Хаа явсан газраа инээд хөөр цалгиаж, халуун дотно уур амьсгал түгээж явдаг хүн байдаг даа. Тийм хүмүүсийн нэг Замын II ангийн долдугаар хэсгийн замчин, спортын мастер Л.Энхтуяа. Түүнийг “Эгэл төмөр замчин” буландаа урих сан гэж бодсоор явтал саяхан гавьяаны амралтдаа гарчихаж.
Хаана ч, хэзээ ч тас тас инээд алдаж, гал цогтой гялалзаж явдаг тэр эмэгтэйг гавьяандаа суусан гэдэгт бүр итгэж ядаад түүний шавь А.Эрдэнэсувдтай холбогдож, өнөөдрийнхөө зочинг “барьж авлаа”. Тэрбээр, өнөөх л инээд алдсан хэвээр орж ирээд редакцийн маань жаахан өрөөг халуу дүүгтэл амттай яриа дэлгэж, биднийг бөөн эрч хүчээр цэнэглэж орхиод гарч одсон билээ.
“Таныг тэтгэвэртээ гарсан гэдэгт нэг л дасахгүй нь. Ингэж гялалзаж яваа хүн яагаад гэнэт “суух” болов оо” гэвэл “Би ажлыг түүртэж биш, хэн хүний түрүүнд үлгэрлэж хийх дуртай хүн. Гэтэл нас яваад залуу байсан шиг эрч хүчтэй байж чадахгүй болоод ирэхээр тэтгэвэртээ сууя гэж бодлоо. Хүний гар нь хөдлөхөөсөө илүү ам нь хөдөлдөг болчих дэмий. Бусдыг дагуулж ажиллана уу гэхээс чирэгдэж явж таарахгүй гэдэг зарчимтай хүн чинь залуусынхаа ачаанаас нь хуваалцдаг биш, өөрийнхөө үүрэх ачааг бусдадаа хувааж үүрүүлж болохгүй шүү дээ. Би Замын II ангидаа 31 жил таван сар ажиллаад тэтгэвэртээ гарлаа. УБТЗ-аас тэтгэвэрт гарахдаа олон жил ажилласан болохоор боломжийн хэмжээний мөнгөн тэтгэмж авсан. Эгч нь сэтгэл хангалуун байгаа. УБТЗ бол буянтай сайхан байгууллага шүү. Залуустаа захиж хэлэхэд, нэг байгууллагад тууштай ажиллах шиг сайхан юм алга. Тэтгэвэрт гарахад бичиг баримт бүх зүйл ямар ч асуудалгүй бүтлээ. Эгч нь тэр нэгэн жил улсын хилээс доголон нулимстай буцаж ирээгүй бол төмөр замчин болоо ч уу, үгүй ч үү. Тухайн үед би өөрийгөө яасан азгүй юм бэ гэж бодож байсан. Харин хожим би ямар азаар хилээр гараад явчихаагүй юм бэ гэж боддог доо” гээд инээлээ.
“Ингэхэд та хэдэн оны түүх яриад байна даа. Сонирхол татаад явчих чинь. Тэр түүхээ тодруулж яриач” гэвэл инээгээд ийн хуучлав.
“Би Увс аймгийн Малчин суманд төрж, өссөн. Жирийн малчин айлын охин. Нутагтаа дунд сургуулийн наймдугаар анги төгсөөд Завхан аймгийн Барилгын ТМС-ийг төгссөн. Зах зээл гэгч эхэлж байсан 1990 оны зун Увсаас нэлээд хэдэн хүн Якут руу явж, барилгын ажил хийхээр болсон юм. Барилгын сургууль төгссөн би ч тэдэнтэй нэгдлээ. 19 настай жаахан охин анх удаа эцэг эхээсээ хол ажил хийж амьдралд залгах гэж зориглож байгаа нь тэр. Ингээд нутгийн ах эгч нарыг дагаад чемадонтай хувцсаа аваад нутгаасаа гарав. Гадаад руу гарч ажил хийж, их мөнгө олно гэдэг л дэврүүн мөрөөдлөөр явж байгаа хэрэг шүү дээ. Бид хотод ирээд бөөнөөрөө нэг буудалд бууж, ганц хоноод маргааш нь галт тэргэнд суугаад Сэлэнгэ рүү явлаа. Гэтэл хил дээр бичиг баримт зөрчилтэй гээд ганцхан би хилээр гарч чадсангүй. Ёстой доголон нулимстай торойгоод л үлдсэн дээ. Буцаад явах аргаа олохгүй, таних хүнгүй намайг хилийн цэргийнхэн анги дээрээ авчирлаа. Цэргүүдтэй хамт хооллоод байж байв. Цэргийн ангийн удирдлагууд намайг хот руу хүргэж, ах дүү хамаатан саданд нь хүлээлгэж өгөх нэг ахмадыг томилов. Тэр хүний гэрт очиж хоноод маргааш нь хот руу явлаа. Намайг авч явсан хүн “Чамайг телевиз дээр аваачиж зарлуулж байж хамаатан садныг чинь олж өгнө дөө” гэнэ. Би тэгэх л юм бодоод явлаа.
Вокзал дээр буугаад нөгөө хүнээ дагаад явж байлаа. Одоо бодоход Сүхбаатарын талбайн хавьцаа л явсан санагддаг. Гэтэл азаар нутгийн сайн таних ах тааралдлаа. Түүнд бүх учраа хэлбэл танил ах “Би чамайг Пүрэвээ ахынд чинь хүргэж өгье” гэлээ. Өнөө цэргийн хүн ч “За би чамд энэ охиныг хүлээлгэж өглөө шүү” гээд явж билээ. Хотод хамаатны ахындаа жил тойруу хүүхдийг нь харж байгаад Замын II ангид ажилд орсон доо. Сүүлд сонсохнээ Якут явсан нутгийн улс жил гаруй болоод олигтой мөнгө төгрөг ч олж чадалгүй буцаж ирцгээсэн байв. Хэрэв тэр үед би тэдэнтэй явсан бол төмөр замчин болохгүй ч байсан байж магадгүй гэж боддог.
Авга эгч Г.Долгор маань Замын II ангид нярваар ажилладаг байсан тул намайг ажилд оруулж өгсөн юм. Ийм л түүхтэй замчин болсон хүн дээ. Миний хувьд төмөр замчин болсон хувь заяандаа баярлаж явдаг” гэв.
Тэрбээр, 1992 оны намар оройхон аравдугаар сарын дундуур дагалдан замчнаар ажилд оржээ.Тухайн үед Замын II ангийн дарга н.Дагва, боловсон хүчин н.Сумъяа, хэсгийн мастер н.Галбаяр нар байсан гэдэг.
Л.Энхтуяа “Би анх ажилд ороод бригадын дарга н.Агваандорж гэдэг өвгөжөөр хүнийг дагаад явдаг байсан. н.Агваандорж гуай “Миний охин намайг л дагаад яваад бай. Энийг л хийж бай” гээд хаашаа ч хөдөлгөхгүй. Ахлах замчин н.Тэрбиш гээд бас настайвтар хүн байсан. Энэ хоёр хүн ажлын талбарт тосож авсан багш нар минь. Хэсгийн залуучууд намайг “Маниусыг дагахгүй хөгшин хүмүүс дагалаа” гэж цаашлуулна. Бригадын дарга маань намайг эцэг эхээсээ хол яваа хөдөөний жаахан охин гээд өөрийн хүүхэд шиг харж хамгаалдаг байсан байх. Дээр нь багаас аав, ээж эмэгтэй хүүхэд олны дунд биеэ хэрхэн авч явахыг хэлж захьдаг байсан болохоор би ч тэрүүхэндээ хэрсүү.
Удалгүй арваннэгдүгээр сард Замын ангийн нэрэмжит спортын тэмцээн боллоо. Би сагс, волейбол сайн тоглоно. Тэмцээний дараа намайг ангийн удирдлагууд шалгалтгүйгээр замчнаар жинхлүүлэх шийдвэр гаргасан байсан. Тэр цагаас хойш Замын аварга шалгаруулах тэмцээнд ангиа төлөөлөөд 31 жил тасралтгүй оролцсон доо. Волейболын спортын мастерын зэрэгтэй тамирчин болсон” гэж ярих нь бахархам сайхан.
Замчны ажил бүсгүй хүнд хялбаргүй. Халшраад нутаг буцахсан гэж бодогдох үе байв уу гэвэл “Би ер нь хичээл ном сурах дургүй хүн юм шиг байгаа юм. Харин ажилд махруу. Хөдөө өссөн болохоор гүжирмэг талдаа. Тийм болохоор шантарч, ажлаас хойш сууж байсангүй. Залуудаа хүүхэд шуухдаа хаячихаад л “ажил, ажил” гээд давхичихдаг байлаа. Тэглээ гээд буруудсан юмгүй л гэж боддог. Тухайн үед одоо шиг холбоо харилцаа сайн байсангүй. Аав, ээж минь охиноо хотод сайн явна гэдэг л сураг дуулдаг байсан байх. Тэгээд зундаа ээлжийн амралтаа аваад заавал нэг очно доо. Олон дүүтэй болохоор бүгдэд нь хувцас хунар авч очихыг хичээнэ. Цалин болгон дээрээсээ нэг зүйл авч цааш нь хийнэ. Тэгж жил бэлтгэж байгаад аав, ээж, ах дүүсээ зориод гарч өгнө. Нутаг холыг хэлэх үү, очих замдаа долоо хонох ч үе бий. Очоод хэдхэн хоноод буцаад л явна. Таван жил дараалан нутаг явсан. Хамгийн сүүлд ажлаа долоо хоног таслаад ирэхэд нэг их хэл ам болоогүй. Магадгүй ангийн удирдлагууд маань спортын тэмцээнд “нүүр тахалдаг”-ийг минь бодсон уу, авга эгч аргалсан уу, тэгсхийгээд өнгөрч билээ. Түүнээс хойш гэр бүлтэй болж, амьдралаа төвхнүүлэх гээд тэр бүр нутаг руугаа явах боломжгүй болсон доо.
Харин дүү нараа, аав, ээж хоёрыгоо хот руу татаж оруулж ирсэн. Миний аав Б.Лагжаа сумынхаа Худалдаа бэлтгэлийн ангид ноолуур шалгагчаар ажилладаг байв. Сүүлд манаачаар нь ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Ээж Ч.Чулуун маань сумын гуанзанд тогооч байсан. Ингээд багын дурсамж ярихаар хүүхэд ахуй үе нүдэнд харагдаад сайхан байна шүү” гэлээ.
Тэрбээр, спортоор гялалзсан амжилт үзүүлэхээс гадна үндсэн ажил мэргэжилдээ ч эзэн болсон нэгэн билээ.
Түүний баталгаа нь 2007 онд “Замын мэргэжлийн аварга”-аар шалгарч, 2018 онд энэхүү амжилтаа дахин баталж, хошой аварга болжээ. Ийм гялалзсан амжилтын эзэн гэхэд нэлээд хожуу Замын II ангийн 70 жилийн ойгоор “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр энгэрээ мялаасан байх юм.
Та “Төмөр замчин” гэх алдрыг зүүсэн 30 гаруй жилийн түүхээс эргээд бодоход юуг нь онцолмоор байна вэ гэхэд “Маш сайхан хамт олон дунд энэ он жилүүдийг өнгөрүүлсэн болохоор надад өдөр бүрийг л эргэн дурсмаар сайхан санагдаж байна. Манай хэсэг бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ш.Түгжийг төрүүлсэн бахархалт хамт олон. Үүгээрээ хэсгийн үе үеийн замчид бид бахархан бас хичээн ажилладагсан. Би мэргэжилдээ хайртай, ажилдаа дуртай. “Цонх”-нд явах ямар сайхан гэж санана. Ямар ч их ажлын ард яаж ядарч гарсан ажлаа дуусгаад Зил130 машиныхаа тэвшин дээр суугаад дуулалдаад буцахад хамаг ядаргаа арилчихна. Манайд Шархүү гээд бригадын дарга байсан. Хүн бүрээс 1000 төгрөг хураагаад, цонхноос буцаад явах замдаа өнөө мөнгөөрөө хонь авч замдаа хорхог хийж идчихээд дуулалдаад буцдаг байлаа. Ажил, амьдралыг гайхалтай зохицуулдаг мундаг удирдагч нар замчдынхаа сэтгэлийг сэвхийтэл өргөхөө мэднэ. н.Галбаяр, Х.Мөнхболд, Н.Ууганбаяр гээд гурван мастертай ажиллаж байж. Тэд хэзээ зэмлэж, хэдийд нь урамшуулахаа мэднэ. Хийсэн бүтээснээ үнэлүүлээд шагнал урамшил аваад баярын нулимстай зогсох ч сайхан байсан.
Замчдын нэг сайхан нь бие биедээ тусална гэж жигтэйхэн. Ёстой “дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэдэг шиг нэг хүн шиг нэгдэж чаддаг. Бас замчин бүсгүйчүүддээ хайртай “ хэмээн ярихдаа сэтгэл нь ихэд хөдлөв.
Тэрбээр, төмөр замчин Э.Мөнх-Очирынх гэдэг айлын эзэгтэй. Хоёр охины ээж, саяхан зээ охинтой болсон шинэхэн эмээ.
Та ханьтайгаа хэрхэн танилцаж байв гэхэд “Миний ханийг Э.Мөнх-Очир гэдэг. Бид нэг хэсэгт хамт ажиллаж байгаад танилцаж, гэр бүл болсон. Ажилд ороод таван жил болж байж насны ханиа сонгосон доо. Манай хүн төмөр замчин айлын хүү. Хадам аав минь н.Эрдэнэ-Очир гээд Замын VIII хэсгийн бригадын дарга, мастераар ажиллаж байсан. Хадам ээж минь н.Цэнд гээд диспетчер байлаа.
Хамт олон дундаасаа төрсөн хосууд болохоор хурим найр хийсэн үү гэхэд “Хадам аав, ээж хоёр маань бид хоёрт хашаа авч өгсөн. Хашаандаа бид байшин барьсан. Хадам аав, ээж, нөхрийн ах, дүүс, хамт ажилладаг нөхөд минь их тус болсон. Сар гаруй ноцолдож байшингаа барьж дуусаад ах дүүс, хамт олноо гэртээ урьж байлаа. Тэр л бид хоёрын хурим байсан даа. Өөрсдийн гараар босгосон амьдрал маш үнэ цэнэтэй шүү дээ. Хүн хөдөлмөрлөж л чадвал сайхан амьдарна. Төмөр замаас 2011 онд хөнгөлөлттэй зээлээр байр барьж төмөр замчдыг оруулахад би бас нэг өрөө байр авсан. Төмөр замынхаа буянаар сайхан амьдарч байна. Том охин ББСБ-д ажилладаг. Бага маань оюутан. Манай хүн одоо Улаанбаатар өртөөнд ивүүрчнээр ажиллаж байгаа.
Эцэст нь, залуустаа нэг зүйлийг хэлэхэд, би амьдралаа хар ухаанаараа л залж чиглүүлж явсан. Гэхдээ өнөө цагт залуус маань мань шиг хар ухаанаар амьдралыг туулна гэж юу байх вэ. Цаг үе хүнээс маш оюунлаг, мэдлэг чадвартай байхыг шаарддаг болж. Цаг үетэйгээ хөл нийлүүлж, сурч мэдэж, өөрийгөө дайчилж яваарай гэж хэлмээр байна. Би шавь нараараа бахархдаг.
Шавь нар минь сайн явахад миний сэтгэл сайхан байдаг. Миний нэг шавь К.Тунгалаг маань бригадын даргаар ажиллаж байгаад Солонгос руу сурахаар явсан. Саяхан сургуулиа амжилттай төгссөн. Тэр шавь маань залуу хүн гэхэд амьдралд хамгийн хэрэгтэй зөвлөгөөг өгдөг их түшигтэй, ямагт хүний төлөө сэтгэл тавьж явдаг бүсгүй. Одоо намайг Солонгост ирж газар үз, нүд тайл гээд дуудаад л байгаа. Би ч бас гадаад явж, газар үзэж нүд тайлмаар байна. Мөн хөөрхөн зээ охинтой болсон. Эмээгийнхээ үүргийг ч биелүүлнэ. Юм юм л төлөвлөж сууна” гээд инээмсэглэв.
Ийм л нэгэн тод гэрэл гэгээ гийсэн ертөнц ажээ, энэ эмэгтэй...
Б.Гүнжинлхам