан сувилал зорьдог. Монгол нутаг ч анагаах чадалтай рашаан ус, шавраар элбэг билээ. Амралтаа эрүүл агаарт өнгөрөөхийн хажуугаар биеэ эрүүлжүүлж, тэнхрүүлэх боломж бол сувилал байдаг. Энэ удаад УБТЗ-ын харьяа Булагтай сувиллын талаар мэдээлэл бэлтгэлээ. Тус сувиллыг анх 1986 онд Монголын Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн харьяанд Бөөрөлжүүт нуурыг түшиглэн байгуулжээ. 1991 онд Улаанбаатар Төмөр замын харьяанд ирж эдүгээ 30 гаруй жил ажиллаж байна. Жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажиллаж, нэг ээлждээ 70 орчим хүн хүлээж авдаг бөгөөд үйлчлүүлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Байнгын эрчим хүч, төвлөрсөн халаалт, халуун хүйтэн усаар хангагдсан,  баталгаат хүнс, эрүүл ахуйн найдвартай үйлчилгээг санал болгодог сувилал юм.

Булагтай сувиллын эмчилгээнд ашиглаж байгаа шаврыг анх Геологийн төв лаборатори, Хими физикийн хүрээлэнд шинжлүүлэхэд Хужиртын шавраас хүний биед хэрэгцээтэй элемент илүү байна гэсэн дүгнэлт гарч байжээ.

Тус сувиллын их эмч М.Авирмэд сувиллынхаа талаар “Манайх ЭМЯ-аар магадлан итгэмжлэгдсэн, тусгай зөвшөөрөлтэй, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын тендерт жил бүр оролцож ахмад настнууддаа үйлчилдэг сувилал. 2022 онд гал тогооны хэсгээ өргөтгөн барьж тохижуулсан. Энэ онд эмчилгээний өрөөгөө өргөтгөж байна. Ахмадууддаа ЭМД болон Хөдөлмөр халамжийн хөнгөлттэй үнээр үйлчилдэг. Ажил эрхэлдэг хөдөлмөрийн насны иргэд хоногийн 50 мянган төгрөгөөр үйлчлүүлэх боломжтой.

Булагтай сувилал нь шавар эмчилгээгээрээ олонд танигдсан. Энд гурван төрлийн шавар бий.  Хар шавар нь үе мөчний архаг өвчин, эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчинд сайн бол цагаан шавар нь хоолойны ангина, астма, цусны даралт ихсэх, шалтгаангүйгээр толгой өвдөх зэрэгт сайн. Харин улаан шаврыг харшлын гаралтай бүх төрлийн өвчинд хэрэглэдэг. Хэрэглэж, бохирдсон шаврыг эмчилгээнд дахин хэрэглэдэггүй.

Шавар эмчилгээнд ороход  хориглох хэд хэдэн заалт бий. Цусны даралт өндөр,  хортой болон хоргүй хавдрын үед, мөн биеэр нь идээт тууралттай, ямар нэг цусны эмгэгтэй гэх мэт өвчин зовиуртай бол шавар эмчилгээг хориглодог.   

Мөн шавар эмчилгээнээс гадна усан, тосон, физик эмчилгээ, бүтэн биеийн болон хэсгийн бариануудыг хийж үйлчилдэг. Тухайлбал, сэргээн засах физик, цахилгаан эмчилгээ нь улаан гэрэл, искра, солюкс, кварц, цахилгаан иллэг утлага, электрофоррел, цахилгаан зүү хаш чулуун ор гэх мэт олон төрлийн үйлчилгээтэй хэмээн танилцууллаа.

Харин усан эмчилгээг  ясны шөл, шилмүүс, халгай, далайн давс, цай,  барагшуунтай гэсэн  зургаан төрлийн халуун ваннд оруулдаг байна. Усан массаж эмчилгээг циркулярын болон өгсөх шүршүүрт оруулж эмчилдэг аж. Тосон эмчилгээ парафин /эмчилгээний 4 төрөл/, хонины сүүлээр бүх биеийн тосолгоог хийж ядаргааг нь тайлдаг гэнэ.

Мөн хэсэгчилсэн болон бүтэн биеийн бариа заслаар эмчилгээ үйлчилгээгээ явуулдаг юм байна. Мэргэжлийн эмчид үзүүлж, өвчнөө оношлуулснаар эмч тухайн өвчтөнд ямар эмчилгээ хэрэгтэйг бичиж өгдөг аж.

Булагтай сувилалд биеэ эмчлүүлэхийг хүссэн иргэд цусны болон шээсний ерөнхий шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг хийлгэж, хувийн бэлтгэлээ хангаж ирэх хэрэгтэй.

УБТЗ-ын Төв эмнэлгийн 210 тоотод байрлах сувиллын хүлээн авах эмчид үзүүлж үйлчилгээ авах юм байна. Эрүүл мэндийн сайдын 2012 оны долдугаар сарын 6-ны  өдрийн “Журам батлах тухай” А/247 тоот тушаалын хоёрдугаар хавсралт “Рашаан сувилалд эмчлэх, сувилах өвчний жагсаалт”-ын дагуу сувилалд илгээнэ. Сувиллын эмч нь долоо хоног бүр Төв эмнэлгийн гаднах талбайгаас үйлчлүүлэгчдээ автобусаар хүргэж өгдөг. Сувилуулагчдыг очмогц Булагтай сувиллын тасгийн эрхлэгч, эмч нь хүлээн авч сувиллын дотоод журмыг танилцуулдаг аж.

Булагтай сувилал нь уламжлалтын болон сэргээн засах эмчилгээний эмч нартай бөгөөд  үйлчлүүлэгчээ хүлээн авч үзлэг хийснээр зохих эмчилгээ үйлчилгээгээ  хийдэг юм байна.

 

М.Жаргалмаа     УБТЗ-ын Төв эмнэлгийн ЭМНА