Замын аж ахуйн албаны дарга, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Ю.Нямжаргалтай ярилцлаа.
-Энэ онд УБТЗ ХНН-ийн 75 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд танай албаны хувьд ямар бүтээлч ажлууд өрнүүлж байна вэ гэдгээс яриагаа эхлүүлье?
-2024 он бол манай замчдын хувьд их өндөр бүтээлийн жил болохоор харагдаж байгаа. Өсөн нэмэгдэж буй тээврийг хангах, дэд бүтцийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангуулах талаар нэлээд өргөн хүрээтэй ажил зохион байгуулахаар бэлтгэж байна. Их засварын ажлын ерөнхий төлөвлөлтийг хийгээд, гуравдугаар сарын эхний долоо хоногт Замын даргын зөвлөлийн хурлаар оруулахаар ажиллаж байна. Юуны өмнө Агуйт-Мааньт хооронд 17.5 км их засварын ажлыг дөрөвдүгээр сарын сүүлийн 10 хоногт эхлүүлж, зургадугаар сарын 6-наас өмнө дуусгахаар төлөвлөсөн. Үүний зэрэгцээ Агуйт-Наран-Элгэн хоорондын замын 559 дүгээр км-т томоохон гүүр барихаар тендер зарласан. Зураг төсөл нь бэлэн болохоор ажил гүйцэтгэх компанийг нь шалгаруулна. Хоёр дам нуруутай гэхээр нийт 54 метр урттай гүүр байх юм. Харин нэг замтай учраас бид гүүр барихын тулд хажуугаар нь тойрох зам барьж, хөдөлгөөнөө хэвийн үргэлжлүүлнэ. Үүнээс гадна энэ онд ус өнгөрүүлэх зургаан хоолой барина. Хоёрыг нь ойн өмнө барихаар зураг төслийг нь гаргаж, бетон хийцээ үйлдвэрлэх бэлтгэл ажлыг хангаж байна.
-Тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд суурь бүтэц найдвартай байх хэрэгтэй. Энэ жил хийх их засварын бэлтгэлийг хэр хангав. Шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг материалаа бүрдүүлсэн үү?
-Замын найдвартай, аюулгүй байдлыг хангах үүднээс бид жил бүр л тодорхой хэмжээнд их засвар хийдэг. Энэ жил Агуйт-Мааньт хооронд хийх 17.5 км их засварт шаардлагатай зам төмөр замын, бетон дэр, бэхэлгээ, щебень балластын нөөц бүрэн байна. Тиймээс ажлаа цаг хугацаанд нь эхлүүлнэ. Ер нь, Хонхороос цааш Баян, Хоолт, Цагаанхяр хоорондын нийт 19 тахир тойруутай, өгсүүр уруудуур ихтэй газарт 27 км тууш их засвар хийнэ. Энэ хэсэгт арчилгаа үйлчилгээ нарийн шаарддаг. 2000-аад онд их засвар хийж, хүчжүүлсэн КД бэхэлгээ бүхий Р-65 зам төмөр тавьж байсан. Өнөөгийн байдлаар, тээврийн өндөр ачааллаас болоод зөвхөн дэр мод гэлтгүй бэхэлгээ, зам төмөр нь элэгдсэн учир их засвар хийх шаардлагатай болсон.
-Ачааны хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой энэ жил аль өртөө, зөрлөгт нь өргөтгөл хийхээр төлөвлөв?
-2022, 2023 онд ч тээврийн хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой зарим өртөө, зөрлөгийг өргөтгөх, шинэчлэх ажил Ерөнхий хорооны баталсан шийдвэрийн дагуу хэрэгжиж байгаа. Ер нь, УБТЗ-ын Шинэчлэл хөгжлийн 2030 хөтөлбөрийг боловсруулах үедээ 2020 он гэхэд тээврийн хэмжээг 25 сая, 2025 онд 54 сая, 2030 онд 74 саяд хүрнэ гэж тооцоолсон. Одоо 2025 он гэхэд 40, 50 саяд ч хүрэх төлөв тодорхой харагдаж байна. Орос-Монгол-Хятадын тээврийн коридорыг байгуулах шугамаар тээврийн хэмжээг УБТЗ-аар 2050 он гэхэд 78 сая тонн ачаа явна гэсэн таамаглал тооцоог гурван улсын мэргэжилтнүүд хийсэн. Гэтэл өнөөгийн байдлаар энэ оны нэгдүгээр сард гэхэд л 2.9 сая тонн ачаа явлаа. Хоёрдугаар сарыг нэмбэл үндсэндээ таван сая тонн болж байна. Ийм байдлаар үргэлжилбэл оны эцэс гэхэд 34 сая тоннд хүрэх бололтой. Тиймээс бид их засвараа нарийн тооцож, хугацаанд нь хийхээр төлөвлөж байна. Түүнчлэн, Цайдам, Хангай, 36 дугаар зөрлөг, Оорцог-Энгэрийн замыг өргөтгөх үүрэг авсан. Өнөөгийн байдлаар Оорцог-Энгэрээс бусдынх нь ул шороог өргөтгөж, ус өнгөрүүлэх хоолойг нь сунгаж, бэлтгэл ажлыг хийсэн. Одоо бид Замын хэмжээнд суман шилжүүлгээ худалдаад авчихвал эдгээр зөрлөгийн замаа угсарч, өргөтгөнө.
-Замын-Үүд-Шаргын-Овоо хоорондын хоёр дахь замын холбоо дохиолол, цахилгаан төвлөрүүлэлтийн ажил хүлээгдэж байгаа гэсэн. Энэ замыг бүрэн ашиглалтад оруулбал тухайн хэсгийн хүчин чадал хэр нэмэгдэх вэ?
-Замын-Үүд-Шаргын-Овоо хоорондын хоёр дахь зам бол УБТЗ хос замтай болох ажлын эхлэл. Энэ онд Дохиолол холбооны алба, СИРДП-Е хэлтсийн инженерүүд дээрх замын дохиолол холбоо, хөдөлгөөн зохицуулалтын системийн холбоог угсраад туршиж байна. Тэгэхээр удахгүй энэ зам ажилд орно гэсэн үг. Замын даргын тушаалаар хурд нь 80 км/цаг байж болох юм гэсэн шийдвэр гарч, хөдөлгөөнд нээхээр бэлтгэж байгаа. Цаашид Замын-Үүдээс Сайншанд хүртэлх замын хаана нь галт тэрэг өнгөрүүлэхэд хүчин чадал хүрэхгүй байгаа хэсэгт хос зам барих хэрэгтэй. Энэ бол эхний алхам. Улмаар, Чойр хүртэл холбовол олон галт тэргийг шууд Замын-Үүдэд шуурхай хүргэх, галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх боломж нэмэгдэнэ.
-Сайншанд-Зүүнбаян хоорондын 47 км замыг сайжруулах, хүчжүүлэх ажлыг хэзээ хийхээр төлөвлөв?
-Шинэ бүтээн байгуулалтын ажил буюу Зүүнбаян-Тавантолгой, Тавантолгой-Ганшуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замууд үндсэндээ зам байгууламжийн хувьд холбогдсон. Харин боомтуудыг холбох талд төр засгийн хэмжээнд зорилт тавин ажиллаж байгаа юм билээ. Удахгүй эхнээс нь холбох байх. Тэгэхээр энэ чиглэлд ачаа тээвэр нэлээд эрчимжинэ. Сайншанд-Зүүнбаянгаар Ханги, Гашуунсухайт руу тээвэр явахаас гадна тэр чиглэлээс Замын-Үүд болон Сүхбаатар руу гарах ачаа орж ирнэ. Мөн ирээдүйд зүүн босоо тэнхлэг буюу Чойбалсан-Хөөт-Бичигтийн төмөр замыг баривал Сайншандаар дамжин ачаа явж таарна. Тиймээс Сайншанд-Зүүнбаянгийн замыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Энэ хүрээнд ЗТХЯ тухайн замыг шинэчлэх үүрэг өгсөн. Ер нь, шинэчилснээр голын даац 25 тоннд хүрсэн хөдлөх бүрэлдэхүүн, хүнд жинтэй галт тэрэг аялуулах нөхцөл бүрдэнэ. Бид зураг төсөл хийх, төлөвлөлтийн хувьд ажиллаж байгаа. Хамгийн гол нь засвар хийх хөрөнгийн эх үүсвэрийг эцэслэн шийдэх ёстой.
-2021 онд тантай уулзахад, Замын аж ахуйн алба нэг жилд 100 орчим км замд их засвар хийсэн тухай ярьж байсан. Тухайн үед Замын санхүү сайн байгаад тэгж их хөрөнгө оруулж байв уу. Гэтэл сүүлийн жилүүдэд их засварын хэмжээ мэдэгдэхүйц багаслаа. Энэ нь мөн санхүүтэй холбоотой юу?
-Тэр жил гол замдаа 80 км-т их засвар хийх ажилтай давхцаад Зүүнбаян-Тавантолгойн хэсэгт 145 км төмөр замыг бид шинээр тавьсан л даа. Энэ нь УБТЗ-ын замын аж ахуй, төмөр замчид аливаа зорилтыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх чадвартайгаа харуулсан. ЗЗМС-ын машин механизмаас гадна манай инженерүүд гар механик аргаар газар дээр нь зам төмрийг угсарч, түүнийгээ балластлах ажлыг өдөр шөнөгүй хийж байж улс орон, төмөр замчдын өмнө тавьсан зорилтыг биелүүлсэн. Ер нь, тээвэр өсөж буй нөхцөлд замынхаа найдвартай, аюулгүй байдлыг нэн тэргүүнд шийдэх ёстой. Энэ үүднээс тээврийнхээ зарим орлогыг суурь бүтэц рүүгээ чиглүүлдэг. Одоо ойролцоогоор 250 орчим км зам Р-50 зам төмөртэй, модон дэртэй, хайрган балласттай байна. Үүнийг бетон дэртэй, Р-65 зам төмөртэй, буталмал чулуун балласттай болгож хүчжүүлэх шаардлагатай. Нэгэнт л тээвэр нэмэгдсээр байгаа юм чинь энэ 250 км-ийг шинэчилбэл гол замын хувьд тээврийг хэчнээн ч өсгөсөн суурь бүтэц асуудалгүй болно.
-Та гүүр болон ус зайлуулах хэд хэдэн хоолойг барих тухай дээр ярилаа. Бороо усны улиралд бидэнд хамгийн их тулгамддаг асуудлыг шийдэх нь зүйтэй. Ер нь, цаашид энэ чиглэлээр ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Өнгөрсөн онд Монгол инженерийн зураг төслөөр Монголчууд анх удаа Ерөө-Орхон хоорондын 72 дугаар км, Орхон голын дээгүүр 54 метр урт гүүр барьсан. Хуучин гүүрийг нь 70-аад жилийн өмнө барихдаа голын даацыг нь 270 орчим тонноор тооцож байсан. Үүнийг орчин үеийн гүүр байгууламжийн хүчин чадлын норм нормативын дагуу хүчжүүлэх шаардлагатай болж, манай замчид дотоодын гүүр барьдаг шилдэг компанитай хамтраад шинэчилж чадлаа. Мөн Ногоонтолгой зөрлөгийн 334 дүгээр км-т гүүр барьсан. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр, Монгол инженер, төмөр замчид өөрсдөө томоохон хүчин чадалтай гүүр барих ур чадвар, технологи, зохион байгуулалттай болсон байна. Тэгэхээр бидэнд цаашид гүүр болон ус өнгөрүүлэх хоолой барих боломж бүрэн бий. Сүүлийн жилүүдэд дулаарал ихэссэнтэй холбоотой аюулт үзэгдлийг давтамж олон болж байна. Өөрөөр хэлбэл, 70 жилийн турш зүгээр байсан цэгүүдэд ихээхэн хэмжээний ус ирж, зам автаж буй нь анхаарал татаж байгаа. Замын даргын өгсөн үүргийн дагуу бид орчин үеийн арга хэрэгслээр ус зүйн тооцоог ШУА-ийн Байгаль экологийн хүрээлэнгээр эхний ээлжинд 100 км замд хийлгэлээ. Ер нь, 1995, 2000 онд хийсэн ус зүйн тооцоогоо өнөөгийн энэ хур тунадасын хэмжээ, цаг агаарын аюулт үзэгдлийн давтамж, хөрсний ус шингээх чадварын өөрчлөлтийг уялдуулан шинээр тооцох шаардлагатай. Ингэснээр судалгааг үндэслэн гүүр, хоолойн хүчин чадлыг нэмэгдүүлэх, аюул эрсдлээс зам байгууламжийг хамгаалах урт хугацааны төлөвлөгөө гарна.
-Танай алба Чулуун завод, Мод боловсруулах үйлдвэр, Төмөр бетон дэрний үйлдвэр гэх мэт төмөр замын туслах үйлдвэрүүдээс бүрддэг. Эдгээр аж ахуйн нэгждээ албаны зүгээс чиглэсэн хөрөнгө оруулалт, бодлогын ямар ажил хийж байна даа?
-Замын захиргаанаас энэ оныг “Бүтээгдэхүүн үйлчилгээний чанар стандартыг хангах жил” болгон зарласан. Албаны зүгээс эдгээр үйлдвэртээ зорилтыг хангаж ажиллах чиглэл өгсөн. Чулаан заводод Олон-Овоо-1 ордыг бид 70 орчим жил ашигласан. Тиймээс шинээр Олон-Овоо-2 ордыг ашиглан үйлдвэрлэлээ шилжүүлэх гурван жилийн дунд хугацааны хөтөлбөр боловсруулж, Замын техникийн зөвлөлөөр батлуулан хэрэгжүүлж байна. Шилжих үйл ажиллагааг 2026 он хүртэлх хугацаанд бүрэн зохион байгуулна. Энэ хүрээнд Олон-Овоо-2 ордод уулын тэсэлгээ хийгээд чулуу олборлож байна. Өнөө жил тус орд руу тав, зургаан км төмөр зам тавих зураг төсөл бэлэн болсон. Мөн БНХАУ-аас чулуу бутлах өндөр хүчин чадалтай шугам оруулж ирсэн. Угсрах ажлаа хавар эхлүүлнэ. Одоо ажиллаж буй шугамуудаа шинэ орд руу зөөж, эрчим хүчний шугам татна. Эдгээр ажлыг хийсний дараа техникүүдээ шинэчилж, орчин үеийн технологиуд нэвтрүүлснээр 2026 он гэхэд 19 сая тонн нөөцтэй, өндөр бүтээмжтэй, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг карьертай болно. Хөтөлийн бетон дэрний үйлдвэрлэлдээ орчин үеийн Восслох төрлийн бэхэлгээг нэвтрүүлнэ. Замын техникийн зөвлөлд асуудлаа оруулахад дэмжсэн. Үүний хүрээнд бетон дэрний хэвэндээ металл плат суурилуулах ёстойгоо Төв засварын үйлдвэрт захиалж хийлгэсэн. Тиймээс туршилтын үйлдвэрлэлийг хийхээр төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, өнөөгийн АРС, CZ бэхэлгээ ашиглаж буй хэвэн дээр тусгай хийц суурилуулаад Восслох бетон дэр үйлдвэрлэнэ. Энэ маань үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Ийм стандарт Монгол Улсын хэмжээнд ч мөрдөгдөж байгаа. Мод боловсруулах үйлдвэрийн хувьд өнгөрсөн жил “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд мод үржүүлгийн төв шинээр байгуулсан. Хоёр талбайтай. Мод үржүүлгээ эрчимжүүлэн, төмөр замд хэрэгтэй үрсэлгээгээр хангах ажлыг хийж байгаа. Дээр нь, Сайншандад говийн нөхцөлд тохирсон мод үржүүлгийн газрыг энэ жил байгуулна. Мөн дэр мод, түүний идээлгэ, сумын дүнзийн үйлдвэрлэлийг үр ашигтай байх талаар тооцоо судалгаа хийж байна. Эдгээр ажлаа нэгтгээд гуравдугаар сард “Замын аж ахуйн туслах үйлдвэрийн бүтээгдэхүүний чанар” гэсэн чиглэлээр зөвлөгөөн хийнэ.
-Замын аж ахуйн алба дотоод нөөц бололцоогоо ашиглаад чамгүй ажлыг зохион байгуулдаг. Тухайлбал, зам төмөр тосолгооны вагоныг өөрсдөө дотооддоо угсарсан шүү дээ. Энэ вагоныг ашигласнаар ямар үр дүн гарав?
-Маш их үр дүн өгч байна. Би бахархаж байгаа. Манай механикч инженер, техникчид орчин үеийн тосолгооны вагоныг бүтээлээ. ОХУ-аас тосолгооны тоног төхөөрөмж, мөн зориулалтын тосыг нь оруулж ирсэн. Түүнийг замаа тослох тоног төхөөрөмжийг инженерүүд маань зохион бүтээсэн. Мөн үүнийгээ удирддаг программ хангамжийг Монгол инженерүүд ШУТИС-ийн эрдэмтэдтэй хамтран хийсэн. Ингэснээр энэ вагон, орчин үеийн шаардлага хангасан, үр дүнтэй шийдэл болсон. Түрүүч нь ашиглалтад ороод гурав, сүүлчийнх нь нэг жил болж байна. Энэ хугацаанд зам төмрийн элэгдлийг 50, зүтгүүр болон вагоны хос дугуйн элэгдлийг 44 хувиар буурууллаа. Тэгэхээр зөвхөн зам төмөр гэлтгүй зам төмөр, хөдлөх бүрэлдэхүүний харилцан үйлчлэлийн асуудал байгаа биз. Энэ хөрөнгө оруулалтыг хийснээр эдийн засгийн хувьд ихээхэн үр ашигтай ажил болсон.
-Эцэст нь асуухад, шинэ төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой УБТЗ-д хүний нөөцөд багагүй шилжилт хөдөлгөөн өрнөлөө. Жилээс жилд тээврийн хэмжээ нэмэгдэж байна. Тиймээс суурь бүтцийн аюулгүй байдлыг хангахын тулд боловсон хүчнийхээ мэргэжил, боловсролыг дээшлүүлэхэд танай алба ямар ажлыг зохион байгуулж байна вэ?
-Энэ маш чухал асуудал. Бид замчдын ажлын байрыг сайжруулах, дэмжихээс энэ ажлаа эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл, ажлын байрны соёл 5S-ийн зарчим гэх системийг хэрэгжүүлэн ажлын байрыг гэрчилгээжүүлсэн. Замын захиргаа, алба, ангиудын зүгээс тодорхой хөрөнгийг шийдсэний үр дүнд нийт ангийн техникийн кабинет, багажны өрөө, материалын агуулах, өвөл дулаацах, зун сэрүүцэх байр гээд бүгдийг нь шинэчилсэн. Ер нь, хүнд хөдөлмөр эрхэлдэг замчдаа тохитой ажиллаж, амьдрах нөхцөлийг нь хангаж байгаа. Мөн 40 орчим фургон машин авч унаагаар хангалаа. Энэ нь, өвөл зуны алинд ч замчдаа аюулгүй, тухтай тээж байна. Үүнээс гадна манай Замын ангиуд жил бүр замчдынхаа нийгмийн асуудалд анхаардаг. “Говийн төмөр замчин” хөтөлбөрийн хүрээнд урд шугам замд интернэт үйлчилгээг үнэгүй болголоо. Тухайлбал, Замын IV ангийн төмөр замчдын хүүхдүүд интернэт ашиглан зайнаас хичээлээ хийх, өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх бололцоог хангаж өгсөнийн та бүхэн мэднэ. Энэ нь, шугам замынхныг тогтвортой ажиллах, тохь тухтай байлгахад чиглэсэн ажил юм. Цаашид зөвхөн говийнх гэлтгүй шугам замд ажилладаг замчдаа дэмжсэн олон ажлыг хийнэ. Энэ мэт ажлын үр дүнд Замын ангиудад хүмүүс тогтвор суурьшилтай ажиллах хандлага тогтож байна. Хамгийн гол нь ажилтныхаа хүслийг сайн мэдэрч, тэрийг нь угтан дэмжиж ажилладгаа ангийн захиргаа замчдадаа харуулаад ирэхээр хүмүүсийн итгэл үнэмшил бий болдог юм байна гэж дүгнэсэн. Хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн ганц манай алба гэлтгүй төмөр замын хэмжээнд сорилт болсон. Тиймээс ч нийт төмөр замчдынхаа цалинг өнгөрсөн жил 15 хувиар нэмж, удаан жилийн нэмэгдлийг өглөө. Мөн шагнал урамшууллын мөнгөний хэмжээг гурав дахин нэмлээ. Эдгээр арга хэмжээ ажилтнаа тогтвор суурьшилтай байлгахад том түлхэц болж байгаа.
Үүний зэрэгцээ хүмүүсээ мэдлэг, чадварыг нь дээшлүүлэх талд замчдын өөрсдийнх нь хүсэлтээр эчнээгээр техникч, инженерт сурах бололцоог нээлттэй болгосон. Тиймээс шугам замд ажиллаж буй залуус төлбөрөө хөнгөлүүлэн мэргэжил эзэмших, дээшлүүлэх боломжтой. Энэ бол маш том ахиц. Нөгөө талаар сургасан хүнээ буцаад очиход ажлын байр таатай байх ёстой. Үүний хүрээнд дээр хэлсэн ажлын байр тохижуулахаас гадна мэргэжлийн инженерүүдийнхээ үгийг сонсох, дэмжих талд манай алба нэлээд том ажил хийж байгаа. 2018 оноос хойш замын техникийг сайжруулах зөвлөгөөн зохион байгуулсан. Энэ оны зөвлөгөөнөө өнгөрсөн .../он сар өдөр/ ...Баасан гарагт хийлээ. Өртөөний зам, тахир тойруу, гүүр хоолой гэхчлэн ямар чиглэлээр сайжруулалт хийж, ямар технологи нэвтрүүлмээр байна гэдээ инженерүүд нээлттэй зөвлөлдсөн. Мөн илтгэлд заасан ажлуудыг бид дараад өнгөрдөггүй. Бодит ажил болгон хэрэгжүүлдэг уламжлалтай.
-Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!
М.Наранболд