Менежментийн нэгдсэн тогтолцоо /МНТ/ гэж яг юу вэ? Хэнд хэрэгтэй вэ? Яагаад ISO стандарт хэрэгтэй болсон бэ? МНТ-ны дотоод аудитор, мэргэжилтнүүд чухам ямар үүрэгтэй вэ? Энэ ажил хэзээ дуусах вэ? Хамгийн гол нь төмөр замчны өдөр тутмын ажилд МНТ ямар хамаатай вэ? Эдгээр асуултад хариу өгөхөөр Техникийн бодлого, стандартчиллын албаны Менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх ажлыг хариуцан ажиллаж буй ахлах инженер Ө.Сайнзаяатай ярилцлаа.
-Ярилцлагаа энгийн боловч хамгийн чухал асуултаар эхэлье. “Би ажлаа хийж л байна. Тэгэхэд МНТ надад ямар хэрэгтэй юм бэ?” гэж төмөр замчин асуувал та юу гэж хариулах вэ?
-Маш зөв асуулт байна. Яагаад гэвэл МНТ-г ойлгохын тулд эхлээд энэ асуултад хариулах хэрэгтэй. Төмөр замчин хүн өглөө ажилдаа ирээд “МНТ-гоо хэрэгжүүлнэ” гэж тусдаа ажил хийдэггүй. Замчин замаа арчилна, машинч зүтгүүрээ жолоодно. Өртөөний жижүүр технологийн дагуу ажлаа гүйцэтгэнэ. Инженер тооцоо, судалгаа, шийдлээ гаргана. Засварчин тоног төхөөрөмжөө найдвартай ажиллуулахын төлөө хөдөлмөрлөнө. Нягтлан санхүүгийн бүртгэлээ хөтөлнө. Хүний нөөц ажилтантай холбоотой асуудлаа хариуцна. Эдгээр нь бүгд өөр ажил боловч үнэн хэрэгтээ нэг л байгууллагын, нэг зорилгын төлөө хийж буй ажил. Тэгэхээр МНТ гэдэг нь үндсэн ажлын хажуугаар хийх шинэ ажил огт биш. Харин өөрийн хийж байгаа ажлыг шаардлагын дагуу, зөв дарааллаар, зөв мэдээлэлд үндэслэн, эрсдэлийг тооцож, шаардлагатай үр дүнд хүргэж, гарсан асуудлаа засаж, цаашид сайжруулах зохион байгуулалт юм. Бүр энгийнээр хэлбэл, “Би ажлаа хийж байна” гэдэг нь нэг асуудал. “Би ажлаа ямар зорилгын төлөө хийж, ямар үр дүн бий болгож байгаагаа мэдэж байна” гэдэг нь МНТ-ны тухай ойлголт юм. Жишээ нь, нэг ажилтан ажлаа маш сайн хийж байлаа гэж бодъё. Гэхдээ түүний гаргасан мэдээлэл дараагийн ажилтанд цагтаа хүрдэггүй. Эсвэл нэгжүүд хоорондоо мэдээллээ зөв солилцдоггүй, шаардлагатай нөөц нь цагтаа бүрддэггүй. Гарсан асуудлыг дахин давтагдахгүй болтол шалтгаанаар нь арилгадаггүй. Тэгвэл нэг хүн ажлаа сайн хийж байгаа боловч байгууллага бүхэлдээ хүссэн үр дүндээ хүрч чадахгүй.
Тиймээс МНТ-ны гол санаа нь хүн хийж байгаа ажлыг өөрчлөхдөө биш, тэр олон ажлыг хооронд нь зөв холбож, байгууллагын нэгдсэн зорилгод хүргэхэд оршдог. Монголчууд “Эвтэй бол хүчтэй” гэдэг. Олон мянган хүн өөр өөрийн ажлыг хийж байгаа ч тэр бүх ажил нэг зорилгод уялдаж байж байгууллага хүчтэй болно.
-Тэгвэл МНТ гэдэг нь хүн бүрийн хийх ёстой шинэ ажил биш, харин хүн бүр өөрийн ажлаа хэрхэн зөв хийхийг зохион байгуулдаг арга барил гэж ойлгож болох нь ээ?
-Тийм ээ. Энэ бол хамгийн чухал ойлголтуудын нэг. МНТ бол хүн бүрт ажлын хажуугаар нэмэгдэж ирсэн тусдаа ажил биш. Хүн ажлаа хийхдээ ямар шаардлага мөрдөх, ямар эрсдэлтэй, хэнтэй уялдах, ямар мэдээлэл хэрэгтэй, ажлын үр дүнгээ хэрхэн шалгах, асуудал гарвал хэрхэн засах вэ гэдэг нь тухайн ажлын салшгүй хэсэг. МНТ энэ бүхнийг байгууллага даяар нэг ойлголт, нэг зарчим, нэг логиктой болгохыг зорьдог. Үүнийг өдөр тутмын амьдралтай зүйрлэвэл илүү ойлгомжтой. Хүн өлсөхөөрөө хоол хийж иддэг. Хоол хийхдээ заавал “би одоо хоол хийх менежментийн тогтолцоог хэрэгжүүлнэ” гэж боддоггүй. Гэхдээ хүнсний бүтээгдэхүүнээ сонгоно, хадгална, цэвэрлэнэ, орцоо тохируулна, зөв температурт боловсруулна, амт чанарыг нь шалгана. Яагаад ингэдэг вэ гэвэл зүгээр нэг гэдэс цатгахын төлөө биш, эрүүл, аюулгүй, чанартай хооллохын төлөө шүү дээ. Байгууллага ч мөн адил. Хүнээ зөв ажиллуулах, техник тоног төхөөрөмжөө найдвартай байлгах, мэдээллээ зөв дамжуулах, нөөцөө зөв төлөвлөх, эрсдэлээ удирдах, хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангах, байгаль орчинд үзүүлэх нөлөөгөө бууруулах, хэрэглэгчийн шаардлагыг хангах, үйл ажиллагаагаа сайжруулах гээд олон зүйл бий. Нэг нэгээрээ зөв байхаас гадна эдгээр нь хоорондоо зөв уялдсан байх шаардлагатай. Тийм учраас МНТ бол шинэ ажил бий болгох тухай биш. Хийж байгаа ажлаа илүү ойлгомжтой, уялдаатай, найдвартай, үр дүнтэй болгох тухай юм.
-УБТЗ-ын бүтцийн нэгж бүр өөрийн чиг үүрэгтэй, хүн бүр өөрийн хариуцсан ажлыг хийж байгаа. Тэгвэл яагаад үүн дээр “нэгдсэн тогтолцоо” хэрэгтэй гэж?
-УБТЗ шиг том, олон чиг үүрэгтэй байгууллагад энэ асуулт маш чухал. Зам, тээвэр, зүтгүүр, вагон, дохиолол холбоо, эрчим хүч, барилга, засвар, худалдан авалт, санхүү, хүний нөөц, мэдээллийн технологи, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчин гээд маш олон чиглэл зэрэг ажиллаж байна. Эдгээр нь тус тусдаа салангид ажил биш. Нэгнийх нь гаргасан үр дүн нөгөөгийнхөө ажилд оролт болдог. Тиймээс байгууллагыг бүрдүүлж байгаа хүн, бүтэц, үйл ажиллагаа, техник технологи, мэдээлэл, нөөц, санхүү, эрсдэл, чанар, аюулгүй байдал, байгаль орчин, удирдлагын шийдвэр зэрэг олон зүйл хоорондоо уялдаатай ажиллах шаардлагатай. Энд нэг ялгааг ойлгох нь чухал. Хүн бүр ажлаа зөв хийж байгаа нь маш чухал. Гэхдээ хүн бүрийн зөв хийсэн ажил хоорондоо зөв холбогдож байж байгууллага бүхэлдээ зөв ажиллана. МНТ яг энэ уялдааг системтэйгээр харахыг зорьдог.
-МНТ-г ISO стандарттай холбож ойлгодог. Тэгвэл ISO бидний өдөр тутмын ажилд яг ямар өөрчлөлт авчрах ёстой вэ?
-Юуны өмнө нэг зүйлийг тодорхой хэлмээр байна. ISO бол зорилго биш. ISO бол байгууллага ажлаа илүү зөв зохион байгуулахад ашиглаж байгаа олон улсын жишиг, хэрэгсэл. Жишээлбэл, ISO 9001 нь чанарын менежмент, ISO 14001 нь байгаль орчны менежмент, ISO 45001 нь хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын менежменттэй холбоотой шаардлагыг өгдөг. Энд зөвхөн эдгээр гурван стандартыг жишээ болгон дурдлаа. Олон улсын стандарт бүр өөрийн гэсэн чиглэлтэй боловч цаанаа биднийг нэг л логик руу хөтөлдөг. Юу хийх вэ? Яагаад хийх вэ? Хэн хариуцах вэ? Ямар эрсдэл байна вэ? Яаж зөв хийх вэ? Үр дүнгээ хэрхэн шалгах вэ? Алдаа гарвал яаж засах вэ? Дахин ийм асуудал гаргахгүй байхын тулд яах вэ? Энэ бол зөвхөн ISO-ийн асуулт биш. Үнэндээ сайн менежментийн үндсэн асуултууд. Тиймээс стандартын хамгийн үнэ цэнтэй зүйл нь “ингэж бичсэн байна” гэдэгт биш. Харин “Бид энэ ажлыг илүү найдвартай, аюулгүй, чанартай, үр дүнтэй хийхийн тулд юуг сайжруулах вэ?” гэж өөрөөсөө байнга асууж чаддаг болоход оршино.
-Гэхдээ “МНТ-г хэрэгжүүлэх” гэдэг нэршил хүмүүсийг бага зэрэг эргэлзүүлдэг. Хэрэв энэ нь хүн бүрийн үндсэн ажилтай холбоотой юм бол яагаад МНТ-г хэрэгжүүлэх, сайжруулах гэж тусдаа ажил мэтээр ярьдаг юм бэ?
-Энэ бол маш ойлгомжтой асуулт. Байгууллагад хүн бүр өөрийн чиг үүргийн дагуу үндсэн ажлаа хийдэг. Хүний нөөцийн мэргэжилтэн хүний нөөцийнхөө, инженер инженерийнхээ, замчин замынхаа ажлыг хариуцна. Үүнтэй адил МНТ нь байгууллагын үйл ажиллагаа хоорондоо хэрхэн уялдаж байна вэ, тогтолцоо хэрхэн ажиллаж байна вэ, стандартын шаардлага бодит ажилтайгаа нийцэж байна уу, эрсдэлээ зөв удирдаж байна уу, сайжруулах боломж хаана байна вэ гэдгийг системийн түвшинд харах, сайжруулах, аливаа алдаанаас урьдчилан сэргийлэх явдал юм. Тухайн байгууллага, тухайн ажилтан өөрийн ажлаа зөв зохион байгуулж, эрсдэлээ удирдаж, шаардлагаа мөрдөж, үр дүнгээ үнэлж, өөрөө сайжруулдаг болох. Энэ үед МНТ жинхэнэ утгаараа байгууллагын соёл болж эхэлнэ.
-МНТ-ны сургагч багш, дотоод аудитор, мэргэжилтнүүдийг хараад “дахиад шалгах хүн ирлээ” гэж төвөгшөөдөг. Үүнийг өөрчлөхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?
-Хамгийн түрүүнд бид өөрсдөө л өөрчлөх ёстой. МНТ-ны мэргэжилтэн нэгж дээр очиход ажилтан: “Дахиад нэг ажил нэмэгдэх нь дээ” гэж хүлээж авалгүй, харин ч “Манай ажлын асуудлыг ойлгож, шийдэхэд туслах хүн ирлээ” гэж боддог болоосой гэж хүсэж байна. Бүр цаашлаад МНТ-ны мэргэжилтнийг хараад хүмүүсийн уур хүрдэг, төвөгшөөдөг биш, инээмсэглэж, баярладаг байвал тэр нь бидний ажлын хамгийн сайхан үнэлгээ байх болно. Яагаад гэвэл, тогтолцоо айдас дээр тогтож болохгүй. Ажилтан “алдаа гарчих вий”, “хэлчихвэл загнуулах байх” гэж боддог биш, харин “асуудлаа хэлбэл сонсох хүн, шийдэх арга замыг хамтдаа зөвлөлдөх хүн” гэж итгэдэг байх хэрэгтэй. Гэхдээ энэ нь хариуцлагагүй байх тухай огт биш. Төмөр зам бол өндөр хариуцлагатай, аюулгүй ажиллагаа нэн тэргүүнд тавигддаг салбар. Технологийн сахилга бат, дүрэм журмыг мөрдөх нь зайлшгүй. Харин алдаа гарсан тохиолдолд хэн нэгнийг буруутгахаас гадна яагаад ийм алдаа гарсан, дахин гарахгүй байхын тулд юуг өөрчлөх вэ гэдгийг хамт харах нь тогтолцооны хандлага юм.
-“МНТ, ISO нэвтрээд ирэхээр бичиг цаас, тайлан, маягт нэмэгддэг” гэсэн ойлголт бас бий?
-Энэ ойлголт тодорхой хэмжээнд төрөх шалтгаан бий. Учир нь аливаа тогтолцоо ажиллаж байгааг нотлох шаардлагатай мэдээлэл, бүртгэл байдаг. Гэхдээ стандарт хэрэгжүүлж байна гэдэг нь хэрэгцээгүй цаас үйлдвэрлэх гэсэн үг огт биш. Харин бид өөрсдөө байнга асуух ёстой. Энэ бүртгэл ямар зорилготой вэ? Хэн ашигладаг вэ? Ямар шийдвэр гаргахад хэрэгтэй вэ? Өөр бүртгэлтэй давхардсан уу? Цахимжуулах боломжтой юу? Хэрэв ямар нэгэн баримт бичиг, бүртгэл бодит үйл ажиллагаанд үнэ цэн нэмэхгүй, давхардаж байгаа бол түүнийг цэгцлэх нь МНТ-ны хийх ёстой ажлын нэг. МНТ-ны зорилго нь бичиг баримтын тоог нэмэх биш, хэрэгтэй мэдээллийг зөв цагт, зөв хүнд, зөв хэлбэрээр хүргэх юм.
-Бас нэг эмзэг ойлголт бий. “ISO, МНТ гэдэг нь алдаа гаргасан хүнийг илүү сайн хянаж, буруутгах шинэ арга юм биш үү?” гэх. Энэ талаар?
-Үүнийг ялгаж ойлгох хэрэгтэй. Хүн бүр өөрийн хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлэх ёстой. Энэ бол маргаангүй. Гэхдээ аливаа алдаа, үл тохирлыг зөвхөн “Хэн буруу хийв?” гэдгээр дуусгах нь учир дутагдалтай. “Яагаад ийм зүйл болов?” гэдгийг харах хэрэгтэй. Сургалт хангалттай хийж, заавар ойлгомжтой байсан уу? Тоног төхөөрөмж хэвийн байж, мэдээлэл цагтаа хүрсэн үү? Ажлын нөхцөл ямар байв? Эрсдэлийг урьдчилан тодорхойлсон уу? Нөөц хангалттай байсан уу? Удирдлагын шийдвэр тухайн нөхцөлд зөв байсан уу? Эдгээрийг хамтад нь харж байж асуудлын жинхэнэ шалтгаанд хүрнэ. Тиймээс аудит, эрсдэлийн үнэлгээ, дотоод хяналтын зорилго нь алдаа гаргасан хүнийг л олоод зогсох биш, ижил алдаа дахин гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
-МНТ дээд, дунд шатны удирдлага, гүйцэтгэх ажилтны түвшин бүрт адилхан хэрэгжих үү?
-Зорилго нь нэг. Харин үүрэг, оролцоо нь түвшин бүрт өөр. Энэ ялгааг маш сайн ойлгох хэрэгтэй. Дээд удирдлагын түвшинд МНТ нь байгууллагын бодлого, стратегийн чиглэл, зорилго, нөөц, эрсдэлийн удирдлага, байгууллагын нийт гүйцэтгэл гэсэн том зургаар харагдана. Дунд шатны удирдлагын түвшинд энэ нь бодлого, зорилгыг бодит үйл ажиллагааны төлөвлөгөө болгон буулгах, нэгжүүдийн уялдааг хангах, нөөцийг зөв хуваарилах, ажилтнуудаа дэмжих, үр дүнг хянах хэлбэрээр хэрэгжинэ. Харин гүйцэтгэх ажилтны түвшинд МНТ хамгийн энгийнээр харагдана. Өөрийн ажлаа батлагдсан шаардлага, технологийн дагуу зөв хийх. Эрсдэлийг хяналтадаа авах. Аюул, зөрчлийг мэдээлэх. Хэрэгтэй мэдээллээ цаг тухайд нь дамжуулах. Өөрийн ажил дараагийн ажилтайгаа хэрхэн холбогдож байгааг ойлгох. Сайжруулах санал гаргах. Өөрөөр хэлбэл, замчинд удирдлагын стратегийн баримт бичиг боловсруулах шаардлагагүй. Харин удирдлага тухайн замчны ажлыг хийх бодит нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Нэг тогтолцоо боловч түвшин бүрийн хариуцлага өөр. Үүнийг нэгэн байшингийн суурь, багана, дээвэртэй зүйрлэж болно. Үүрэг нь өөр боловч бүгд нэг барилгын тогтвортой байдлыг хангадаг.
-“МНТ хэзээ дуусах вэ?” гэж ажилтнууд асуудаг. Үнэхээр дуусдаг ажил мөн үү?
-Энэ асуулт маш их ирдэг. МНТ-г “дуусашгүй ажил учраас жил бүр нэг юмаа давтаад байдаг” гэж ойлгож болохгүй. МНТ-г байгууллагад нэвтрүүлэх, үйл явцаа тодорхой болгох, хариуцлагаа тогтоох, шаардлагатай баримт бичиг, хяналт, үнэлгээ, аудит, сайжруулалтын механизмыг бий болгох тодорхой үе шат бий. Энэ бол төлөвшүүлэх ажил. Тэр ажил тодорхой түвшинд хүрч, тогтолцоо хэвийн ажилладаг болно. Харин байгууллага өөрөө амьд учраас сайжруулалт үргэлжилнэ. Технологи өөрчлөгдөж, хууль, стандарт шинэчлэгдэнэ. Эрсдэл, зах зээлийн нөхцөл, хэрэглэгчийн шаардлага өөрчлөгдөнө. Тиймээс “МНТ дуусах уу?” гэдэг асуултад “Тогтолцоог бүрдүүлж, хэвшүүлэх ажил дуусна. Харин сайжруулалт үргэлжилнэ” гэж хариулна. Үүнийг замын ажилтай зүйрлэвэл ойлгомжтой. Замыг нэг удаа бариад “боллоо” гэж орхидоггүй. Ашиглагдаж байгаа цагт нь арчилж, хянаж, шаардлагатай хэсгийг засаж, улам сайжруулж байдаг. МНТ ч мөн адил.
-Тэгвэл МНТ үнэхээр ажиллаж эхэлсэн эсэхийг бид юугаар мэдэх вэ? Сертификат авсан өдрөөр хэмжих үү?
-Сертификат авах нь чухал үр дүн байж болно. Гэхдээ эцсийн үр дүн биш. МНТ бодитоор ажиллаж байгаа эсэхийг өдөр тутмын амьдралаас харах ёстой. Ажилтан байгууллагынхаа зорилгыг мэддэг болсон уу? Өөрийн хийж байгаа ажил нь байгууллагынхаа зорилготой хэрхэн холбогдож байгааг ойлгодог болсон уу? Эрсдэлийг асуудал болсны дараа биш, өмнө нь олж хардаг болсон уу? Асуудлыг нуух биш мэдээлдэг болсон уу? Давхардсан ажил багассан уу? Нэгжүүд хоорондын мэдээлэл сайжирсан уу? Шийдвэр гаргалт илүү тодорхой, шуурхай болсон уу? Аюулгүй ажиллагаа өдөр тутмын дадал болсон уу? Чанар бодитоор сайжирсан уу? Эдгээр асуултын хариулт өдөр тутмын ажлаас харагдаж эхэлбэл МНТ цаасан дээр биш, байгууллагын амьдралд ажиллаж байна гэсэн үг.
-Тэгэхээр МНТ-ны хамгийн том үр дүнг нэг өгүүлбэрээр хэлбэл юу вэ?
-Хүн бүр өөрийн ажлын үнэ цэнийг ойлгож, байгууллага хаашаа явж байгааг мэдэж, өөрийн хийж байгаа ажил тэр зорилгод хэрхэн хувь нэмэр оруулж байгааг ухамсарладаг болох. Тэгээд тэр ажил нь аюулгүй, чанартай, үр дүнтэй, тогтвортой хийгддэг байх. Байгууллага гэдэг зөвхөн дарга нар биш. Зөвхөн нэг алба биш. Зөвхөн удирдлагын шийдвэр ч биш. Байгууллага бол ажилтан бүрийн хийж байгаа ажлын нийлбэр бөгөөд тэр ажлуудын хоорондын холбоо юм. Нэг ажилтны хийж байгаа жижигхэн мэт харагдах ажил хүртэл дараагийн үйл ажиллагаанд нөлөөлдөг. Тиймээс хүн бүр “Миний хийж байгаа ажил байгууллага ямар зорилгодоо хүрэхэд хэрэгтэй вэ?” гэдгийг ойлгож эхлэх нь МНТ-ны хамгийн том үр дүнгийн нэг.
-Ярилцлагын төгсгөлд нийт төмөр замчдадаа хандаж юу хэлэх вэ?
-МНТ гэдэг нь төмөр замчны үндсэн ажлаас тусдаа зүйл биш. Та өнөөдөр хийж байгаа ажлаа зөв хийж байгаа бол тэр ажил өөрөө тогтолцооны нэг хэсэг. Харин бидний хийх зүйл бол тэр ажлыг зөв нөхцөлд, зөв мэдээлэлтэй, зөв нөөцтэй, зөв уялдаатай, зөв хариуцлагатайгаар хийдэг болгох юм. Тиймээс МНТ-ны талаар ойлгомжгүй зүйл байвал хамтдаа ойлголтоо нэгтгэе. Хэрэгжихэд хүндрэлтэй мэт шаардлага байвал шийдлийг олцгооё. Давхардсан ажил байвал оновчтой хуваарилалтыг хийе. Ажлын байран дээр бодит эрсдэл байвал нуух хэрэггүй. Сайжруулах санаа байвал гаргаж ирээрэй. Учир нь өрөөнд сууж байгаад таамагласан мэдээллээс илүү ажлаа өдөр бүр хийж байгаа төмөр замчны бодит туршлага бидэнд үнэ цэнтэй. Монголчууд “Эвийг хичээвэл бүтнэ”, “Сэтгэл зөв бол үйл зөв” гэж хэлдэг. Байгууллагын хувьд ч энэ санаа үнэ цэнтэй санагддаг. Зөв ойлголтоос зөв үйлдэл, зөв үйлдлээс зөв дадал, зөв дадлаас зөв соёл бий болно. Тиймээс бидний хүсэж байгаа өөрчлөлт зөвхөн журам дээр биш, хүний өдөр тутмын ажил дээр харагдах ёстой. Нэг өдөр МНТ-ны мэргэжилтэн аль нэг нэгжид очиход “Дахиад нэг ажил ирлээ” гэж төвөгшөөх биш, “Манай ажлыг ойлгодог, асуудлыг маань сонсож, сайжруулахад туслах хүн ирлээ” гэж угтдаг болбол бидний ажил зөв чиглэлд явж байна. Ажилтан асуудлаа айхгүй хэлдэг. Удирдлага асуудлыг нь сонсдог. Нэгжүүд хоорондоо мэдээллээ цаг тухайд нь хуваалцдаг. Хүн бүр байгууллагынхаа зорилгыг мэддэг. Аюулгүй ажиллагаа зөвхөн дүрэм биш, өдөр тутмын дадал болдог. Чанар зөвхөн шалгалтын үеэр биш, ажлын хэв маяг болдог. Тэр үед бид МНТ-г цаасан дээр хэрэгжүүлж байна гэж ярих шаардлагагүй. МНТ өөрөө УБТЗ-ын ажлын соёл болсон байна гэсэн үг. Эцэст нь хэлэхэд, бидний хийж байгаа олон ажил өөр өөрийн нэртэй, зорилготой мэт харагдавч цаанаа нэг л зүйл рүү чиглэдэг. УБТЗ-ын хүн бүр ажлаа зөв хийж, бие биенийхээ ажлыг зөв дэмжиж, байгууллага бүхэлдээ аюулгүй, чанартай, тогтвортой, үр дүнтэй ажиллах. Хүн бүрийн ажил үнэ цэнтэй. Харин тэр бүх үнэ цэн нэг зорилготой холбогдож байж байгууллагын хүч болдог. Тиймээс Менежментийн нэгдсэн тогтолцоо бол хэн нэгний тусдаа ажил биш. Хүн бүрийн хийж байгаа ажлыг байгууллагынхаа нэгдсэн зорилготой холбож, тэр ажлыг зөв хийх нөхцөлийг бүрдүүлэх байгууллагын арга барил юм. Бидний зорилго бол хүмүүсийг МНТ-гоор ажиллуулах биш. МНТ-г хүмүүсийн ажиллах зөв орчин, зөв соёл болгох юм. Нийт төмөр замчдадаа ажлын өндөр амжилт, эрүүл энх, аюулгүй хөдөлмөрийг хүсье. Үйлс бүтээл тань арвин байх болтугай!
-Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа.
М.Наранболд
