Энэ дугаартаа Замын VI ангийн зургадугаар хэсгийн замчин, ихэр эгч дүүс М.Оюундалай, М.Оюунсүрэн нарыг урьж ярилцлаа. Саяхан Замын даргын үзлэгийн үеэр замчин М.Оюунсүрэн “Төмөр замчны алдар” тэмдгээр энгэрээ мялаасан юм. Түүний ихэр М.Оюундалай энэ оны эхээр “Төмөр замчны алдар” тэмдгээр шагнуулжээ. Ихэр эгч дүүс УБТЗ-ын дээд шагналыг ийнхүү “ихэрлүүлсэн” нь ховор хувь тохиол юм.

 

-Юун түрүүнд та хоёртоо “Төмөр замчны алдар” тэмдгийг хүртсэнд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе?

 

М.Оюундалай: Баярлалаа. Миний хувьд энэ оны нэгдүгээр сарын 19-нд “Төмөр замчны алдар” тэмдгээр шагнуулсан. Харин Сүрэн маань сая үзлэгийн үеэр энэ хүндтэй шагналыг хүртлээ. Маш их баяртай байна.

М.Оюунсүрэн: Энэ хүндтэй шагналыг хүртэж зогсохдоо юун түрүүнд аав, ээж хоёр минь бодогдож, ихэр хувь заяандаа баярлаж байлаа. Мөн 32 жил хамт ажилласан сайхан хамт олондоо баярлаж, талархаж явдгаа энэ ташрамд уламжилъя.

 

-Танд Замын дарга шагнал гардуулахдаа нэг үг хэлсэн гэсэн...?

 

М.Оюунсүрэн: Тиймээ, УБТЗ-ынхаа 75 жилийн ойгоор та хоёр “Төмөр замчны алдар” тэмдгээ хоёулаа зүүж ирээд баяртаа оролцоорой гэсэн. Ихэр эгч дүүс гэдгээр минь ийнхүү онцолж, 75 жилийн ойн баяртаа оролцохыг урихад нь хувь заяандаа баярлаж зогссон доо.

М.Оюундалай: Х.Хэрлэн дарга маань бид хоёрыг ярьсан. Баяртаа цуг очно. Энэ бол хүн бүхний амьдралд тохиохгүй азтай сайхан тохиол шүү дээ. Нөгөө талаар, бид хоёрын олон жилийн хөдөлмөрийн үр шим гэж бодож байгаа.

 

-Ингэхэд та хоёр маань аль нутгийн бүсгүйчүүд билээ?

 

М.Оюундалай: Бид Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн. Биднийг бага байхад манайх (1976 онд) Эрдэнэт хотод шилжиж ирсэн. Хүүхэд нас маань Эрдэнэт хотод өнгөрсөн. Бид 1989 онд дунд сургуулиа төгсөөд Төмөр замын коллежийн замын техникчийн ангид элсэн суралцсан. Анги даасан багш н.Чинбат, дадлагын багш н.Ширнэн гэж хоёр хүний гар дээр очсон. Энэ хоёр багш минь төмөр замчин болох суурийг минь тавьсан хүмүүс байгаа юм.

 

-Ихэр эгч дүүс санал нэгтэйгээр нэг мэргэжил сонгосон нь бас ховор байх. Яагаад төмөр замчин болохоор шийдэцгээв?

 

М.Оюундалай: Бид эцэг эхээс зургуулаа. Дээрээ хоёр ах, хоёр эгчтэй, бид хоёр бага нь. Том ах М.Гансүх маань машинч болсон байсан юм. Тэр үеэс төмөр замчин болбол гоё юм байна гэх бодол төрсөн. Аав минь ч бид хоёрыг төмөр замчин болоход их дуртай байсан. Тэгээд л санал нэгтэй мэргэжлээ сонгосон хэрэг.

М.Оюунсүрэн: Аав минь Мижиддорж гэдэг хүн байсан. Насаараа ГОК-д жолооч хийсэн дээ. Ээж минь хивсний үйлдвэрийн цэвэрлэх байгууламжид машинист хийж байсан. Аав, ээж минь тэс өөр мэргэжилтэй хэрнэ төмөр зам сайхан байгууллага юм. Төмөр зам дагасан айлын амьдрал сайхан явж байна. Миний хүүхдүүд төмөр замчин болоорой гэдэг байсан даа. М.Гансүх ах маань Эрдэнэтийн эргэлтийн депод 28 жил ажилласан. М.Ганбат ах маань ГОК-д мөн насаараа жолооч хийсэн. Хоёр ах минь өөд болцгоосон. Том эгч М.Алтантуяа маань тэтгэвэрт гараад Хангалд амьдарч байгаа. Бага эгч М.Отгонцэцэг маань Улаантолгой өртөөнд жижүүрээр ажилладаг.

 

-Та хоёр багаасаа л хамт нэг сургууль, нэг ангид сураад яваад байсан юмуу?

 

М.Оюундалай: Тиймээ, дунд сургуульд ч, коллежид ч нэг ангид, сургуулиа төгсөөд хамтдаа Хангал зөрлөгт хуваарилагдсан. Замын хэсэгт ирэхэд бид хоёрыг нэг жижигхэн өрөөнд оруулж байлаа. Би 2009-2017 оны хооронд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт оруулах гэж Эрдэнэтэд Замын VIII хэсэгт есөн жил ажилласан. Тэгэхэд л бие биенээсээ холдсон. Тэгээд 2017 онд буцаж Хангалдаа ирсэн. Амьдралынхаа туршид ингэж л есөн жил холдсон доо.

 

-Бие биенээсээ хол байхад ямар санагддаг байсан бэ?

 

М.Оюунсүрэн: Ер нь, их үгүйлнэ. Санагалзана. Тэр үед одоогийнх шиг харилцаа холбоо сайн байсангүй. Хааяа долоо хоногийн амралтын өдрүүдээр би Эрдэнэт орж уулзана. Эсвэл Далай над дээр ирнэ. Тэр үед шавайгаа ханатал ярьж, инээлдэж байгаад л явдаг байсан. Бие биенээсээ хол байвал “Далай маань юу хийж яваа бол..?” гэх бодол байнга л орж ирнэ шүү.

 

-Би төсөөлж байна л даа. Өдгөөгөөс 32 жилийн өмнө Хангал зөрлөгт усны дусал мэт адилхан цэцэг шиг хоёр хөөрхөн охин хуваарилагдаж ирсэн нь тухайн үедээ энэ буйдхан газар их л сонин содон үйл явдал байсан байхдаа?

 

М.Оюундалай: /инээгээд/ 1991 онд оюутан байхдаа манай ангийнхан ЗЗМС-д гурван сар дадлага хийсэн юм. Тэгэхэд яг Хангал зөрлөгт их засвар хийж таарсан. Тэгээд төгсөөд бид хоёр Хангал зөрлөгтөө хуваарилагдаад хүрээд ирсэн. 1992 оны дөрөвдүгээр сард энд замчин болсон. Тэр үед аав ээж хоёр маань тэтгэвэрт гарсан байсан болохоор зургадугаар сард нь Хангалд үхэр малаа аваад нүүгээд ирсэн. Тэгээд л эндээ бүр суурьшсан хэрэг. Эмэгтэй хүнд замчны ажил амаргүй, хүнд хүчир ажил шүү дээ. Аав ээж хоёр минь бага охидоо бараадаж ирчихээд “Миний хүүхдүүд энэ ажлыг гурван жил л хийчих” гэдэг байсан. Тэр гурван жил нь 32 жил болчихоод л явж байна.

 

-Яагаад гурван жил энэ ажлаа хийчих гэсэн юм бол?

 

М.Оюундалай: Мэдэхгүй, гурван жил ажиллачихвал энэ ажилдаа сурч дадна гэж бодсон юм болов уу. Хүний л аав, ээж болсон хойно бага охидоо хүнд ажил хийж байна гэж дотроо их өрөвдөж, хайрладаг байсан байх. 

М.Оюунсүрэн: Биднийг энэ хэсэгт анх ирэхэд мастер н.Должинжав, бригадын дарга н.Баатар, н.Дорж гээд сайхан хүмүүс угтаж авч байлаа. Энэ сайхан хамт олон дунд орж ирээд сайн сайхан ажиллаж амьдарч ирлээ. Бид хоёр замчны ажил хүнд хүчир гэж ажлаа хаясангүй. Тэр үеийн ахмадууд маань биднийг их урамшуулна. Хүн чинь урмын үгээр их тэтгэгддэг юм билээ. Аав ээж минь ч төмөр замаар амьдралаа залгуулна гэдэг ойлголтыг их эрт өгсөн болохоор тууштай ажилласан даа.

 

-Та хоёр зүс царай, нуруу туруу гээд ялгахын аргагүй. Тэгээд насаараа ингээд хамтдаа явна гэдэг их сайхан хувьтай улс юмаа?

 

М.Оюундалай: Өө тэгэлгүй яах вэ. Ихэр болж төрсөн хувь заяандаа үргэлж л талархаж амьдардаг. Бага байхын л хүмүүс бид хоёрыг зүгээр явуулахгүй зэрэгцүүлж зогсоогоод л хардаг байсан. Ээж минь их уран хүн байлаа. Багад бид хоёрт ижилхэн хувцас оёод өмсүүлчихнэ. Багш нар бид хоёрыг ялгадаггүй байсан. Ажил дээр хэсгийн мастер, бригадын дарга нар маань бас ялгахгүй, их андуурна.

Бас нэг сонин тохиолдол нь бид хоёртой Ө.Болорсайхан гэж замчин бүсгүй хамт ажилладаг байсан. Тэр бид хоёртой их төстэй. Хүмүүс биднийг “Хангалын гурван ихэр” гэдэг байлаа. Одоо Ө.Болорсайхан маань Салхитад гармын жижүүрээр ажиллаж байгаа.

 

-Андуурагдсан хөгжилтэй тохиолдлууд олон байхдаа?

 

М.Оюундалай: Эрдэнэтийн наймдугаар хэсэгт ажиллаж байсан үед нэг хөгжилтэй зүйл болсон. Бид ээлжээр тогооч хийдэг байсан юм. Нэг өглөө би ажилчдынхаа өглөөний хоолыг хийж байтал Хангалаас Сүрэн маань надтай уулзах гээд хүрээд ирлээ. Тэгтэл манай бригадыг дарга Ц.Шинэгэрэл (Замын II ангийн инженер) гэнэтхэн дуу алдаад явчихлаа. Яав..? гэтэл манай ихрийг гэнэт хараад цочсондоо орилсон байсан. Уг нь, ихэр гэдгийг минь мэднэ л дээ. Гэхдээ хоёр өөр газар ажиллаж байгаа гэж бодож яваад гэнэт хамт байхаар нь цочсон гэдэг юм.

М.Оюунсүрэн: Оюутан болсон хойно манай аав ээж хоёр Эрдэнэтэд байхдаа хөдөө гараад шинэ газар буугаад удаагүй байсан юм. Намайг гол дээр явж байтал нутгийн нэг хүн мотоциклтой ирээд хөрөөгөө түр өгөөч гэв. Би гэрээ зааж өгөөд “Та очоод авчих. Гэрт аав ээж бий” гээд явуулчихлаа. Тэгтэл нөгөө хүн манай гадаа очиход гэрээс Далай гараад ирсэн юм байна. Өнөө хүн мотоциклоосоо ч буулгүй харж байснаа буцаад ухаан сэхээгүй хар хурдаараа давхичихаж. Тэгээд дотроо “Энд эвгүй айл буучихаж. Мотоциклоос хурдан явдаг хүн гэж байхгүй” гэж бодож л дээ. Тэгтэл ихэр охидтой айл ирж буусан тухай айл амьтнаас сонсоод учрыг нь ойлгож, хэд хоногийн дараа манайд ирж, тэр тухайгаа ярьж бөөн инээдэм болж байсан юм.   

 

-Ааш зангийн хувьд адилхан уу?

 

М.Оюундалай: Ааш зан тэс өөр. Би их яриа, нээлттэй. Манай Сүрэн их дуу цөөтэй, даруухан.

Таньдаг хүмүүс биднийг ялгахгүй заримдаа дуу шуутай, мэнд устай явах юм. Заримдаа огт дуугарахгүй юм гээд их гайхдаг гэсэн. Тэгээд сүүлд нь ихэр гэдгийг мэдээд “Чамайг ихэр гэдгийг мэдэхгүй зөндөө андуурч явлаа. Ядахад  ихэр чинь “Би ихэр нь” гээд хэлчихгүй дуу муутай юмаа” гэдэг юм. Манай энэ их бүрэг. Хүн яривал ярина. Ярихгүй бол чимээгүй л байж байна. Би бас өмнүүр нь орж тэр нь тийм, энэ нь ийм гэдэг тайлбарыг нь дандаа хийнэ. Ажил хөөцөлдсөн ч Сүрэнгийн урд нь л явдаг. Ямар сайндаа дунд сургуульд намайг халуураад хичээлдээ явахгүй бол Сүрэн “Би бас явахгүй” гээд явдаггүй хүүхэд байсан.

 

-Ихрүүд зөн совинтой, амь нэгтэй гэдэг шүү дээ. Та хоёрт тийм мэдрэмж төрдөг үү?

 

М.Оюундалай: Тийм үе байсан шүү. Хангалд ирээд удаагүй. Жил гаруй л болж байсан санагдана. Тэгэхэд би ээлжийн амралттай байсан юм. Нэг орой хоёулаа хамт үхэртээ явлаа. Тэр орой яагаад ч юм ихрээсээ ер холдмооргүй сонин мэдрэмж төрөөд байлаа. Өнөөх маань нэг их хол явчих гэж байгаа юм шиг санагдаад... Нэг л тийм сонин мэдрэмж төрөөд л байсан. Гэхдээ энэ тухайгаа түүнд хэлээгүй. Маргааш өглөө нь манай ихэр ажилдаа яваад, орой ирэхдээ өнөөдөр их сонин юм боллоо гэсээр ирсэн. Яасан гэтэл “Өнөөдөр 119 дүгээр км-ийн тахир дээр ажиллаж байтал гэнэт л “Оюунсүрээн” гээд яг чиний хоолойгоор хүн орилох шиг болоход нь эргээд хартал галт тэрэг ойртоод ирж явсан. Тэр үед ЭШП-ээр зам чигжээд дуу чимээ ихтэй галт тэрэг ойртож ирснийг бидний хэн нь ч анзаараагүй байсан. Тэгээд замчдадаа хэлж замаас амжиж гарцгаалаа. Чи л намайг дуудсан. Чи дуудаагүй бол би өдийд амьд байх юмуу” гэж билээ. Тийм хүйн холбоо байдаг юм билээ. Аав ээж хоёр минь биднийг багад усанд хоёр салаа мод улаан утсаар уяад хөвүүлж амь салгах дом хийсэн л гэдэг юм. Гэхдээ зөн совин гэх үү, далд мэдрэмж бол төрдөг шүү.

 

-Та хоёр маань Хангалаасаа гэр бүлтэй болцгоосон уу?

 

М.Оюундалай: Тэгсэн. Нөхөр маань хувиараа юм хийдэг гарын дүйтэй мундаг хүн байсан. 2015 онд өөд болсон. Бид гурван хүүхэдтэй. Том хүү минь ТЗДС-ийн холбооны инженерийн ангийг төгсөөд одоо Германд үргэлжлүүлээд сурч байгаа.

Дунд хүү минь энэ жил ТЗДС-ийн вагоны ангийг төгсөж байгаа. Охин маань энэ жил дунд сургуулийн аравдугаар анги төгсөнө.

М.Оюунсүрэн: Манай хүн замын VI хэсэгтээ жолооч Д.Цэнд-Аюуш гэж хүн бий. Хүү Ц.Эрдэнэ-Очир маань машинч болсон. Одоо Эрдэнэт эргэх депод ажиллаж байгаа.

 

-Ихрүүдийг хүүхдүүд нь хүртэл андуурах тохиолдол гардаг гэдэг шүү дээ?

 

М.Оюундалай: Манай хоёр хүү багадаа их андуурдаг байсан. Замын хэсгийн 30 машин ирээд зогсохоор хөтөлцөөд л гүйгээд ирнэ. Бид хоёр зэрэг гараа тосохоор Сүрэн рүү гүйж очиж, хүзүүдэж авснаа буцаад л над руу гүйнэ. Үнэр нь арай өөр байдаг юм шиг байгаа юм. Бид хоёр байнга л хүүхдүүдээрээ тэгж тоглодог байсан /инээв/.

 

-УБТЗ-д та хоёр шиг ихэр эгч дүүс мэр сэр бий?

 

М.Оюунсүрэн: Танай сониноос Баянтүмэн тасгийн ихэр вагоны үйлчлэгч эгч дүүсийн тухай хэдэн жилийн өмнө уншаад бид хоёр шиг хүмүүс байдаг л юм байна гэж ярилцаж байлаа. Тэд бас хүмүүст андуурагддаг тухайгаа ярьсан байсан нь бид хоёртой адил санагдсан.

 

-Шугам замын өртөө, зөрлөгт ажиллах амьдрахын давуу тал, сул талыг та хоёр 32 жил ажиллаж, амьдарч байгаагийн хувьд хэрхэн дүгнэх вэ?

 

М.Оюунсүрэн: Шугам замын зөрлөгт амьдрах сайхан шүү дээ. Эрүүл цэвэр агаарт, стрессгүй, амгалан тайван амьдарч байна. Манай Хангал их сайхан байгальтай. Бид хоёр хэдэн үхэр малтай. Ажлынхаа хажуугаар сүү саалиа аваад хүнсэндээ хэрэглэчихнэ. Жинхэнэ экологийн цэвэр бүтээгдэхүүнээ хэрэглэж байна. Манай Хангалынхан их элгэсэг, бие биедээ тустай, дэмтэй сайхан хүмүүс байдаг. Сургууль төгсөөд ирж байгаа залуусын хувьд орон сууцны хүрэлцээ тааруу болохоор бидэн шиг суурьшихад хүндрэл үүсдэг тул өөр суурин газар руу шилжээд явчихдаг бололтой. Хангал маань хоёр давхар 12 айлын орон сууцтай. Залуучуудыг амьдрах орон байраар нь хангаад өгвөл тогтвор суурьшилтай ажиллах байх гэж боддог.

Энэ ташрамд, Замын VI хэсгийн мастер П.Амарзаяа, бригадын дарга Р.Батболд нартаа их баярлаж явдаг. Хэсгийнхээ хамт олонд баярлаж явдаг. Бүгдэд нь хайртай шүү.  

 

М.Оюундалай: Манай Замын ангид бидний үеийн мундаг залуус ажиллаж байсан. Одоо бүгд мундаг удирдагч нар болсон байна. Жишээ нь, Хангалд бидэнтэй хамт манай ангийн дарга Т.Лхагвасүрэн, Тээврийн хяналтын албаны байцаагч Д.Даваажав хоёр замчнаар ажиллаж байлаа. Улаан-Уулд Замын IV ангийн дарга А.Оргодол, Замын II ангийн орлогч дарга О.Батхүү бас ажиллаж байсан юм. Эцэст нь, 30 гаруй жил хамт ажилласан анги, хэсгийн хамт олондоо бүгдэд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Би залуустаа төмөр замдаа тууштай сайхан ажиллаарай гэж захих дуртай. Үр хүүхдүүд минь удам залгаад төмөр замчин болцгоож байна. Төмөр замчдын маань ажил үйлс улам л өөдөө дэлгэрч, дэвжиж байх болтугай. Төмөр замын маань буян их шүү дээ.

 

-Та хоёртоо уншигчдынхаа өмнөөс аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

 

Б.Гүнжинлхам