УИХ Онцгой албан татварын тухай хуулийн зарим зүйл заалтад тавьсан Цэцийн дүгнэлтийг хүлээж авснаар керосин, нафтаг хилээр татваргүй оруулж ирэхээр болгов.

Манай улс жилд импортоор авсан шатахуунаасаа борлуулсан нь 66 хүртэлх хувиар их байна гэдэг дүгнэлтийг Аудитаас гаргасан байна. Тодруулбал, 2018 онд 48, 2019 онд 19, 2020 онд 66 хувиар импортоор авсан шатахуунаасаа борлуулсан нь давсан гэж аудитын тайланд дурджээ. Энэ нь керосин, нафтаг татваргүй оруулж ирээд чанар муутай шатахуун хийж борлуулж байгааг илтгэх нэг баримт юм.

Манай улсад жилд 230 мянган тонн керосин, нафта оруулж ирж хольдог. Татвар, үнийн зөрүүнээс 100 тэрбумын ашиг олдог гэдгийг УИХ-ын гишүүд хэлж байсан юм. УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авах, эсэх шийдвэр гаргаагүй байхад л манай улсын хил дээр 360 вагон керосин, нафта ирчихсэн хүлээж байна гэдгийг ч гишүүд хэлсэн. Нөгөө талдаа манай улсад газрын тосны үйлдвэр байхгүй хэрнээ энэ төрлийн 22 тусгай зөвшөөрлийг олгожээ.

Засгийн газраас 2015 оны арваннэгдүгээр сараас автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг нэмэгдүүлсэн. Гэтэл онцгой албан татваргүй нефтийн бусад бүтээгдэхүүний импорт 2016 оноос эрс нэмэгдсэн. Керосины импорт 2016 онд 13.2 дахин, нафта 2.3 дахин өссөн гэдгийг Засгийн газраас 2019 онд өгсөн мэдээлэлд дурдсан байдаг. Тиймээс УИХ 2021 оны долдугаар сарын 6-нд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан керосин, нафта зэрэг бүтээгдэхүүнийг онцгой албан татвартай болгож байв. Ингэхдээ керосин, нафта зэрэг нефтийн үлдэгдэл бүтээгдэхүүний тонн тутамд 285 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулснаар импортыг хязгаарлаж эхэлсэн.

Гэтэл Их хурал гурван жилийн дараа өөрсдийнхөө нь баталсан хууль Үндсэн хууль зөрчсөн гэдэг Цэцийн дүгнэлтийг хүлээгээд авчихлаа. Уг нь керосин, нафта зэрэг нефтийн дайвар бүтээгдэхүүнүүдийг татвартай болгосноор хуурамч шатахууны асуудал цэгцэрсэн. Гэтэл Цэц энэ нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан учраас Их хурал керосин, нафтаг онцгой албан татвараас чөлөөлж, хуурамч шатахууны асуудал дахин гарах нь.

Түүнчлэн Цэцийн тус дүгнэлтийг хүлээж авснаар Онцгой албан татвараас олох төсвийн орлого 30 хүртлэх хувиар буурах юм. Статистик мэдээллээс харвал 2017 онд 178.8 мянган тонн, 2018 онд 316.9 мянган тонн, 2019 онд 235 мянган тонн керосин, нафта зэрэг нефтийн бусад бүтээгдэхүүн импортолжээ. Автобензин, дизель түлшнээс энэ хугацаанд онцгой албан татвар авч байсан бол дээрх бүтээгдэхүүнээс аваагүй.

Цэц хэний эрх ашгаар ийм шийдвэр гаргав гэдэг сонин байна. Хуурамч шатахууны асуудлаас болж иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байгааг хэн хүнгүй л мэднэ дээ.

 

Эх сурвалж: itoim.mn