Нүүр Эгэл төмөр замчин Ган замтай холбогдсон амьдралын минь дурсамж
Эгэл төмөр замчин

Ган замтай холбогдсон амьдралын минь дурсамж

G.Press 6 цагийн өмнө 265 үзэлт 0 сэтгэгдэл

Энэ жил УБТЗ-ын Чулуун заводын түүхт 70 жилийн ой тохиож байна. Ойн өмнө тус заводын дарга Нямсүрэнгийн Отгонбаатарын сэтгэгдлийг хуваалцлаа. Тэрбээр, УБТЗ-ын 2022 оны “Шилдэг дарга”-аар шалгарч байсан билээ. 

“БИДНИЙ ТУУЛСАН ЗАМ БОЛ АМЬДРАЛЫН МИНЬ ДУРСАМЖ.
БИДНИЙ БҮТЭЭСЭН ЗАМ БОЛ МОНГОЛЫН МИНЬ ХӨГЖИЛ”

 

 

ЧУЛУУН ЗАВОД — МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙН ӨРГӨӨ
Чулуун завод бол миний ажил амьдралын салшгүй нэгэн хэсэг. Өглөө бүр үйлдвэрийнхээ хаалгаар орж, ажилчдынхаа дунд алхаж, үйлдвэрлэлийн дуу чимээтэй хамт ажлын өдрөө эхлүүлдэг байсан үе сэтгэлд тодхон.
Чулуу гэдэг хатуу зүйл. Гэхдээ тэр хатуу чулуунаас төмөр замын бүтээн байгуулалтад хэрэгтэй материал бий болж, Монголын өргөн уудам нутгийг холбосон ган замын нэгэн хэсэг болдог.
Бидний хийж буй ажил энгийн мэт боловч цаанаа асар их утга учиртай. Өнөөдөр буталсан нэг чулуу маргааш Монголын төмөр замын замд шингэж, хэн нэгний зорчих зам, улс орны хөгжлийн нэгэн хэсэг болж байдаг.
Тиймээс би өөрийн ажилдаа үргэлж сэтгэлтэй хандаж, “Бидний хийж байгаа бүхэн төмөр замын хөгжилд хэрэгтэй” гэсэн итгэлээр хамт олноо ажиллуулж ирсэн.

ХАМТ ОЛОН БОЛ ХҮЧ
Заводын хамт олныг удирдан ажилласан он жилүүд надад олон зүйлийг ойлгуулсан.
Дарга байна гэдэг зөвхөн үүрэг даалгавар өгөх биш, хамгийн түрүүнд хариуцлага хүлээх явдал.
Үйлдвэрлэлийн хүндрэл, техник тоног төхөөрөмжийн асуудал, цаг агаарын хүнд нөхцөл гээд амаргүй үе цөөнгүй тохионо. Гэвч манай хамт олон нэг зорилгын төлөө сэтгэл зүрхээрээ нэгдэж, бэрхшээл бүрийг хамтдаа даван туулдаг байлаа.
Нэгнийгээ дэмжиж, туршлагаа хуваалцаж, амжилтаа хамтдаа бүтээсэн тэр нөхөд бол миний хөдөлмөрийн замналын хамгийн том баялаг юм.

АЗ ЖАРГАЛ ГЭР БҮЛ МИНЬ

Олон Овоогийнхоо буйдхан тосгонд амьдралынхаа ханьтай учирч ихэр хүү, охин хоёр, мөн бага охинтой болж гурван хүүхдийнхээ хамт аз жаргалтай, сайхан амьдарч яваагаа төмөр замын маань буян хишиг хэмээн сүслэн залбирч байна. Аз жаргалтай амьдралд минь байнга хөтөлдөг УБТЗ ХНН-ийн хамт олон, Олон Овоогийнхондоо дахин дахин талархал илэрхийлье. Овооны маань өгөөж буян олон түмэнд үеийн үед дэлгэрч байх болтугай.

ХАМГААС ҮНЭТЭЙ ШАГНАЛ БОЛ ХАМТ ОЛНЫ ИТГЭЛ
Миний хөдөлмөрийг төр, төмөр замын салбар үнэлж, “Алтан гадас” одон болон “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнасан. Мөн төмөр замчны хөдөлмөр, мэргэжлийн ур чадварыг үнэлсэн “Замчны алдар”, “Тэргүүний замчин”, “Онц хөдөлгөөнчин” зэрэг шагнал хүртсэн. Энэ бол зөвхөн зөвхөн миний өөрийн гавьяа гэж боддоггүй. Эдгээр шагнал, үнэлгээний цаана надтай хамт ажилласан үе үеийн төмөр замчид, Чулуун заводын хамт олны хөдөлмөр, итгэл, дэмжлэг бий.

Мэргэжлийн аварга даргаар шалгарч байх үед үйлдвэрээ удирдан ажилласан он жилүүд, хамт олонтойгоо даван туулсан хүндрэл бэрхшээлүүд, хамтдаа баярласан амжилт бүтээлүүд хамгийн түрүүнд санаанд орж, миний амьдралын хамгийн үнэ цэнтэй дурсамжууд хөврөн орж ирсэн билээ.
Шагналын минь цаана хамт олны минь хөдөлмөр бий. Итгэл бий. Нөхөрлөл бий.

ҮЕЭС ҮЕД ҮРГЭЛЖЛЭХ ГАН ЗАМ
Олон жилийн турш төмөр замын салбарт ажиллахдаа би нэг зүйлийг улам бүр ойлгосон.
Ган замыг төмөр, чулуу хоёр дангаараа бүтээдэггүй. Харин хүний хөдөлмөр, сэтгэл, хариуцлага, эв нэгдэл л ган замыг бүтээдэг.
Өнөөдөр Чулуун заводынхоо 70 жилийн түүхийг эргэн харахад үе үеийн төмөр замчдын нөр их хөдөлмөр, хөлс хүчээр энэ их айл өнөөгийн өндөрлөгт хүрчээ.
Ахмад үеийнхэн маань бидэнд замаа үлдээсэн. Харин бид тэр замыг улам бат бөх болгож, дараагийн үедээ хүлээлгэн өгөх үүрэгтэй.
Тиймээс залуу төмөр замчдадаа нэг зүйлийг захимаар байдаг. Мэргэжлээрээ бахархаж, хийж буй ажилдаа эзэн нь байгаарай. Өнөөдрийн таны хийсэн жижигхэн ажил маргаашийн том бүтээн байгуулалтын үндэс болдог юм.

ХАДАГ БОЛГОН ӨРГӨХ ЕРӨӨЛ
Чулуун заводынхаа түүхт 70 жилийн ойг тохиолдуулан үе үеийн ажилчид, ахмад буурлууд, нийт хамт олондоо чин сэтгэлийн баяр хүргэе.
Миний ажил амьдралын замд мөр зэрэгцэн алхсан Та бүхэндээ баярлалаа.
Бидний туулсан зам — амьдралын минь дурсамж
Бидний бүтээсэн зам — Монголын минь хөгжил
Бидний үлдээх зам — хойч үеийн минь ирээдүй

Бидний бүтээсэн амжилт үеийн үеийн түүхийн үргэлжлэл
Монголын ган зам улам урт, улам бат бөх, улам хөгжин дэвжих болтугай!

 

ГАН ЗАМЫН ЯРУУ АЛДАР МӨНХӨД БАДРАГ!
 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.