Замын аж ахуйн албаны дарга Ю.Нямжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

- Оны эхний гурван сар шувтарч, зуны тээврийн бэлтгэлийг хангах цаг айсуй үед тантай ярилцаж байна. Өнгөрсөн оны улс эх орны болоод УБТЗ-ын түүхэн  бүтээн байгуулалтыг замчид  амжилттай гүйцэтгэлээ?

- Манай замчид үүрэг даалгаврыг 100 хувь биелүүлсэн бахдам амжилттайгаар 2023 онтой золгосныг онцлох нь зүйтэй болов уу. Юуны өмнө Монгол Улсын Засгийн газраас Боомтын сэргэлтийн бодлогыг баталсан. Энэ хүрээнд манай төмөр замчид Замын-Үүд өртөөнөөс Эрээн өртөөтэй холбогддог нарийн царигийн хоёр дахь зам буюу 4.6 км замыг 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Замын IV ангийн хамт олон цаг хугацаанд нь, чанарын өндөр түвшинд бүтээн байгууллаа. Өргөн царигийн замыг бүтээн байгуулахад ЗЗМС-ын тоног төхөөрөмж, технологи нь бэлэн байдаг бол нарийн царигийн төмөр замыг барихад ул шорооноос эхлээд замын дээд цогцыг төслийн түвшинд нь хүргэх хүртэлх дийлэнх ажилд нь гар ажиллагаа шаарддаг. Энэ ажлыг манай Замын IV ангийнхан маш нарийн тооцоолж, хүн хүч, хөдөлмөр зохион байгуулалт гээд бүх зүйлийг ямар ч өө сэвгүй гүйцэтгэсэнд миний бие үнэхээр бахархсан. Мөн Засгийн газрын бодлого чиглэлийн хүрээнд төмөр замчдын хийж хэрэгжүүлсэн хоёр дахь ажил нь Замын-Үүд-2-Шаргын-Овоо хоорондын 14 тэрбум 340 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 14.2 км хос замын бүтээн байгуулалт.  Энэ бол зөвхөн замчдын төдийгүй нийт төмөр замчдын хамтын бүтээл юм. Уг зам ашиглалтад орсноор Замын-Үүд өртөөний галт тэрэг солилцоо үлэмж хэмжээгээр нэмэгдэх үндсийг бүрдүүлсэн. Мөн Замын-Үүд-1,2 өртөөний ачаа боловсруулах, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлсэн. Хамгийн гол нь, энэ зам бол УБТЗ-ын хоёр дахь замын эхлэл болно гэдгээрээ өндөр ач холбогдолтой. Үүнийг өнөө цагийн замчид маань зураг төслөөс эхлүүлж бүгдийг нь гардан гүйцэтгэсэн 2022 оны онцлох ажил байлаа.

- Төмөр замчид тээврийн үндсэн үйл ажиллагаанаасаа гадна шинэ төрлийн төсөл хөтөлбөрүүдэд бас манлайлан оролцдог болсон нь нэг төрлийн дэвшил, шинэ тутам үзэгдэл юм уу гэж хардаг?

- Манай хамт олон 2022 онд дээрх ажлыг амжилттай гүйцэтгэснээс гадна “Утаагүй Улаанбаатар” төслийн хүрээнд “Тавантолгой түлш” ХХК-ийн захиалгаар Толгойтод нүүрс ачиж, буулгах байгууламж, түүний салбар замуудыг барьсан.  Мөн Баян зөрлөгөөс түлшний үйлдвэр рүү явж байгаа салаа салбар замуудыг гэрээний дагуу цаг хугацаанд нь барьж хүлээлгэн өгсөн. Эдгээрийг дүгнэн харахад өнгөрсөн ондоо бид нийт 30 гаруй км төмөр замыг шинээр бүтээн байгуулсан амжилттай ажиллалаа. Дээр нь Цомог, Эмээлт зөрлөгийг өргөтгөснөөр тус өртөөдийн замын тоо, нэвтрүүлэх чадвар нэмэгдсэн. Түүнчлэн, бид төлөвлөгөөт зорилтыг гүйцэтгэхийнхээ зэрэгцээ шинэ технологийг нэвтрүүлэх чиглэлд өндөр ач холбогдол өгч ажилласан. Үүний тод нь гэвэл, зам төмөр тосолгооны вагоныг манай монгол инженерүүд иж бүрнээр нь угсарч ашиглалтад оруулсан. Автомат горимтой, компьютер удирдлагатай энэхүү вагоныг ашиглаж эхэлснээр олон талын үр дүнтэй юм. Өмнө нь 600-аас бага радиустай тахируудад тосолгоо хийдэг байсан бол манай инженерүүдийн бүтээн байгуулсан вагон 1500 хүртэлх радиустай бүх тахирт тосолгоо хийдэг болсон. Өөрөөр хэлбэл, тахируудынхаа тослох км-ийн тоог нэмэгдүүлснээр зам төмрийн элэгдэлт төдийгүй хөдлөх бүрэлдэхүүний хос дугуйн элэгдлийн эрчимжилтийг бууруулах боломжийг бүрдүүлсэн. Дээр нь Францийн “трансматик” автомат цахилгаан нуман гагнуурын технологийг УБТЗ Монголд анх удаа нэвтрүүлж, суман шилжүүлгийн тоонолжийг сэргээн засварлах арга ажиллагааг амжилттай туршсан. Ингэснээр  шууд ашиглалтаас гаргадаг байсан тоонолжийг сэргээх боломж бүрдсэн. Бид өөрсдийнхөө дотоод бололцооны хүрээнд электродоор гагнаж сэргээдэг ч тэр нь ердөө гурван сарын л эдэлгээ даадаг байв. Харин дээрх шинэ технологиор сэргээснээр 9-12 сарын хугацаанд ашиглагдаж байна. Урьдчилсан тооцооллоор зөвхөн нэг жилийн хугацаанд 1.2 тэрбум төгрөгийг хэмнэсэн. Өндөр түвшний энэхүү технологийг нэвтрүүлж, албан ёсны эрхтэй сургалтыг нь оруулж ирээд, хоёр ээлжээр ажилладаг гагнуурын засварын төвийг байгуулж, тэндээ ажиллах хүчнээ зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар нь хангасны үр дүнд ОХУ-аас өндөр өртгөөр авдаг суман шилжүүлгийг дотооддоо шийдэж чадлаа. Ингэснээр сэлбэг материалын хомсдол, түүний үнийн өсөлтөөс хамгаалсан гээд олон талын ач холбогдол гарч байна.

- Эдийн засгийн нөхцөл байдлаас шалгаалж өнгөрсөн онд УБТЗ-ын хэмжээнд их засвар хийж чадсангүй. 2023 онд их засвар, их барилгаар ямар ажлууд төлөвлөв?

- “УБТЗ-ыг хөгжүүлэх 2030” хөтөлбөрийн хүрээнд өртөөдийг өргөтгөх, замын их засвар хийх, зүтгүүр хөдлөх бүрэлдэхүүн худалдан авах зэрэг бодлогын чанартай томоохон бүтээн байгуулалтуудыг Ерөнхий хороо баталж, түүнд тусгасан ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлж байгааг та бүгд мэднэ. Энэ хүрээнд 2023 онд Замын аж ахуйн албаны хэмжээнд нэлээд ажил хийх зорилт тавьж байна.Тухайлбал, энэ онд Дулаан-Ерөө хоорондын 48-63 дугаар км хүртэлх 15 км, Мааньт-Агуйт хооронд 19.2 км гээд нийт 34 км замд их засварыг ажлын57 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр хийхээр төлөвлөж байна. 36дугаар зөрлөгийн ул шорооны ажлыг бид өнгөрсөн онд хийсэн. Ирэх дөрөвдүгээр сараас Цайдам, Хангай зөрлөгийн ул шорооны ажлыг эхлүүлнэ. Дараа нь Цайдам зөрлөгт 5.5 км, Хангай зөрлөгт 4.9 км,мөн 36 дугаар зөрлөгт 6.6 км урттай хүлээн авах, явуулах  замуудыгбарьж, хүчин чадлыг нь тус бүр хоёр дахин нэмэгдүүлнэ. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэснээр тээх нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх оновчтой шийдэл болох юм.

- Гол замын гүүр хоолой, хиймэл төхөөрөмжийг сайжруулан засварлах зайлшгүй шаардлага үүссэнийг мэргэжлийн хүмүүс дурддаг юм билээ?

- Дулаан-Ерөө хоорондын замын 72 дугаар км-т Н-7 даацын техникийн нормын шаардлагыг хангасан металл хийцтэй дам нуруу бүхий гүүрийг C14 даацын нормын шаардлагыг хангасан төмөр бетон гүүрээр хүчжүүлэн солих  ажлыг хийхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд  68 метрийн урттай шинэ гүүрийн барилгын тендерийг 2022 онд  шалгаруулж, зохих  бэлтгэлийг хангасан тул ирэх сард талбай дээрх ажлыг эхлүүлж энэ ондоо дуусгана.Мөн  Ногоонтолгой зөрлөгийг  өргөтгөсөн ч хос замд зориулсан гүүрийг зэрэгцүүлэн барих ажил төлөвлөгөөнд тусгагдсан. 30 метрийн урттай гүүрийг бас шинээр барина. Товчхондоо, суурь бүтцийн  тээх нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр дээрх бодлогын чанартай бүтээн байгуулалтуудхийх юм.

- Замын хэмжээнд сэлбэг материалын хангалт тасалдсан. Үүнээс улбаалан ГТХАБ-д сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хэмжээнд хүрснийг замчид учирладаг шүү дээ. Ялангуяа, улирлын болон байцаагч нарын төлөвлөгөөт үзлэг шалгалтын үеэр энэ асуудал их хөндөгддөг?

- Цар тахлын хорио цээр, түүний дараах дэлхий дахинд нүүрлэсэн эдийн засгийн хүндрэлтэйнөхцөл үүссэнтэй холбоотойгоор гадаад худалдан авалт, түүнтэй холбоотой төлбөр тооцоо зөвхөн төмөр замын салбарт бус Монгол Улсын хэмжээний бүхий л салбарт тулгамдаж байна. Харин 2023 онд  дээрх гадаад хүчин зүйлүүд харьцангуй эерэг тал руугаа шилжиж, Замын захиргаанаас авч хэрэгжүүлж буй бодлогын чанартай арга хэмжээний үр дүнд зарим төрлийн ачааны тээврийн тарифаа ч нэмэгдүүллээ. Ингэсний хүчинд замын их засвар, өртөө зөрлөгийн өргөтгөлийн  ажлыг гүйцэтгэх боломж бүрдээд байна.

-Замчид болон ИТА нарынхаа ажлын бодит нөхцөл байдал, мэдлэг чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн ямар ажлыг хийж байна вэ?

- Сүүлийн гурван жилийн хугацаанд Замын техникийн байдлыг сайжруулах зорилтын үүднээс Замын албаны хэмжээнд инженер техникийн ажилтны зөвлөгөөнийг жил тутамд зохион байгууллаа. 2020 онд бид анхны зөвлөгөөнөө Дарханд зохион байгуулах үед  дэр модны хангалт муу байгаагаас өртөөний замд хөдлөх бүрэлдэхүүн замаас  гарах, хөдөлгөөнхаах зэрэг асуудал шил даран гарч, ер нь өртөөний замуудын техникийн байдал хүндэрсэн тул зам засварын 15 төрлийн ажлыг дэс дараатайгаар авч хэрэгжүүлсэн.

Ингээд зохион байгуулалтад орж ажилласнаар өртөө зөрлөгүүдийн замуудын модон дэрийг 60 мянган төмөр бетон дэрээр схемчилж, хүчжүүлэн солихын зэрэгцээ урт бүрэлдэхүүнтэй  хүнд жинтэй галт тэргийг аюулгүй нэвтрүүлэх  нөхцөл бололцоог хангахын тулд сумын холбоос, гудамж засах  ажлыг 27 өртөөний замд хийж гүйцэтгэлээ. Мөн өртөөний хязгаарт зам төмрийг хүчжүүлэх ажлыг 34 км-т, мөн  Р65 зам төмөртэй 44 ширхэг суман шилжүүлгийг шинээр  тавьж угсарлаа. Түүнээс гадна ВПР машинаар өргөж чигжих , шавар сагалт бүхий замын балластыг эрүүлжүүлэх ажлыг технологийн дагуу замын  ангиуд цаг алдалгүй хийж гүйцэтгэлээ.  Саяхан бид Замын III ангид Замын техникийн байдлыг сайжруулах ээлжит  дөрөвдүгээр зөвлөгөөнөө амжилттай зохион байгуулсан. Энэ удаагийн зөвлөгөөнөөр өмнөх гурван жилд хэрэгжүүлсэн ажлаа дүгнэхийн зэрэгцээ угтан ирж буй 2023-2025 онд Албаны хэмжээнд шийдвэрлэх техникийн тулгамдсан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

 Энэ үеэр манай ИТА-нууд “Өмнөх гурван жилд бид өртөөний хязгаарт гол анхаарлаа хандуулсан бол ирэх гурван жилд өртөө хоорондын гол замын техникийн байдлыг сайжруулах чиглэлд анхаарал хандуулъя. Ингэснээр галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндсэн зорилтоо хангах юм” гэдэг саналыг дэвшүүлсэн.

- Яг замчид руугаа чиглэсэн ажлыг тодорхой дурдаж болох уу. Зарим гологдол, дутагдал замчдын үйл ажиллагаанаас гэхээсээ илүүтэйгээр дээр дурдсан сэлбэг материалын хомсдолтой холбогдоод байх шиг?

-Нэн тэргүүнд ажлын байрны соёл болон 5S зарчмыг хэрэгжүүлэх ажлыг бид дөрөв дэх жилдээ хийж байна. Ажлын байрыг гэрчилгээжүүлэх ажлыг ч үргэлжлүүлж байна. Үүнд манай замчид сэтгэл өндөр байгаа. Үүний зэрэгцээ шугам замынхаа ажилтнуудын орон сууцны нөхцлийг сайжруулах үүднээс   замчдын сууцыг Орон сууцны албанд хүлээлгэж өглөө. Ингэснээр мэргэжлийн чиг үүргийн байгууллага нь замчдын тохь тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ  гэдэгт  би итгэл дүүрэн байна.

Сэлбэг материалын хангалтын тухайд асуудал байгаа нь үнэн. Уг нь бид жил тутамд их засварын ажлаа төлөвлөж хэрэгжүүлээд явбал түүнээс гарсан материалаа  ангилаад дэр мод, зам төмөр бэхэлгээ зэргийг хэрэгтэй байгаа газар нь дахин хуваарилна.  Ийм учраас жил тутам их засварын бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэх нь урсгал  засварын ажлыг материалаар хангах ажлыг үр дүнтэй зохион байгуулах үндэс тул чухал ач холбогдолтой байдаг.

1970-1980 оноос ашиглагдаж байгаа зам төмөр болон суман шилжүүлгийн  ашиглалтын явцад сэвийн хурц гэмтлийг манай Замын оншилгооны ИТА-нууд илрүүлж аюулгүй байдлыг хангаж байна. Иймээс  албаны хэмжээнд  ачаа тээврийн ажлын хэмжээ эрс нэмэгдсэнтэй холбогдуулан Р-65 маягийн хүнд зам төмөртэй, төмөр бетон дэртэй буталмал чулуун балласт бүхий замд бүрэн шилжих зорилтыг хойшлуулшгүй шийдвэрлэх ёстой гэж үзэж байна.

- Замын ажил гэдэг хүнд хөдөлмөр. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж мэргэшсэн боловсон хүчин цалин өндөртэй байгууллага руу шилжих, зарим нь бүр Солонгос руу явах  үзэгдэл ч нэмэгдэж байна гэдгийг Замын ангийн дарга нар ярих боллоо?

- Сүүлийн гурван жилд төр засгийн шийдвэрээр шинэ төмөр замын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөлөө. Үүнд манай замчид манлайлж оролцсон. Эдгээр төсөл хөтөлбөрийг дагаад замчид маань шинэ бүтээн байгуулалтад оролцох хүсэл эрмэлзлээр дүүрэн байна. Замчид, инженерүүд, бүр ангийн дарга нараас ч шинэ төмөр зам руу явцгааж байна. Гурван жилийн дараа би Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлтэд оролцлоо. Тэнд дандаа л манай мэргэжилтнүүд ахлах үүрэгтэйгээр ажиллаж байна. Жишээ нь, манай албанд технологийн инженер, Замын II ангийн ерөнхий инженерээр тус тус ажиллаж байсан Д.Энхтулга маань “Инкон” компанийн дэд захирлаар ажиллаж байна. Түүний Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төслийн удирдагчаар ажилласан  хөдөлмөрийг үнэлж,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Гавьяат барилгачин” цол хүртээсэн. Мөн Замын ангийн орлогч дарга  ????Ууганбаяр , техник тасгийн ахлах инженер  Н.Мөнхсайхан зэрэг залуус маань төмөр замын барилгын бүтээн байгуулалтыг удирдан ажиллаж байна. “Ийм сайн инженерүүдийнхээ хүчээр бид цар тахлын хүнд үед энэхүү бүтээн байгуулалтыг хийлээ” хэмээн нээлтийн ёслол дээр албаны хүмүүс нь онцлоход би тэднээрээ бахархсан. Энэ бол нэг тал. Нөгөө тал нь гэвэл тэдний байсан орон зайд хүндрэл үүснэ. Тийм ч учраас тухайн орон тоонд хүн бэлтгэхэд анхаарч ажилласан. Үндсэндээ, УБТЗ-д дараагийн шатанд бэлтгэгдсэн шинэ боловсон хүчин хүч түрэн орж ирлээ. Тэгэхээр эдгээр хүмүүсийг зөвхөн томилоод зогсохгүй үүрэг, чиглэл, зохион байгуулалтаар хангаж дэмжих ажлыг албаны хэмжээнд анхаарч ажиллалаа.Үүний үр дүнд нь Замын III, IV ангид шинэ, залуу, эрч хүчтэй баг бий болсон байна.

 “Говийн төмөр замчин” хөтөлбөрийн хүрээнд шугам замын замчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, нийгмийн асуудлыг дэмжих, мэргэжил олгох зэрэг олон чиглэлийн ажлыг  Замын III болон IV ангиуд  зохион байгуулж байна.

Энэ бол хүмүүсээ мэргэшүүлэх, сургах, нэмэгдэл цалин олгох, байр орон сууцаар хангах гээд цогц арга хэмжээ. Үр дүнд нь гадагш чиглэсэн урсгал зогсож замчдын тогтвор суурьшил сайжирна.

- Эцэст нь нэг зүйлийг тодруулахад Замын сэв шалгагч, Зам хэмжигч вагоны засварын хугацаа хэтэрсэн, сэлбэг материал хомосдсон, программ хангамж хуучирсан зэрэг асуудал их байгаа юм билээ. Мэргэжлийн хүмүүс нь тухайн чиглэлд тулгамдаж байгаа асуудлыг ч ний нуугүй дэвшүүлэн тавьж байна. Энэ чиглэлд танай алба ямар бодлого барьж байна вэ?

- Замын оношилгооны вагонуудыг замын хөрөнгө оруулалтаар худалдан авч ашиглаад 8-9 жил болж байна. Жил тутам урсгал засвар үйлчилгээ хийгээд хэвийн ажиллаж байгаа. Харин технологийн төлөвлөгөөт засварын үечлэлийн дагуу ОХУ-ын үйлдвэрлэгч “Твема”-д хандан засварт оруулах шаардлагатай байгаа.Тиймээс холбогдох мэргэжлийн инженерүүдийг урьж техникийн үзлэг шалгалт зохион байгуулан 2024 онд иж бүрэн засварт хамруулна. Энэ арга хэмжээг авбал Замын оношилгооны вагонууд аюулгүй байдлын манаанд үргэлжлүүлэн ажиллах нөхцөл нь бүрдэнэ.

- Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

 

     ЯРИЛЦСАН Б.ДЭЛГЭРХИШИГ