Өдгөөгөөс 65 жилийн өмнө төмөр замчдын хэвлэл “Найрамдлын зам” сонины анхны дугаарыг бэлтгэлцэж явсан тус сонины гэрэл зургийн сурвалжлагч байсан Л.Санжмятав гуайг урьж ярилцлаа.
-Танд ойн баярын мэнд хүргэе. Нэгэнтээ та “Найрамдлын зам” сонин маань ч шинэ, би ч бас шив шинэхэн сурвалжлагч байлаа гэж ярьж байж билээ?
-Тиймээ, 1956 оны намар ЗХУ-ын Москва хотод Калинины нэрэмжит Өнгөт металл алтны сургуульд оюутан болж, нэг жил сураад иртэл ээжийн бие муудаад явж чадаагүй юм. Надад нэг жилийн чөлөө өгсөн. Тэгж байтал “Найрамдлын зам” сонин байгуулагдаж, гэрэл зургийн сурвалжлагч хэрэгтэй гэж найз Б.Батхүүгээсээ дуулаад хэдэн зураг аваад УБТЗ-ын Намын хорооны үзэл суртлын хэлтсийн Г.Дашням гуай дээр очлоо. Зургуудыг маань үзчихээд “Чи өөрөө авсан уу, үнэн биз” гэж байна. “Үнээн, минийх” гэтэл “За чи манайд хэрэгтэй хүн юм” гээд ажилд авсан. Намраас эхлэн бид бэлтгэлээ хангасаар 1958 оны нэгдүгээр сарын 1-нд анхны дугаараа гаргаж байлаа. Манай хэвлэх үйлдвэр тэр үед Консулын дэнжид Орос хэвлэлийн газар байсан. Өнөөгийн энэ “Ган зам пресс” шүү дээ. Төмөр замын Авто бааз манайд ногоон “Победа” машиныг албанд хэрэглүүлдэг. Тэгэхэд Удирдах газрын ард хоёр давхар оюутны байр бариад гурван өрөөнд нь манай сонины редакцийг оруулсан. Материалаа бэлтгээд өнөө машинаараа бид хэвлэх үйлдвэртээ очдог байлаа. Нэгэнт ажилд орсон хүн чинь сургуулиа тэр чигт нь орхиод сониндоо таван жил ажилласан шүү дээ.
-1950-аад оны үед хальсны аппараттай, өөрсдөө плёнкоо боловсруулдаг байсан байх. Сонин байгуулагдахад танд ямар аппарат авч өгч байв?
-Удирдах газрын Оросын үйлдвэрчний байгууллагаас манай сонинд “Киев”, “Зоркий 3” гэж хоёр аппарат өгсөн. Редакц өөрөө Германы “Pentacon”аппарат Өндөр хоршооноос авчихсан байсан. Дээр нь миний хувийн “Зоркий”. Би сольж бариад л гарна /инээв/. Гэрэл зураг боловсруулах бусад техник хэрэгсэл ч дутагдах юмгүй л дээ.
-Сонины анхны редакцийн бүрэлдэхүүнд хэн хэн ажиллаж байв?
-Эрхлэгч нь Г.Дашням гуай. Нарийн бичгийн даргаар зохиолч Д.Наваансүрэн, сэтгүүлчээр Б.Батхүү, бас Л.Дэлэг гэж хүн байсан. Бичээч Буянхүү, техник редактор Д.Цэдэн гэж мундаг хүн байлаа. Б.Батхүү Орост сургуульд явахад оронд нь Л.Бямбаа гэж хүн ирсэн. Хамгийн залуу нь би байлаа. Сургуульд сурах гээд ажлаасаа гарсан л даа. Би МУИС-д дөрвөн жил сурч төгсөөд “МОНЦАМЭ”-д хуваарилагдаж 20-оод жил ажилласан. Гэхдээ анхны ажлын гараагаа эхэлсэн сонин маань сэтгэлд их дотно байдаг. Ямар сайндаа чамайг ярихад “Үдээс хойш уулзъя” гэсэн хэр нь догдлоод, хөгшиндөө “Намайг сониноос урилаа” гээд эрт гүйгээд ирлээ /инээв/.
-Тэр үед гэрэл зураг сонирхдог төмөр замчид их байв уу?
-Олон байгаагүй ээ. Зүүнхараад Ёндон гэж нэг залуу байсан. Би томилолтоор явахдаа гэрт нь очиж, хальс энэ тэр аваачиж өгнө. Өөрийнхөө хэмжээнд зааж тусална. Бид хоёр өмнө нь бие биенээ мэднэ. Ёндонг цэрэгт байхад би офицерийн сургуульд сурдаг байхдаа танилцсан юм. Машинч Ч.Дорж гэж надаас хойш бас сонинд зураг өгдөг болсон байсан. Харин сонины албан ёсны гэрэл зургийн сурвалжлагчаар Н.Оцол, дараа нь Ц.Намсрайжав нар ажилласан. Н.Оцол гуай “Үнэн” сонины сурвалжлагчаас намын даалгавраар Хөвсгөл аймагт нэгдлийн даргаар ажиллаж байгаад намайг МУИС-ийн сэтгүүлчийн ангид ороход манай сонины редакцид ирсэн хүн. Тэр үед гэрэл зураг ихэвчлэн бичсэн мэдээгүйгээр, зөвхөн тайлбартай ордог байлаа. Зарим нэг ярилцлага, сурвалжилгад хааяа гэрэл зураг орно л доо.
-Шугам замаар их явдаг байв уу?
-Байнга явна шүү. Замын даргын үзлэг бүрийг дагадаг байлаа. Яваад очиход төмөр замчид сайхан хүлээж авна. Ер нь, сонины сэтгүүлчид их нэр хүндтэй. Болохгүй зүйл байвал сонинд бичээд ажлыг нь сайжруулчихна. Сонинд бичигдэхээсээ эмээж ажлаа сайжруулна шүү дээ. Сонинд шүүмжлүүлсэн бол ажлаа сайжруулсан тухайгаа заавал мэдээлдэг байлаа.
-Танд одоо хуучны гэрэл зургийн архив хэр байгаа вэ?
-Тун ховор доо. Хувьдаа хадгалдаггүй байлаа. Цөөн хэдэн зураг байсныг нь олон жил болохоор хүмүүс үзье гэж гуйж авсаар барагдсан. 1960, 1970-аад оны үед Улсын гэрэл зургийн фонд гэж байсан. Тэнд бид зургаа өгдөг. Мөн редакцийн фонддоо хадгалдаг байсан. Ер нь, гэрэл зураг гэдэг бол хамгийн бодитой амьдралыг нийтэд түгээдэг шүү дээ. Тиймээс зургийг маш сайн авах хэрэгтэй. Мөн тухайн гэрэл зурагт оруулах гэсэн юмаа маш тод үзүүлэх нь чухал. Хаана ямар байрлалд байх ёстойг ч бодох хэрэгтэй. Тэгсэн цагт үлдэц сайтай байдаг. Муу бичсэн нийтлэлээс сайн гэрэл зураг хүнд олон талын мэдээллийг өгдөг. Уншигч хамгийн түрүүнд зургийг нь л хардаг шүү дээ. Одоо ч зургийн аппарат бараг хүний оролцоогүйгээр гэрэл сүүдрээ өөрөө тохируулдаг болж. Сонин хэвлэл бол хэзээ ч хуучрахгүй, түүхийг хамгийн сайн хадгалж үлддэг хэрэгсэл. Тиймээс анх байгуулагдахад нь ажиллаж байсан сонинд маань одоо ажиллан түүхийг бүтээж буй залуус та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье.
-Сонин маань өнөөдөр 65 жилийн ойгоо тэмдэглэж байна?
-Тиймээ, ах нь их баяртай байна. Ойн баяр бүрт нь уригдаж байна. Хамгийн анх “Найрамдлын зам” сонины 10 жилийн ойд уригдсан. Тэгэхэд эрхлэгч Г.Дашням гуай тэтгэвэртээ гараад Түнхэлд амьдарч байсан. Бид анхны эрхлэгчээ урьж вокзалын амрах байранд байрлуулаад л... Баярын хурал ч их сайхан болж билээ. Түүнээс хойш ой бүр л өөрийн гэсэн онцлогтой болсон. 60 жилийн ойгоор надад “Хүндэт төмөр замчин” тэмдэг олгосонд маш их баярласан. Одоо 65 жилийн ой гэж ярихаар нь баярлаад л... Төмөр замаас өөр ахмадаа нааш гэдэг байгууллага тун цөөн шүү. Өдий насалтлаа төмөр замтай сониныхоо ачаар ойр явлаа даа. Хөгшин бид хоёр одоо тав дахь үеэ үзэх гэж байна. Зээгийн хүүхэд нь хэзээ мөдгүй шинэ хүнтэй болно. Манай хөгшин надаас нэг эгч, одоо 87 нас хүрч байна.
-Баярлалаа, танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
ЯРИЛЦСАН М.НАРАНБОЛД