Саяхан,  Т.Даяндорж ахтай таарлаа. Таарах, таарахдаа УБТЗ-ын  ууган депогийн сүлд дуу эгшиглэсээр, манлай зүтгүүрчдийн ажил ундарч байна даа. МУ-ын гавьяат тэвэрчин  Монгол-Оросын “Хүндэт төмөр замчин”, Сүхбаатар татах хэсгийн дарга Даваагийн Дамбийбалжирын нэрэмжит Сүхбаатар зүтгүүрийн депогийн “Бид манлай хүмүүс” дууны хөшөөний өмнө  уулздаг юм. Монгол Улсын хүндэт төмөр замчин,  яруу найрагч Төмөрбаатарын Даяндоржийг манай Сүхбаатарчууд  Даян ах гэцгээдэг юм.  Аливаад чин сэтгэлээрээ ханддаг, ажил үйлсээ  авьяас чадвараараа гоёж явдаг “баян тансаг уран бүтээлтэй Даян” ахаараа би бахархаж явдаг билээ. Түүний уран бүтээл бусдад хүрэхдээ сонсголонтой, яруу тансаг, үнэн үгтэй байдгийг нуух юун. Миний хамгийн сайн мэдэх,  Сүхбаатар депогийн сүлд дууг зохиосон юм.  Энэ  депогийн үе үеийн хамт олны омогшин сонсдог, амандаа аялдаг дуу бол “Манлай хүмүүс” шүү дээ.  Зүтгүүрчдийн амны уншлага мэт болсон тэрхүү дууг зохиосон түүх тун чиг энгийн.  1996 оны нэгэн өглөө депогийн сонсголтой өдөр аав минь өглөө эрт сэрээж, миний хүү дээшээ гүйгээд Даяндоржийнд ороод ир гэв.  Ингэж би дууны үгний ноорогийг анх гар дээрээ тавих хувь тохиосон билээ.  Даян ах бид хоёрын уулзалт он цагийн жимээр аялан,   дурсамж яриа  ч хөврөв...

                         Сүлд дууны үг бичих даалгавар ахадсан үүрэг байлаа

      1996 оны намар юм уу даа.  МУГТ, Сүхбаатар татах хэсгийн дарга Д.Дамбийбалжир гуай дуудав.  Манай Сүхбаатар зангилааныхан энэ эгэл хэрнээ зарчимч  буурал даргаас битүүхэндээ эмээнэ. Басхүү ихэд хүндэлнэ. Дуудсан гэх даруйд нь өрөөнд нь ортол  уриалгаханаар угтан авч, “Даяндорж минь чи шүлэг яруу найраг бичдэг хүн. Манай хамт олны ажил мэргэжлийг магтан дуулсан, анхдагч депогийн алдрыг тодотгосон сайхан бүтээл хийгээч. Бидэнд дуу хэрэгтэй байна” гэсэн хүсэлт тавьсан билээ. Дамбий дарга  тэр саналынхаа араас зүтгүүрийн тухай, зүтгүүрчдийн мэргэжлийн тухай, машинч хүн өглөөний нарыг  хамгийн түрүүнд угтдаг тухай, эр хүний хийиморв сэргэсэн аян замын тухай надад удаан ярилаа.  Даргын нүд нь сэргээд л их ярьсан санагдаж байна.Тэр үед надад уран бүтээлийн сайхан санаа өгч билээ.  Ярианыхаа төгсгөлд, “Бидэнд хамт олныхоо сэтгэлийг сэргээж, урам зориг өгсөн мөнхийн уран бүтээл хэрэгтэй байна. Надаас хойш ажиллах үе үеийн дарга нар дээдлээд өвлөн хадгалах уран бүтээл хийгээрэй” хэмээн амжилт хүссэн юм.  Өрөөнөөс нь гараад л буурал даргаас маш их итгэл хүлээснээ мэдэрсэн.  Үнэндээ, надад ахадсан хүнд хүсэлт, даалгавар байсан даа.  Буурал дарга бид хоёрын уулзалтын дараа  Сүхбаатар депогийн хагас зуун жилийнхээ ойг угтан зохион байгуулах сүлд дууны үг шалгаруулах яруу найргийн уралдаан зарласан, хугацаа ч ойртсон. Нэрнээс өөр зүйлгүй байсан надад:

Алтан нутгийг туулан шаталсан

Анхны дэр мод эндээс эхэлнэ

Домогт нарсны хаяагаар зурайгаад

Дэлхийг тойрсон замтай нийлнэ

Ийм болохоор Сүхбаатарын зүтгүүрчид

Их аяны манлай хүмүүсээ

Ирэх цагийн ирээдүйг зорьсон

Илчит тэрэгний эзэн хүмүүс ээ... гэсэн мөртүүд төрсөн юм. Үүнийгээ Дамбий даргад  уншиж өгвөл маш их баярлаж байсан нь өнөө хэр нь нүдэнд илхэн... Үүнд урамшсан би  дуугаа гурван бадагтай хийхээр зорьсон ч  зүтгүүрчдийн үтухай цааш лавшруулан бичмээр санагдаад болдоггүй. Ингээд л :

Хонгор морьтой жанжны мөрөөр

Хос мөнгөн чавхдас доргиож

Эх орны ган замын

Эхлэл болон дандаа цохилно...

Алсрах нутгийг зорин хурдалсан

Аварга зүтгүүр эндээс хөдөлнө

Алс холын аянд хүргэх

Аян замын анхдагч болно

Ийм болохоор Сүхбаатарын зүтгүүрчид

Их аяны манлай хүмүүсээ

Ирэх цагийн ирээдүйг зорьсон

Илчит тэрэгний эзэн хүмүүс ээ ...

 Ингэж ТУ-ын гавьяат тээвэрчин  Д.Дамбийбалжир даргын хүсэлтийг биелүүлсэн дээ. Аяыг дууны урлагийн мастер Д.Мэндбаяр гуай зохиосон. /Өдгөө Д.Мөнхбат дуулж байгаа/

Тэр жилээ,   Сүхбаатар депогийн түүхт 50 жилийн ойн нэрэмжит  “Ган үзэг” яруу найргийн наадамд түрүүлсэн.  Дуу маань ойн концертод дуулагдсан. Буурал даргын баярласан сэтгэлээс сонссон үгийг депогийн хамт олноос эхлээд үр хүүхдүүдээс нь  өнөөдөр ч хүртэл сонсож явна даа. Энэ сайхан дууны 20 жилийн ойг  МУГТ Д.Дамбийбалжирын нэрэмжит Сүхбаатар депогийн дарга Д.Галхүү, Д.Дамбийбалжир агсны хүү Д.Мөнхбат, ня-бо Д.Алтантуяа, нярав Л.Оюунцэцэг нар санаачилан хамт олны дэмжлэгтэйгээр "Дуун хөшөө" бүтээж байлаа. 2016 онд нэрэмжит депогийн дарга Б.Ширбазар, Д.Мөнхбат нар Сүхбаатар депогийн болон мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчдийн дунд "Бид манлай хүмүүс" дуу төрсний 20 жилийн ойн хүрээнд "Зүтгүүрчдийн алдрын бахадсан дууг хэн сай дуулах вэ?" уралдаан  зохиож байсан нь саяхан. Буурл даргын нэрэмжит "Хаврын тойрог" тэмцээний үеэр дуулагдсан энэ  дуу маань 2018 онд клиптэй болж намайг дахин баярлуулсан даа.

    Д.Дамбийбалжир даргын "Бахархал" хөшөөний нээлтэд зориулж, "Дамбий дарга минь" шүлэг тэрлэсэнд үр хүүхдүүд, хамт олон нь маш их баярлаж байсан нь тодхон санагдаж байна. Цаг хугацаа маш хурдан өнгөрч нэг мэдэхэд ууган депо 75 жилийн босгон дээр иржээ. Аргагүй л Сүхбаатар депо түүхийн тод гэрч болж, хөгжлийн түүчээг эхлүүлсэн анхдагч байгууллага шүү дээ.  Анхдагч түүхийн эзэл, төмөр замын аяны их замын эхэнд ажиллаж, амьдарч байгаагаараа  Сүхбаатар зангилааны төмөр замчид үргэлж бахархдаг.  Саяхан Сүхбаатар депогоор орж сонирхлоо. Сайхан өнгөлөг байгаа ч ахмадуудаа хүндэтгэн дээдэлсэн түүхэн үзмэртэй болмоор  санагдаж байна. Анхны депод морилон ирсэн хүн бүр түүхийг хамгийн түрүүнд онцлон сонирхоно. Сүхбаатар депо бол "Алдар цуутнуудын өлгий" болсон байгууллага шүү дээ. 75 жилийн ойтойгоо учран золгож, хийж бүтээх ажил ундарч байгаа МУ-ын гавьяат тээвэрчин Даваагийн  Дамбийбалжирын нэрэмжит П.Отгонбат даргатай  энэ хамт олондоо ажлын амжилт хүсье.

    Сүхбаатар татах хэсэг хэмээх том айлыг 25 жил тасралтгүй удирдана гэдэг "гайхамшиг" юм шүү. Есөн хүүтэй, хөл бөмбөгийн бүрэн багийг хариуцсан МУ-ын Хүндэт төмөр замчин Шагдаржавын Ичинхорлоо гээд сайхан гэргийтэй сайхан аав, сайхан домогт удирдагч байсан даа.

Манай Сүхбаатар татах хэсгийнхэн эх орны бүтээн байгуулалтал түүчээ нь явсан хүмүүс гэж би боддог юм. Дархан, Эрдэнэт хотыг хөгжүүлэхэд Сүхбаатарын зүтгүүрчдээ удирдан зохион байгуулсан хүн  бол манай буурал дарга шүү дээ.  УБТЗ-ын дарга Реймаров В.А, I орлогч даргаар 24 жил тасралтгүй ажилласан Н.Цэрэнноров нар  Д. Дамбийбалжир даргыг дуудан "Чи ажиллаж чадна" хэмээн Сайншандаас Сүхбаатар депод авчирч байсан гэдэг.

      Сүхбаатар  депо харьяандаа Дархан солилцох тасаг, Зүүнхараа солилцох тасагтай байсан бүтцийг өргөжүүлж, Эрдэнэт депог байгуулан Сүхбаатар депо статусыг Сүхбаатар татах хэсэг болгож байлаа.

Улмаар өөрсдийн нөхцөлд засварын баазтай болохоор 1999 онд Дархан депог өргөтгөх шийдвэрийг УБТЗ-ын дарга Р.Рашаар шийдвэрлүүлж байсан тухай аав минь ярьдаг байж билээ. Сүхбаатар деподоо нефть баазыг төвлөрүүлж богино хугацаанд шилжүүлэн ачих үйл ажиллагааг бүрдүүлж, ВОХР-ын харуулын  орон тоог нэмж, ажлын байр шинээр бий болгож  байлаа.

Өдгөө хүн эрдэнэ амьд сэрүүн байсан бол МУ-ын Хөдөлмөрийн баатар цол, Алтан соёмбо одонг энгэртээ зүүх хүн байлаа. Дамбий даргыг ахмад дайчдаас бүрдсэн хамт олон болон удирдлагад нь ажиллаж байсан баатар, гавьяатууд болон эрхэм үйлстүүд "Аав" хэмээн хүндэтгэн хайрладаг байлаа. Дамбий дарга маань даанч сайхан хүн байсан даа. /санаа алдав/ Сайхан аав, ээжийн хүүхдүүдэд би баярлаж явдаг юм. Төмөр замчдадаа үлгэр жишээ болж яваа дүү нараараа бахархдаг. Та нар үлгэр жишээ манлайлагч болж чадаж байна. Та бүхэнд аав, ээж, ахмадууд, хамт олон чинь баярлаж яваад би итгэдэг. Дамбийбалжир гуайг Сэлэнгийн ард иргэд төмөр замын "Заазуур Дамбий" хэмээн хүндэлдэг байсан. Сайхан буурлын нэр алдрыг өргөж “Уурын тэрэгнээс ухаалаг зүтгүүрт тэмүүлсэн он жилүүд”, “ Буянт зүтгүүрийн эзэнтэн” ном бичсэн Д.Мөнхбат дүү чамд  ажлын амжилт хүсье ” хэмээн Даян ах маань аавын минь  тухай хууч яриа дэлгэлээ.

Мөн 1976 оноос эхлэн аавынхаа зохион байгуулж ирсэн "Хаврын тойрог" хөл бөмбөгийн тэмцээнийг өнөөг хүртэл залгамжилж явааг минь ч тэрээр орхисонгүй. Эн зангилааны үүх түүхийг нэвт мэдэх хүний нэг нь үнэхээр энэ хүн л дээ.

 

Дамбийбалжирын Мөнхбат