Монгол Улсын Гавъяат тээвэрчин, УБТЗ-ын Замын аж ахуйн албаны дарга Юмжээгийн Нямжаргалыг энэ удаагийн дугаартаа урилаа.

 

-Танд Монгол Улсын Гавьяат тээвэрчин цол хүртсэнд баяр хүргэе!

-Баярлалаа.

-Төмөр замаар овоглогдсон  гавеяатыг төрөүүлсэн тэр сайхан нутгаас яриагаа эхлэе гэж бодлоо?

-  Унасан газар, угаасан уснаас эх орон эхэлдэг гэдэг дээ. Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хэнтий багийн хүн. Бага нас минь өвөө, эмээгийн дэргэд өнгөрсөн. Яагаад гэхээр тэр үед аав минь Югославт оюутан. Ээж минь бас Анагаах ухааны их сургуулийн оюутан байлаа. Миний өвөө Хэнтий нутагтаа алдартай анчин хүн байлаа. Эмээ минь арав гаруй хүүхэд төрүүлж, өсгөсөн хүн байлаа. Тийм буянтай буурлуудынхаа гар дээр өсөж хүмүүжээд 1971 онд сургуульд орохдоо Улаанбаатарт аав, ээж дээрээ ирсэн дээ. Нийслэлийн V сургуульд орсон, дөрөвдүгээр ангиасаа Бүх холбоотын Лениний коммунист залуучуудын эвлэлийн 60 жилийн ойн нэрэмжит VI дунд сургуульд шилжин суралцсан. Энэ сургуулийн онцлог нь орос хэлний хичээлийг орос багш заадаг, тухайн үедээ бүрэн тоноглолтой хэл зүйн кабинеттэй байсан юм. Багаасаа орос хэлийг орос багшаар заалгасан хэрэг.

Тэгээд дунд сургуулиа амжилттай төгсөөд Политехникийн дээд сургуулийн хэлний бэлтгэлд нэг жил суралцсан. Хэлний бэлтгэлээ төгсөхөд суралцагчдыг сурлагын амжилтаар нь жагсаахад би нэгдүгээр байрт орж, Москвагийн төмөр замын дээд сургуулийн хуваарь сонгож авсан даа.

-    Төмөр замчин болох хүүхэд насны мөрөөдөл  байв уу, хэн  нэгний нөлөө байв уу?

-Аав нөлөөлсөн. Тухайн үед аавын хамаатан Д.Галданбуу эгч Москвагийн төмөр замын дээд сургуулийг төгсөж ирээд төмөр замд мэргэжилтнээр ажиллаж байсан юм. Тэгээд л аав минь хүүгээ төмөр замчин болговол ирээдүйтэй гэж бодсон байх. Өөрөө бол МУИС-ийг хими биологийн багшаар төгсөөд, Югослав улсын Белоградын их сургуулийг хими технологийн мэргэжлээр төгссөн хүн шүү дээ. Аав минь сургуулиа төгсөж ирээд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Мод боловсруулах үйлдвэрийн инженер, ерөнхий инженерээр ажиллаж байсан. АИХ-ын депутат хүн. Аав минь хоёр жил БНХАУ-д цаас үйлдвэрлэх технологи судлахаар явж сурсан. Сурч ирээд үйлдвэртээ цаас үйлдвэрлэж, эх орныхоо хэрэгцээг хангаж байсан юм. Гэвч 1960-аад онд урд хөрштэй харилцаа муудснаас болж цаас үйлдвэрлэл нь зогссон гэдэг. Түүний дараа хүнсний үйлдвэр, Үнэ стандартын улсын хороо, Арьс ширний үйлдвэрийн нэгдсэн төв гэсэн газруудад хариуцлагатай ажил хийж байгаад Шинжлэх ухааны академид эрдэм шинжилгээний чиглэлээр ажиллаж, 1990-ээд онд МУ-ын Оюуны өмчийн төв гэж байгуулагдахад даргаар томилогдон тэтгэвэрт гартлаа ажилласан. Орос, англи, хятад, серби, хорват хэлтэй буурай байна даа.

Бид эцэг эхээс дөрвүүлээ. Ээж минь эмч. Хэнтий аймгийнхаа эмнэлэгт ажиллаж байгаад Улсын клиникийн Төв эмнэлэгт эмч, тасгийн эрхлэгч, амбулаторийн эрхлэгчээр тасралтгүй 30 гаруй жил ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Тэтгэвэрт гарсныхаа дараа хувийн хэвшилд ажилласан. Миний ээж ажилсаг, шударга шуурхай мундаг хүн бий.

-Аав, ээжтэйгээ хамтдаа бууралтана гэдэг сайхан хэрэг шүү?

-Тэгэлгүй яахав. Залуудаа би чинь аав ээждээ олддоггүй хүү байлаа. Чойр, Салхит, Замын-Үүд гээд л алга болчихно. Хотод ирсэн хойноо ч ажил, ажил гээд бараагаа бараг харуулахгүй. Хүн нас 50 гараад ирэхээр л аав, ээжтэйгээ ойр байхсан гэж илүү боддог юм байна. Түүнээс өмнө амьдралаа босгох гээд л, ажил албаа залгуулах гээд завгүй явтал цаг хугацаа харвасан сум шиг өнгөрсөн байх юм. Залууст хандаж хэлэхэд ямар ч завгүй байсан аав, ээждээ заавал цаг гаргаж, эргэж тойрч, уулзаж байгаарай гэж хэлмээр байна.

-Таныг  аав, ээжийн итгэлтэй сайн хүү ...  

- За, яахав ээ, аав ээж минь  надад итгэнээ. Ер нь, хичээл номдоо их анхаардаг хүүхэд байсан. Москвад сурч байхдаа ч номын сангаас салдаггүй оюутан байлаа. Номын санд хичээл хийхээсээ гадна оросын түүх, хувь хүний намтрыг шинжлэх ухааны үүднээс нь судалсан цуврал номнуудыг их сонирхож уншина.

 

АМЬДРАЛД ХӨЛ ТАВЬСАН АЛТАН ҮЕ

-Оюутан насны он жилүүд хамгийн хөнгөн, гэгээхэн дэрвэж явахад гялсхийгээд өнгөрсөн мэт санагдах ч... Яг тэр он жилүүдэд хүн амьдралынхаа хамгийн чухал шийдвэрүүдийг гаргачихсан байдаг даа?

-Тэр үнэн. Чамайг хэлэхээр бодсон чинь оюутан байхдаа хоёр чухал шийдвэр гаргасан юм байна. Нэг нь, оюутан байхдаа өөрөө сургуульдаа хүсэлт гаргаад Олон улсын оюутны отрядад орж байлаа. Тэр отрядад орос болон бусад орны оюутнуудтай хамт Эрхүү мужийн Братск хотод 50 хоног хот тохижилт, барилгын ажил хийсэн. Тэгээд 1200 рублийн цалин авсансан. Тэр үед бол асар их мөнгө. Оюутны сарын стипенди 70 рубль.

Оюутан байхдаа ирээдүйнхээ ханьтай учирсан. Мэргэжил нэгт Я.Долгормаатайгаа хамт оюутны отрядад явж ирээд би Москва руу буцаж, манай хүн Монгол руугаа явсан. Тэгээд Монголоос ирэхэд нь Элчин сайдын яаман дээр очиж гэр бүлээ батлуулж байлаа. Том хүү минь 1985 онд төрсөн. Хоёулаа сургуулиа төгсөөд хүүгээ тэврээд ирж байлаа. Тийм учраас оюутан ахуй үе минь миний амьдралын хамгийн дурсгалтай, хамгийн хариуцлагатай, чухал шийдвэрүүдээ гаргасан үе юм даа. Том хүү минь аав, ээж хоёрынхоо төгссөн сургуульд сурсан. Одоо Замын-Үүд өртөөний даргаар ажиллаж байгаа.

-Ажлын гараагаа хаанаас эхлэв?

-Бид хоёр сургуулиа 1987 онд төгсөж ирээд, хүүхдээ хөтлөөд Чойрт очсон. Нэг ч хүн танихгүй. Өртөөн дээр Замын III ангийн боловсон хүчин Банди гуай биднийг тосож аваад буудалд байрлуулсан. Маргааш нь Замын ангийн Д.Зунры даргын өрөөнд хүүхдээ дагуулаад орсон доо. Д.Зунры дарга “За, ямар бодолтой ирэв?” гэхэд “Би энд ажиллая гэж ирлээ” гэсэн. Ангийн даргад миний тэр хариулт их таалагдсан гэж билээ. Ажлын гараагаа замчнаас эхлээд л бригадын дарга, мастер гээд бусдын жишгээр л явсан даа. Ажиллах хугацаандаа цэргийн алба нэг жил хаасан. Тухайн үед дээд боловсролтой хүн нэг жил алба хаадаг байсан юм. Зүүнбаянгийн 202 дугаар инженер сапёрын ангид нэг жилийн хугацаанд их зүйлийг сурч мэдэж авсан. Цэргийн алба гэдэг улс орны өнцөг булан бүрээс олон аавын хүү цуглаж, эх орныхоо өмнө үүрэг хүлээдэг, найзалж нөхөрлөдөг том хамт олон юм билээ. Цэргийн дүрэм журмаар амьдрах надад их сонин байсан даа. Цэргээс халагдаж ирээд ажиллаж байтал 1990 он боллоо. Нийгэм өөрчлөгдлөө. 1991 онтой ч золголоо. Зах зээлийн нийгэмд англи хэл хэрэгтэй, компьютер гэдэг юм байдаг гэх мэт зүйлс хальт хульт сонссон.

Тэгтэл нэг сониноос Улаанбаатарт Удирдлагын хөгжлийн институтэд шалгалт авна гэсэн зар байна. Шалгалт өгч тэнцээд албандаа сурах тухай өргөдөл гаргалаа. Ингээд Удирдлагын хөгжлийн институтэд нэг жил дотуур байранд сууж, 700 төгрөгийн цалинтай сурсан. Хуучин Удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх курс Удирдлагын хөгжлийн институт болж, анхны элсэлтээ авахад нь орсон хэрэг. Тэнд зах зээлийн эдийн засаг, англи хэл, мэдээлэл зүй зэргийг заасан. Тэгэхэд төмөр замаас В.Отгондэмбэрэл, Д.Батбаатар, бид гурав хамт сурсан. Одоогийн МCS-ийн Ж.Оджаргал гээд тэр үеийн залуучуудтай хамт суралцаж байлаа.

Биднийг төгсөөд ирэхэд Улаанбаатар өртөөний даргаар В.Отгондэмбэрэл, Замын IV ангийн орлогч даргаар Д.Батбаатар, намайг Замын VI ангийн даргаар томилсон. Рашатхан гэж АИХ-ын депутат тийм мундаг хүнээс ажил авч байлаа. Би тэнд л удирдах ажилтны үүрэг хариуцлага гэдгийг анх мэдэрсэн. Тэндээсээ ЗЗМС-ын ерөнхий инженер, 1993-1995 онд Замын-Үүдэд Японы хөрөнгөөр ачаа шилжүүлэн ачих байгууламж барих, 27 км төмөр зам барих төслийн талбайн инженерээр гурван жил ажилласан. Вагонд амьдарна. Тэр гурван жилд маш их зүйлийг сурч мэдсэн шүү. Төслийн ажил дуусахад Замын аж ахуй хариуцсан орлогч дарга Н.Батмөнх гуай “Албандаа ажилла” гэсэн. Ингээд албаны үйлдвэр техникийн хэлтсийн тэргүүлэх инженерээр гурван жил, 1999 онд Замын албаны ерөнхий инженер болсон. Замын аж ахуйн албыг олон жил чадварлаг удирдсан Н.Батмөнх, З.Зориг, МУ-ын Гавьяат тээвэрчин Г.Вандандагва нарын үе үеийн мундаг дарга нараас их зүйл сурсан. Бахархан, хүндэтгэж явдаг.

 

ӨӨРИЙГӨӨ Ч МАРТСАН ОН ЖИЛҮҮД

-Би таныг Боловсон хүчин, үйлчилгээний албаны дарга байх үеэс мэднэ. Түүний дараа Замын аюулгүй байдлыг ч хариуцаж байлаа. Өнөөдрийнхөөс хэд дахин хүнд үүрэг хариуцлагыг үүрч байсан байх?

-2004 онд Р.Раш дарга дуудаад Боловсон хүчин, үйлчилгээний албаны даргаар томилчихсон. Энэ бол миний хувьд цоо шинэ ажил. Зөвхөн нэг албаны хэмжээнд биш Замын хэмжээний боловсон хүчний асуудал гэж бодохоор тухайн шийдвэрийг балмагдаж хүлээж авсан. Би дөнгөж 40 нас хүрч байсан. Тэгээд яахав, чадахгүй гэж хэлэх эрхгүй. Чадахын төлөө, мэдэхийн төлөө хичээхээс аргагүй. Ингээд гурван жил ажлаа хийгээд харайж явтал Замын дарга (В.Отгондэмбэрэл) дуудлаа. Өрөөнд нь ортол Тээврийн яамны сайд О.Цэнгэл гуай хамт сууж байна. Замын дарга надад “Чамайг Замын орлогч даргаар ажиллуулна” гэчихээд сайдад “Манай инженер Ю.Нямжаргал энэ хариуцлагатай ажлыг хийж чадна. Би энэ хүнд итгэж байна” гэлээ. Гэтэл сайд “Замын дарга чинь чамайг дэмжээд байна. Нөхөр минь чи ГТХАБ-ыг хангах чиглэлээр хөтөлбөр боловсруулж, сайн ажиллана шүү. За гар” гэв. Би юу болоод байгааг сайн ойлголгүй гарлаа. Тэр үед Ерөнхий хорооны хурал болж байсан юм. Хурлаар оруулаад намайг Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч даргаар баталчихлаа. Гэнэтийн шийдвэрт бас л балмагдсан хүн л зогсож байсан. Ингээд О.Сүрэн даргаас ажил хүлээж авсан. Тээврийн хяналтын алба бол хамгийн шилдэг туршлагатай байцаагч нар ажилладаг алба. Би тэдэнд өөрийгөө гологдох вий гэж их эмээж байсан. Энэ ажил албан тушаалд гологдохооргүй ажиллах юмсан. Үүний цаана ГТХАБ бий гэж бодохоор маш их итгэл найдвар, нөгөө талд том үүрэг хариуцлага ирж байгааг мэдэрсэн.

-Танд тэр найман жил бүтэн нойртой тайван унтаж хоносон шөнө цөөхөн байхаа?

-Эхний дөрвөн жилд ээлжийн амралт авч үзээгүй. Дараагийн дөрвөн жилд нь их сайндаа 10 хоног амарч байлаа. Ер нь, хөдөлгөөний аюулгүй байдал гэдэг бол Замын даргын өмнө аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн хүн. Замын дарга маш их ажилтай. Би тэр хүний үнэтэй цагийг аюулгүй байдлын ямар нэгэн асуудлаар үрэхгүй, ажлаа хийх бололцоог нь л хангах ёстой гэж бодсон.

Зун 7-9 сар хүртэл төмөр замчдын нэлээд хэсэг нь, зарим байгууллагын удирдлага амардаг үе. Гэтэл ард нь тээвэр тасралтгүй явж байдаг. Ийм үед би яг ажлаа хийгээд сууж байх ёстой л гэж боддог байсан. Яг үнэндээ том хариуцлага, том хүлээлттэй нүүр тулахад надад өөрийгөө бүрэн дайчлахаас өөр зам байгаагүй. Манайх социализмын үеийн захиргаадалтын хяналттай явж ирсэн. Хяналтын энэ тогтолцоог зах зээлийн үеийн буюу эрсдэлд суурилсан хяналт руу шилжүүлэх шаардлага бий болсон. Энэ чиглэлээр албанаасаа хүн авч очиж МИАТ-ийн хяналтын системтэй танилцсан. Тэдний Хяналтын албаны дарга Ганболд гэдэг хүнийг урьж зөвлөгөө, сургалт авч, туршлага судалсан. Ингээд эрсдэлд суурилсан хяналтын системийг нэвтрүүлэх ажилдаа орсон доо. Энэ чиглэлээр тээврийн хяналтын албаныхан маань маш их ажил хийсэн. Үр дүнд эрсдэл, гологдол буурсан. Учир шалтгааныг нь олсноор үнэн зөв, шударга хяналт бий болсон.

-Таны үед төмөр замын гармын аюулгүй байдлыг хангах чиглэлээр багагүй ажил хийсэн дээ?

-Гарам дээрх осол зөрчлийн тоо их байсан. Тиймээс ОУ-ын Гармын мэдлэг дээшлүүлэх өдрийг тэмдэглэх болсон. Энэ хүрээнд гарам бол ганцхан төмөр замын асуудал биш гэдгийг орон нутаг, нийслэлийнхэнд илүү ойлгуулсан болов уу. Ард иргэдэд ч энэ чиглэлээр ойлголтыг өгөх ажил хийж эхэлсэн. Үр дүнд нь осол, зөрчлийн тоо буурсан. Үүний цаана олон хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж чадсан.

Энэ дашрамд хэлэхэд, 2012 оноос Замын даргын А-01 тоот тушаалаар оны тэргүүн зорилтыг тодорхойлдог болох талаар санаачилга гаргасан. В.Отгондэмбэрэл дарга дэмжиж, хамгийн анх “Зорчигчийн галт тэрэгний зурмагийн биелэлтийг сайжруулах” зорилт дэвшүүлж байлаа. Үр дүнд нь, нэг жилийн дотор зорчигчийн галт тэрэгний зурмагийн тасалдал 42 хувиар буурсан. Ингээд яриад байвал маш их ажил амжуулжээ гэж харж байна. Намайг ажиллаж байх найман жилийн хугацаанд тээврийн хэмжээ 14-16 саяас 21 сая хүртэл өссөн. Тээврийн хэмжээ тав орчим сая буюу 20-30 хувийн өсөлт гарахад гологдол зөрчлийн тоо буурч, тогтворжсон. Энэ бол бидний ажлын  гол үр дүн байсан. Миний дараа ч бидний хийсэн ажлын үр дүнгээ өгч, бууралт гарсан. Ер нь, гологдол зөрчил, алдаа дутагдлын учир шалтгааныг нь зөв олж тогтоох чухал юм гэдгийг ойлгосон. Байцаагч нар маань хяналтын картуудыг боловсруулаад түүнийг ажил дээр хэрэгжүүлээд хэдэн зуун карт бөглүүлээд эцэст нь бүгдийг нь нэгтгээд судлаад үзэхээр өмнө нь олж хараагүй, анзаараагүй олон алдаагаа олж харсан. Нэгэнт асуудлынхаа гол гогцоог олчихсон байхад засах амархан. Нөгөө талд нь, ажилтан хүмүүст шударга хандах ёстой. Алдаа гаргасан бол хэн нь буруутай үнэн зөв тогтоочиход хүн гомдоод байдаггүй. Тэгэхгүй хуугаар нь арга хэмжээ аваад шийтгээд, эсвэл хуугаар нь шагнаад байвал тэд надад итгэхгүй. Энэ дарга чинь харалган юм байна шүү дээ гэнэ. Тэгэхээр бүх асуудалд баримт нотолгоотой, зөв дүгнэх чухал байдаг. Ямар нэгэн ажил сэдсэн бол заавал үр дүнг нь тооцох хэрэгтэй. Амжилт гаргасан ажилтныг заавал урамшуулах ёстой. Энэ бол миний баримталдаг зарчим.

ХЭСЭГХЭН ЗУУР...

-Ингэхэд та чөлөөт цагаараа юу сонирхдог вэ. Танд цаг зав хэр гарч байна вэ?

-2015 онд Замын орлогч даргын ажлаа өгчихөөд өөрөө санал тавиад Техникийн бодлого зураг төслийн албаны орлогч дарга болсон. Тэгээд бодоход би өөртөө  огт цаг зав гаргаж яваагүйгээ ойлгосон. Ядаж жолооны үнэмлэх ч авчихаагүй. Мэргэшсэн инженер болоогүй, ээлжийн амралтаа ч эдэлж байгаагүй. Тэгээд өөртөө дүгнэлт хийж, мэргэшсэн инженерийн сургалтад суулаа, жолооны курсэд сурч үнэмлэхтэй боллоо. Дараа нь, МҮХАҮТ-д ТУЗ-ийн гишүүний сургалтад суулаа. Өмнө нь, хойш тавьж байсан ажлуудаа амжуулсан. Тэгж байтал Д.Жигжиднямаа дарга үүрэг өгөөд УБТЗ-ын шинэчлэл хөгжлийн 2030 хөтөлбөр боловсруулах ажлын хэсэгт орсон Ажлын хэсгийн ахлагч нь Л.Халтар дарга. Ажлын хэсэгт Р.Раш дарга, Т.Очирхүү  дарга, төмөр замын шилдэг инженерүүд багтсан.  Сүүлийн 20-30 жил төмөр замд хэрэгжсэн хэрэгжээгүй төсөл хөтөлбөрүүдийг судалсан. Энэ төсөл дээр бид жил хагас ажилласан. Л.Халтар дарга маань маш дайчин. Би энэ төслийн талаар нарийн гүнзгий ойлголттой болохын тулд лав хагас жилийг зарцуулсан. Уншаад, судлаад л байсан. Эхэндээ ой тойнд буухгүй байсан гоё нэр томъёотой төсөл хөтөлбөрүүдийг бүрэн мэдэхийн цаг хайрлаагүй. Одоо энэ хөтөлбөрийн эхний шат нь хэрэгжээд дууслаа. Хоёрдугаар шат руу орж байна. Миний хувьд бас их зүйлийг судалж мэдэх боломж олгосон ажил байсан шүү.  Түүний дараа 2018 онд намайг “Замын аж ахуйдаа ирж ажилла” гэсэн. Тэр дагуу ирээд ажиллаж байна.

-Та Замын хэмжээнд хүний нөөцийн асуудлыг шийдэж байлаа, Замын тээврийн аюулгүй байдлыг барьж байлаа. УБТЗ-ын хөгжлийн чиг хандлагыг боловсруулалцлаа. Миний бодоход, Замын аж ахуйн албаны ажил бол танд хамаагүй хөнгөхөн байгаа байхаа?

-Би өмнө нь голцуу менежментийн багт, шийдвэр гаргаад явж байж. Эргээд хэрэгжүүлэх шатанд ирсэн чинь илүү их ажилбартай юм байна гэдгийг мэдэрсэн. Тэгэхээр шийдвэр гаргаад явах, хэрэгжүүлэх шатанд ажиллах хоёрын хооронд их ялгаа байна шүү. Би төмөр замд 34 жил ажиллахдаа 20 жилд нь Замын аж ахуйн чиглэлээр, 14 жилд нь бусад албанд ажилласан байна. Тэгэхдээ төмөр замд хэрэгжсэн томоохон төсөл хөтөлбөрүүдэд гар бие оролцжээ. Тухайлбал, Замын-Үүдийн төсөл, үер усны төсөл, УБТЗ-ын 2030 хөгжлийн хөтөлбөр, Нефть боловсруулах үйлдвэрийн зам, Зүүнбаян-Тавантолгойн төслийг дурдаж болно.

Намайг Замын орлогчоор ажиллаж байх үеэс хөдөлгөөний эрчим маш нэмэгдсэн. Тэр хурдтай дүйцэж ажиллахыг биднээс цаг үе шаардаж байна. Залуучуудын хурдыг гүйцэж ажиллахын тулд зарим талаар би өөртөө дүгнэлт хийсэн. Шийдвэрийг хурдан гаргах ёстой, бусад албадын дарга нартай хамтарч, бие биенээ дэмжиж ажиллах ёстой юм байна. Заримд нь нэгэнд нь урмын үг хэлчих, зарим асуудлыг надаас боллоо гээд өөр дээрээ татаад авчих жишээтэй. Залуучуудынхаа болж байгаа зүйл дээр нь урам өгч, болгох гээд хичээж байгаа ажилд нь дэм болох хэрэгтэй. Явж явж шүүмжлэлээс илүү урам хүнийг өсгөдөг шүү. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд, алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй. Харин алдаагаа засах боломжийг олгож байх хэрэгтэй. Худлаа хэлдэггүй, хариуцлагаас бултах гэж оролддоггүй. Алдаагаа ухамсарладаг, үнэнээ шууд хэлчихдэг хүнд итгэл өгөх хэрэгтэй. Тийм хүнтэй эргээд уулзахад алдаагаа засчихсан. Амжилт гаргачихсан байдаг.

-Зүүнбаян-Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалт төмөр замчдад том үүрэг хариуцлагаас гадна том боломж бий болголоо гэж харж байна?

-Тэгсэн. Энэ цаг үед том төслийн ерөнхий гэрээ, графикт гарын үсэг зурж, энэ том бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах хувь завшаан надад олдлоо. Баяртай байна. Бас замчдаараа залуусаараа бахархаж байна.  Хэн ч итгээгүй ажлыг бид хийж чадсан. Төр засаг УБТЗ-ын мэргэжилтнүүдийг үнэлсэн. Энэ мөчид Д.Жигжиднямаа даргаараа бахархах сэтгэл төрж байна. Замын дарга маань ажлын хэсгээ ахлаад салбарын яам, цаашлаад Засгийн газарт бүх асуудлаа ойлгуулж, шийдүүлж, зохион байгуулалтын бүх ажлыг үүрч байсан.

Д.Жигжиднямаа дарга, Замын Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Г.Ганболд бид гурав оюутан болохоор Москва руу анх явж байхдаа нэг купейнд сууж, танилцаж байлаа. Манай купенд биднээс гадна Ганхуяг гэж залуу хамт явсан. Хил дээр очоод Жийгээгээ оросоор ярихад нь бид гурав ам ангайгаад гайхсан. Орос хэлээр маш цэвэрхэн ярина. Ингэж орос хэлийг эзэмших гэж бахархан харж байснаа санаж байна. Хойно хамт оюутан байцгаалаа. Төгсөж ирээд 30 гаруй жил хамт ажилласан. Ерөнхийлөгчийн зарлигаар нэг өдөр “Гавьяат тээвэрчин” гэдэг хүндтэй шагналыг хамт хүртсэн. Ийм анд нөхрөө, хамтран зүтгэгчээ алдах миний хувьд хүнд байна. /хэсэг дуугаа хураав/

ХОРИН ДЭВТЭР ДҮҮРЭН МӨРӨӨДӨЛ

-Таны хувьд өглөө хэрхэн эхэлдэг вэ?

-Өглөө 06.00 цагт босно. 07.00 цагт ажил дээрээ ирчихсэн байдаг. Тухайн өдрийнхөө ажлыг урьдчилаад төлөвлөчихсөн байдаг. Алба маань есөн салбар нэгжтэй, 3400 гаруй ажилтантай. Өдөр бүр салбар нэгжүүдтэйгээ   ярих ажлаа урдаас төлөвлөчихдөг. Хуралд зөвлөгөөн, ажлын дундуур заавал ярьдаг. Томилолтоор явах хэрэг их гарна.

-Орой ажлаа тараад албаны дарга Нямжаргал гэртээ яваад ордог уу. Эсвэл хамаг ажлаа ардаа орхиод ордог уу?

-Гэртээ энэ их ачааллыг шууд аваад очиж болохгүй. Аль болохоор хүний хань, хүүхдийн аав, ач зээ нарынхаа өвөө л гэртээ орохыг хичээж байна. Гэртээ байхдаа өөрийгөө ажлаас чөлөөлөөд дуртай киногоо үзэх, гадаад мэдээ сонсох, аав, ээж, хүүхдүүдтэйгээ утсаар ярих гээд өөр зүйл анхаарлаа хандуулж, тархиа хэсэгхэн амраадаг. Тэгэхгүй бол би балрах юм билээ. Гэхдээ ор тас ажлаа мартдаг гэж худлаа хэлж чадахгүй. Ямар нэгэн чухал шийдлийг нь олох гэж эрж байгаа ажил тархинд уяатай байж л байдаг. Олон талаас нь бодоод явж байтал гэнэт л гаргалгаа нь ороод ирдэг.

-Танд өөртөө зуршил болгосон зүйл бий юу?

-Тэмдэглэлийн 20-иод дэвтэр бий. 1988 онд нэг хуралд суухад маш гоё тэмдэглэлийн дэвтэр өгдөг юм байна. Түүн дээр ажлаа тэмдэглэж байснаа хайран санагдаад болдоггүй. Тэгэхээр нь чухал зүйлээ л тэмдэглэдэг боллоо. Шинэ санаа, цаашдын хүсэл мөрөөдөл, эсвэл төмөр зам, төр засаг, олон улсад ямар асуудал боловсрогдож, хэрхэн шийдэх бол гэдгийг тааварлаж, өөрийнхөө үзэл бодлыг тэмдэглэдэг болсон. Эсвэл шинээр мэдсэн юмаа тэмдэглэнэ. Өдөр болгон юм бичихгүй. Долоо бүр 10 хоног ч сөхөхгүй байж мэднэ. Нэг бичвэл хэдхэн минутад 2-3 хуудас тэмдэглэл биччихдэг. Тэгээд л орхичихно.

Хэзээ хойно эргүүлж харахад их сонин. Энэ санаагаа би тэр үед яагаад орхисон юм бол гээд эргэцүүлэх үе байна. Миний тархин дахь бодлыг их цэгцэлдэг.

-Энэ дэвтрүүдээ та эргээд харвал олон нь биелсэн байх даа?

- Магадгүй. Гэхдээ тэр утгаар нь харж байсангүй. Нэг удаа ээлжийн амралтаа аваад амралтад явахдаа бүх дэвтрээ авч очсон. Тэгэхэд 10,15, 20 жилийн өмнөх Нямжаргалтай уулзах шиг маш сонин мэдрэмж төрсөн. Өөрийнхөө залуу үетэй уулзана гэдэг сонин юм билээ.

-Та өөрийнхөө дутагдалтай талыг юу гэж дүгнэх вэ?

-Би өөрийгөө тайван байлгадаггүй дутагдалтай хүн дээ /инээв/

-Таныг Замын орлогч дарга байхдаа ч айхтар уурлаж, хэн нэгнийг өндөр дуугаар загнаж, зэмлэж байхыг хараагүй. Зөөлөн хүн байх.

-Ер нь, зөөлөн. Гэхдээ шударга биш зүйл дээр би хатуу ханддаг. Хүний нөөц ч бай,  хөдөлгөөний аюулгүй байдал ч бай. Аль аль нь хүний хувь заяа, ирээдүйг шийдэх асуудалд гарын үсэг зурдаг ажил шүү дээ. Тийм зүйл дээр би хөнгөн хуумгай хандах, алдах эрхгүй. Би ажилчин хүнийг буруутгадаггүй байсан. Харин удирдах ажилтнуудад өндөр шаардлага тавьж байсан байх.

 

ХҮҮХДҮҮДДЭЭ АЖЛААРАА Л ҮЛГЭР БОЛДОГ ААВ

-Хүү тань одоо урд хилийн боомтод том өртөө удирдаж байна. Төмөр замын хамгийн халуун цэг. Аавын хувиар хүүдээ санаа чилээнэ биз?

 -Хүүгээ төгсөөд ирэхэд Баруунхараа руу өртөөний жижүүр хий гээд явуулчихсан. Дараа нь, Зүүнхараад туслах найруулагчаар ажилласан.  Тэгээд Улаанбаатар өртөөнд, Тээвэр зохион байгуулалтын албаны технологи хариуцсан инженер гээд ажиллаад явсан. Би ажилд нь оролцдоггүй. Тэгтэл нэг өдөр “Би шугам замд бие дааж ажиллая” гэхээр нь “Аав нь ч гэсэн шугам замд ажиллаж байсан. Шугам замд ажиллахын давуу тал нь амьдралд ойртдог. Төмөр замчидтайгаа ойр байдаг. Өөрийгөө хэн бэ? гэдгээ таньж мэдэж авна. Үүнээс илүүг би чамд хэлж мэдэхгүй” гэсэн. Хүү Сайншанд руу явсан. Тэнд гурван жил ажиллаад, Замын-Үүдэд одоо ажиллаж байна. Охин ШУТИС-д сураад дараа нь Энэтхэгт сурч ирээд одоо нэг уул уурхайн компанид ажиллаж байгаа. Таван ач зээтэй. Би хүүхдүүддээ ажлаараа л үлгэр болдог. Түүнээс байнга яриад зөвлөөд байдаггүй. Тийм зав ч надад байхгүй.

-Сүүлийн үед УБТЗ-ын шилдэг залуу инженерүүд шинэ төмөр замууд руу явж байна. Зарим хүн үүнд харам ханддаг. Та энэ асуудлыг хэрхэн харж байна вэ?

-Улс орны хөгжил, төмөр замын сүлжээний өргөтгөлтэй холбоотой асуудал. Энэ үйл явц эрт орой хэзээ нэгэн цагт болох л байсан. Үүнд бид бэлтгэлтэй л байх ёстой байсан. Залуучууд хүсэл зорилгоо илэрхийлээд явах нь тэр хүний асуудал. Тэр хүний оронд ажиллах хүний нөөцөө бэлтгэчихсэн байх нь бидний асуудал. Би тэгж л харсан. Хаана ч том төсөл, бүтээн байгуулалтад арай чадварлагууд нь явдаг нь зүй тогтол. Харин тэр чадварлаг мэргэжилтний дэргэд чадварлаг ажилтныг бэлтгэсэн үү гэдэг бол байгууллагын удирдлагын санаачилга. Ерөөсөө төмөр замын салбар бүх болзошгүй зүйлд бэлэн байх ёстой. Гал, ус, салхи шуурганд ч тээврийн өсөлтөд ч, хууль эрх зүйн шинэ тогтолцоонд ч тэр. Санхүү эдийн засгийн зарчим ч гэсэн уян хатан байх ёстой. Төмөр замд тулгарч байгаа асуудлыг давж гарах бодлоготой байх ёстой. Судалсан, тооцсон, бэлтгэлтэй байвал барьц алдахгүй.

Хүний нөөцийн энэ асуудал харин ч хожуу тулгарлаа. 2007 онд Төмөр замын тээврийн тухай хууль батлагдаад, төсөл хөтөлбөрүүд яригдаж эхлээд бараг 10 гаруй жил алдаж байж эхэлсэн шүү дээ. Магадгүй, энэ тав, арван жилийн өмнө ч болох байсан асуудал. Бид бэлэн л байх ёстой байсан гэж хардаг. Ер нь бүтэц уян байх ёстой. Хатуу хөшүүн бол шийдвэр удаан, эсвэл муу гарна. Эсвэл асуудал ач холбогдолгүй болсон үед шийдвэр гарна. Тэгэхээр маш хурдтай, оновчтой шийдлийг олж ажиллах ёстой. Боломжийг алдахгүй байхыг хичээх хэрэгтэй. Боломжийг бага алдах тусам олох олз их байж таарна.

 

ЯРИЛЦСАН Б.ГҮНЖИНЛХАМ