Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных, Суурь бүтэц хариуцсан орлогч дарга К.Р.Белош нарыг төмөр замын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж Үндэсний баяр наадмын өмнөхөн Ерөнхийлөгчийн зарлигаар “Сүхбаатарын одон”-гоор шагнасан билээ. Тиймээс энэ удаагийнхаа дугаарт УБТЗ-ын Суурь бүтэц хариуцсан орлогч дарга К.Р.Белоштой ярилцаж, сэтгэгдлийг нь сонслоо.
-Юуны түрүүнд танд Монголын төрийн өндөр шагналуудын нэг “Сүхбаатарын одон” хүртсэнд нийт уншигчдынхаа нэрийн өмнөөс баяр хүргэе. Энэ өндөр шагналыг хүртсэн сэтгэгдлээсээ хуваалцна уу?
-Миний даруухан хөдөлмөрийг ийм өндрөөр үнэлсэнд би маш их баяртай байгаа. Энэ бол миний сайных биш, харин хамт олны минь хүч хөдөлмөр, өндөр бүтээлийн үр шим юм. Замын нийт бүрэлдэхүүн, хамт олны ач тусаар л удирдагч хүн ийм үр дүнд хүрэх боломжтой.
-ОХУ-ын төмөр замд ажиллаж байхдаа та улсаасаа болон төмөр замаасаа ямар шагнал хүртэж байв?
-ОХУ-ын төмөр замаасаа “Тэргүүний төмөр замчин”-аас бусад бүх шагналыг нь хүртсэн. Харин төрөөс шагнал хараахан авч амжаагүй.
-Би тантай энэ удаад ажил мэргэжил гэхээсээ илүүтэй хувь хүн талаас тань ярилцъя гэж бодож байна. Та айлын хэд дэх хүүхэд болоод бага нас тань Орос улсын аль нутагт хэрхэн өнгөрөв?
-Би Красноярск хотод айлын том хүү болж мэндэлсэн. Нэг эмэгтэй дүүтэй. Бид дөрвөн насны зөрүүтэй. Бага нас маань бусад хүүхдийн л адил өнгөрсөн. Ээж, аавынхаа дэмжлэгээр дунд боловсролыг эзэмшиж, 1981 онд Эрхүүгийн төмөр замын дээд сургуулийг төгсөж төмөр замчин болсон доо. Учир нь, манай хотод төмөр замын чиглэлийн сургууль байгаагүй.
-Яагаад төмөр замчин гэх энэ мэргэжлийг сонгов?
-Аав, ээж, хамаатан садангууд маань бүгд төмөр замчид байсан нь энэ мэргэжлийг сонгох шалтгаан болсон. Би гурав дахь үеийн төмөр замчин. Харин хүүхдүүд маань бүр дөрөв дэх үеийн төмөр замчид болоод ажиллаж байна.
-Монгол, Орос хоёр улс олон жилийн тэртээгээс ахан дүүсийн найрамдалт харилцаатай. Таны хувьд Монголын талаар анх хэзээ уншиж, судалж, мэдэж байв?
-Монгол Улс бол хэзээ ямагт манай улсын найз, нөхөрлөлт харилцааны улс байж ирсэн шүү дээ. Тиймээс Оросын бүх ард иргэд Монголчуудад эелдэг дотно ханддаг. Миний хувьд дунд сургуульд сурч байхдаа буюу 1970 оноос Монгол Улсын тухай маш олон ном уншиж, судалж эхэлсэн. Тухайлбал, Василий Ян зохиолчийн “Чингис хаан”, “Бат хаан” зэрэг түүхэн романуудыг уншиж байлаа. Наашаа мэргэжлийн дагуу ажилд ирэхээсээ өмнө УБТЗ-ын болон улсын хөгжлийнх нь талаар нэлээд уншиж судалсан. 2013 онд УБТЗ-д ажиллах урилга ирэхэд нь маш их баярлаж, маш найрсаг дотно сэтгэгдэлтэй ирсэн. Би Монгол Улсад ажиллаж буйдаа, энэ улсын үйл хэргийн төлөө зүтгэж яваагаараа их бахархдаг. Тиймээс Монгол Улсын амжилт бол давхар миний амжилт гэсэн үг.
-Та УБТЗ-д найм дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд мэргэжлийнхээ дагуу нэвтрүүлсэн өөрчлөн шинэчлэлт, бүтээн байгуулалтаасаа яривал?
-Сайхан асуулт байна. УБТЗ-ын сүүлийн жилүүдийн бүтээн байгуулалтын ажил миний хичээл зүтгэлтэй нягт холбоотой. Замын дэд бүтцийн хувьд жишээ нь ус хангамж, холбоо гэхчилэн зүйлүүдийг хөгжүүлснээр нэвтрүүлэх чадварыг сайжруулж, тухайн улсын хөгжил дэвшилд өндөр үр дүн авчирна гэж үзэж байгаа. Өнгөрсөн найман жилийн хугацаанд 400 орчим км замд их засвар, 300 орчим км-т дунд засвар хийсэн. Мөн 150 гаруй суман шилжүүлгийг шинэчилсэн. Одоо Замын бараг 70 орчим хувь нь төмөр бетон дэрэнд шилжсэн. Энэ нь, галт тэрэгний хурд нэмэхэд сайн нөлөөтэй ажил болсон. Өөрөөр хэлбэл, зорчигчийн болон ачааны галт тэрэг очих ёстой газраа түргэн шуурхай хүрч байна. Бидний хийсэн бүх ажил хэрэг бол Монгол Улсын эдийн засгийн хөгжилд том түлхэц өгөх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Тиймээс УБТЗ-ын нэр хүнд Монгол Улсад өндөр байр суурь эзэлдэг. Үүгээрээ ч төмөр замчид маань замынхаа нөхцөл байдал, хөгжил шинэчлэлтэд онцгой анхааран ажиллаж байгаа.
-Найман жилийн хугацаанд хийсэн эдгээр ажил нь бусад улсын төмөр замтай харьцуулахад хангалттай ихүү, эсвэл бага уу?
-Орос улсынхтай харьцуулбал энэ бол маш хурдтай хийсэн их ажлын тоонд орно. Бид үүнээс илүү хурдан хиймээр байвч энэ нь Замын санхүүгийн байдалтай нягт уялдаатай шүү дээ. Тиймээс эдийн засаг санхүүгийн байдлаа харгалзан үзэхэд дээрх хийсэн ажлаа хангалттай хэмжээ гэж би дүгнэж байгаа.
-Та ОХУ-ынхаа төмөр замд ямар ажил эрхэлж байв?
-Би Замын бригадын даргаас ажлын гараагаа эхэлж байлаа. Тэгээд шат ахин ажиллаж явсаар Замын албаны дарга байхдаа би УБТЗ-д ирсэн. Ер нь, төмөр замын ажлыг багаас нь эхэлдэг. Үүний дагуу л би ажиллаж явна. Намайг өдий зэрэгт хүрэхэд тусалсан маш сайн багш нар байсан. Их дээд сургуульд сурсан мэдлэгийг практик ажиллагаатай хослуулан бүх шатны ажлыг сурч авахын тулд доод шатнаас эхлэх нь чухал. Намайг ажил амьдралд тосож аваад, дадлага сургуулилт хийлгэж, зааж сургасан, туршлага суулгасан багш нартаа үргэлж талархаж явдаг даа.
-ОХУ-ынхаа төмөр замд ажиллах, Монголд ажиллах хоёр мэргэжлийн талаасаа ижил зүйл олон байх. Стандартын дагуу технологийг чанд мөрдөх гэхчилэн төмөр зам бол хатуу дэг журамтай. Гэхдээ Монголчууд аливаа зүйлийг “монголчилно” гэж ярьдаг, бас өөрийнхөөрөө ч өөрчилчих нь бий. Та цөөнгүй жил ажилласан хүний хувьд зарим зүйл дээр “монголчилж” сурч байна уу?
-Дэлхийн аль ч улс оронд төмөр замыг барих технологи ижил байдаг. Ганц ялгаа нь царигийн хэмжээ. Харин тухайн амжилт бүтээлийг сайжруулах талд хэрэглэсэн зарим зүйл бий. Тухайлбал, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замд бэхэлгээ болон төмөр бетон дэрний хувьд хөгжил дэвшил, чанарыг нь улам сайжруулсан. Манай УБТЗ-ын хувьд модон дэртэй учраас технологи нь арай өөр ч миний зүгээс техникийн талын хүн гэдэг утгаараа өөрийнхөө үйлчилгээг үзүүлсэн.
-Монголд ажиллах хугацаандаа Монгол Улсын нутгаар аялж, хөдөөний малчидтай ч уулзаж үзсэн байх. Монгол орны байгаль, хүмүүсийн зан чанар нь танд ямар санагддаг вэ?
-Монгол Улс амьдрахад тааламжтай орон. Нэг дутагдал нь гэвэл техникийн хөгжил дэвшлийн хувьд жаахан хоцрогдсон. Гэхдээ энэ бол цаг хугацааны явцад нөхөгдөнө. Үүнд нэг их санаа зовоод хэрэггүй. Миний хувьд Хөвсгөл нуураас бусад газраар аялж үзсэн гэхэд болно. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн сайхан нутгуудтай. Цаашид очиж үзээгүй газруудаар аялахыг хүсэж байгаа. Монголчуудын хувьд ч нөхөрсөг ард түмэн. Монгол уул уурхайн баялаг болон мал аж ахуй асар ихтэй орон. Өнгөрсөн жилүүдийг бодвол амьдрах нөхцөл илүү сайжирсаар байна. Харин мал өсгөнө гэдэг амаргүй, хүнд ажил. Тиймээс хөдөөгүүр явж байхдаа малчдаар их бахархсан.
-Таныг анх ирж байсан үеийн Монгол Улсын хөгжлийг өнөөгийнхтэй харьцуулбал хэр өөрчлөгдсөн байна вэ?
-Ер нь, их өөрчлөгдсөн. Ялангуяа, тээврийн салбар асар их хөгжиж дэвшсэн шүү. Шинэ төмөр замуудыг барих талаар маш олон төлөвлөгөөт ажлууд ч бий. Эхнээсээ биелэлээ олоод явж байна. Сүүлийн жилүүдэд улс орны хөгжил зогсолтгүй урагшилж байгаа. Хүндрэлтэй зүйлүүд харагддаг ч энэ нь цаг хугацааны л түр зуурын асуудал. Цаашид мэдээж бүх талаараа улс орны эдийн засаг сайширна. Үүний тулд бид төмөр зам, авто зам болон агаарын тээврийг илүү сайн хөгжүүлэх ёстой. Ингэснээр ажлын байр нэмэгдэж, зам дагасан шинэ хотууд бий болно гэхчилэн миний хувьд Монгол Улсын ирээдүйг их гэгээлгээр харж байгаа.
-УБТЗ-д цөөнгүй жил суурь бүтэц дээр удирдлагаар ажиллаж буй хүний хувьд та Монгол Улсын төмөр замын түүхэнд тодоор бичигдэж үлдэхнь гарцаагүй. Шинэ төмөр замын олон төсөл бий гэж та хэллээ. Тухайлбал, Богдхан төмөр замын төслийн ажлыг эхлүүлэх шавыг тавилаа. Энэтөслийг таны хувьд хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Улс оронд нэлээд боломжийг олгох төсөл л дөө. Гэхдээ Тавантолгой-Зүүнбаян чиглэлийнхтэй харьцуулахад амаргүй. Учир нь, энэ бүтцэд нь маш том гүүр, бас нүхэн гарцууд бий. Үүнийгээ дагаад хүндрэлүүд гарч ирэх ч шийдэх боломжтой. Энэ төмөр замыг барьснаар дамжин өнгөрөх ачаа тээврийг нийслэлээр дайруулахгүй шууд явуулах боломж бүрдэх юм. Зарчмын хувьд тийм ч хүнд зүйл байхгүй, харин бүтээхийг л хаа хаанаа чин сэтгэлээсээ хүсэх хэрэгтэй.
-Таныг ажиглахад хэнд ч хэлэх юм гарвал шууд хэлчихдэг, эрс шийдэмгий, зарчимч хүн шиг санагддаг. Миний энэ дүгнэлт зөв болов уу?
-Энэ бол миний хүмүүжил. Өөрөөр хэлбэл, гэр бүл, сургууль, ажлын талбараас олсон хүмүүжил юм. Намайг үгэндээ эзэн болдог байхыг үргэлж зааж сургасан. Би хэлсэн, амласан л бол үгэндээ эзэн байх ёстой. Тийм ч учраас хийе гэсэн ажилдаа шийдэмгий орж, үзэл бодолдоо ч чин үнэнчээр зогсдог.
-Өөр шигээ зарчимч, хэлсэн л бол хийдэг залуусыг хэр бэлтгэж байна даа. Шавьтай болсон уу?
-Нэгдүгээрт, ямар ч хүн өөрийнхөө ажилд эзэн байх ёстой. Зөвхөн их, дээд сургуульд сурсан мэдлэг боловсролоор цаашид хөгжин дэвших, зарчимч зан аашийг өөртөө суулгах боломжгүй. Маш сайн туршлагатай багш нарын гарт очиж байж л ажил болон хүмүүсийг хэрхэн захиран удирдах вэ гэдэгт суралцана. Залууст аз нь таараад тийм мундаг хүнтэй таарвал цаашдын амжилтын үндэс бат тавигдана. Хоёр дахь хүчин зүйл нь тухайн хүнээс өөрөөс нь шалтгаална. Өөрөөр хэлбэл, өөртөө зорилго тавьж, мэргэжилдээ эзэн болох, илүү сайн суралцах хүсэлтэй байх ёстой. Ингэж байж л амжилтад хүрдэг. Өнөөгийн залуусын хувьд хүлээж авч буй мэдлэг, мэдээллийн орон зай миний үеийнхээс маш өргөн болсон. Тэр олон мэдээллээс зөвхөн өөртөө хэрэгтэйг нь олж авах чадвар л хамгийн чухал. Мэргэжлийн талаасаа хөгжихөд хэрэггүй мэдээллүүдээс зайлсхийж, орхих хэрэгтэй. Тэгээд хамт олондоо нэр хүндтэй, нийгэмд ч, гэр бүлдээ ч үлгэр дуурайлалтай хүн болох зорилтыг өөртөө тавих хэрэгтэй. УБТЗ-д мэргэжлийн өндөр боловсролтой, цаашид өсөн дэвших боломжтой олон залуу бий. Тэр залууст хугацаа хэрэгтэй. Туршлага бол цаг хугацааны явцад хуримтлагддаг зүйл. Ажлыг багаас нь хийж үзэлгүй, туршлага суулгүйгээр дарга болж чадахгүй. Чадсан ч ажлаа хийж мэдэхгүй, хүмүүсээ удирдаж чадахгүй шүү дээ. Тэгээд ч бүх хүн дарга болох боломжгүй. Харин шавь гэвэл ОХУ-д миний удирдлагад ажиллаж байсан олон шавь бий. Зарим нь надаас ч өндөр албан тушаалд буюу яам, Засгийн газарт ажиллаж байгаа. Тэдгээр шавьтайгаа холбогдож, УБТЗ-ынхаа хөгжил дэвшлийн зарим асуудлыг шийдвэрлэхэд дөхөм байдаг. Энд бол цөөн хэдэн шавь бий. Тухайлбал, Замын III ангийн дарга Б.Ариунболд байна. Намайг албаны дарга байхад инженерээр ажиллаж байлаа. Мөн Замын II ангийн ерөнхий инженер байсан Д.Энхтулга байна. Одоо Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам руу явчихсан. Энэ мэт зорилго тэмүүлэлтэй, мэдлэг боловсролтой залуус ирдэг. Бид ярилцаад бүх техникийн даалгавар, өөрийнхөө үзэл бодлыг танилцуулсны үндсэн дээр цаашид хөгжин дэвших нөхцөлийг нь бүрдүүлж өгдөг. Би арай сүртэй илэрхийлж магадгүй ч энэ хоёр залууд цаашид хөгжин дэвших үндэс нь болсон гэж боддог.
-Олон жил нэг дор ажилласан хүмүүс найз нөхөд, ахан дүүс шиг болдог. Та Монголд ирээд олон сайхан найзтай болов уу?
-Та нар ойлгодог байх. Ажлаа хийхэд болон доод албан тушаалын хүмүүстэй нээлттэй ярилцахад надад Монгол хэл мэдэхгүйн хүндрэл жаахан гардаг. Гэхдээ удирдлагуудын хувьд бараг бүгд орос хэлтэй болохоор амар. Бүх албанд надтай хамтран ажилладаг, сайнаар ханддаг, мэргэжлийн өндөр чадамжтай найзууд бий. Ажлаа хийгээд явж байхад сайхан сэтгэгдлүүд ч ирдэг. Ажлын байрандаа хариуцлагатай, ажилдаа чин сэтгэлээсээ хандаж буй хүмүүсийг харахад сайхан шүү.
-Та гэр бүл, үр хүүхүүдийнхээ талаар тодорхой танилцуулаач. Дөрөв дэх үеийн төмөр замчид болсон гэж дээр цухас дурдсан шүү дээ?
-Би хоёр хүүтэй. Том хүү Д.К.Белош маань УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны Технологийн ажил хариуцсан орлогч даргаар ажилладаг. Бага хүү Дорнод Сибирийн төмөр замд ажиллаж байгаа. Харин эхнэр маань гэрт. Одоохондоо Эрхүү явсан, удахгүй ирнэ. Бид гурван хүү, нэг охины өвөө, эмээ болсон.
-“Замчид ажлын хүндийг хийж, алдрын багыг хүртдэг” гэж Р.Раш дарга хэлдэг шүү дээ. Үнэхээр ч манай замчид өвлийн хүйтэн, зуны халуун, бороотой, шуургатай ямар ч үед ажлаа чин сэтгэлээсээ хийцгээж байдаг. Ийм хөдөлмөрч хамт олны дунд үлгэр дуурайлал болон ажиллаж, тэднийг удирдаж буй танаар бахархаж, бас талархаж байна. Танд ажлын өндөр амжилт хүсье?
-Баярлалаа. Замчдын ажил үнэхээр хүнд. Р.Раш дарга үнэн хэлсэн байна. Замчид бол чин сэтгэлээсээ хичээж, чанартай, өндөр бүтээлтэй ажилладаг. Зөвхөн намайг ажиллах найман жилд гэхэд л салаа таван зам барьж, Сүхбаатар, Замын-Үүд, Дархан-1, 2 гэхчилэн 17 өртөө уртасгасан. Энэ мэт бүтээн байгуулалтын олон ажил хийсэн нь УБТЗ-ын замчид маш сайн ажиллаж буйг илтгэж байгаа юм. Ингээд ярилцлагынхаа төгсгөлд дүгнээд хэлэхэд миний хийсэн ажил маш бага, харин замчдын маань ажил асар их юм шүү. Та бүхэндээ баярлалаа.
ЯРИЛЦСАН М.НАРАНБОЛД