Цэлийсэн том тасалгааны дээврийн гэгээвч, уужим цонх, нээлттэй үүдээр үд дундын нарны шаргал туяа сүр жавхлантайгаар гийнэ. Үйлдвэрийн шалнаас дэгдсэн буурал тоос, гагнуурын очноос гарсан өтгөн цэнхэр утаатай холилдон нарны цацрагын өөдөөс алгуурхан суунаглах нь ер бусын зураглалыг бүрдүүлэх ажгуу. Саяхан л ган төмрийн харшилдаан, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн нүргээн, хүмүүсийн дуу чимээнд бүхэлдээ донсолж байсан гэхээргүй нам гүм байдал орчныг эзэмджээ. Үүдний шатаар хоёр давхарт гарвал ажилтнуудын хувцас солих өрөөнөөс хоорондоо чанга дуугаар ярилцаж, хөгжилтэйгөөр инээлдэх нь сонсогдов. Явж орвол нэлээд хэдэн хүн сандлаа тойруулан тавьж хөзөр тоглох аж. Зарим нь тэдний цаана теннисийн ширээ тойрон зогсож тоглож байгаа хоёрыгоо хөгжөөн дэмжиж харагдана. Саяхан ТБДҮ-ийн захиргаа, ҮЭ-ийн хорооны санаачилгаар ажилтнуудынхаа хувцасны шүүгээг бүрэн шинэчилж, хоосон зайд нь теннисийн ширээ байрлуулсанд тэд ийнхүү сэтгэл хангалуун байгаа нь илэрхий. Тэндээсээ цайны газар руу орвол хувцсаа сольсон ажилтнууд үдийн хоолоо идэхээр ширээний ард тухалжээ. Хүнд нөхцөлд, амсхийх завгүй ажилладаг тэдний хувьд үдийн цайны цаг хамгийн жаргалтай үе нь гэлтэй. Бие биедээ хөнгөн хошигнол бэлэглэж, хаа сайгүй цагаан инээмсэглэл цацруулна...
Цайны газрын харалдаа үйлдвэрийн эмчийн өрөө байх бөгөөд тус өрөөний үүдэнд нэлээд олон хүн дараалалд зогсож харагдлаа. Ямар учиртайг нь тодруулбал, тус үйлдвэрийн ҮЭ-ийн хорооны урилгаар Сайхан сумын уламжлалтын их эмч, Өвөр Монгол эмчтэй хамтран судас барих, зүү төөнүүр, бариа засал хийх, бумба тавих зэргээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй аж. Энэ талаар үйлдвэрийн ажилтнууд ийнхүү ярьцгаалаа.
Ж.ГАНЦЭЦЭГ: НАРИЙВЧИЛСАН ОНОШИЛГООНД ХАМРАГДАЖ ЧАДДАГГҮЙ
Анкер тослогч
-Уламжлалт анагаах ухааны эмч ажиллаж байна гэхээр нь үзүүлэх гэж ирлээ. Би энд 15 дахь жилдээ ажиллаж байна. Манай үйлдвэр дуу чимээ, тоосжилт ихтэйгээс эхлээд ажлын байрны хүнд нөхцөлтэй. Байгууллагын захиргаа болон ҮЭ-ийн зүгээс сүүлийн жилүүдэд ажилтнуудынхаа эрүүл мэндэд онцгой анхаарч, төрөл бүрийн арга хэлбэрээр эмнэлгийн үйлчилгээнд хамруулж байгаад их талархаж байна. Алслагдсан орон нутагт ажиллаж, амьдарч байгаа бидний хувьд нэгдсэн байдлаар эрүүл мэндийн нарийвчилсан үзлэг оношилгоонд тэр бүр хамрагдаж чаддаггүй.
Б.ОТГОНСҮРЭН:ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДЛЫГ БОДЛОГЫН ХЭМЖЭЭНД АВЧ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ
Дамжлагын операторчин
- Үнэнийг хэлэхэд олон жил ажиллаж суурь өвчлөлтэй болсон хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд бодлогын чанартай ажлыг тууштай зохион байгуулах шаардлага хаана хаанаа байна гэж би боддог. Өнгөрсөн хугацаанд урьдчилсан сэргийлэх үзлэгийг эс тооцвол ажилтнууд өөрсдөө л явж эмнэлгийн үйлчилгээ авдаг. Ялангуяа, сүүлийн жилүүдэд “зөвхөн зайлшгүй тохиолдолд хэвтэн эмчлүүлнэ” гэсэн заалт гарснаас хойш Төмөр замын Төв эмнэлгээр төмөр замчид тэр бүр үйлчлүүлэхгүй байх шиг. Эмнэлэгт үзүүлэх шаардлага үүссэн үед үйлдвэрийн эмчээрээ дамжуулж цаг захиална. Захиалсан хугацаа нь болчихоод байхад урсгал дамжлагад ажилладаг онцлогоосоо шалтгаалан очиж чадахгүй үе ч бий.
Г.СУВД-ЭРДЭНЭ:ХУВЬ ХҮНИЙ ДАДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ САЙЖИРСНААР ӨВЧЛӨЛИЙН ТОО БУУРНА
Энэ үеэр ТБДҮ-ийн эмч Г.Сувд-Эрдэнээс ажилтнуудын эрүүл мэндийн сэдвээр цөөн асуултад хариулт авсан юм.
-Үйлдвэрийн хэмжээнд өвчлөлийн тоо хэр хэмжээнд байна вэ?
-Ер нь манай ажилтнуудын дийлэнх нь дунд болон ахмад үеийнхэн учраас өвчлөлийн тоо өндөр талдаа байдаг. Дээр нь, үйлдвэрийн ажилтнуудын дунд ажлын байрны онцлогтой холбоотойгоор нуруу, яс булчин, мэдрэлийн тогтолцооны өвчлөл зонхилдог. Тийм ч учраас бид энэ жилээс физик эмчилгээг өргөжүүлж захиргаа, ҮЭ-ийн хороотойгоо хамтран массажны ор авсан. Цаашлаад уламжлалт эмчилгээг өргөжүүлэхэд шаардлагатай тохижилтыг бага багаар хийгээд явж байна. Энэ ажлынхаа үр дүнг 2024 оны дундаас үзэх байх гэж бодож байна. Ажилтныхаа эрүүл мэндийг хамгаалах үйл хэргийг дэмжин ажиллаж байгаа Захиргаа, ҮЭ-ийн хорооны удирдлагадаа энэ дашрамд талархал илэрхийлье.
-Үйлдвэрийн ажилтнуудад ямар төрлийн өвчлөл зонхилж байна вэ?
-Би сумын цэцэрлэгт эмчээр ажиллаж байгаад гурван жилийн өмнө энд шилжиж ирсэн. Эрүүл мэндийн салбарт 10 дахь жилдээ ажиллаж байна. ТБДҮ-д ажилласан хугацааныхаа дүн мэдээ, судалгааг эргэж харвал ажилтнуудын дундах өвчлөлийн тоо 2022 онд 2021 оноосоо буурсан үзүүлэлттэй гарч байсан. Харин 2023 онд 2022 оныхоосоо өссөн үзүүлэлт гарсан. Жил бүр ямар өвчлөл давамгайлж байна вэ гэвэл харилцан адилгүй дүн гараад байгаа. Жишээ нь 2022 онд зүрх судас, давсагны холбогдолтой өвчлөл өндөр байсан бол 2023 онд мэдрэлийн тогтолцооны өвчлөл зонхилж байна. Манай ажилтнуудын дунд зөвхөн нурууны өвчлөл буюу яс булчингийн тогтолцооны өвчлөл нийт хөдөлмөрийн чадвар алдалтын 30 гаруй хувийг дангаараа эзэлж байх жишээтэй.
-Өвчлөл бууруулахад юу шаардлагатай байна вэ?
-Нэн тэргүүнд мэдээж ажилтан хүн өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал хандуулж, буруу дадал хэвшлээ засах нь зүй ёсны хэрэг. Яг өнөөгийн нөхцөлд хүмүүс өвчлөл хүндэрсэн тохиолдолд л эмнэлэгт үзүүлээд байна. Хэрэв урьдчилан сэргийлэх зорилгоор эмнэлэгт үзүүлдэг жишиг тогтчихвол ирээдүйд даамжирч болохуйц өвчлөлд урьтаж арга хэмжээ авах нөхцөлийг бүрдүүлнэ. Хувь хүний өөрөө өөрийгөө хайрлах, хамгаалах дадал дээр эрүүл мэндийн боловсролын түвшин нь өндөрсчихвөл хүндэрсэн хэлбэрийн өвчлөл үлэмж хэмжээгээр буурах боломжтой хэмээн ярилаа.
Тэмдэглэлийн дэвтэрт минь Хөтөлийн ТБДҮ-ийн их үдийн зураглал ийнхүү бичигджээ. Магадгүй өдөр бүр нэгэн хэмнэлээр үргэлжилдэг үйлдвэрийн их нүргээн, жирийн хөдөлмөрчдийн эгэл бор төрх. Эрүүл мэндийнхээ төлөөх хүн бүрийн сэтгэл зовнил...Гэхдээ тэдэнд эгэл бус мэдрэмж төрүүлэх, гаднаас орсон хүний сэтгэлийг соронз мэт татах нэгэн нууц байх шиг. Энэ бол тоостой хувцас, халтартсан царайг нь ч үл анзааруулам гялалзах гэгээхэн инээмсэглэл, бие биедээ хандах халуун дулаан харилцаа... Тэднийг ажлын талбарт нэгтгэж, бас атгасан гар шиг урагшлуулж, амжилтыг бүтээж чаддаг агуу их хүч. Энэ л сэтгэл, инээмсэглэл, элэгсэг байдал үнэндээ их үдийн нарнаас ч илүүтэйгээр үйлдвэрийн өрөө тасалгаа бүрийг, энд ажилладаг хүн бүхний сэтгэл зүрхийг гийгүүлж байдаг гэлтэй.
Б.Дэлгэрхишиг