Нүүр Түүхийн хуудас сөхөхүй Ю.ЦЭДЭНБАЛ-УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ
Түүхийн хуудас сөхөхүй

Ю.ЦЭДЭНБАЛ-УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ

G.Press 1 цагийн өмнө 4 үзэлт 0 сэтгэгдэл

Монголын нам, төрийг 44 жил удирдсан нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсэний 110 жилийн ой айсуй. Түүхэн зүтгэлтний үйл хэрэгт өгөх хүмүүсийн үнэлгээ янз бүр байдаг ч алс баруун хязгаарын эгэл малчны гэрт төрж, өссөн энэ хүний хувьд  муугаасаа сайн нь хэд дахин илүү гэдгийг манай ард түмэн хүлээн зөвшөөрөх буй за. Цэл залуу хорин хэдхэн насандаа төрийн сайд болж, улмаар тухайн үеийн нийгмийг удирдан чиглүүлэгч улс төрийн үндсэн хүчин болж байсан МАХН-цын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон, улс орныхоо хөгжил дэвшлийн үйлсийн төлөө нэгэн насны амьдралаа зориулсан энэ хүний хийж бүтээсэн, санаачилж хэрэгжүүлсэн бүхэн түүхийн хуудсанд хамгийн тод үсгээр бичигдэн үлдсэн билээ.

  АРАНЗАЛ ЗАЛУУ НАСАНДАА АЛБАН ТУШААЛЫН ШАТААР ӨГСӨЖ, АЛДРЫН ДЭЭДИЙГ ХҮРТСЭН ХҮН

1916 онд Дөрвөд далай хан аймгийн Зоригт ханы хошуу (Одоогийн Увс аймгийн Давст сум)-ны нутагт төрсөн. 1925 онд Чандмань уулын аймгийн (Одоогийн Улаангом хотын) бага сургуульд дайчлагдан орж,  дараа жил нь аймгийн төв нь Жаргалант хот (Одоогийн Ховд хот)-д шилжихэд дагалдан очиж, 1929 онд Ховд хотын бага сургуулийг төгсжээ. 1929-1931 онд ЗСБНХУ-ын  Эрхүү хотын “Монгол курс”, 1931-1932 онд Эрхүүгийн хүн эмнэлгийн техникумын бэлтгэл анги, 1932-1933 онд мөн хотын Санхүү-эдийн засгийн рабфак, 1933-1934 онд Улаан-Үд хотын Монгол рабфак, 1934-1938 онд Эрхүү хотод Сибирийн Санхүү-эдийн засгийн дээд сургуульд тус тус суралцан онц дүнтэй төгсөж, Санхүүгийн эдийн засагчийн мэргэжил эзэмшжээ. Тэрээр, ийнхүү завсар чөлөөгүй суралцаж байхдаа л маршал Х.Чойбалсангийн анхааралд өртөж, хэд, хэдэн удаа уулзаж байсан бөгөөд тухайн үедээ ард түмний эцэг хэмээн дахин шүтэгдэж байсан их удирдагч түүний сурлага, аж байдалд ихээхэн анхаарч Зөвлөлтийн дээд удирдлагад ч захьж хэлсэн ажээ. Тийнхүү Ю.Цэдэнбал  сургууль төгсөхийнхөө өмнөхөн ЗХУКН-ын Төв Хорооны шийдвэрээр Крымд амрах болжээ. Юм үзэж нүд тайлуулах гэсэн хэрэг болов уу. Түүнээс бус, манай зарим нэгний бичдэгээр КГБ-д элсүүлсэн хэрэг биш болов уу.  Сургуулиа амжилттай төгссөн  түүнийг эх оронд нь хариуцлагатай албан тушаал, санаачилж бүтээх их ажил хүлээж байлаа. Тэрээр, 1938-1939 онд Санхүүгийн техникумын хичээлийн эрхлэгч, 1939 оны гуравдугаар сараас долдугаар сард БНМАУ-ын Сангийн яамны дэд сайд, 1939 оны долдугаар сараас 1940 оны дөрөвдүгээр сар хүртэл Сангийн яамны сайдаар ажиллаж, Монголын Худалдаа, аж үйлдвэрийн банкны Ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэж байжээ. Японы милитаристуудын өдүүлсэн Халх голын тулалдааны үед тэрээр, байлдаж буй Монгол-Зөвлөлтийн цэргийн ар талын хангалтыг хариуцах хариуцаж, фронтод хэд, хэдэн удаа очиж байсан байдаг. Халх голын ялалтын дараахан буюу 1940 оны гуравдугаар сард түүнийг маршал Х.Чойбалсангийн санал болгосноор, МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгож, 1984 оны наймдугаар сар хүртэл улс орны хөгжлийн штаб болж байсан  энэхүү байгууллагыг удирдан  ажилласан байна. Тэрээр, энэ үедээ МАХЦ-ийн Улс төрийн газрын даргаар хавсран ажиллаж, улс орныг батлан хамгаалах үйлсэд идэвхийлэн зүтгэж, 1945 оны Чөлөөлөх дайнд Монгол-Зөвлөлтийн цэргийн морьт механикжуулсан бүлгийн командлагч хурандаа генерал И.А.Плиевийн нэг орлогчоор томилогдон ялалтад томоохон хувь нэмэр оруулсан байна. Ю.Цэдэнбал нь Уг дайны ялалтын дараа 1945-1952 онд БНМАУ-ын Ерөнхий сайд Х.Чойбалсангийн орлогч, Улсын төлөвлөгөөний хорооны дарга, 1952-1974 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, 1974-1984 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар тус тус ажиллажээ. Тэрээр,  Монголын нам, төрийг 44 гаруй жил  тэргүүлэхдээ улс орноо хөгжүүлэх, ард түмний аж амьдралыг дээшлүүлэн, соёлжуулах, эх орныхоо тусгаар тогтнол, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэн, олон улсын нэр хүндийг өндөржүүлэхэд өөрийн ухамсарт бүх амьдрал, авьяас чадвар, оюун билгээ зориулсан хүн байв. Түүний удаа дараагийн уйгагүй хүчин чармайлтаар БНМАУ 1961 оны НҮБ-д элсэж олон улсын хамтын нийгэмлэгт хууль ёсны байр сууриа эзлэн, тухайн үед манай улсыг ганц орон хүлээн зөвшөөрч байсан бол 1984 онд БНМАУ дэлхийн таван тивийн 94 улстай дипломат харилцаа тогтоож, олон улсын 60 гаруй байгууллагад гишүүнээр элсжээ.

        УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ-УЛС ОРНЫ ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ                                                                 

 Ю.Цэдэнбалыг МАХН-Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон МАХН-ын 10-р их хурал улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон олон шийдвэр гаргасаны нэг нь нийслэл Улаанбаатарыг ЗХУ-тай төмөр замаар холбох явдал байв. Хурлын шийдвэрт энэхүү зорилтыг тусгуулах тооцоо судалгаа, Зөвлөлтийн талтай тохиролцох нарийн төвөгтэй ажлыг Ю.Цэдэнбалаар удирдуулсан  бэлтгэл ажлын комисс ул суурьтай гүцэтгэсэн байв. Уг шийдвэр Зөвлөлтийн талтай тохиролцсоны дагуу 1940 оноос хэрэгжиж,  Зөвлөлтийн тал Улаан-Үд-Наушкийн төмөр замыг барьж ашиглалтад оруулан, хойт хилээс хэдхэн алхмын цаана уурын тэрэгний яндангийн чимээ сонсдож эхэлсэн ч фашистын Герман ЗХУ-д итгэлийг эвдэн довтолсонтой холбогдон хэрэгжилт нь даруй 10 шахам жил хойшилжээ. Дайны дараагаас эхлэн Монгол-Зөвлөлтийн удирдагчдын хооронд болсон удаа дараагийн ажил хэрэгч яриа, хэлэлцээрийн үр дүнд Нацшки-Улаанбаатарын төмөр замын зам барилгын ажил шуурхай өрнөн, 1949 оны 11-р сарын 07-ны 14.00 цагт анхны галт тэрэг нийслэл хотод орж ирэв. Энэ нь Ю.Цэдэнбалын идэвхтэй оролцоотойгоор хэрэгжсэн улс орны хөгжлийн бодлогын оргил бүтээн байгуулалт байлаа. Учир нь, тэрээр энэ жилүүдэд БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Улсын Төлөвлөгөөний хорооны даргаар хавсран ажиллаж, энэхүү бүтээн байгуулалтад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм. Ер нь тэрээр,  Монгол улсад төмөр замын тээвэр үүсэж хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулж, Монгол -Оросын Хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн үйл ажиллагааг бүх талаар дэмжин, төмөр замд мэргэжилтэй боловсон хүчин сургаж бэлтгэх, төмөр замчдын гаргасан үүсгэл санаачилгыг дэмжих,  төмөр замын техник технологийг шинэчлэх өргөн цар хүрээтэй, хариуцлагатай ажлыг  удирдан зохион байгуулж үр дүнд хүргэсэн билээ. Тухайн үед МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөлийн хамтарсан олон шийдвэрт түүний гарын үсэг дурайж байдаг нь үүнийг гэрчилнэ. Тэрээр, улс орныг үйлдвэржүүлэх бодлогын хүрээнд Дархан-Шарын гол, Салхит-Эрдэнэт, Багахангай-Багануурын  төмөр замыг байгуулахад санаачлан зохион байгуулагчийн үүрэгтэйгээр оролцсон байна.  Түүний 1949 оны арваннэгдүгээр сарын 07-нд Наушки-Улаанбаатарын төмөр замын галт тэрэгний хөдөлгөөн нээгдэн Улаанбаатарт анхны галт тэрэг орж ирэхтэй холбогдуулж хийсэн Нийслэлийн хөдөлмөрчдийн баярын цуглаан дээр хэлсэн үг нь улс орны хөгжил дэвшлийн үйлсэд төмөр замын гүйцэтгэх үүргийг оновчтойгоор тодорхойлон, эдүгээ Улаанбаатарын зорчигч үйлчилгээний төв буудлын арын дурсгалын хөшөөн дээр  мөнхжин үлдсэн байдаг. Мөн 1956 оны нэгдүгээр  сарын 03-нд Улаанбаатар–Замын-Үүдийн төмөр зам байнгын ашиглалтад ороход ЗХУ-ын Зам харилцааны яамны сайд Б.П.Бещев, БНХАУ-ын Төмөр замын яамны сайд Тэн Тэ Юан нарын хамт уг замын Монгол-Хятадын хил дээрх дурсгалын мөнгөн хадаасыг хадаж, Олон улсын харилцаанд нээжээ. Ю.Цэдэнбал нь  нам, төрийг удирдаж байхдаа УБТЗ-ын ажил байдалтай 3-4 удаа биечлэн танилцаж,  1962 онд төмөр замын Соёлын ордонд болсон УБТЗ-ын  инженер техникчдийн зөвлөгөөнд биеэр оролцон, үг хэлж, төмөр замчдын санал хүсэлтийг хүлээн авч байжээ. Тэрээр, төмөр замчдын санаачилсан Социалист хөдөлмөрийн хөдөлгөөнд онцгой ач холбогдол өгч, бүх нийтийн үйлс болгохоор зүйл бүрээр дэмжин тусалж байлаа. Мөн УБТЗ-д хэрэгжсэн Дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын байгууламжийн шинэ системийн нээлтэд бичлэн оролцож байв. МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны хурал, нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөнөөр төмөр замын тээврийн асуудлыг удаа дараа хэлэлцэн оновчтой шийдвэрлэж, хэрэгжилтийг зохион байгуулахыг холбогдох байгууллага албан тушаалтнуудад өгдөг байсан нь ажил хэрэгт онцгой сайнаар нөлөөлдөг байв.  Тэрээр, Хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ”-ын Монголын талын удирдлагыг бүрдүүлэхэд ч ихээхэн анхаарч боловсон хүчний сонголтыг өөрөө оролцон хийдэг байсныг төмөр замын ахмад зүтгэлтэн Н.Цэрэнноров, С.Дамбадаржаа нарын дурдатгалд тодорхой өгүүлсэн нь бий. Ю.Цэдэнбал төмөр замын чадварлаг инженерүүдийг албан тушаалд дэвшүүлэн, нам төрийн өндөр албан тушаалд томилон ажиллуудаг байв. Тухайлбал, төмөр замын инженер-эдийн засагч, Б.Гомбосүрэн. Л.Дамдинжав нарыг Тээврийн яамны сайд, инженер Л.Цэрэндондогийг Барилга,барилга материалын үйлдвэрийн яамны, Т.Дэмчигдоржийг Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны сайдаар, Ж.Балжиннямыг АА-ийн Улс төрийн газрын даргаар, Ж.Банзрагчийг Эрдэнэт хотын Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар тус тус дэвшүүлэн томилж байв. Мөн түүний үед Намын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлд дэвшин хариуцлагатай ажил эрхэлж байсан С.Болд, С.Гэлэгбармид, Р.Раш, Б.Бөмбөг, Л.Дамдин, Т.Баасанжав, К.Рашат нарын олон инженерүүд байдаг билээ. Эдгээр нэрсүүд нь түүний төмөр замын инженерүүдийн мэдлэг боловсрол, ажил хариуцах, итгэл даах чадварыг өндрөөр үнэлж байсны илэрхийлэл юм.

                          АЛДАР ХҮНД, АМЬДРАЛЫН ҮНЭ, ЦЭН

Түүний эх орныхоо өмнө байгуулсан гавьяа зүтгэлийг Монголын төр өндрөөр үнэлж, 1941 онд армийн комиссар, 1944 онд дэслэгч генерал, 1975 онд хурандаа генерал, 1979 онд БНМАУ-ын Маршал цол хүртээжээ. Мөн ард түмнийхээ өмнө байгуулсан  гавьяа зүтгэлийг нь төр засгаас өндөр үнэлж 1961 онд “Хөдөлмөрийн баатар”, 1966 онд “Улсын баатар” цол тус тус олгож, БНМАУ-ын болон ЗСБНХУ, бусад улсын 40 гаруй одон медалиар шагнасан байна. Тэрээр, өвчний гэх шалтгаанаар  1984 оны наймдугаар сард бүх албан тушаалаасаа чөлөөлөгдөн, ЗХУ-ын УАХХ-ны хатуу хяналтад  Москва хотноо амьдарч байгаад 1991 оны гуравдугаар сард нас баржээ. Түүнийг Монгол улсын тухайн үеийн төр, засаг чөлөөнд гарсан армийн генералийн зиндаанд авч үзэн, “Алтан өлгийд” оршуулсан аж. Учир нь, 1990 онд хуралдсан МАХН-ын ТХ-ны долоодугаар бүгд хурлын үзэл санааны дагуу БНМАУ-ын АИХ-н Тэргүүлэгчдийн дарга П.Очирбатын зарлигаар түүний Улсын болон Хөдөлмөрийн баатар, маршал цолыг бүх  одон медалийн хамт хураан авсан байжээ. Харин,  хожим 1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн зарлигаар бүх шагналыг сэргээсэн бөгөөд нийслэл хотын УДЭТ-ын өмнөх талбайд хөшөөг нь босгон мөнхжүүлсэн байна. Мөн, Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэрийг түүний нэрэмжит болгож, хөшөөг нь босгосны гадна Увс аймгийн төв Улаангом хотын төв талбай, төрсөн нутаг Давст сумын төв, түүнчлэн Дархан хотод тус, тус хөшөөг нь босгожээ.  

Юмжаагийн Цэдэнбал хэмээх энэхүү зүтгэлтний туулж өнгөрүүлсэн амьдрал нь 20-р зууны Монголчууд бидний  түүх гэсэн үг билээ. Тэгээд ч алдар хүнд нь алдаа онооны хэмжүүр, амьдралын үнэ цэнийг тодорхойдог  гэсэн үг бий. Авах гээхийн ухаанаар хандах нь өнөө үеийнхний жудагтай холбоотой биз ээ.

 

Л.Сэнгээ МУСГЗ сэтгүүлч 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.