Энэ удаагийн зочин маань Дорнын шаргал говьд ган дөрөө жийн хурдалж яваа эгэл нэгэн машинч. Түүнтэй утсаар холбогдож, ярилцлага хийх хүсэлтээ илэрхийлэхэд “Би уг нь хотод ажлаар ирсэн байна.Сонин хэвлэлд огт ярилцлага өгч үзээгүй болохоор эргэлзэж л байна шүү ” хэмээн цааргаллаа. “Тантай яг л боломжийн үед холбогдлоо. Нэг ирсэн дээрээ манай редакциар зочлооч” хэмээн шавдуулсаар зөвшөөрүүлж чадсан юм. “УБТЗ-д хөдөлмөр зүтгэлээ зориулж яваа мянга гаруй мэргэжил нэгтнээ хошуучилж, 2022 оны “Мэргэжлийн аварга” хэмээх алдрыг хүртсэн гээд бодохоор дундаас дээш насны л хүн байх” гэсэн төсөөлөлтэй хүлээж суутал 30 хүрсэн үү, үгүй юу гэмээр залуу ороод ирэв. 

Үг дуу цөөтэй, даруу төлөв байрын. Гэхдээ хэлсэн үг бүр нь хэрсүү, басхүү мэргэжлийн хүний сэтгэлгээ нэвт “ханхлуулсан” энэ залууг Ш.Мөнх-Эрдэнэ гэх. Тэрбээр,2010-2012 онд техникч мэргэжлээр төгсөнгүүтээ Сайншанд татах хэсэгт зүтгүүрийн засварчнаар ажлын гараагаа эхлүүлжээ. Ингээд таван жилийн дараа буюу 2017 оны арваннэгдүгээр сард туслах машинчийн дагалдан болж, 2018 оны хоёрдугаар сард туслах машинчийн болзлыг хангасан байна. Үүнээс ердөө жил гаруйн дараа буюу 2019 онд машинчаар ажиллах эрхээ албан ёсоор авч эдүгээ гурав дахь жилдээ ган хүлгийн алтан жолоог атгаж яваа нэгэн. Түүний ажил мэргэжлийн замналыг дурдвал ийм л товчхон... “Намайг энэ хэмжээнд хүртлээ ажиллахад хамт олон, дээд үеийн ах нар, байгууллагын удирдлага, хань ижил гээд олон хүн нөлөөлсөн. Би ердөө л тэднийхээ итгэл, сэтгэлийг даахын төлөө хичээж ажилласан. Сахилга бат, үүрэг хариуцлагыг алхам тутамдаа санаж зүтгэсэн.Аавыг минь Шаралдай гэдэг. Сэлгээний машинчаар ажиллаж байгаад гавьяаны амралтаа авсан сайхан буурай бий. Би аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж яваа отгон хүүгийн хувьд үргэлж сайн сайхны үлгэр жишээ нь байхыг эрмэлздэг. Төмөр замын салбарт хүрч болох дээд оргил хаана байна тэнд хүртлээ л хөдөлмөрлөнө гэж боддог доо” хэмээн ярих нь түүний баримталдаг зарчим, хэтийн зорилго, эрхэмлэж явдаг үнэт зүйлийг нь товч бөгөөд бүрэн дүүрэн илтгэх шиг. Зорьсон зорилго нь тодорхой. Түүндээ хүрэхийн төлөө юу хийх ёстойгоо хэдийнэ ойлгочихсон хүн гэж чухамдаа Мөнх-Эрдэнийг хэлэх байх.

Цувааных нь зааварлагч машинч Ц.Энхболд “Мөнх-Эрдэнэ маань насны хувьд залуу ч мэдлэг чадвар, ажлын туршлагаараа маш сайн бэлтгэгдсэн боловсон хүчин. 2019, 2020 онд “Цувааны аварга”-аар дараалан шалгарч энэ жил “ Замын мэргэжлийн аварга” болсонд бид маш их баяртай байгаа. Зөвхөн манай татах хэсэгт л гэхэд  300 гаруй машинч бий шүү дээ. Түлш, тосны хэмнэлт, ажилласан цаг, тонн/км, гүйлтүүд гээд 7-8 үзүүлэлтийг нь нэгтгэж үзэхэд Замын хэмжээний бүх машинчаас “тодорсон” гэсэн үг шүү дээ. Би өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд чадварлаг олон машинчтай мөр зэрэгцэн ажилласан. Ш.Мөнх-Эрдэнэ бол тэдгээр шилдэг залуусын нэг. Би аавтай нь хамт ажиллаж байсан болохоор түүнийг сайн мэднэ. Нэг зорьсон бол заавал ард нь гардаг ажилч хичээнгүй чанар нь түүнийг энэ хэмжээнд хүргэсэн. Цаашид ч хийж, бүтээх ажил, бахдам дуудуулах амжилт олон бий дээ” хэмээн тодорхойлсон.

Ш.Мөнх-Эрдэнэ бол зам төмөр дээр ундааны бөглөө тавьж, жирэлзэн өнгөрөх вагонуудыг хуруу даран тоолж өссөн төмөр змын  тосгоны хүүхэд. Аавдаа үдийн хоолыг хүргэж, мэргэжил нэгтнүүдийнх “Аав шиг ээ мундаг машинч болоорой” гэх ерөөлийн үгэнд “өлгийдүүлсээр”машинчийн бүхээг, хос харгуй хоёрт ижилдэн дассан жирийн л нэг аавын хүү. “Шударга, ажлынхаа төлөө гэсэн сэтгэлтэй явахад амжилт бүтээл аяндаа дагалдана” гэх аавынхаа үгийг алхам бүртээ санаж, дурлаж сонгосон мэргэжлийнхээ талбарт тэмүүлж яваа үлгэр жишээ залуусын нэг бол Мөнх-Эрдэнэ. Тэрбээр ажлын гараагаа эхлүүлснээс гурван сарын дараа буюу 2012 оны аравдугаар сард чөлөөт цагаараа фитнест бэлтгэл хийхээр очихдоо насны ханьтайгаа анх учирчээ. Тэднийх одоо хоёр хүүтэй. Ирэх тавдугаар сард гурав дахь хүнээ өлгийдөн авахаар хүлээж байгаа гэлээ.

Түүний гэргий Я.Цацрал “Миний хань өнгөрсөн он жилүүдэд эзэмшсэн мэргэжлийнхээ л төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн дээ. Ажлынх нь нөхцөл бол үнэхээр хүнд. Шөнө орой, байгаль цаг уурын хэцүү үзэгдэл тохиож байсан ч дуудагдаад л ажилдаа гардаг. Ямар нөхцөлд хэрхэн ажилладгыг ньби сайн мэддэг болохоор аялалд явах хугацаанд нь ар гэрийнхээ бүх асуудлыг жин тан зохицуулахыг эрмэлздэг. Ажлаасаа буугаад ирэхэд нь өвдсөн ч өвдөөгүй, асуудал гарсан байлаа ч баяр баясгалантайгаар угтахыг хичээдэг. Шөнө хэдэн цагт ч дуудагдсан  хамт босож, хэзээ ч буцаж ирсэн халуун хоол цайг нь бэлтгээд хүлээж суух нь машинчийн гэргийн үүрэг гэж боддог. Өнгөрсөн хугацаанд бид хоёрын хэн хэн нь угтаж, үдэлцэж сурч дээ. Хань минь залуу хүн гэхэд үнэхээр нямбай, хувийн зохион байгуулалт сайтай, өндөр хариуцлагатай. Сая шагнал авахад нь төдийгөөс өдийг хүртэл хичээснийг нь Замын удирдлага зөв олж харж, цаашид улам эрч хүчтэй ажиллах урам зориг нэмлээ дээ гэж дотроо урамшсан. Аян замаас ирээд  ядарлаа, зовлоо гэж хэлэхийг нь би огт сонсоогүй. Унтаж байхдаа нурууных нь хүйтэн хөлс гоожино, шүдээ хавирна, ажлаас орж ирэхдээ нүд нь улайчихсан харагдана гээд л биеийнх нь байдлыг цаг ямагт ажиглаж, эмч хүний хувиар шаардлагатай арга хэмжээг авч байхыг хичээдэг. Ийм сайхан залууг өсгөж хүмүүжүүлсэн аав ээждээ л их баярладаг даа. Олон чадварлаг машинчийн үлгэр жишээ болсон хань минь миний бахархал. “Чамдаа хязгааргүй хайртай шүү” гэдгээ танай сониноор дамжуулан илэрхийлье хэмээсэн.

Ш.Мөнх-Эрдэнээс ажлын талбартаа хэрхэн ажиллаж, ямар бэрхшээлтэй тулгардаг талаар нь асуухад, “Дурлаж сонгосон мэргэжил, хийх дуртай ажил минь юм болохоор ядрахаа мэдэхгүй л зүтгэсэн. Үүний ч хүчинд бид хэцүү цаг үеийг ажрахгүй давсан даа. Зуны аагим халуунд аялалд явах ер нь л чанга шүү. Ямар ч салхигүй үед илчит тэрэг хэт халалтаас болж гэмтэнэ. 2-3 цаг зогсоно гээд л хүндрэл бэрхшээл алийг тэр гэх вэ. Бид ч яах вэ, дасчихсан юм. Тэрэг маань хэт халалтаас болж гэмтэх нь л амаргүй байдаг даа. Зам дээр согтуу хөлчүү хүн байх, галт тэрэгний урдуур тээврийн хэрэгсэл орсон үед яаралтай тооромс хийх гээд машинчийн ур чадвар, овсгоо самбаа шаардсан тохиолдол алийг тэр гэх вэ.. Гэхдээ машинч мэргэжлийн талбарт хэцүү бэрхээс сайн сайхан, бахархалт зүйлүүд нь олон.Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам Цогцэций өртөөний хамгийн сүүлийн цонх, Замын-Үүд-2-Шаргын-Овоо хоорондын хос замын анхны цонх гээд шинэ төмөр замын бүтээн байгуулалтад оролцсондоо баярладаг. Дараа нь энэ замыг би барилцаж, хувь нэмрээ оруулж явсан гээд ярина даа гээд бодоход маш гоё санагддаг юм билээ. Машинч хүн дээд үеэ хүндэлдэг, үгийг нь сонсдог хамгийн гол нь сахилга баттай, үүрэг хариуцлагаа ухамсарласан байх нь чухал юм.Галт тэргээр хэчнээн мянган тонн ачаа тээдэг билээ, тэр хэмжээнд улсынхаа хөгжил дэвшлийг тээж явна даа гээд бодохоор өөрийн эрхгүй бахархал төрдөг. Ахлах, зааварлагч машинч нар л хамгийн жинтэй үгийг хэлдэг дээ” гэж хариулсан.

 

Б.ДЭЛГЭРХИШИГ