Төмөр замчин гэр бүлд төрж, өссөн Т.Даваадалай түүний дүү Т.Мөнхдалай нарыг бид цувралаар урьж ярилцсаныг уншигч та бүхэн тод санаж буй болов уу. Тэгвэл энэ удаад дэлхийн боловсрол эзэмшиж, олон улсын хэмжээнд ажиллаж байгаад эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хөдөлмөр зүтгэлээ зориулахаар зориг шулуудсан ах, дүү хоёрыг аавтай нь хамт урьж цөөн хором ярилцсанаа тоймлон хүргэе.
Б.ТҮМЭНДАЛАЙ: ҮР ХҮҮХДЭЭРЭЭ БАХАРХАХ НЬ ААВ ХҮНИЙ ЖАРГАЛ
-Бидний урилгыг хүлээн авч, хоёр хүүтэйгээ хүрэлцэн ирсэнд баярлалаа. Танд Төмөр замчдын мэргэжлийн баярын мэнд хүргэе.
-Баярлалаа. Танай редакцын хамт олонд болоод “Ган зам” сонины нийт уншигчдадаа УБТЗ ХНН-ийн 75 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж, хамгийн сайн сайхыг хүсэн ерөөе. Ах нь гурван хүүхэдтэй. Гурвуулаа миний мэргэжлийг эзэмшсэн. Том охиноо ч би төмөр замчин болгосон. Гэхдээ хүүхдийн өөрийнх нь сонголтыг харгалзахгүй бол болдоггүй юм билээ. ОХУ-д вагоны мэргэжил эзэмшиж ирээд Зорчигчийн вагон депод хамгийн бага албан тушаалаас нь ажлын гараагаа эхлүүлсэн. Тэндээ 10-аад жил ажилласан ч “Ээжийнхээ мэргэжлийг эзэмшиж, санхүүч болно” гээд гарчихсан. Одоо хувийн секторт ажиллаж байна. Хоёр хүү харин ёстой өөрсдийнхөө хүслээр мэргэжлээ сонгосон. Даваадалай маань зүтгүүрийн депод бүх л шат дамжлагад нь ажилласан шүү дээ. Дараа нь Австрали руу сурч ирээд уул уурхай, бүтээн байгуулалтын ажилд ханцуй шамлан орсон. Хамгийн сүүлд Өмнөговьд “Таналт” гэх маш том төслийг амжилттай удирдсаныг та бүхэн мэдэж байгаа. Отгонхүү Мөнхдалай минь харин японд дэд бүтцийн инженерийн мэргэжил эзэмшиж, олон улсад нэр хүндтэй компанид ажиллаж туршлага хуримтлуулаад Улаанбаатар хотоо метротой болгох их үйлсэд хүчин зүтгэхээр эх орондоо буцаад ирлээ. Улс орныхоо хөгжил цэцэглэлтийн тэргүүн магнайд үеийн залуустаа үлгэрлэн зүтгэж байгаа хоёр хүүгээрээ бахархаад л сууж байна. Аав хүнд үүнээс илүү бахархал гэж юу байх вэ.
Би УБТЗ-даа 35 жил тасралтгүй ажиллаж байна. Бидний ажилд цаг нар гэж байхгүй. Гэр бүл ч үүнд дасчихдаг. Хоёр том хүүхдээ гэрт нь цоожилж үлдээгээд л ажилдаа явдаг сан. Мэдээж аав, ээжийн хувьд зааж зөвлөх зүйл байлгүй л яах вэ. Гэхдээ хүүхдүүд маань бидний чиглүүлснийг ухаалгаар тунгааж, гэр бүлийнхээ нэрийг өндөрт өргөж явсны хүчинд өдий зэрэгт хүрцгээсэн. Зөвлөгөөг сонсоод, шийдвэр гаргалт, хэрэгжүүлэлтийг нь өөрсдийн бодлоор хийж сурах нь залуу хүмүүст их чухал. Ер нь, манай хүүхдүүд багаасаа л бие даасан даа. Отгон хүү маань л гэхэд Японд тэр сайхан ажлын талбараа орхиод л “эх орондоо хэрэгтэй юм хийнэ” гээд ирчихлээ. Нэг талдаа харамсалтай боловч нөгөө талдаа “Бидний залуу байхдаа мөрөөдөж явсан зүйлийг хүү минь бүтээх нь” гэж бодохоор сэтгэл өег байна.
-Том хүүтэйгээ холбоотой дурсамжаас хуваалцана уу?
-Миний хүү чинь багаасаа л “Би аавынхаа мэргэжлийг эзэмшинэ” гэдэг байсан. “Зүтгүүрийн мэргэжил хэцүү шүү. Чи өөр мэргэжил сонго” гэхэд “Би шийдвэрээ өөрчлөхгүй” гээд л ОХУ руу явсан. Ирээд туслах машинчаас ажлын гараагаа эхлүүлж, машинч, хүлээн авагч, диспетчер гээд олон ажил хийсэн. Би өөрөө ч туслах машинчаас ажлын гараагаа эхлүүлж байсан. Ямар ч ажлыг гололгүй хийгээд сурсан байхад өөрт л хэрэгтэй. Түүнийхээ ч хүчинд энэ сайхан бүтээн байгуулалтуудыг удирдах хэмжээнд ирсэн байна. Миний хүү бол нэг зорьсон зүйлийнхээ ард гардаг, их тусархуу зантай хүүхэд. Манай гэр бүл угаас зүгээр суух дургүй хүмүүс болохоор ч тэр үү хүүхдүүд маань их ажилсаг болсон. Хүү, охин хоёр маань ихэвчлэн хөдөө өвөө эмээ дээрээ өссөн нь ч нөлөөлсөн байх. Даваадалай маань их сэргэлэн, багаасаа л хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Хөвгүүдийн л зан юм хойно 73 дугаар сургуульд байхдаа хааяа чих халууцуулах тохиолдол ч гарна. Гэсэн ч ОХУ руу сургуульд яваад л тэс өөр хүн болоод ирсэн дээ. Хаа байсан Санкт-Петербургт оччихоор өнөө цаг шиг гэр бүлтэйгээ байнга холбоо барьж чадахгүй. Тэндээс их зүйл сурч, хэрсүүжсэн гэж би боддог. Дараа нь мэргэжлээрээ ажиллаж байхдаа өөрөө бие дааж англи хэл сурсан. Тэтгэлэгт хөтөлбөрт шалгалт өгч тэнцээд Австрали явсан. Энэ хүсэл зорилгыг нь бид гэр бүлээрээ дэмжсэн. Залуу хүн ганцхан төмөр замаар өөрийгөө хайрцаглаж болохгүй шүү дээ. Хүүхдүүд минь ийм зөв хүмүүжилтэй, өндөр мэдлэг боловсролтой байгаа нь миний сайных ч биш. Ер нь зөвлөгөөг ээж нь өгдөг. Хөвгүүд ч ээжтэйгээ илүү нээлттэй ярилцана. Би бол хааяа зайлшгүй шаардлагатай зүйлүүдийг л хэлнэ. Би хар залуугаасаа дарга сэтэр зүүж явсан болохоор гэртээ байхаасаа байхгүй нь их. Улс орон зах зээлийн тогтолцоонд дөнгөж шилжиж байх үед буюу амаргүй цагт би сургуулиа төгсөж ирсэн. Тийм ч болохоор бидний үеийнхэн ажлаас өөр зүйл мэддэггүй байлаа. Нийгмийн ороо бусгаа тэр үеийг ногоон вагон маань нуруундаа тээж гарсан даа. Бодоод байхад манай төмөр замчид хийсэн ажлаа олон нийтэд ойлгуулж, сурталчлах талд их хойрго хандаж ирсэн юм билээ. Сүүлийн жилүүдэд харин энэ ажил тодорхой хэмжээнд хийгдэж, тэр хэрээр төмөр замд хандах олон нийтийн хандлага, мэргэжлээрээ бахархах залуусын үзэл санаа ч өөрчлөгдөж байна. Төр засаг хүртэл манай салбарт анхаарлаа хандуулдаг боллоо. Энэ бүхнээс харахад орчин цагийн залуус маань төмөр замын салбарт сурснаа ганцхан ажлын талбартаа бус улс орны хэмжээнд өргөн далайцтайгаар ашиглаж, цаашлаад төрийн бодлогын хэмжээнд хүргэх хэрэгцээ шаардлага өндөр байна уу даа гэж хардаг.
-Отгон хүүгийнхээ тухай?
-Мөнхдалай маань Дорнодод төрж, бага насаа ч тэнд өнгөрүүлсэн. Их эрх хүүхэд байлаа. Ах, эгч хоёроосоо хол зайтай болохоор эрхлэхгүй гээд ч яалтай билээ. Манай хамаатнууд таарахаараа “Танай энэ хүүхэд яаж хүн болно оо. Ямар айхтар эрх юм бэ” гэцгээдэг сэн. Ах нь л юм хойно Даваадалай хааяа загнана. Эхнэр бид хоёр шууд л дундуур нь ороод өмөөрнө шүү дээ/инээв/. Даваадалай маань “Дандаа л Мөнхдалайг өмөөрч байх юм. Би ч гэсэн адилхан л та хоёрын хүүхэд биз дээ” гээд л гомддог сон. Мөнхдалай маань анх 51, дараа нь 93 дугаар сургууль руу шилжиж, сүүлд нь “Шинэ Монгол” сургуулийг төгсөөд Япон руу явсан. Тэндээс ирэхдээ л тэс өөр хүн болчихсон байсан. Японы сургалт гэдэг үнэхээр сайн юм билээ. Хүүгээ “Шинэ Монгол” сургуульд оруулсан минь л аз байж дээ гэж боддог. н.Алтанчулуун багшийн зөвлөгөөгөөр энэ сургууль руу оруулснаар хүүгийн минь Япон явах зам нь нээгдсэн вм. Ах бид хоёр нь Мөнхдалайг багаас нь хиймэл төхөөрөмжийн инженер болгоно гэж ярьсаар байгаад л энэ мэргэжил рүү чиглүүлсэн. Хүү минь ч өөрийгөө дайчилж, шалгалт өгөөд дэлхийн топ 50 сургуулийн нэгд тэнцээд явсан. Том хоёрын маань сурсан сургууль тэтгэлэгтэй байсан учраас амжилттай сураад ирсэн. Бага хүү маань ч өөрөө тэтгэлгээ олоод явсан учраас нэг их хүндрэл гараагүй. Хэрэв тэгээгүй бол төмөр замчны цалингаар гурван хүүхэд сургаж чадахгүй шүү дээ.
Т.ДАВААДАЛАЙ:ЗҮТГҮҮРИЙГ СУДАЛСАН ХҮНД БУСАД ТЕХНИК ХЯЛБАР САНАГДДАГ
-Юуны өмнө том төслийн ард амжилттай гарсанд баяр хүргэе?
-Баярлалаа. Ер нь, аливаа төслийн ард маш олон инженер техникийн ажилтнууд байдаг л даа. Гэвч инженерүүд ихэвчлэн даруу хүмүүс байдаг учраас тэр бүр ярьдаггүй. Миний хувьд ажил удирдсан гэдэг утгаараа тэднийг төлөөлж ярихад ажиллах хүчнээс гадна улс төр, эдийн засаг, хууль эрх зүй гээд маш олон байгууллага нэг зорилгын доор нэгдэж байж төслийн багийг бүрдүүлдэг. Манай төслийн хэрэгжилтийн явцад хууль эрх зүйгээс эхлээд хүндрэлтэй асуудал маш олон байсан. Гэхдээ хамгийн сайхан нь “Бид эх орондоо хэрэгтэй ийм бүтээн байгуулалт хийх гэж байгаа юм” гээд тайлбарлахаар хүн бүр ойлгож, тусалж дэмжсэн. Хил гаалиар маш том хэмжээтэй тоног төхөөрөмж оруулж ирэх шаардлагатай байдаг. Гэтэл хуулийнхаа дагуу болохгүй асуудал нэг бус удаа гарч байсан. Тэр бүхэнд хил хамгаалах байгууллагын удирдлага, авто тээврийнхэн гээд тухайн холбогдох салбарын мэргэжилтнүүд нь “Ингээд хийчихье. Хамтаръя. Энэ бол татвар төлөгч бидний мөнгө. Миний эх оронд хэрэгтэй зүйл юм байна” гэх жишээтэй. Хэдийгээр юм бүхнийг харлуулдаг нэг хэсэг бий болчихсон ч гэлээ том зургаар нь харвал Монголчуудын эх орноо гэх сэтгэл тэс өөр юм байна гэсэн урам зоригийг авсан. Дараа дараагийн төслүүдэд ч эрч хүчтэй ажиллах итгэлийг олж авсан. Биднийг бага байхаас л энэ улсад болохгүй бүтэхгүй зүйл байсаар ирсэн. Гэхдээ энэ бүхний мөн чанарыг хүмүүс одоо ойлгоод эхэлчихсэн байна гэж бодогдсон шүү. Ганцхан би ч биш манай төслийн багт орсон бүх хүн “Сэтгэл, зүтгэл байвал хийж бүтээж болох юм байна” гэсэн итгэлтэй болсон. Дээрээс нь би зүтгүүрийн механик, инженерийн мэргэжлийг эзэмшсэндээ маш их баярласан. Зүтгүүрийг судалсан хүн цахилгаан станц, уул уурхайн хүнд тоног төхөөрөмж, машин механизм гээд бүх техникийг ойлгоод авчихдаг юм билээ. Би Австралид сурч ирээд уул уурхайн салбар руу ороход машин механизмууд нь маш амархан санагдсан. Өөр нэг зүйл гэвэл сургуулиа төгсөөд хамгийн анх ажилласан байгууллага ямар чухал юм бэ гэдгийг ойлгосон. Тухайн хүний анхны хүмүүжлийг нь зааж өгдөг. Би УБТЗ-д орсноороо хагас цэрэгжилтийн системд цалин хөлс, илүү цаг гэж гоншигнохгүй ажиллаад сурчихсан. Үүнийг “миний л буруу юм байна” гэж бодоод 24, 48 цагийн турш амралтгүй ажиллаж байсан үе надад олон бий. Тухайн үед хэцүү байсан ч одоо тэр маань маш их хэрэг болж байна. УБТЗ-ын угшилтай хүмүүсийн тухайд хүмүүс “Маш ажилсаг, үг сонсож, ачаалал дааж сурсан, өндөр сахилга баттай” гэсэн тодорхойлолтыг л хэлдэг. Ачаалал даах, ажилсаг гэдэг хоёр чадвар хүнийг ямар ч ажлын байранд өндрөөр үнэлүүлнэ.
Т.МӨНХДАЛАЙ:ЭХ ОРОНДОО ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛ ХИЙХ НЬ МИНИЙ ЗОРИЛГО
-Сүүлд ярилцахад метроны төслийн сонгон шалгаруулалтад орох гэж байгаагаа дурдсан. Одоо харин зорьсон ажлынхаа цөмд орчихсон яваа юм байна, тийм үү?
-Тухайн үед би Японы компаниа төлөөлөн тендерт оролцохоор ирсэн байсан. Сонгон шалгаруулалтын явцад компанийн маань удирдлагууд энэ төсөлд оролцохгүй байхаар шийдсэн. Би харин аав, ах, гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөж байгаад энэ төсөлд өөрийн хөдөлмөр зүтгэлээ зориулахаар шийдсэн. Нийслэлийн удирдлагын зүгээс “Чи өөрийнхөө сурсан мэдсэнийг бидэнтэй хуваалцаж, хамтарч ажиллаач” гэсэн саналыг тавьсан юм л даа. Би маш их баяртайгаар хүлээж авсан. Ингээд би Улаанбаатар метроны төслийн захиалагчийн талд орж ажиллах шийдвэрээ гаргасан. Өнгөрсөн нэг сарын хугацаанд маш завгүй, өндөр ачаалалтай явлаа. Төсөлд БНСУ-ын таван консорциум шалгарч, долдугаар сарын 5-нд гэрээгээ байгуулсан. Миний хувьд олон улсын компанид ажиллаж байгаад Монголдоо нийтийн алба руу шилжсэн учраас цалин хангамж мэдээж тодорхой хэмжээгээр буурч байгаа. Орчин нөхцөлийн хувьд ч харьцуулах аргагүй шүү дээ. Гэхдээ хүн бүр зөвхөн цалингийн төлөө ажилладаггүй байх. Миний нас залуу байна. Эх оронд минь түүхэнд бичигдэхүйц ийм том төсөл эхлэх гэж байхад оройлон оролцох боломжоо алдахыг огт хүсээгүй. Хар багаасаа тоглож өссөн Энхтайвны өргөн чөлөөг маань цоо шинэ түвшинд хүргэх гэж байна шүү дээ. Энэ том бүтээн байгуулалтыг цаасан дээр зурахаас эхлээд оролцох боломж надад нээгдлээ гэдэг нь тэр бүр тохиохгүй завшаан. Нөгөөтэйгүүр сүүлийн 10-аад жил гэрээсээ хол ажилласан болохоор аав, ахтайгаа эх орондоо хамт ажиллах маш сайхан байна. Ямар нэгэн мэдэхгүй чадахгүй зүйл гарвал 40 шахам жил тээврийн салбарт ажилласан аав руугаа шууд залгаад ярих, оройн хоолон дээр ахтай зөвлөлдөх гээд маш гоё байна. Өөр улсад бол тухайн мэдээллийг олохын тулд мэргэжлийн хүнийг нь олж уулзахаас эхлээд маш их цаг алдана шүү дээ” хэмээсэн юм.
Эх орныхоо төлөө цохилох зүрх, лугших сэтгэлтэй аав, хүү гуравтай ярилцаж суух зуур Монгол хүний сэтгэлгээ, хүсэл зорилго, ялангуяа ирээдүй хойчийнхоо төлөөх цуцашгүй зүтгэлийг нь өөрийн эрхгүй бишрэх сэтгэл төрүүлж байсныг нуух юун. “Улсын хамгийн анхны нэгж нь гэр бүл. Тиймээс гэр бүлийг эв найртай, боловсролтой, зөв хүмүүжилтэй байлгахад аль аль талдаа онцгой анхаарах хэрэгтэй...” гэж хаа нэгтэйгээс сонссон үгийн маань гол утга санаа чухамдаа үүнд л оршиж байсан аж. Тэд бол яах аргагүй эх орныхоо ирээдүйн хөгжилд өөрсдийгөө чимээгүйхэн бэлтгэж, боловсруулж ирсэн халуун сэтгэлтэй эрчүүд... Одоо харин тэдэнд сурч мэдсэндээ ил тод харуулж, хийж бүтээснээрээ шинэ цагийн залуусыг тод томруунаар үлгэрлэх цаг үе нь иржээ.
Б.Дэлгэрхишиг