Вагоны аж ахуйн албаны дарга техникийн ухааны доктор (Ph), Монгол Улсын зөвлөх инженер Л.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа

 

-Хоёул ойрын хугацаанд ярилцсангүй. Танай албаны хэмжээнд сонин соргог үйл явдлаас яриагаа эхлүүлэх үү?

-“Ган зам” сониныхоо уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Сүүлийн жилүүдэд цар тахлын хорио цээрээс шалтгаалаад олон нийт рүү чиглэсэн мэдээ мэдээлэл хүргэх боломжоор хомс байлаа. Тэгэхээр манай албаны хэмжээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлыг дурдахын өмнө өнгөрсөн оны төгсгөлд түүхт 70 жилийн ойгоо тэмдэглэсэн Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн амжилт бүтээлээс яриагаа эхлэе.  Тус депо өнгөрсөн онд ашиглалтын болон үйлдвэрийн бус аж ахуйн орон тоогоор 312 ажилтантай, балансын хувьд 1.5 тэрбум гаруй төгрөгийн ашигтай ажилласан. Ачааны вагоны дунд засварын (депо) төлөвлөгөөг 118, их засварын (завод) төлөвлөгөөг 135 хувьтай биелүүлж, үйлдвэрлэлийн зорилтоо биелүүллээ. УБТЗ-ын хэмжээнд эрүүл мэндийг дэмжих чиглэлээр Замын даргын А-11 тоот тушаалын дагуу зарласан болзолт уралдаанд II байр, УБТЗ-ын даргын А-01 тоот тушаалын хэрэгжилтийг ханган ажилласан байгууллага,2022 оны хөдөлмөрийн уралдаанд III байр эзэлсэн гээд олон амжилттайгаар 2023 оноо угтлаа. Түүнчлэн, “Удирдлагын менежментийн тогтолцоог үйлдвэрлэлд нэвтрүүлэх” ажлыг 2015 оноос Зүүнхараагийн Ачааны вагон засварын депод хэрэгжүүлэх, төгөлдөржүүлэх чиглэлээр ажиллаж байгааг манай уншигчид мэднэ. Цаг үе шинэчлэгдэн өөрчлөгдөж байна. Бүр дэндүү хурдацтай гэмээр өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлтөд бид төр, хувийн хэвшлийн хөгжилтэй хөл нийлүүлэхгүй бол цаашид хөгжил ярихад хүндрэлтэй. Зарлан тунхаглаж стандартжуулаагүй л болохоос УБТЗ ХНН өөрийн байгууллагын стандарттай явж ирсэн Монгол Улсын томоохон байгууллага. Бид бусдын сайн туршлагаас суралцан өөрсдийн уламжлалт удирдлагын арга барил, байгууллагын соёл, тогтолцоог сайжруулах гүйцэтгэлийн өндөр үзүүлэлтийг гаргах зорилгоор MNS ISO 9001 2016 буюу удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлж, эдүгээ гурав дахь удаагаа Стандартчилал хэмжил зүйн газраас магадлан итгэмжлэгдээд байна.

-Олон улсын стандартыг тус депод нэвтрүүлсний үр дүн нь хэр  байгаа вэ?

-Чанарын удирдлагын стандартыг Зүүнхараагийн вагон засварын депод нэвтрүүлэн ажилласнаар вагон засварын анхан болон эцсийн шатны хүлээн авалтыг сайжруулсан. Анх энэ ажлыг хэрэгжүүлж байхад 100 вагон тутамд 13.5 үл тохирол гарч байсан бол өнгөрсөн жилийн ажлын үзүүлэлтээр 100 вагон тутамд 2.8 үл тохирол гарч ажлын үзүүлэл сайжирсан. Түүнээс гадна ажлын гүйцэтгэл, нягтрал, төвөгшлийг багасгаснаар 2021 онд 1068 илүү цагаар ажиллаж байсан бол энэ жил бид  илүү цагийн асуудлаа шийдвэрлэн тэглэж чадсан. Мөн гүйцэтгэлийн үнэлгээний системийг(KPI) 2022 онд нэвтрүүлэн хэрэгжүүлж чадсанаараа ИТА-нуудыг чадавхижуулах, хариуцлагын системийг сайжруулах, ажлын үр дүнг үнэн зөв үнэлэх боломж бүрдсэнээр ажилтнуудын маань сэтгэл ханамж дээшилсэн нь байгууллагын соёлын судалгаагаар харагдаж байна.

-Эдийн засгийн хувьд бид амаргүй цаг үеийг туулж байна. Энэ үед гаднаас сэлбэг материал хүлээлгүй дотооддоо үйлдвэрлэж, шинээр санаачлах нь ус агаар мэт хэрэгтэй. Вагончдын хувьд ШБАЗ, ШБОС-ны чиглэлээр ямар амжилт гаргаж байна вэ?

-Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ШБАЗ” уралдаан цар тахлын улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд түр завсарлаад түрүү жил Оюуны өмчийн өдрөөр зохион байгуулсаныг та бүхэн мэднэ. Энэ ч утгаараа ШБАЗ-2021 арга хэмжээнд манай төмөр замын инженер зохион бүтээгч нар маш идэвхтэй оролцсон. Манай албаны тухайд тус үзэсгэлэнд 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ толилуулсан. Өөрсдийнхөө хийсэн бүтээлийг бид  макетаар гаргаж, үзэсгэлэнд оролцогчдод таниулан сурталчилсан. Бидний жил бүр гаргасан бүтээлийн 80 орчим хувь нь үйлдвэрлэлд бүрэн нэвтэрдгээрээ онцлогтой.

-Онцлох бүтээлээс нэрлэбэл?

-Бүтээл бүр өөрийн гэсэн онцлогтой. Тухайлбал, хос дугуйн дэлний хурц ирмэгийг хэмжиж тодорхойлдог шаблоныг манай вагончид хийсэн. Энэ шаблоныг Варшав дахь Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагаар баталгаажуулж, үйлдвэрлэлд хэрэглэх саналаа хүргүүлсэн боловч “Энэ хэмжих хэрэгсэл өргөн царигт л ашиглах шаблон байна. Тиймээс ОХУ болон  хамтын нийгэмлэгийн орнуудын  “1520 мм төмөр замын холбоо”-нд тухайн асуудлыг хэлэлцүүл” гэсэн хариуг ирүүлсэн. Бидний зохион бүтээсэн тус шаблоноос “Нэг хувийг явуулаач. Бид үзэж танилцъя” гэж ОХУ-ын Дорнод Сибирийн төмөр замын Вагоны аж ахуйн албаны Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан байцаагчийн хүсэлтийн дагуу бид явуулсан. Гэтэл яг энэ загвартай ижил шаблоныг ОХУ-ын бүх төмөр замын хэмжээнд хэрэглээндээ ашиглаж эхлээд байна.

-Танай инженерүүдийн ур ухаанаар бүтсэн оюуны өмчийн бүтээмжийг дээшлүүлэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар Зам, тээврийн хөгжлийн яам, манайУБТЗ-ын удирдлага хэр дэмждэг вэ?

-Манай тавьсан саналыг УБТЗ-ын удирдлага, ЗТХЯ үргэлж дэмжиж байдагт талархлаа илэрхийлье. Бид ч гэсэн хариуцсан ажилдаа аль болох санаачилгатай ажиллахыг эрмэлздэг. Жишээ нь, бид 2015 оноос хойш вагоны хос дугуйн хүрэлцээ хангамжийг сайжруулах чиглэлээр ЗТХ-ийн сайдын хоёр тушаал, УБТЗ-ын даргын мөн хоёр тушаал гээд хэд хэдэн чухал шийдвэрийг гаргуулсан. Ингэснээр хос дугуйн элэгдлийг бууруулах, хос дугуйн үйл ажиллагаанд мөрдөж байгаа технологийн бичиг баримт, заавруудыг шинэчлэх ажлыг хийсэн. Үр дүнд нь 1300 хос дугуйг шинээр худалдан авах эрэлт хэрэгцээг оюуны бүтээлээрээ хангаж, тэр хэмжээний хэмнэлтийг бий болгож чадсан. Нэг дугуйг 2020 онд найман сая төгрөгөөр худалдан авч байсан гээд тооцвол 6.5 тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан гэж ойлгож болно. Одоо ч гэсэн эдгээр шийдвэрийн үр дүн, хэмнэлт үргэлжилсээр л байгаа...

-Хос дугуй гэснээс 2020 онд Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депод шинээр Хос дугуй угсрах үйлдвэрийг нээсэн. Тус цехийн үр дүн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэрхэн гарав?

-2020 оны наймдугаар сард 7.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад орсон. Хос дугуй эмхэтгэн эвлүүлэх үйлдвэр 2021 оны хоёрдугаар сард анхны хос дугуйгаа угсарсан. Улмаар тухайн ондоо 641, 2022 онд 708 гээд нийт1349 хос дугуйг угсран ашиглалтад өгөөд байна.1349 гэсэн тоог задалбал хос дугуйн парк шинэчлэлийн зорилгоор шинэ 179 хос дугуй, шинэ зээрэнхий хуучин гол ашиглан 523 хос дугуй, голын гэмтлээр шаарлагдсан хос дугуйг дахин эмхэтгэх замаар 133 хос дугуй  угсран ашиглалтад өгсөн. Одоогоор УБТЗ-ын паркад 14000 орчим хос дугуй ашиглаж байна. Дээрх үйлдвэр ашиглалтад орсноор 2014 хос дугуй зээрэнхий шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр салган голыг авч дахин ашиглаад өнөөдрийн байдлаар 347 хуучин гол, 228 шинэ гол нөөцөд бэлэн болгосон. Задаргаа хүлээгдэж буй  511 хос дугуй парк дээр байгаа бөгөөд тээвэрлэлтэд явж байгаа вагонуудын 1400 орчим хос дугуй энэ онд ашиглалтын шаардлага хангахгүй болно гэсэн урьдчилсан судалгаа гарсан. Энэ хэмжээгээр бидний ажил нэмэгдэнэ гэсэн үг.  Хос дугуй гэдэг эд анги байнгын үрэлтэд байдаг.Тэр хэмжээгээр насжилт нь тодорхойлогддог вагоны нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Хэрэв энэ үйлдвэрийг бид байгуулаагүй бол өнгөрсөн цар тахалтай хил хаалттай хүнд үед төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад нэлээн хүндрэл учрах байсан. Энэ үйлдвэрийг байгуулснаар бид дотооддоо хос дугуй эмхэтгэх үйл ажиллагаа явуулж гадагш гарах валютын урсгалыг зогсоосон. Энэ нь монгол  инженерүүд төмөр замын үйлдвэрлэл, технологийг өөрсдөө бүрэн  нэвтрүүлэх чадвартай  болжээ гэдгийг нотлон харуулсан явдал юм. Бид энэ үйлдвэрийг ашиглалтад оруулснаараа өөрсдийн тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэн хос дугуйн парк шинэчлэлийн үйл ажиллагааг хийх, хувийн хэвшлийн вагон эзэмшигч нарын хос дугуйг засах асуудлыг шийдвэрлэх зорилт тавьсан. Өнгөрсөн хугацаанд хувийн хэвшлийн вагон эзэмшигчдийн захиалгаар 475 хос дугуйг угсарч, 110 орчим сая төгрөгийн ашиголсон байна. Үйлдвэрийн өртгийг 4.7 жилд нөхөхөөр урьдчилсан тооцоо гарч байсан.Шаардлагатай зардлыгЗамын захиргаанд шийдвэрлүүлэхээр тавьсан. Хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр ямарваа нэгэн хүндрэл гарахгүй бол наана ч нь бид өртгөө нөхөхболомжтой нь харагдаж байна. Мэргэжилтэй ажилчдыг ОХУ, БНХАУ, БНСУ-ын төмөр зам, ижил төстэй үйлдвэрүүдэд явуулж туршлага судлуулах, шинэ технологид сургах зайлшгүй шаардлага тулгарч байна.

-Вагоны инженерүүд Үйлдвэрлэлд нэвтрүүлснээр үр дүнгээ өгч буй бүтээл олон бий юу?

-Улаанбаатар ТҮГ-ын 18 дугаар зам дээр Дархан-2 дахь вагон засварын газарт үйлдвэрлэсэн вагон засварын хөдөлгөөнт төхөөрөмж суурилуулж байнгын ажиллагаанд оруулснаар нийт 34 нэр төрлийн урсгал засварын ажлыг хийх боломжийг бүрдүүлсэн. Мөн Вагон ашиглалтын депогийн ерөнхий инженер С.Бэхбаатарын санаачилсан Вагоны хос дугуйг доор нь зорох төхөөрөмжийг зохион бүтээснээр хос дугуйд нь гэмтэл гарсан вагоныг заавал Зүүнхараа руу явуулж дугуйг нь авч зордог байсан ажлыг хөнгөвчилж аль ч өртөөн дээр вагон дор нь дугуйг зорж засдаг  зэрэг чамгүй цаг хугацаа, хөдөлмөр зарсан үйл ажиллагааг бүрэн чөлөөлсөн. Мэдээж үүнийг дагаад эдийн засгийн өндөр хэмнэлт үр дүн гарсан.

-Шинэ бүтээл гаргахын тулд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй. Энэ чиглэлээр Замын захиргаа ямар бодлого барьж байгаа вэ?

-Жил бүр их барилга, хөрөнгө  оруулалтаар хуваарилагдаж байгаа хөрөнгийг аль болох  технологи сайжруулах, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлд үр бүтээлтэй ашиглахад албаны удирдлага хамт олон ажлаа чиглүүлдэг. 2017-2022 оны хооронд манай албаны хэмжээнд Замын захиргаанаас 19.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.Тухайн хөрөнгө оруулалтаар бид засварын шинэ цехийг байгуулж хүчин чадал хоёр дахин нэмэгдсэн. Ганцхан вагон ч бус зүтгүүр болон төмөр замын бүх төрлийн хөдлөх бүрэлдэхүүний хос дугуйг засах чадалтай үйлдвэрийг Зүүнхараагийн Ачааны вагон засварын депод байгуулсан. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор ачаа, суудлын вагон, илчит тэрэгний хос дугуйг ОХУ руу явуулж 1.5-2 сая ам.доллараар засварлуулдаг байсныг дотооддоо гүйцэтгэдэг болсон зэрэг үр дүнгүүд гарсан.

-Техник тоног төхөөрөмжөөс гадна мэргэжлийн ном товхимолыг бэлтгэн гаргахад танай инженерүүд багагүй хөдөлмөр зүтгэл гаргадаг шүү дээ. Энэ талаар тодруулна уу?

-Ном товхимлын хувьд 2015 оноос хойш 10 гаруй бүтээлийг мэргэжлийн хүмүүсийнх нь гарт хүргэсэн байна. Үүнээс 4-5 ном товхимол нь вагон үзэгч, засварчдад зориулагдсан дүрэм журмаас эхлээд вагоны аж ахуйн албаны хэмжээнд хэрэглэгдэхүйц гарын авлага болсон. Хамгийн сүүлд хийсэн томоохон ажил гэвэл СИРДП-Е систем ашиглалтад ороод хоёр жил өнгөрч байгаа энэ хугацаанд тухайн системийн вагоны сүүлийн хагас иж бүрдлийн тоног төхөөрөмжийг бид шинэчлэн сайжруулсан. Энэхүү сайжруулсан хувилбараа ЭЛТЕЗА компани руу явуулж, шинээр нийлүүлэгдэх төхөөрөмжийг бидний зохион бүтээсэн хувилбараар гаргах санал тавьсан. Бидний бүтээл 16 кг жинтэй төхөөрөмжийг 9 кг болгож хөнгөрүүлсэн төдийгүй үйл ажиллагааг нь сайжруулсан гэдгээрээ онцлогтой. Туршилтын хугацаанд үр дүнтэй болох нь батлагдаж үйлдвэрлэлд нэвтрүүлэн ашиглагдаж байгаа 18 төхөөрөмжийг  дээрх хувилбараар өөрчилж ашиглаж байна.Энэ бол шинэ технологийг илүү үр дүнтэйгээр нутагшуулж буй вагончдын маань бодит хувь нэмэр юм.

-Ачаа тээвэр нэмэгдэхийн хэрээр вагончдын ажлын ачаалал ч өсөх нь тодорхой шүү дээ.  Нөгөө талдаа вагончдын ажлын бүтээмжээр УБТЗ-д орж байгаа бодит ашгийн талаар дурдвал?

-Чингэлгийн вагоны тээвэр нэмэгдсэнтэй холбоотойгоор галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс  ОХУ-аас Сүхбаатар өртөөгөөр хүлээн авч байгаа чингэлгийн вагонд хийх техникийн үзлэгийн горимд фитинг(чингэлэг тогтоогч)-ийг нэг бүрчлэн үзэх ажилбарыг нэмэлтээр тусган вагон үзэгч нарыг ажиллуулж байгаа. Ингэснээр хуучин  есөн байрлалд үзлэг хийдэг байсан бол вагоны хийцээс хамаарч чингэлгийн вагоны техникийн үзлэгийг 16-19 байрлалд гүйцэтгэдэг болсон. Энэ нь вагон үзэгч нарын ажлын ачааллыг нэмэгдүүлж, улмаар техникийн үзлэгийн чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгож байна. Ашгийн тухайд гэвэл 2022 онд ачааны вагоныг бэлтгэх засварын ажил үйлчилгээнээс манай вагончид 2766 вагоныг зуны тээврийн бэлтгэл засварт оруулж 284 сая 852 мянга гаруй төгрөг, 4110 вагоныг өвлийн тээврийн бэлтгэх засварт оруулж 368 сая 565 мянган төгрөг гээд нийт 653 сая гаруй төгрөгийн орлогыг олсон байна. 

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

 

ЯРИЛЦСАН Б.ДЭЛГЭРХИШИГ