Өнгөрсөн Баасан гарагт “Ган зам” паласт “Төмөр замын хөгжлийн чиг хандлага” сэдэвт уулзалт зөвлөгөөнийг УБТЗ ХНН, БНСУ-ын “Кореа нейшнл рэйлвэй”, “Бексон пауэр” ХК-тай хамтран зохион байгууллаа. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин, УБТЗ-ын даргын зөвлөх Р.Рашийн урилгаар БНСУ-ын “Үндэсний төмөр зам” компаний гүйцэтгэх захирал асан, Зүүн Азийн төмөр замын хамтын нийгэмлэгийн тэргүүн, “Бексон пауэр” ХК-ийн зөвлөх доктор, профессор Ким Санг Гюүнь энэхүү зөвлөгөөнд сонирхолтой илтгэл тавьсан юм. Тэрбээр,илтгэлээ тавихаас өмнө “Би Монгол Солонгос хоёр орны найрамдалт хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө ажиллана. Би Солонгос Улсад “Монголд ээлтэй хүн” гэдэг хочтой. Цаашдаа ч Монгол Улсын төмөр замын салбарт илүү их хөгжил авчрахын тулд хичээнэ гэдгээ та бүхний өмнө амлаж байна” хэмээсэн юм. Үнэхээр ч тэрбээр, Монгол Улсын төмөр замын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулж явааг Р.Раш зөвлөгөөний нээлтийн үеэр онцолсон. Тодруулбал, Ким Санг Гюүнь доктор Монгол Улсын ГТХЗНТ-ийн төслийн барилга БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр баригдаж байгаа нь түүний хөөцөлдсөн ажлын үр дүн юм. Үүнээс гадна, тэрээр  Зүүн Азийн төмөр замын хамтын нийгэмлэгийг санаачлан байгуулж, бүс нутгийн хөгжлийг хурдасгах төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна.

Түүний илтгэл Солонгосын төмөр замын өнгөрсөн, одоо, ирээдүй болоод “Зүүн Азийн төмөр замын хамтын нийгэмлэг”, Монгол Улсын төмөр замын хөгжлийн бодлого, төлөвлөлт зэрэг хэд хэдэн хэсгээс бүрдэж байв. Энэхүү илтгэлээс товчлон уншигчдадаа хүргэе.

 

Солонгосын төмөр замын өнгөрсөн, одоо ирээдүй

 

    Өдгөө хурдны төмөр замын хөгжлөөрөө Дэлхийд тавдугаарт эрэмбэлэгдэж буй БНСУ-ын төмөр замын үүсэл 1894 онд тавигдаж, 1899 онд Сөүлээс Инчон хүртэлх анхны төмөр замаа ашиглалтад хүлээн авч байжээ.

Харин төмөр замын одоогийн байгууллагын үндэс суурь 1963 онд тавигдсан гэж үздэг байна. Солонгосын хойгийн дараах энэ улс 1967-1981 онд маш хурдацтай хөгжсөн гэж үздэг бөгөөд 1981 оноос нийгмийн хөгжлийг хурдасгахад төмөр замын салбарын үүрэг нөлөө илүү болж иржээ.Учир нь, төмөр замын дан шугамыг хос болгож дизель төмөр замаас цахилгаан төмөр зам руу шилжиж эхэлжээ.Мөн энэ улс1968-1970 оны хооронд хурдны авто замыг байгуулж эхэлсэн байна.

Ер нь, 1992 онд Солонгосын төмөр замд хурдны төмөр замын төсөл эхлэн яригджээ. Хурдны төмөр зам нь Сөүл хотод хүн амын төвлөрөлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах  гол шийдэл байсан байна. Тиймээс 2004 оноос хурдны төмөр зам байгуулах төслийг эхлүүлжээ. Ингэхдээ хурдын төмөр замын төсөл хариуцах Төмөр замын агенлагийг тусад нь байгуулсан аж. Мөн 2005 оноос төмөр замын оператор, хөдлөх бүрэлдэхүүнийг авч явдаг байгууллага, суурь бүтэц барих эзэмших байгууллагыг тус тусад нь бие даалгасан бүтцээр ажиллуулж эхэлсэн байна. Тухайлбал, тус улсын Үндэсний төмөр зам компани суурь бүтцийг хариуцаж, оператор Кореаль болон SR компаниуд тээврийн үйл ажиллагааг явуулах болжээ. Ингэснээр өмнө нь хасах үзүүлэлттэй явж байсан төмөр замын компани ашигтай ажиллаж эхэлсэн байна.

Одоо БНСУ-ын төмөр замын сүлжээ нийт 5020 км урттай байна. Үүний 72 хувийг цахилгаанжуулж, 64.4 хувь нь хос замтай болгожээ. Мөн нийт төмөр замын 658 км нь хурдных, хот хоорондын зорчигчийн галт тэрэг нь 250 км/цаг хүртэл хурдалдаг аж. 1962 онд БНСУ-ын нэг хүнд ноогдох ДНБ 100 ам.доллар байсан бол өдгөө 35000 ам.долларт хүрсэн нь дэд бүтцийн салбарын хөгжилтэй шууд хамааралтай гэж үздэг байна.

Тус улс 2030 он хүртэл төмөр замын салбартаа 830 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийж, томоохон хот хоорондгалт тэргээр хоёр цагийн дотор явах боломжтой болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.

Өдгөө тус улсын хувьд төмөр замын салбарын томоохон өрсөлдөгч нь автотээвэр байгаа аж. 1961 онд төмөр зам зорчигч тээврийн 53 хувийг, нийт ачаа тээврийн 88.2 хувийг дангаараа гүйцэтгэж байсан бол 2021 оны судалгаагаар авто тээвэр зорчигч тээврийн 84.57 хувийг, ачаа тээврийн 91.4 хувийг гүйцэтгэж байна. Төмөр зам, метро нийлээд зорчигч тээврийн 15 хувь орчмыг гүйцэтгэж байна гэсэн үг. Энэ нь тус улсын Засгийн газраас авто тээврийн салбарыг ихээхэн дэмжиж ажилласны үр нөлөө. Харин одоо эсрэгээрээ төмөр замын салбартаа түлхүү хөрөнгө оруулалтыг хийж буйг Ким Санг Гюүнь доктор илтгэлдээ дурдав.

Гэхдээ өдгөө Солонгос улсын төмөр замын технологи дэлхийн 25 улсад нэвтэрч, төсөл хөтөлбөрүүд нь хэрэгжиж байна. Мөн хөдлөх бүрэлдэхүүнээ дэлхийн 38 улсад экспортолжээ.

Дэлхийн төмөр замын салбар нь 253 их наяд ам.долларын зах зээлд эргэлдэж байдаг бөгөөд жил бүр 2.6 хувийн өсөлт гардгийг дурдсан юм.

 

Зүүн Азийн төмөр замын хамтын нийгэмлэг

 

Зүүн хойд Азид Дэлхийн ДНБ-ний дөрөвний нэг, дэлхийн хүн амын дөрөвний нэг хувь байдаг бүс нутаг аж. Европын орнууд бүс нутгийн төмөр замын хамтын нийгэмлэг байгуулж эдийн засгаа хөгжүүлээд явдаг шиг Зүүн Азийн орнууд төмөр замынхаа сүлжээгээ нэгтгэвэлилүү их боломж бий болно хэмээн энэхүү хамтын нийгмэлэгийг санаачлан байгуулснаа ноён Ким Санг Гюүнь тайлбарласан.  Тэрбээр, Өмнөд болон хойд Солонгос, Япон, Хятад, Монгол, ОХУ улс төмөр замынхаа сүлжээг нэгтгэж, нэг бодлогод зангидаж өгснөөрөө харилцан хоорондоо бүх төрлийн тээврийг шуурхай зохион байгуулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.Одоогийн байдлаар энэхүү сүлжээг бий болгоход Хойд Солонгосын зүгээс хаалттай байгаа нь гол хүндрэл болж байна.Уг сүлжээг байгуулахад гурван ч хувилбар яригдаж байгаа бөгөөд бүсийн улс орнуудыг далай доогуурх төмөр замаар холбох төсөл ч яригдаж буйг дурдлаа.Ингэвэл маш богиносгосон трассаар төмөр замын сүлжээг бий болгох юм байна. Энэ сүлжээнд холбогдвол Монгол Улс ашигт малтмалаа гадаад улс орон руу экспортлох боломж нэмэгдэх юм хэмээв.

Өдгөө далайн тээврээр Берлин хүртэл 40 хоногийг зарцуулж байгаа бол бүс нутгийн төмөр замын сүлжээг ашиглалтад оруулвалБерлин хүртэлх тээврийг 25 өдөрт багтаан явуулж,тээврийн зардлыг 33 хувиар хэмнэх боломжтой гэсэн судалгааг хийжээ.

 

Монгол Улсын төмөр замын тээврийн хөгжил

 

Илтгэлийн энэ хэсэгт тэрбээр Монгол Улсын төмөр замын салбарын хэтийн хөгжлийг хэрхэн төсөөлж буйгаа өөрийн оролцсон судалгаан дээр тулгуурлан ярилаа. Тэрбээр, Монгол Улсад төмөр замын тээвэр хөгжих хэд хэдэн давуу тал байна гэж дүгнэжээ. Тухайлбал, өргөн уудам газар нутаг, маш их байгалийн баялаг, дээр нь аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж  бүрэн  бий гэж тодорхойлов Үүнээс гадна Монгол Улсын төрийн өндөрлөгүүд төмөр замын салбарт хөрөнгө оруулалтыг хийх ёстойг ойлгосон нь бас нэгэн давуу тал гэдгийг онцоллоо. Ер нь, Монгол Улсын Засгийн газар100 хувь төрийн өмчит “МТЗ” ТӨХК-ийг 2008 онд байгуулсан, 2010 онд Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичгийг баталсан, 2019 оноос төмөр замын ерөнхий төлөвлөгөөг гарган үндэсний сүлжээг байгуулах бүтээн байгуулалтыг эхлүүлсэн нь маш зөв шийдвэр гэж харж буйгаа дурдав.

Солонгосын Үндэсний төмөр зам компаниас 2019 онд Монгол Улсын төмөр зам ямар чиглэлээр хөгжвөл зүгээр вэ гэсэн мастер төлөвлөгөөний судалгааг хийжтайланг гаргаж өгчээ. Энэ тайландаатодорхой трассуудад дэс дараатайгаар хөрөнгө оруулалт хийгээд явбал төмөр замын салбар илүү хурдацтай хөгжинө. Үүний зэрэгцээ аялал жуулчлал хөгжүүлэх, тээвэрлэлтийг хийх боломжтойг санал болгосон байна.

   Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулахын тулд хөнгөн галт тэрэгний шугам  барих судалгааг хийжээ.Уг төслийг хэрэгжүүлснээр дагавар хотуудыг хөгжүүлж, нийслэлд тулгамдсан асуудлуудыг шийдэх гол гарц гэж тодорхойлж байна. Түүний илтгэлд,  Хөшигийн хөндийг дизель төмөр замаар холбох зардлыг 100 хувь гэж үзвэл энэ шугамыг цахилгаан төмөр замаар холбоход 120, хоёр шугамтай хөнгөн галт тэрэгний шугамаар холбовол зардал 240 хувь болох тооцоолол гарчээ.

Мөн цаашлаад Улаанбаатарт хөнгөн галт тэрэгний шугамыг хэрхэн барих, авто замтай ижил түвшинд эсвэл гүүрэн байгууламжтай хийх, мөн газар доогуур барих зэрэг гурван хувилбараар төсөөлж, хамгийн боломжит хувилбар нь газар доогуурх төмөр зам гэж үзсэнээ хэд хэдэн жишээгээр тайлбарласан юм.

Түүнчлэн, Солонгост төмөр замын шугамыг газар доогуур байгуулж, харин газар дээрх өртөө зөрлөгийн барилга байгууламжийг тухайн бүсийнхээ томоохон худалдаа үйлчилгээний төвүүдтэй холбож чадснаар эдийн засгийг дэмжих бодлоготой уялддаг талаар ярьж байлаа.

  

  Төмөр замчдын сонирхсон асуултад ийн хариулав

 

Зөвлөгөөний төгсгөлд, ноён Ким Санг Гюүнь төмөр замчлын сонирхсон асуултад хариулсан юм. Тухайлбал, Солонгост төмөр замын хүний нөөцийг хэрхэн бэлтгэдэг талаарх асуултад өдгөө Солонгосын 20-оод их дээд сургууль төмөр замын мэргэжлээр элсэлт авдаг болсноор элсэгчдэд илүү нээлттэй болсноос гадна ажлын талбарт гарч буй залуу мэргэжилтнүүдийн дунд өрсөлдөөн өндөр, чадварлаг ажилтан сонгон шалгаруулж авахад ахиц гарсан гэв. Төмөр замын салбарт аюулгүй байдал амин чухал асуудал учраас төмөр замын машинч, холбоочид зэрэг ажилтнуудыг байнгын сургалтад хамруулж, мэргэжил боловсролоо дээшлүүлж суралцах үед нь тэтгэлэг олгох зэргээр хүний нөөцийн бодлого барьдаг аж.

Түүнчлэн, Солонгосын төмөр замчдын цалин том группуудийн ард эрэмбэлэгддэг  бөгөөд төрийн албан хаагчдаас өндөр цалинтай тул Солонгос залуусын ажиллахыг хүсдэг салбарын нэг хэмээв. Мөн Солонгосын төмөр замын тээврийн тарифт төрийн оролцоо хэр байдаг вэ гэсэн асуултад тэрбээр “Төмөр замын оператор компаниуд төр болон хувийн хэвшлийн оролцоо 50:50 зарчмаар явдаг. Учир нь, 100 хувь хувийн компани тарифыг хэт өндөр тогтоох магадлал өндөр учраас тээврийн тарифад Төр өөрийн оролцоогоор хяналт тогтоодог байна.

БНСУ-д төмөр замын томоохон төсөл хөтөлбөрийн санхүүжилтын 50 хувийг Засгийн газраас гаргаж, үлдсэнийг нь Үндэсний төмөр зам компани үнэт цаас, бонд гаргах байдлаар босгодог. Тиймээс суурь бүтэц бол 100 хувь төрийн өмчийн байгууламж гэж үздэг. Мөн төмөр замын бүтээн байгуулалтад орон нутгийн захиргаанаас Засгийн газартай зөвшилцсөний дүнд хөрөнгө оруулалт хийх боломжтой байдаг. Оператор компаниуд манай суурь бүтэц дээр түрээсээ төлөөд тээврээ явуулдаг. Суурь бүтцээс олсон орлогоороо дараагийн бүтээн байгуулалтаа санхүүжүүлээд явдаг. Ер нь, Солонгос Улсын хувьд төмөр замын салбарт суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч гэсэн бүтцийг тусад нь гаргаснаар эдийн засгийн хувьд ихээхэн эерэг үр дүн авчирсныг би илтгэлдээ дурдсан” хэмээв.  Уулзалт зөвлөгөөний төгсгөлд,    хүндэт зочин Ким Санг Гюүньд  Замын даргын зөвлөх Р.Раш хоёр  орны төмөр замчдын   хамтын ажиллагааг бэлгэдэж,  мөнгөлсөн алх бэлэглэсэн юм.

 

Б.Гүнжинлхам