Жил бүрийн тавдугаар сарын 1-нд Дэлхийн ихрүүдийн өдөр тохиодог. Манай улсад гучаад жилийн өмнөөс энэ өдрийг тэмдэглэжээ.

 

Хэдэн жилийн өмнө Баянтүмэн тасгийн галт тэрэгний үйлчлэгч ихэр бүсгүйчүүдийг бид уншигчидадаа танилцуулж байсан билээ. Харин энэ удаа бас нэгэн ихэр бүсгүйчүүдтэй ярилцлаа. Тэд бол Чойр өртөөний жижүүр Б.Мөнхдолжин, Төмөр замын Төв эмнэлгийн лаборант Б.Мөнхдолгор нар.

 

-Юуны өмнө, ихэр хэмээх ховорхон хувь заяанд төрж, цаашлаад хоёулаа УБТЗ-д ажиллаж байгаа та нартаа уншигчдынхаа өмнөөс саяхан тохиосон ихрүүдийн баярын мэндийг хүргэеу?

Б.Мөнхдолжин:    - Ихрүүдийн өдрийг тохиолдуулан бидэнтэй ярилцаж байгаад баярлалаа. Миний ихрийг Б.Мөнхдолгор гэдэг. Бид хоёр 1991 онд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн. Чойрын унаган хүүхдүүд. Аав ээж маань хоёулаа төмөр замчин. Аав Г.Батсайхан төмөр замын өртөө, зөрлөгүүдэд ашиглалтын чиглэлээр 43 жил, ээж Д.Батсуурь мөн 34 жилтөмөр замд ажиллаад тэтгэвэртээ гарцгаасан.Бид аав, ээжээс дөрвүүлээ. Хоёр ахтай. Дунд ах Б.Очирхуяг бид гурав удам залгасан төмөр замчид болсон.Харин том ах Б.Нүрзэд маань Нийслэлийн 31 дүгээр дунд сургуульд технологийн багшаар ажилладаг.

-Та хоёр ТЗДС-ийг төгссөн төмөр замчид уу?

Б.Мөнхдолгор: -Уг нь, би төмөр замчин болно гэж бодоогүй. Дунд сургуулиа төгсөхдөө л манай гэрийнхэн бүгд төмөр замчид юм чинь би өөр мэргэжил сонгоно гээд Анагаахын сургуульд элссэн. Харин төгсөх жилээ төмөр замын Төв эмнэлэгт дадлага хийсэн юм. Тэгээд л 2011 онд сургуулиа төгсөөдТөмөр замын Төв эмнэлэгт ажилд орсон. Төмөр замчин болохгүй гэсэн ч  хувь заяа минь нэг л мэдэхэд төмөр зам руу хөтөлсөн.Одоо 12 дахь жилдээ ган замчдынхаа эрүүл мэндийн манаанд зүтгэж байна.

Б.Мөнхдолжин:  -Би бас хууль юм уу, гаалийн чиглэлийн хүн болно гэж боддог байсан. Харин ээж маань төмөр замын мэргэжил сонгохыг зөвлөсөн юм. Одоо бол ээжийнхээ зөвлөгөөг дагасандаа харамсдаггүй, харин ч баярладаг. 2011 онд ТЗДС-ийг ашиглалтын техникч мэргэжлээр төгссөн. Бас л арав гаруй жил ажилласан байна. Ажил хөдөлмөрийн гараагаа Наран-Элгэн зөрлөгөөс эхэлсэн.Улмаар, Олон-Овоо, Шивээ-Овоо өртөөнд жижүүрээр ажиллаж байгаад 2018 оноос Чойр өртөөнд вагон бичигч оператораар шилжин ажилласан. Одоо Чойр өртөөний жижүүрээр ажиллаж байгаа.

-Аав, ээж, ах нар нь ихэр охидуутад төрөхөд бөөн баяр болсон байх даа?

Б.Мөнхдолжин:    -Анх аав, ээж хоёр маань ихэр охидтой болно гэж мэдээгүй гэсэн. Бидний төрсөн үеийг аав маань "Нэг л охинтой болно гэж бодож байтал бүр хоёрын хоёр хөөрхөн охинтой болоод магнайгаа хагартал баярласан " гэж дурсдаг юм. Бид хоёр хоорондоо 55 минутын зайтай төрсөн гэдэг юм. Ах нар маань багаасаа хамгаалагч үндсэндээ бид хоёрын  "баатар" –ууд байлаа шүү дээ. Одоо ч тэр. Ах нартай байх сайхан шүү.

-Та хоёрын хэн нь эгч гэж явдаг вэ?

-Б.Мөнхдолгор:   -Би түрүүлж төрсөн болохоор эгч нь гэж явдаг. Гэхдээ бид хоёр бие биенээ эгч дүү гэдэггүй л дээ. Зүгээр л хамгийн сайн найз минь. Ихэр төрсөндөө үнэхээр их баярладаг шүү.

- Сургуульд байхдаа андуурагдах тохиолдол олон гардаг байсан уу?

Б.Мөнхдолжин:   -Багадаа ижилхэн хувцаслаад явдаг байсан ч яг ихэр гэдгээ бүрэн ойлгодоггүй явж. Харин сургуульд орж, арай том болоод л ихэр гэдгээ жинхэнэ утгаар нь ойлгосон доо. Амьдралын бүхий л жаргал, зовлонг яг өөртэйгээ адилхан ихэртэйгээ хуваалцах нь сайхан. Ийм хосгүй ховорхон заяандаа үргэлж талархаж явдаг даа. Бид хоёр дунд сургуулиа төгстлөө нэг ангид сурсан юм. Зарим багш нэрээр дуудаж ялгахгүй үедээ “За чи асуугдаарай” гэх явдал их тохиолддог байсан. Ахлах ангид ороод ижилхэн царайтай юм чинь ижилхэн хувцаслахгүй гээд өөр өөр хувцас авна, хичээлийн хэрэгсэл бусад эд зүйлээ зөрүүлдэг ч гоё харагдсанаа хоёулаа булаацалдах тохиолдол гардаг байлаа. Багад бол аав ээж бүх зүйлийг маань адилхан сонгодог байсан нь зарим талаар уйтгартай байсан байх.

-Ихэр хүмүүст яг өөртэйгөө усны дусал шиг адилхан хүнийг өдөр бүр харж байна гэдэг ямар санагддаг бол гэж бодогддог. Ихрүүдтэй уулзсаных энэ асуултдаа хариулт авъя?

Б.Мөнхдолжин:   -Хүмүүс бид хоёрыг царай төрхийн хувьд усны дусал шиг ижилхэн л гэж хэлдэг. Хүмүүс бол ялгадаггүй юм. Бид хоёр бие биенийгээ харахад тийм ч адилгүй зарим талаараа ялгаатай гэдгээ сайн мэддэг. Тийм болохоор өөрийгөө харж байгаа юм шиг санагддаггүй.

Б.Мөнхдолгор:   -Биеийн хувьд Мөнхдолжин жижиг, би арай өндөр. Та хоёрын дуу хоолой болон инээд их адилхан болохоор утасны цаанаас ялгахад хэцүү гэх нь бий.

-Зан ааш, авьяас билгийн хувьд адил уу, өөр үү?

Б.Мөнхдолжин:  - Хүмүүс намайг арай ширүүн ааштай гэдэг шүү. Тэгэхээр ихэр хүмүүс зан авирын тал дээр адилхан байдаггүй байх /инээв/.ХаринБ.Мөнхдолгор маань монгол хэлний хичээлдээ сайн бол би математиктаа сайн байсан.

-Ихэр гэдгээ ашиглаж бусдыг будилуулах юм уу, зүггүйтэх үе байсан уу?

Б.Мөнхдолжин:   -Хүмүүс л биднийг их андуурна уу гэхээс тэгж зүггүйтэх нь гайгүй. Гэхдээ дунд сургууль төгсөх улсын шалгалтын үеэр хуудсаа сольж шалгалтаа өгсөн тохиолдол бий. Хуудсаа солих гэж байгаад багшдаа баригдсан. Харин багш маань бид хоёрыг ганц удаа тийм тохиолдол гаргасан болохоор өрөвдсөн үү, чимээгүй өнгөрсөн /инээв/.

-Ихэр хүмүүсийг насан туршдаа найзлах итгэлт найзууд гэдэг. Та хоёр ч бас нэг нэгнийхээ хамгийн дотнын зөвлөгч байх даа?

Б. Мөнхдолгор:  -Тиймээ, бид хэнд ч яридаггүй нууцаа ихэртээ л хэлнэ.Зав зай л гарвал нэг нэгэн рүүгээ гүйдэг дээ.

Б. Мөнхдолжин:   - Манай нөхөр уул, уурхайд ажилладаг болохоор хөдөө гадаа явах нь элбэг. Тэр үед хүүгээ аваад Чойрт буюу ихэр дээрээ ирдэг. Одоо ч бид хоёр нутагтаа хамтдаа байхдаа ярилцлага өгч таарлаа. Ер нь, бид хоёр оюутан байхдаа ч хамт байсан. Сургууль төгсөөд ажилд ороод хоёр тийшээ явсан. Гэхдээ зав л гарвал уулзах, хамт байх сайхан байдаг шүү.

-Тэгвэл одоо Чойрт усны дусал шиг хоёр бүсгүй хүмүүсийг будилуулаад явж байгаа юм байна даа?

- .... /Тэд хэсэг инээлдэв/

Б.Мөнхдолжин:   -Тиймээ. Нэг инээдтэй явдал ярихад, намайг ажилд ороод удаагүй байхад манайхан Төв эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэгт орохоор очоод их гайхсан гэдэг.Чойрт ажлаа хийгээд үлдсэн хүн нь эмнэлэг дээр сууж байхаар гайхах нь аргагүй шүү дээ. Ихэр гэдгийг маань мэдсэн болохоор тийм тохиолдол гарах нь цөөрсөн. Одоо бол манай ажлынхан гудманд бидний нэгтэй нь таарахад өөдөөс нь мэндлэвэл намайг гэж боддог. Дуугарахгүй зөрвөл ихэр нь юм байна гэж боддог гэсэн.

-Та хоёр ихрүүдийн баярыг тэмдэглэдэг үү?

Б.Мөнхдолжин: Бид ихрүүдийн өдөр гэж байдгийг саяхнаас мэдсэн.Нэг их тэмдэглээд байдаггүй. Харин дараа жилээс тэмдэглэнэ гэж бодож байгаа.

-Илэн далангүй ярилцсанд баярлалаа. Та хоёрын амьдралд нь аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Сонирхуулахад:

     Ихрүүд усны дусал шиг адилхан төрдөг ч хурууны хээ нь өөр байдаг гэнэ шүү.Учир нь, хурууны хээ эхийн хэвлийд байхад үүсдэгч өндгөн эсүүд салсны дараа л хурууны хээ бүрэлдэж дуусдаг байна.Зарим ихрүүд өөрийн гэсэн хэлтэй байдаг. Мөн тэд томчуудын эзгүйд өөрсдийн хэлээр ярьдаг. Дандаа цуг байдаг тул бие биенээ ойлголцох аман яриа нь илүү хөгждөгаж. Харамсалтай нь, том хүний хэл сурангуут ихрүүдийн өөрсдийн хэл нь мартагдаж эхэлдэг ажээ. Мөн нэг өндгөн эсийн ихрүүдийн 25 хувь нь нэгнийхээ толины тусгал байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, нэгнийх нь мэнгэ баруун талд нь байвал нөгөөх нь зүүн талдаа мэнгэтэй, нэг нь баруун байхад нөгөө нь солгой байдаг зэрэг ихрүүдийн талаарх сонирхолтой олон мэдээлэл бий.

Б.Золжаргал