УБТЗ-ын хэмжээнд ундны усны чанар аюулгүй байдлыг хангах үүднээс энэ онд хоёр удаа товлолт үзлэг хяналтыг Эрүүл ахуй хяналтын хэлтсээс зохион байгуулжээ. Энэ талаар тус хэлтсийн Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.Мөнхсаруулаас тодрууллаа.
- Замын хэмжээнд ундны усны чанар аюулгүй байдал ямар хэмжээнд байна вэ? Энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлаасаа дурдвал?
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн албаны ЭАХХ-ийн даргын баталсан 2023 оны 03 дугаартай “Ундны усны чанар, аюулгүй байдалд хяналт, шинжилгээ хийх” удирдамжийн хүрээнд бид урд, хойд, төвийн хэсэглэл хариуцсан улсын байцаагч нартай хамтран, зам ангиудын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженерүүд, Эрчим хүч ус хангамжийн I, II дугаар ангийн инженерүүдийг байлцуулан энэ оны тав, аравдугаар саруудад хяналт шалгалт хийсэн. Ингэхдээ ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийн засвар үйлчилгээ, эдэлбэр газрын тохижилт, цэвэрлэгээ, эрүүл ахуйн хамгаалалтын болон хориглолтын бүсийн дэглэм, усны чанар, аюулгүй байдлын баталгаажилт, дотоод хяналтын тогтолцоо бүрдсэн эсэхэд шалгалтын ажлаа чиглүүллээ. Төвлөрсөн болон төвлөрсөн бус үүсвэр, ус түгээх байр, барилга байгууламж, хамгаалалтын бүс, цэвэрлэгээ үйлчилгээг “Ундны усны чанар аюулгүй байдлыг шалгах” хяналтын хуудсаар үнэлж эрсдэлийн түвшинг тогтоосон. Ундны усны дээжийг MNS ISO 5667-5:2001 стандартын дагуу нийт 120 ундны усны эх үүсвэрээс хоёр удаагийн давтамжтайгаар ундны усны 231, хөрсний 31 дээж авч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн албаны Эрүүл ахуйн хяналтын хэлтсийн итгэмжлэгдсэн нэгдсэн лабораторид нян судлал, химийн үзүүлэлтээр шинжилгээнд хамруулсан.
- Хэдэн объектыг шалгав, ямар нэгэн зөрчил илэрсэн үү?
- Төвлөрсөн усан хангамжийн 11, хэсгийн төвлөрсөн усан хангамжийн гүний худаг мөн 11, энгийн гүний худаг 52, усан сан 18, усны нөөцийн сав 14, ус түгээх байр 11, ус зэхэх худаг гурав, гар худаг нэг зэрэг 120 объектыг хамруулан шалгалаа. Хяналт, шалгалтын явцад нийт 97 зөрчил гарч, 43 дутагдлыг арилгуулсан. Жишээлбэл, лабораторийн шинжилгээний дүнгээр ундны усны дээж стандартын шаардлага хангаагүй 52, ус түгээж буй ажилтнууд нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй 22, нөөцлөх савны угаалга, халдваргүйжүүлэлтийг улирал тутам хийгээгүй 12, хориглолтын бүс тогтоосон хашаанд мал орж ирдэг ул мөртэй, хашаан доторх цэвэрлэгээг тогтмол хийдэггүй 16, эрүүл ахуйн хамгаалалтын бүсийг стандартаас бага тогтоосон, хашаа, хайс эвдэрсэн 10, худаг, усан сангийн барилга, байгууламжийн хана, таазны будаг, шохой ховхорсон, засвар хийх шаардлагатай 11, ус түгээх шланкийг 80 см-ээс дээш тогтоогоогүй долоо, ус түгээх хоолойд зориулалтын бус шланк ашигласан гурав, усан сан хаяг дугааргүй 18 гэхчлэн зөрчлүүд илэрсэн. Эдгээрийн 32.3 хувь нь барилга, байгууламжтай холбоотой, 43 хувь нь шинжилгээний дүнгээр стандартын шаардлага хангаагүй, 35.2 хувь нь усан сан, ус нөөцлөх савны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг хийгээгүй, 52.9 хувь нь хаяг, дугааргүй зөрчил эзэлж байна.
-Зөрчлийг арилгуулахаар ямар арга хэмжээ авч ажиллав?
-Химийн шинжилгээний дүнгээр фторын хэмжээ зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их үзүүлэлттэй гарсан ундны усанд “Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлага хангахгүй байгаа талаарх 12 албан бичиг үйлдэж эрчим хүч ус хангамжийн I,II дугаар анги, Замын I, II, III, IV ангиуд, БАҮ-ний I, III ангиуд, Замын-Үүд, Чойр, Сайншанд, Улаанбаатар зангилаадад тус тус хүргүүлсэн. Хяналт, шалгалтаар илэрсэн дутагдлыг арилгуулахаар Баянбуурал амралт, Сайншанд зангилаа, Эрчим хүч ус хангамжийн I анги, Замын I, II, III,IV ангиуд, БАҮ-ний I III ангиудын дарга нарт тус тус хүргүүлсэн.
Нян судлалын үзүүлэлтээр стандартын шаардлага хангаагүй Зүүнхараа УТБ, Үнэгт, Түнхэл дэх ухаалаг худаг, Баянбуурал амралтын газрын усан сан, гүний худгийн уснаас давтан шинжилгээ авч нян судлалын шинжилгээнд хамруулахад Зүүнхараа УТБ, Үнэгт, Түнхэл дэх ухаалаг худгийн ус нян судлалын хувьд стандартын шаардлага хангасан, Баянбуурал амралтын газрын усан сан, гүний худгийн ус дахин стандартын шаардлага хангахгүй үзүүлэлттэй гарсан.
Нян судлалын үзүүлэлтээр шаардлага хангаагүй Баянбуурал амралтын газрын усан санг Эрчим хүч, ус хангамжийн I ангийн ажилтнууд, ХАБЭА-н албаны ЭАХХ-ийн байцаагчийн хяналтан дор механик цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг хийсэн. Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн дараа Нэгдсэн лаборатори явуулын шинжилгээ хийж ажилласан.
-Цаашид хэрхэн ажиллах талаар ямар заавар зөвлөгөө өгсөн бэ?
-Ажилтнуудын эрүүл мэндэд хохирол учруулахаас сэргийлэх томоохон ажлуудын нэг нь усан сангийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт юм. Тиймээс усан санд цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийж, хяналтыг тогтмол тавина. Ерөө өртөөний 56 айлын орон сууны усны нөөцийн сав, Баянбуурал амралтын газрын усан сан, Замын III ангийн харьяа 31 дүгээр зөрлөгийн усан санг орчин үеийн ундны усны зориулалттай ус нөөцлөх сангаар солих асуудлыг 2024 оны их засварын төлөвлөгөөнд тусгуулахаар болсон. Орхон өртөөний 24 айлын орон сууцны дор таван тонны усны нөөцийн савыг ашигладаггүй тул усны нөөцийн савыг шаардлагатай газарт шилжүүлж ашиглахаар болсон. Урд хэсэглэлд Номт, Нартын хошуу, Өргөн, Агьсүмбэт, Улхын -Овоо өртөө зөрлөгт гар аргаар механик угаалга цэвэрлэгээ хийсэн. Баянбуурал, Шивээ-Овоо, Оорцог энгэр, Наран элгэн, Ерөө өртөө, зөрлөгүүдийн орон сууцны дор байрлах ундны усны нөөцийн савыг ЭХУХ-ийн ажилтнууд механик цэвэрлэгээ угаалга, халдваргүйжүүлэлтийг хийсэн. ЭАХХ-ийн байцаагч нар хяналт тавьж, Нэгдсэн лаборатори явуулын шинжилгээг газар дээр нь хийсэн.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.