УБТЗ-ын Политехник коллежоос БНСУ-ын Ёнжү хотын Сунам төвийн харьяа Төмөр замын ахлах сургууль, Олон улсын хоол хүнсний ахлах сургуулиудтай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд тус сургуулийн удирдлагууд Монголд зочлон ирлээ. Эдгээр ахлах сургууль нь манай улсаас есдүгээр анги төгссөн хүүхдүүдээс сонгон шалгаруулалт хийж, Солонгост сургах аж. Энэ хүрээнд өнгөрсөн хавар сонгосон найман хүүхдээ энэ сарын 7-нд БНСУ руу аваад явлаа. Энэ үеэр Олон улсын хоол хүнсний ахлах сургуулийн захирал Ким Жун Вонтой ярилцлаа.
-Юуны түрүүнд манай төмөр замын коллежтой хамтран ажиллаж, ирээдүйн төмөр замчныг ахлах сургуулиас нь бэлтгэх, мөн Солонгос хоол үйлдвэрлэл, соёлыг ч манай залууст заах гэж буйд талархал илэрхийлье. Ахлах сургуульдаа өөрийн зардлаар гадны орны хүүхдүүдийг яагаад сургах болов?
-Би өөрөө эцэг хүн. Хүүхдүүдээ гадагш нь сургуульд явуулж сургасан. Үүнээс үүдэж өөрийнхөө сургуульд ч гадны оюутан авч сургая гэж таван жилийн өмнөөс л бодож эхэлсэн. Тиймээс Кёнсанбүгдү аймгийнхаа Боловсролын санд гадны оюутан авах тухай хөтөлбөрөө өргөн барьтал зөвшөөрсөн. Ингээд анхны гадаад сурагчаа Монголоос элсүүлэн авч байна. Яагаад Монгол Улсыг сонгосон гэхээр судлаад үзтэл Монголын төмөр зам өргөн хэмжээнд хурдацтай хөгжиж байна. Дээр нь, монгол хүүхдүүд бусад орныхноос хэл илүү хурдан сурдаг. Энэ хоёр шалтгаанаар танай улсыг сонгож, хоёр ахлах сургуульдаа тус бүр дөрвөн хүүхэд авч явж байна. Цаашид бид хүүхдийнхээ тоог боломжийнхоо хэрээр нэмнэ. Манай сургууль Солонгосын хэмжээнд хувийн сургуулиудынхаа эхний аравт багтдаг.
-Энэ удаад явж буй хүүхдүүд хэдэн жил сурах вэ. Ер нь, заавал ес төгссөн хүүхдийг л авах уу. Арав, арваннэгдүгээр анги төгссөн хүүхэд явах боломжтой юу?
-Хэрэв арав төгссөн хүүхдийг авбал дахин аравдугаар ангидаа улирч сурах болно шүү дээ. Тиймээс зөвхөн есдүгээр анги төгсөж буй хүүхдүүдээс л сонгож авна. Хүүхдүүд маань Солонгост арав, арван нэг, арван хоёрдугаар ангидаа сурч дунд сургуулийн боловсролын гэрчилгээнээс гадна мэргэжлийн үнэмлэхтэй төгсөнө. Ийм болохоор Солонгосчууд ч манай сургуульд хүүхдээ сургах сонирхолтой байдаг. Мэргэжилтэй болохын тулд их сургуульд дөрвөн жил суралгүйгээр манайхыг төгсөөд шууд ажилд орох боломжтой. Энэ удаагийн найман хүүхдийн маань виз богино хугацааны буюу нэг жилээр гарч байгаа. Жил бүр сунгана гэсэн үг.
-Эдгээр хүүхэд ахлах сургуулиа төгсөөд магадгүй төмөр замын их сургуульд дэвшин суръя гэвэл боломж нь хэр нээлттэй вэ. Та бүхэн зуучилж өгөх үү?
-Солонгос улс төмөр замын дөрвөн сургуультайн хоёр нь манай Ёнжү хотод байдгаараа давуу талтай. Тиймээс төмөр замын чиглэлээр ахлах сургууль төгсөх хүүхдүүд маань элсэн суралцах бүрэн боломжтой. Харин төгсөөд ажилд орох, эсвэл их сургуульд дэвшин сурах эсэхээ хүүхдүүд өөрсдөө сонгох байх.
-Ирэх жилийн элсэлтээ хэрхэн авах бол. Хүүхдээ танай сургуульд явуулах сонирхолтой эцэг эхчүүд хаана хандаж, яаж бүртгүүлэх вэ?
-Энд байгаа хүмүүс маань зар мэдээллээ түгээж бүртгэлээ хийнэ. Тэгээд бид ирэх дөрөв болон зургадугаар сард ирнэ. Өвөрхангай аймгийн Хархорин сумын сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан болохоор тэнд очиж ярилцлага хийнэ. Хоёр ахлах сургуульдаа дөрөв дөрвөн хүүхэд элсүүлнэ. Хамгийн гол нь тухайн хүүхэд үнэхээр явж суръя гэсэн хүсэлтэй, сурлага сайтай, сургуульдаа тодорхой хэмжээний шилдэг сурагч байх хэрэгтэй. Эхний хүүхдүүдийн нөхцөл байдлаас шалтгаалж цаашид хүүхдийнхээ тоог нэмэх эсэхээ шийдвэрлэнэ.
-Ямар хичээлээр шалгалт авдаг вэ?
-Англи хэлэндээ сайн байх хэрэгтэй. Дээр нь Солонгос хэлтэй байвал илүү давуу тал болно. Тэгээд бусад хичээлдээ сайн байх ёстой. Гэхдээ хамгийн гол нь бид эцэг эх болон хүүхдээс нь ярилцлага авдаг. Асуултууд нь энгийн мэт болов ч тухайн хүүхдийн зан төлөв, хандлага ямар байгааг нь хардаг юм. Тэгэхээр тэнцэх эсэх нь тухайн хүүхдээс өөрөөс нь шалтгаална.
-Энэ удаад элсэж буй найман хүүхдийн төлбөрийг танай сургууль бүрэн хариуцаж байгаа гэж ойлгосон. Цаашид ч энэ хэвээрээ байх уу?
-Боловсролын сангаас хүүхдүүдийн сургалтын зардлыг 100 хувь хариуцна. Харин эцэг эхчүүд жилд найман сая вон гаргана. Үүний хоёр сая нь барьцаа. Хүүхэд ямар нэгэн байдлаар өвдөх, гэмтэх ч юм уу, гэрээнд тусгагдаагүй өөр асуудал гарвал зарцуулах мөнгө гэж ойлгож болно. Хэрэв хэрэглээгүй бол жилийн дараа буцааж олгоно гэсэн үг. Харин зургаан сая вон нь хүүхдүүдийн бүтэн жилийн хоол, байр, хувцас хэрэгсэл гэхчлэн бүх зүйл нь орсон төлбөр.
-Тодорхой мэдээлэл өгсөнд баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье!
-Баярлалаа, дөрөвдүгээр сарын 15-нд Кёнсанбүгдү аймгийн Боловсролын сайд Монголд ирнэ. Тиймээс таныг сайдаас ярилцлага авахыг хүсье!
М.Наранболд