Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан. Сангийн сайд Б.Жавхлан төсвийн төслөө танилцуулав.

2024 оны төсвийн орлогыг 25.3 их наяд төгрөг байхаар тусгасан бол зарлагыг энэ оныхоос 22 хувиар нэмэгдүүлж, 27.4 их наяд төгрөг байхаар тусгажээ. Төсвийн алдагдлыг ДНБ-ий 2.8 хувь буюу 2.1 их наяд төгрөг байхаар тооцсон байна.

Засгийн газраас 2024 оны төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын зардалд 9.1 их наяд төгрөг тусгажээ. Үүнээс 4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын зардал нь шинэ төсөл, хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулах бол 5.1 их наяд төгрөг нь өмнөх онуудаас шилжсэн хөрөнгө оруулалтын ажлуудыг дуусгахад хуваарилсан байна.

 

Цалин, тэтгэврийг дөрөвдүгээр сарын 1-ээс нэмнэ

 

Ирэх оны төсөвт цалин тэтгэврийг инфляцтай уялдуулан дөрөвдүгээр сарын 1-ээс нэмэхээр тусгажээ. Энэ жилийн долдугаар сар цалин, тэтгэвэр нэмсэн учраас зургаан сарын дотор дахин нэмбэл, инфляцыг хөөрөгдөнө гэж үзэж дөрөвдүгээр сарын 1-ээс нэмэхээр төсөлд тусгасан талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Ирэх жилийн цалин, тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх юм байна. Мөн орон нутагт ажиллаж байгаа нэмэгдлийг аймгийн төвд 20, сумын төвд 40 хувь болгон нэмэгдүүлжээ. Үүнд нийт 412 тэрбум төгрөг зарцуулна.

217.7 мянган төрийн албан хаагчдын цалинд 532.4, 516,8 мянган ахмадын тэтгэвэрт 308.6, 40 тэрбум төгрөгийг нийгмийн халамжид олгохоор тусгасан байна.

 

Гурван том эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлнэ

 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ирэх жил 1050 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүний 61 хувийг ирэх ондоо дуусгахаар төлөвлөж байгаа бол 22 хувь нь 2025, 16 хувь нь 2026 онд дуусгахаар төлөвлөсөн байна.

Тухайлбал, Эд, эс эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлгийг нийт 140 тэрбум төгрөгөөр барихаар төсөвлөсөн бөгөөд ирэх жилийн төсөвт 40 тэрбум төгрөгийг тавьжээ. Тус эмнэлгийг хоёрдугаар эмнэлгийн хажууд барихаар газрын асуудлыг нь шийдсэн байна. Мөн Зүрх судасны үндэсний төв, Халдвартын үндэсний төв-2 эмнэлгүүдийн барилгыг ирэх жил эхлүүлэхээр 15.6 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

 

Валютын нөөцийг таван тэрбум долларт хүргэнэ

 

Валютын нөөцийг ирэх жил 5 тэрбум ам.долларт хүрнэ гэж төсөвт төсөөлжээ. Энэ нь манай улсын импортын зургаан сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээний нөөц аж.

Манай улсын валютын нөөц багасч 2.7 тэрбум ам.долларт хүрээд байсан. Тиймээс Засгийн газраас валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд энэ сард дөрвөн тэрбум ам.долларт хүрсэн гэдгийг Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хэлсэн.

 

Баяжуулах боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө

 

Засгийн газар баяжуулах, боловсруулах үйлдвэр барихыг дэмжих бодлого барьж байгаа. Үүний хүрээнд ирэх жилийн төсөвт баяжуулах, боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг инфорт болон гаалийн татвараас чөлөөлж, НӨАТ-ыг хойшлуулах юм байна.

 

НД-ын багц хууль, Боловсролын багц хууль хэрэгжиж эхэлснээр төсөв нэмэгджээ

 

УИХ хаврын чуулганаар НД-ын багц хууль, Боловсролын багц хуулиудыг шинэчлэн баталсан. Тус хуулиуд хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор төсөв нь маш их нэмэгджээ. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэдийн НДШ-ийг 100 хувь төрөөс даахад 10.4, тэтгэвэр тооцох хугацааг таван жил болгоход 20.6, малчдын НДШ-ийн 50 хувийг төр даахад 25.1, НДШ-ийн хоёр хувийг мөнгөжүүлэхэд 389.4, нийт 465.8 тэрбум төгрөгийн зардал нэмэгджээ.

Харин Боловсролын багц хууль хэрэгжиж эхэлснээр БШУ-ны сайд хамгийн өндөр төсөвтэй болсон байна. Багш мэргэжлээр үнэгүй суралцуулахад төсвөөс 13 тэрбум, хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нарт 5 жил тутам зургаан сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгож байсныг гурван жил тутам болгосноор 75.8 тэрбум, 15-аас дээш жил ажилласан багшийн хүүхдийн сургалтын төлбөрийг төлөхөд 7.1, төрийн захиргааны албан хаагчдын тэтгэмжид 59.4 нийт 155.3 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгажээ.

 

Сонгуульд 72.2 тэрбум төгрөг зарцуулна

 

УИХ, орон нутгийн ээжлит сонгууль ирэх жил болно. Тэгвэл ирэх жилийн төсөвт УИХ-ын ээлжит сонгуульд 39.5, орон нутгийн сонгуульд 32.7 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Үүнээс өмнө энэ оны төсөвт тодотгол хийхдээ сонгуульд зориулан хар машиныг шинэчлэхэд 21 тэрбум, иргэний бүртгэлийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд 26 тэрбум төгрөг зарцуулсан билээ.

Парис-2024 олимпод оролцоход 22.6 тэрбум төгрөг зарцуулна

Ирэх жил "Парис-2024" олимп болно. Тиймээс 22.6 тэрбум төгрөгийг олимпын зардалд тусгасан байна. Тодруулбал, "Парис-2024" олимпод оролцох багийн үйл ажилагааны зардалд 22.6 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

 

Хөдөө орон нутагт орон сууцны барилга барьж байгаа компаниудыг татвараас чөлөөлнө

 

Засгийн газар төвлөрлийг сааруулах бодлого барьж байгаа бөгөөд үүний хүрээнд орон нутгийг орон сууцжуулах хөтөлбөрүүдийг дэмжихээр төсөвт тусгажээ. Тодруулбал, хөдөө орон нутагт орон сууцны барилга барьж байгаа компаниудыг татвараас 90 чөлөөлөх аж.

 

Ипотекийн хөтөлбөрийг Монголбанкинд шилжүүлж, санхүүжилтийг нэмнэ

 

Ипотекийн хөтөлбөрийг Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэх ажлыг өнгөрсөн жилийн хугацаанд хийсэн. Гэсэн хэдий ч энэ хугацаанд гарц, шийдэл олж чадаагүй байна. Тиймээс Монголбанк цаашдаа ипотекийн хөтөлбөрийг өмнөх шигээ авч явна. Ингэхдээ ипотекийн зээлийн дээд хязгаарыг нийслэлд 200, хөдөө орон нутагт 150 сая төгрөг болгон нэмэгдүүлжээ.

Мөн орон нутаг болон Багануур, Багахангай дүүргүүдэд шилжин суурьшиж, анх удаа орон сууц авч байгаа бол ипотекийн зээлийн хүүний гурван хувийг 3 жил төсвөөс санхүүжүүлж, урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд баталгаа гаргана. Мөн ипотекийн хөтөлбөрийг Монголбанкинд шилжүүлэх бөгөөд нийт зээл олголтын 60 хувийг орон нутагт 40 хувийг нийслэлд олгох юм байна.