ШУА-ийн мэдээлснээр газрын ховор элементийн нөөцөөр Монгол Улс дэлхийд эхний 15-д багтдаг
Газрын ховор элементүүд нь эрчим хүчний шилжилт, мөн цэрэг зэвсгийн технологи, дэвшилтэт компьютер үйлдвэрлэлд амин чухал хэрэгцээтэй түүхий эдэд тооцогддог тул ирэх 20 жилд эрэлт нь эрс өсөх төлөвтэй байна. БНХАУ-аас бусад орнууд, ялангуяа Монгол Улс үүнд бэлэн үү?
БНХАУ-ын “баздаг” салбар
“Ойрх Дорнодод газрын тос байгаа бол БНХАУ-д газрын ховор элемент байна” гэж БНХАУ-ын эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн архитектор Дэн Сяопин 1980-аад онд ирээдүйг харсан мэт хэлж байжээ. 2022 онд дэлхийн газрын ховор элементийн нийт олборлолтын 70 гаруй хувийг тус улс бүрдүүлсэн бол араас нь АНУ, Австрали, Мьянмар зэрэг улс нэлээд зайтай орж байна.
БНХАУ зөвхөн олборлолтоор зогсохгүй боловсруулалтаар дэлхийд ноёлдог нь тэдний “давхар барьц” юм. Газрын ховор элементийн хүдрийг үйлдвэрлэлд ашиглах боломжтой материал болгон боловсруулах дэлхийн нийт хүчин чадлын 85 орчим хувь нь БНХАУ-д ногдож байна.
Ховор биш, гэхдээ л ховор
Хэдийгээр “ховор” гэж нэрлэгдсэн ч энэ төрлийн эрдэс бүтээгдэхүүнүүд дэлхийн царцдаст нэлээд элбэг тархсан байдаг. Тэрхүү 17 элементийг бусад түүхий эдийн л адил олборлож боловсруулдаг боловч ихэвчлэн бага концентрацтай, өөр хоорондоо болон цацраг идэвхт бодисуудтай холилдсон байдалтай олддог тул улс орнууд, компаниуд үйлдвэрлэлээ нэмэхэд өртөг зардлын талаас сорилтууд тулгардаг.
Гол хөзөр
БНХАУ долоодугаар сард үндэсний ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор галлии болон германиигийн бүтээгдэхүүний экспортдоо хязгаарлалт тавихаа мэдэгдэж байв. АНУ-ын технологийн экспортын хоригийн эсрэг хариу арга хэмжээ болгосон энэ хязгаарлалт нь БНХАУ-ын хувьд анхных биш.
Хүссэн үедээ нийлүүлэлтээ зогсоож чадах БНХАУ-ын энэхүү давамгайллыг сөрж, хамааралтай байдлаа бууруулахын тулд барууны орнууд шийдэмгий алхмууд авч эхлээд байгаа юм. Дэлхийн эдийн засгийн форумын судалгаанаас харвал чухал ашигт малтмалын салбарт экспорт, импортын хязгаарлалт 2009 оноос хойш тав дахин нэмэгджээ.
Ховор боломж
Монголд газрын ховор элементийн "Хотгор" төслийг хэрэгжүүлж буй “Parabellum Resources” сүүлд тус ордын эрдсийн нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоохдоо 2.2 сая гаруй тонн газрын ховор элементийн оксид илрүүлж байв. Шинжлэх ухааны академийн мэдээлснээр Монгол Улс нийт гурван сая тонн газрын ховор элементийн нөөцтэй, дэлхийд эхний 15-д багтдаг бөгөөд өдгөө улсын хэмжээнд газрын ховор элементийн ашиглалтын долоо, хайгуулын дөрвөн тусгай зөвшөөрөл олгогдоод байгаа аж. Монгол Улсын хувьд нийт гурван сая тонн газрын ховор элементийн нөөцтэй.
Сонирхол ба сорилт
“Газрын ховор элементийг Монголоос газраар тээвэрлэвэл БНХАУ, ОХУ-аар дайрах л болно. Маш үнэ цэнтэй учраас агаараар тээвэрлэе гэсэн хүмүүс бас байгаа. Хэрвээ Монголдоо тодорхой түвшинд хүртэл баяжуулалтаа хийж чадах юм бол агаараар тээвэрлэх нь эдийн засгийн хувьд боломжтой зүйл” хэмээн Хятад судлаач, доктор Антонио Грасеффо онцолж байв.
Зөвхөн энэ онд л гэхэд АНУ, ХБНГУ, БНСУ газрын ховор элементийн олборлолт, нийлүүлэлтийн чиглэлд Монголтой хамтарч, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх сонирхлоо илэрхийлээд байна.
https://www.bloombergtv.mn/